| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0428/Э |
| Дугаар | 436 |
| Огноо | 2019-12-02 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 436
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагч Г.Уянга,
Шүүгдэгч Э.Э.Х- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х-т холбогдох эрүүгийн 1918000000480 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1988 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сэлэнгэ аймгийн Ерөө суманд төрсөн, эмэггэй, 31 настай, яс үндэс халх, дээд боловсролтой, хүнсний үйлдвэрийн менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт оршин суух, ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, Э.Х-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Э.Э.Х- нь 2019 оны 07 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймггийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МБМ” зочид буудлын урд талын замын гарц хэсэг дээрээс иргэн Ц.Ц.Н-гийн эзэмшлийн “Самсунг А6” маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завшиж 350 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Э.Х- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Тухайн өдөр 10-11 цагийн охины хамт гарцаар гарч байхад гарцны хажууд борооны усан дотор гар утас унасан байсан. Тухайн өдрөөс өмнө 2-3 хоног дараалж бороо орсон учир эхлээд эвдэрхий л гэж бодсон. Уг гар утсыг гэртээ авч ирээд нэг сарын дараа миний утас эвдрээд авч ирсэн утсыг асааж үзтэл эвдрээгүй асаж байсан. Тэгээд өөрийнхөө сим картыг хийгээд ашиглаж эхэлсэн” гэв.
Эрүүгийн 1918000000480 дугаартай хэргээс:
Шүүгдэгч Э.Э.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...МБМ зочид буудлын урд талын гарц буюу замын хойд талын гарц дээрээс такси барьсан. Би тэр үед зогсож байхад замын хажуу талын хэсэгт шороо, шавар болчихсон самсунг А6 маркийн хар өнгийн шилэн наалтгүй гар утас байсан бөгөөд би аваад цүнхэндээ хийгээд шороо, шавар болчихсон байсан учир ажиллахгүй байх гэж бодоод авсан. Тэгээд би хуучин note 2 маркийн гар утсаа хаячихаад нөгөө олсон гэх гар утсандаа 2019 оны 9 дүгээр сарын эхээр сим картаа хийж ашигласан” гэх мэдүүлэг /хх 11/,
Хохирогч Ц.Ц.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 7 дугаар сарын 28-ны орой 18 цагийн үед үйлчилгээний төвөөс таксинд суугаад МБМ зочид буудлын харалдаа буухдаа машинд утсаа унагаасан. Тэгээд таксинаас буухдаа утасгүй болсноо мэдээд өөрийнхөө утас руу залгасан боловч авахгүй байсан” гэх мэдүүлэг /хх 10/,
Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэлхүлээн авсан тухай тэмдэглэл /хх 04/,
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл /хх 07/,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 08/,
“Капитал зууч” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай шинжээчийн дүгнэлт /хх 15-16/,
Шүүгдэгч Э.Э.Х-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх 23-24/, Б.С-, Б.Б- нарын төрсний бүртгэлийн лавлагаа /хх 26-27/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх 33/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Э.Э.Х- нь 2019 оны 07 сарын 28-ны өдөр Дархан-Уул аймггийн Дархан сум 8 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “МБМ” зочид буудлын урд талын замын гарц хэсгээс Ц.Ц.Н-гийн эзэмшлийн “Самсунг А6” маркийн гар утас буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшлийнх гэдгийг мэдсээр байж завшсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Э.Х- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн, түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.
Иймд шүүгдэгч Э.Э.Х-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж бусдын эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Хохирогч Ц.Ц.Н-гийн “надад гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /хх 10/, эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 08/ зэргээр гар утсаа буцаан авч, хохирол төлөгдсөн нь тогтоогдож байх тул шүүгдэгч Э.Э.Х-ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт эрэг үйлдсэн, хохирол биет байдлаар нөхөн төлөгдсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хүүхэд асрах чөлөөтэйн улмаас цалин хөлсгүй байгааг харгалзан торгох ялыг 24 сарын хугацаанд сар бүр 18750 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Э.Х-ийг гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Э.Э.Х-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Х-т оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг хорин дөрвөн сарын хугацаанд сар бүр 18.750 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Э.Х- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Э.Х-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ