Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 435

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Шүүгдэгч Г.Г.Г-э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Г-эд холбогдох эрүүгийн 1918007040498 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 2000 оны 01 сарын сарын 15-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, ээж, ахын хамт оршин суух урьд ял шийтгэлгүй, Г.Г-э

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Г.Г-э нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Quееп” шөнийн цэнгээний газарт Ц.Ц.Э-тай “...найзыгаа өмөөрч надтай хэрэлдэх гэсэн үү” хэмээн маргалдаж улмаар нүүрэн тус газарт нь толгойгоороо мөргөж, гараараа нэг удаа цохин эрүүл мэндэд нь “хамар ясны битүү хугарал, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд зулгарал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Г.Г.Г-э шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа учир мэдүүлэг өгөхгүй” гэв.

Эрүүгийн  1918007040498 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Г.Г.Г-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай найз нэлээн согтсон байсан бөгөөд тухайн залуу Б-тай маргалдахыг нь би хараад яваад очсон чинь “чи яасан найзыгаа өмөөрөх гэж ирсэн үү” гээд над руу хохирогч Ц.Ц.Э- цохих гэж байгаа бололтой дөхөөд ирэхээр нь би түүнийг 1 удаа мөргөчихсөн” гэх мэдүүлэг /хх 35/,

 

            Хохирогч Ц.Ц.Э-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ц.Б- гэдэг залуу баруун гараараа хоолойг минь боосон. Тэгэхэд миний хамар руу нэг хүн цохисон. Тухайн үед миний хамар руу бол бөгжтэй гараараа, эсхүл пивоны шилний араар цохисон гэж бодож байна. Тухайн үед би хамар руу хэн цохисоныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хх 11/,

 

            Гэрч Ц.Ц.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...дуудлагын дагуу Күен нэртэй бааранд ороход Ц.Ц.Э- гэдэг залуу хамар нь гэмтсэн цус гарсан байдалтай байсан бөгөөд тухайн бааранд үйлчлүүлж байсан хүмүүс бүгд гарчихсан байдалтай байсан. Тухайн залуугаас ямар хүнд юунаас болж зодуулсан одоо тухайн хүмүүс нь хаана байгаа талаар тодруулж асуухад би ямар хүнд яагаад зодуулсанаа мэдэхгүй байна. Намайг нэг залуу толгой руу тохойлдохоор нь эргээд харсан чинь нэг хүн араас хоолой боогоод цохичихсон. Би ямар хүнд зодуулснаа мэдэхгүй байна. Энэ баарны камерыг шүүлгэмээр байна гэсний дагуу тухайн баарны ажилтан нартай уулзахад камер шүүдэг хүн нь одоо байхгүй тул шүүх боломжгүй байна маргааш шүүж болно гэсний дагуу тухайн залууг нэгдсэн эмнэлэгт хандаж анхан шатны тусламж аваад төв цагдаагийн газар дээр очиж гомдлоо гаргах талаар тайлбарлаж өгч явуулсан” гэх мэдүүлэг.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

Гэрч С.С.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...текэн дээр байсан балыг аваад хамар руугаа чихнэ гээд байсан бөгөөд гайхаад харсан чинь хамарнаас нь цус гарчихсан байсан текний хажууд байдаг хөлдөөгчний хажууд доошоо тонгойгоод суучихсан. Тэр үед манай бааранд хуучин ажиллаж байсан Бобо гэх залуу тейк дээр хүрч ирэхээр нь наад залуугаа босгооч зэ юу болсон юм бол оо гээд асуухад мэдэхгүй ээ гэж байсан” гэх мэдүүлэг /хх 15/,

 

Гэрч Н.Н.Л-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манайд ажиллаж байсан зөөгч залуу болох Бобо гэх залуу 23 цаг 11 минутын үед зодоон болоод байна гээд хэлэхээр нь би Саруулыг доошоо буугаад Хосбаярыг дууд гээд зодоон болоод байна гэх бүжгийн талбайн урд хэсэг рүү очиход зодоон болсон зүйл байгаагүй бөгөөд Ц.Ц.Э- гэх залуу хамраа гараараа дарчихсан доошоо хараад сууж байсан” гэх мэдүүлэг /хх 16/,

 

Гэрч Г.Г.М-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надтай
баарны үүдэнд тааралдаж хамт сууж байсан 4 дүү боль боль гээд маргааныг болиулаад
бид нар гадаа тамхи татчихаад орж ирсэн бөгөөд тухайн 4 залуу харилаа гээд явчихсан.
Харин би эргэж баар руу ороод бүжгийн талбай руу очиж бүжиглэсэн. Тэгээд бүжиглэж
байгаад эргээд ирсэн чинь Ц.Э- баарны тейкний урд хамраа хүнд
цохиулчихлаа ямар хүнд цохиулснаа мэдэхгүй байна гээд зогсож байсан” гэх мэдүүлэг /хх 17/,

 

Гэрч Э.Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай найз Б- ширээнээсээ босч яваад Г.Г.М-этэй хамт явсан нэг залуутай маргалдаад эхлэхээр нь би очоод наад чинь төрсөн өдөр нь болоод жаахан согтчихсон байгаа юм орхичихгүй юу даа гээд Б-г дагуулж явах гэхэд Эрдэк гээд бид нартай хамт явсан залуу хүрч ирээд тухайн залуугийн нүүр рүү мөргөөд гараараа нэг удаа цохисон” гэх мэдүүлэг /хх 18/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 853 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.2.Ц.Ц.Э-ы биед хамар ясны битүү хугарал, хамар ясны хугарлыг зассан байдал, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо.  

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

4.Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 28-29/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 5/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх 6/,

Шүүгдэгч Г.Г.Г-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, жолоочийн түүх, нийгмийн даатгалын шимтгэлийн лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, арилжааны банкуудаас ирүүлсэн хадгаламжийн болон харилцах данстай эсэх лавлагаа /хх 37-41, 50-54/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г.Г-э нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Quееn” шөнийн цэнгээний газарт Ц.Ц.Э-ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч Г.Г.Г-э нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Ц.Ц.Э-ы “...1.000.000 төгрөгийг Г.Г.Г-ээс бүрэн барагдуулж авсан. Цаашид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэх тодорхойлолтоор /хх 60/ шүүгдэгч Г.Г.Г-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэхэд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй” гэж заасан ба шүүхээс шүүгдэгч Г.Г.Г-эд оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг хэсэгчлэн төлөх хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Г.Г-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.     

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Г.Г.Г-э нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Г-эд урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ