Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 437

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  А.Оргилбаяр,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч С.С.Т- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Т-д холбогдох эрүүгийн 1818002480275 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1977 оны 07 сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэггэй, дээд боловсролтой, Эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, 3 хүүхдийн хамт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, С.Т- /Регистрийн дугаар МЙ77072201/,

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч С.С.Т- нь 2018 оны 02 дугаар сард Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг шалган шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт болох малчин Ж.Ж.О-д 4 580 000 төгрөгийн цалин олгосон тухай 2 хуудас баримтыг хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч С.С.Т- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би 2013 онд С.С.Б-тай гэр бүл болсон. Тухайн үед би 3 хүүхэдтэй байсан бол 2014 онд манай 4 дэх хүүхэд төрсөн. Бид хоёр гэр бүл болж амьдарч байгаад С.С.Б- тархиндаа хүнд гэмтэл авч, хагалгаанд орж, эмнэлгээр эмчилгээ хийлгэсний төлбөр мөнгөтэй холбоотой асуудлаа болж бидний дунд маргаан болж, бид хоёр гэрлэлтээ цуцлуулсан. Би хүүхдээ авч үлдээд, С.С.Б-д оногдох хөрөнгийг өгөөд салсан. Энэ хугацаанд С.С.Б- би эмчилгээ хийлгээгүй гэж явсаар байгаад, шүүхийн шийдвэрээр надаас мөнгө гаргуулах болсон. Би эмчилгээний зардлыг төлсөн. Ж.Ж.О- гэдэг хүн манай малчнаар ажиллаж тодорхой хэмжээний цалин авсан байдаг. Манайх жилийн хугацаанд 4 малчинд цалин хөлс олгосон байдаг юм. Манай малчнаар 3 эрэгтэй, 1 эмэгтэй буюу Ж.Ж.О- байсан ба малчдад цалинг нь өгөөд явуулдаг байсан. С.С.Б- надаас 60-70 сая төгрөг нэхэмжилсэн учир би өөрөөсөө гарсан зардлаа банкны данснаасаа шүүж үзээд тухайн жилд 4 малчинд өгсөн цалингаа Ж.Ж.О-гийн нэр дээр өгсөн гэж гаргасан. Миний хувьд С.С.Б-, Ж.Ж.О- нар хоорондоо ямар харилцаатай байсныг мэдэхгүй байгаа. Надаас малчны цалинд өгсөн мөнгийг шүүхэд хариу тайлбар гаргахдаа нотлох баримтаар гаргаж өгсөн юм. Гэхдээ тус нотлох баримтыг иргэний шүүх хуралдаанд ашиглаагүй бөгөөд би нэхэмжлэгч С.С.Б-тай эвлэрлийн гэрээ байгуулж тохиролцож, нэхэмжлэлийн шаардлагыг төлж байгаа шүү дээ” гэв.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч С.С.Т- нь 2018 оны 01 сарын 23-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд иргэний хэрэг үүсгэсэн нэхэмжлэгч С.С.Б-ын “гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж шийдвэрлүүлэх, эд хөрөнгийн маргаан хянан шийдвэрлүүлэхээр гаргасан” нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар оролцохдоо нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн татгалзал болох хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтаар малчин Ж.Ж.О-д 4 580 000 төгрөгийн цалин олгосон тухай 2 хуудас баримтыг хуурамчаар үйлдэж шүүхэд гаргаж өгсөн үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.С.Т-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1818002480275 дугаартай хэрэгт авагдсан дараахь нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн гарuасан 2018 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаартай дүгнэлтийн 1. Шинжилгээнд ирүүлсэн шинжлэгдэж байгаа 2016, 2017 онуудын цалингийн хүснэгт дээр зурагдсан гарын үсгийн бичвэрүүд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. Шинжлэгдэж буй 2016, 2017 онуудын цалингийн хүснэгтэн дээр зурагдсан гарын үсгийн бичвэрүүд нь Ж.Ж.О-гийн гарын үсгийн бичвэрийн ерөнхий шинж тэмдгүүд болон хөдөлгөөний хэлбэр, байрлал, тоо, үсэг, элементийн харилцан байрлал, чиглэл зэрэг хувийн онцлог шинж тэмдгүүдээр хоорондоо тохирохгүй байна. 3. Шинжлэгдэж буй гарын үсгүүдийн бичвэрүүд гарын үсгийн бүтцээрээ Ж.Ж.О-гийн гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна“ гэх дүгнэлт /1хх-61-62/

 

Гэрч С.С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манайд 1 сар маллаж байгаа больсон Ж.Ж.О- гэх хүнийг олж уулзаад С.Т-д 1 сар ажилласан хүнийг 1 жил 1 сар ажилласан мэтээр бичиж гарын үсгийг дууриалгаж зурсан асуудал болсныг мэдсэн учраас цагдаад хандаж байгаа юм. Мөн С.Т- Ж.Ж.О-тай утсаар ч яриаагүй уулзаачгүй гэдгийг Ж.О-тай уулзаж би мэдсэн юм. Мөн надад ОХУ-аас эм тариа авсан гэх баримт дээр бичигдсэн он сар өдрийг С.Т-ийн гадаад паспортонд дээр орсон гарсан тэмдэглэгээтэй тусгаж харахад зөрсөн юм.Ингэхээр нь би С.Т-ийг хуурамч бичиг баримт бүрдүүлж өгсөн гэж ойлгож байгаа юм. Мөн надад энэ эм тариаг аваагүй үзэж байна” гэх мэдүүлэг /1-р хх 44/,

 

Гэрч Ж.Ж.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би С.Т-ийн малыг 2017 оны 4,5-р саруудад малласан нь үнэн Харин 2016 оны намар 10-12-р саруудад С.Т-ийн малыг маллаагүй. Би 2 сар ажиллахдаа эхлээд 250 000 төгрөг бэлнээр авсан сүүлд 170.000 төгрөг бэлнээр авсан тэгээд цалингаа өгөхгүй болохоор нь би тэдний малыг маллахгүй гээд орхиод явсан.” гэх мэдүүлэг /1-р хх 46/,

 

Гэрч Н.Г- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С.Т-, С.Б- нартай хамт явсан. Яаж сайн мэдээд байна гэхээр тухайн үед С.Б- нь толгойдоо гэмтэл авсан гээд Дарханы нэгдсэн эмнэлэгт 2 сар гаран хэвтсэн. С.Т- ажлаасаа чөлөө авчихаад хардаг байсан. Тэгээд С.Т-ийн машинтай С.Б-, манай нөхөр, хүүхдүүдтэй нь хамт бид нар явж эм тариа авч буудалд хүртэл С.Б-ыг эм тариаг хийж байсан.” гэх мэдүүлэг /1-р хх 49/,

 

Гэрч А.Н- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2017 оны хавар С.Б- нь толгойндоо гэмтэл авсан гээд хэсэг эмнэлэгээр яваад байсан. Тэгээд 2017 оны 06, 07-р сард С.Б- нь бид нартай хамт ОХУ-ын Улаан-Үд рүү явж байсан. Миний санаж байгаагаар С.Б-тай бид нар хамт Улаан-Үдэд очоод эм тариа аваад зочид буудалд шингэн дусал эм тариа хийж байсныг санаж байна” гэх мэдүүлэг /1-р хх 53/ болон

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 12/,

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 63 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх 61-64/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 03-ны өдрийн 828 дугаартай шийдвэрийн хуулбар /1-р хх 92-94/,

Шүүгдэгч С.С.Т-ийн оршин суугаа хаягийн тодорхойлолт /1-р хх 171/,

Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 828 дугаартай иргэний хэргээс хуулбарлаж авсан баримтууд /1-р хх 215-241/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Шүүгдэгч С.С.Т- “...Би С.Б-ын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчаар дуудагдсан. Тэр үед нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн бөгөөд шүүхэд гаргаж өгсний дараа бол ийм баримт гаргаж өгч болохгүй юм байна гэдгийг шүүхийн хэлэлцүүлэгт нотлох баримтаа бүгдийг татаж аваад С.С.Б-тай тохиролцон гэрээ байгуулж түүний дагуу нэхэмжилсэн дүнг барагдуулж байгаа юм.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар “шүүгдэгч Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан, бодит хохирол, хор уршиг учруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй олгож өгнө үү” гэж улсын яллагчтай мэтгэлцсэнийг шүүх хүлээн авах үндэслэлгүй гэж үзлээ.

Учир нь: Иргэний хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримт нь хэргийн оролцогчоос өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримт мэдээллийг хэлэх бөгөөд хуульд заасан үүргийн дагуу цуглуулж, шүүхэд өгсөн байхыг шаардана.

Энэ гэмт хэрэг нь хохирол, хор уршиг учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй байна.

Иймд шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно

 

Шүүгдэгч С.С.Т- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж шүүх дүгнэлээ.

 Шүүгдэгч С.С.Т-ийн үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч С.С.Т-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрснийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож /ял шалгах хуудас 1хх-72-75 хуудас/, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг  зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч С.С.Т-д үүрэг хүлээлгэх, хязгаарлалт тогтоох шаардлагагүй гэж үзсэн болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Т-ийг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий хуурамчаар үйлдсэн, нотлох баримтыг хуурамч болохыг мэдсээр байж шүүхэд гаргаж өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч С.С.Т- нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

            4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.С.Т-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ