Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 626

 

                                                             Д.Анхбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч С.Соёмбо-Эрдэнэ, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Б.Чинбилиг,

            ялтан Д.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ч.Ням, Т.Баярцэцэг, Н.Бадамцэцэг,

нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Алтанцэцэг даргалж, шүүгч Г.Ганбаатар, Б.Дашдондов нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 273 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Д.Анхбаяр, түүний өмгөөлөгч Ч.Ням нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Д.Анхбаярт холбогдох 201626012440 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Сарангэрэл овгийн Дуулгабаярын Анхбаяр, 1989 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гаалийн байцаагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Баянголын 53 дугаар гудамжны 07 тоотод оршин суух ,

2009 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 3 жил 8 сарын хорих ялаар шийтгүүлж, хорих ялыг тэнсэж, 1 жил 6 сарын хугацаагаар хянан харгалзсан, /РД: УУ89052591/;

Д.Анхбаяр нь 2016 оны 9 дүгээр сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө 04-05 цагийн орчим согтуугаар Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Ханын материалын эцэст байрлах “Өгөөмөр” караокены үүдэнд иргэн Д.Наранболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдсан, улмаар гуталтай хөл болон гараараа цохиж, бие махбодид нь гавал тархины хүнд гэмтэл, баруун чамархай, суурь ясны шугаман хугарал, тархины баруун зулай чамархай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины эдийн хүнд зэргийн няцрал бүхий учрах үедээ амь насанд аюултай хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: Д.Анхбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Д.Анхбаярт холбогдох хэргийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 1 болгон өөрчлөн зүйлчилж, Д.Анхбаярыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Анхбаярт оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.2, 1.4 дэх хэсэгт зааснаар Улаанбаатар нэгтэй 0,5 граммын архины шил 1 ширхэгийг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгаж, камерийн бичлэг бүхий CD 1 ширхэгийг эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж хадгалж, Д.Анхбаярт холбогдох иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Анхбаяр нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, хохирогч Д.Наранболд нь цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, Д.Анхбаярт авсан авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

 Ялтан Д.Анхбаяр гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “…Миний бие Наранболдод учирсан хүнд гэмтлийг өөрийн буруугаас үүссэн гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн хэрэгтээ гэмшиж гэм буруугаа ойлгож байна. Хохирогчид эмчилгээний зардлыг төлж өгсөн бөгөөд надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн. Цаашид хохирогч эмчилгээ хийлгэх шаардлагатай гэвэл  Иймд надад холбогдох хэргийг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч Ч.Ням давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх хэрэг явдлыг дүгнэхдээ Наранболдод учирсан хүнд гэмтэл нь Д.Анхбаярын зүгээс Д.Наранболдын эсрэг чиглэн хийсэн дээрх үйлдлээс үүдэлтэй шалтгаант холбоотой гэж дүгнэхээр байна. Анхан шатны шүүх тал бүрээс нотлогдон тогтоогдоогүй байхад хэргийг шалтгаант холбоотой гэж дүгнэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6, 37.7, 39.8 дахь заалтыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Д.Анхбаяр нь анх удаа хэрэгт холбогдсон, хохирлоо сайн дураар бүрэн төлж барагдуулсан байхад хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд анхан шатны шүүхийн 273 тоот шийтгэх тогтоолын холбогдох заалтуудад өөрчлөлт оруулж, Д.Анхбаярт хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү. Хэрэв давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гэж үзвэл хохирогч гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй гэснийг харгалзан миний үйлчлүүлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор ялыг тэнсэж, хянан харгалзаж өгнө үү...” гэв.

Ялтны өмгөөлөгч Т.Баярцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг зөрчсөн. 2015 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэлээс харахад 7 дугаар талд улсын яллагч ялын шүүмжээ уншаад шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэж байна. Хэрэв гэм буруугийн асуудлаар шүүх хуралдааны шатанд хэлцээд гэм буруутайд тооцсон бол миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээж, эрх зүйн байдлаа дээрдүүлж, оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байсан. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, төлбөрийг хангалттай төлсөн, цаашид гарах төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, мөн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан шүүх гэм буруутайд тооцвол өмгөөлөгчтэйгөө зөвлөлдөөд ял шийтгэлийг хөнгөрүүлэх боломжтой байсан. Анхан шатны шүүх хуралдааны процесс алдаатай явагдсан...” гэв.

Ялтны өмгөөлөгч Н.Бадамцэцэг тус шүүх хуралдаанд өмгөөлөгч Т.Баярцэцэгийн тайлбарыг дэмжиж оролцов.

Прокурор Б.Чинбилиг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Ялтан Д.Анхбаяр нь “хорих ялыг тэнсэж өгнө үү” гэсэн гомдол гаргасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийг тэнсэж, хянан харгалздаг. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хөнгөн гэмт хэргийн хорих ялын дээд хэмжээ 5 жил байхаар хуульчилсан. Энэ хэргийн тухайд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэрэг байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Шүүх хуралдааны процесс зөрчигдсөн асуудал гараагүй, гэм буруугийн асуудлыг шүүгч асууж тайлбарлаж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Хэрэв оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдвол шүүх эрх мэдлийнхээ хүрээнд шийдвэрлэх боломжтой...” гэв.

                                                       ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх гомдлыг хянан шийдвэрлэхдээ тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.

Анхан шатны шүүх Д.Анхбаярт холбогдох хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн 5.2, мөн зүйлийн 6, 7 дахь хэсэгт тус тус заасан “шүүгдэгч гэм буруутай эсэхийг зөвлөлдөх тасалгаанд хэлэлцээд гэм буруутай гэж үзвэл уг шийдвэрийг шүүх хуралдааны танхимд танилцуулж, тэмдэглэлд тусгуулсны дараа эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудлыг хэлэлцэх шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулах”, мөн хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар шүүгдэгч, өмгөөлөгчийн санал хүсэлтийг үндэслэн шүүх хуралдааныг завсарлуулж болно” гэх зэрэг хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үе шат, дарааллыг зөрчиж, оролцогчдын хуулиар олгогдсон эрхийг хязгаарласан ноцтой зөрчил гаргажээ.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Д.Анхбаярт холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.