| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0424/Э |
| Дугаар | 439 |
| Огноо | 2019-12-04 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 439
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Г.Уянга,
Хохирогч О.О.М-,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,
Шүүгдэгч Ж.Ж.Г- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Г-т холбогдох эрүүгийн 1918000000448 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Бугат суманд төрсөн, эрэгтэй, 54 настай, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, “Үйлс өргөө” СӨХ-д орцны үйлчлэгчээр ажилладаг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт оршин суух, урьд: Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 1989 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 18 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.3-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 1991 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 24 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.3-д зааснаар 5 жил 2 сарын хугацаагаар хорих ял, Булган аймаг дахь Сум дундын шүүхийн 1999 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 175 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 131 2-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 174 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 123.1- д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2003 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 90.1, 239 дүгээр зүйлийн 239.3-д зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял, Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 168 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 3 сарын баривчлах ялаар тус тус шийтгэгдэж байсан, Ж.Г-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ж.Ж.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, Монта 5, 6 дугаар байрны орчимд иргэн О.О.М-ын 5.2 грамм бүхий монетон гинжийг авахаар хүч хэрэглэн довтолж 416 000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ж.Ж.Г- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйл байхгүй” гэв.
Хохирогч О.О.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр ахмадын баяр байсан юм. Би Дархан их дэлгүүрийн хажууд байдаг “Блү скай”-аас 21:00 цагийн үед гарч н.Доржсүрэн гэдэг даргатайгаа хамт гарсан. Тэгээд гэртээ харихаар Монтагийн 5-6 дугаар байрны завсраар гарч явахад дарга чинь дуудаж байна гээд, нэг хүн шилэн хүзүү рүү цохиод, гар орж ирээд, миний гинжийг татаад аваад явсан. Миний гар утасны эрх дууссан байсан тул хүний утаснаас цагдаа дуудсан” гэв.
Иргэний нэхэмжлэгч Л.Л.Э- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр А.М- гэдэг хүн өөрийн бичиг баримттайгаа ирж, тус 5,2 граммтай монетон гинжийг 80,000 төгрөгийн барьцаанд тавьсныг би хүлээж авсан. Удалгүй н.У- гэдэг мөрдөгч ирж, барьцаанд тавьсан монетон гинжийг хулгайн эд зүйл байна гээд аваад явсан. Манай зүгээс зээлдүүлсэн 80,000 төгрөгийг нэхэмжилж байна” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ж.Ж.Г- нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-р баг, Монта 5, 6 дугаар байрны орчимд хүч хэрэглэн довтолж хохирогч О.О.М-ын монетон гинжийг авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ж.Ж.Г-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918000000448 дугаартай хэрэгт авагдсан дараахь нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Шүүгдэгч Ж.Ж.Г-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан сумын 4-р баг Монта 5-6 дугаар байрны голд явж байсан хүнийг дээрэмдэж монетон гинж авсан минь үнэн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн хүнтэй зөрж байх үед хүзүүнд нь монетон гинж харагдахаар нь л үүнийг авчихъя гэж бодоод тэр эмэгтэй дээр очоод заамдаж байгаад гинжийг татаж аваад зугтсан.” гэх мэдүүлэг /хх 27/,
Хохирогч О.О.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний монетон гинжийг манай Эрдэнэтэд байдаг төрсөн хүү Д- 2016 онд эмэгтэйчүүдийн баяраар надад авч өгч байсан. Тэгээд би яг хэдэн грамм гэдгийг нь сайн хэлж мэдэхгүй байсан болохоор тухайн үед мэдүүлэг өгөхдөө өөрийн баримжаагаар граммыг нь хэлсэн юм. Тэрнээс биш яг хэдэн граммтай гэдгийг нь мэдэхгүй байна. Надад буцаан хүлээлгэж өгсөн гинж нь яг миний өөрийн гинж мөн байсан ба ямар нэгэн тасарч үлдсэн, залгаж гагнасан зүйл байгаагүй. Одоо би өөрийн алдсан эд зүйлээ бол эргүүлэн авсан цагдаагийн байгууллага түргэн шуурхай үйлчилж алдагдсан эд зүйлийг минь олж өгсөнд баярлалаа. Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. ” гэх мэдүүлэг /хх 51/,
Иргэний нэхэмжлэгч Л.Л.Э-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай барьцаалан зээлдүүлэх газарт 2019 оны 09 дүгээр сарын 28- ны өдөр 5.2 грамм жинтэй монетон гинжийг 80.000 төгрөгөөр 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл барьцаанд тавьсан байгаа юм. Би гэхдээ яг ямар хүн ирж тухайн гинжийг барьцаанд тавьснийг сайн санахгүй байна. ...тухайн монетон гинжийг барьцаанд тавьсан мөнгө буюу 80 000 төгрөгийг нэхэмжилж байна” гэх мэдүүлэг /хх 39-40/,
Гэрч Ц.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тус орой би өөрийн эзэмшлийн 25-30 ДАХ улсын дугаартай приус-20 маркийн авто машинаар таксинд явж байтал манай найз Энхтуяа хүрээд ир гэхээр нь 23:00 цагийн орчимд Дархан сумын 4 дүгээр багийн нутагт 7 дугаар байрны гадна машин дотроо сууж байхад Г- ирээд манай найз Э- шар өнгийн гинж үзүүлээд энийг зарах гэсэн юм авах уу? гэтэл манай найз Э- нөгөө гинжийг нь аваад надад үзүүлээд энэ монет мөн үү? гэхээр нь би аваад амандаа хийгээд үзтэл төмөр амтагдаж байхаар нь наадах чинь монет мөн байна гэж хэлээд буцааж өгсөн. Г- тус гинжээ 80.000 /наян мянга/ төгрөгөөр зарах гээд, манай найз Э- 50.000 /тавин мянга/ төгрөгөөр авна гэж байсан удалгүй 50.000-д авчихлаа гэж байсан” гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч Б.Э- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны орой 23:00 цагийн орчимд Дархан сумын 4-р баг 7 дугаар байрны гадна өөрийн найз болох А- хамт машин дотор нь сууж байтал Г-гэж дууддаг 50 гаран насны эрэгтэй явж байхаар нь дуудтал хүрээд ирсэн. Тэгээд Г- хаа хүрэх гэж явна архи пиво зөөгөөд өг гээд 7 дугаар байрны өөдөөс харсан хашаан дотор шагийн архи, пиво зөөж хийгээд дуустал Г- надад гинж байна зарах гэсэн юм гэхээр нь хартал шар өнгийн нарийн гинж байхаар нь “энэ чинь шармал юм биш үү” гэхэд манай найз А-г хараад монет мөн байна гэхээр нь хэдээр зарах юм гэтэл 80.000 /наян мянга/ төгрөгөөр өгнө гэхээр нь надад бэлэн 50.000 /тавин мянга/ төгрөг байна өгвөл өг гэхэд за гээд өгсөн” гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч А.М- мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би төрсөн эгч Э- монетон гинжийг нь 2019 оны 09 дүгээр сарын 28-ны өдөр авсан. Надад тухайн гинжийг өгөхдөө энэ гинжийг ломбарданд аваачаад 80.000 төгрөгөөр барьцаанд тавьчихаад ир би өөрөө гарч чадахгүй бие өвдөөд байна гэж хэлж байсан. Тэгээд би тухайн гинжийг нь Хуучин хороололд Баян-Идэр худалдааны төв дотор байрлах ломбарданд очиж 80.000 төгрөгөөр барьцаанд тавьсан” гэх мэдүүлэг /хх 13/,
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 19-20/,
“Бишрэлт Хүлэг” ХХК-ийн барьцаат зээлийн гэрээ /хх 31/,
Шүүгдэгч Ж.Ж.Г-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, оршин суугаа хаягийн тодорхойлолт, эд хөрөнгийн лавлагаа, иргэний үнэмлэхийн хуулбар, Ц.Гандөшийн төрсний гэрчилгээний хуулбар /хх 41-46/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 53-54/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ж.Ж.Г- нь хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг авсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т заасан “Дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ж.Ж.Г-ыг хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ж.Ж.Г- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Хохирогч О.О.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Надад одоо гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 51/, иргэний нэхэмжлэгч Л.Л.Э-гийн 80 000 төгрөгийг төлж барагдуулсан тухай Хаан банкны бэлэн мөнгөний орлогын мэдүүлэг зэргээр шүүгдэгч Ж.Ж.Г- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн нь тогтоогдож байх тул түүнийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн хор уршгийг арилгасныг ял хөнгөрүүлэхэд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн чадвар алдалттай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэлээ.
Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ж.Г-ыг хүч хэрэглэн довтолж бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Ж.Г-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Ж.Г-т оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон х
оноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Ж.Г-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ