| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Заминдийн Төмөрхүү |
| Хэргийн индекс | 166/2019/0429/Э |
| Дугаар | 453 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Д.Энхтуяа |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 453
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагч Д.Энхтуяа,
Хохирогчийн өмгөөлөгч Л.П.О-сувд,
Шүүгдэгч Ч.Ч.Ч- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Ч-т холбогдох эрүүгийн 1918000000482 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1971 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Төв аймаг Батсүмбэр суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, ээжийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 25 дугаар хороо Одонтын 10 дугаар гудамж 22 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй. Одоо оршин суух тодорхой хаяггүй. Урд 1992 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2, 241 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 6 сарын хорих ял, 2000 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 123 дугаар зүйлийн 2-д зааснаар 25 000 төгрөгөөр торгох ял, 2003 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 2 жил 5 сарын хорих ял, 2008 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар 6 сарын баривчлах ял, 2013 оны 07 дугаар сарын 02- ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар 350 цагийн албадан ажил хийлгэх ял, 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-г журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-д зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хорих ял, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар 2 жилийн хорих ялыг хасч 1 жил 4 сар 10 хоногийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Ч.Ч-
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч Ч.Ч.Ч- нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 15-р байрны 01 тоотод оршин суух иргэн П.П.О-ы гэрт хамт архи ууж байгаад унтсан хойгуур нь түүний Самсунг Эс-2 загварын гар утас, гар цүнхэнд байсан 9.9 грамм монетон гинж зэргийг нууцаар, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ч.Ч.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тул мэдүүлэг өгөхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв” гэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:
Шүүгдэгч Ч.Ч.Ч- нь 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Дархан-Уул аймаг, Дархан сум, Өргөө баг, 15-р байрны 01 тоотод оршин суух хохирогч П.П.О-ы гэрт хамт архи ууж байгаад унтсан хойгуур нь түүний Самсунг Эс-2 загварын гар утас, гар цүнхэнд байсан 9.9 грамм монетон гинж зэргийг нууцаар, хууль бусаар авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Ч.Ч.Ч-ын үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918000000482 дугаартай хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.
Хохирогч П.П.О-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг сэрээд харсан чинь миний зурагтныхаа доор тавьсан байсан цүнх газар шалан дээр хэвтэж байсан. Миний гинжээ хийсэн сав хажууд нь таг нь онгойчихсон, хийсэн гялгар уут нь урагдчихсан байсан. Тэгээд цагдаа руу дуудлага өгөх гэтэл миний гар утас байхгүй байсан.” гэх мэдүүлэг /хх 12/,
Гэрч Д.Д.О-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...П.О-аа эгчийн авч ирсэн архинаас би нэг хундага уугаад хүүхдүүдээ утасдаж дуудаад гэрлүүгээ явсан. Энэ үед 19 цаг өнгөрч байсан. Тэгээд гэртээ амарч байтал үүрээр 6 цагийн үед манай гэрийн хаалгыг П.О-аа эгч нүдэж орж ирээд “миний гар утас, гинж хоёрыг өг” гэсэн. Би “та юу яриад байгаа юм бэ” гэхэд “миний гар утас, гинж алга болчихсон байна” гэсэн. Тэгээд П.О-аа эгч цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх 15/
Ч.Ч.Ч-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...зурагтны доогуур тавиур доор байсан цүнхнээс гинжийг нь аваад тэднийхээс гараад явсан. Би урьд нь П.О-аа эгчийг намайг байхад хүзүүнээсээ гинжээ аваад цүнхэндээ хийгээд далд хийхийг нь харж байсан юм. Би гэрээс нь гараад явж байгаад хайшаа явснаа санахгүй байна. Гадагш гараад салхинд цохиулаад бүр согтсон байна лээ. П.О-аа эгчийн гэрээс авч гарсан гар утас, гинж хоёрыг хаана хэнд өгснөө санахгүй байна.” гэх мэдүүлэг /хх 27/
Шүүгдэгч Ч.Ч.Ч-ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг нь хэргийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон тул нотлох баримтаар үнэллээ.
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,
“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 22-23/,
Шүүгдэгч Ч.Ч.Ч-ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх 33-40/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ч.Ч.Ч- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулсан байна.
Иймд Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ч.Ч.Ч-ыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар бусдын эд хөрөнгийг авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ч.Ч.Ч- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.
Шүүгдэгч Ч.Ч.Ч- нь хохирлын 1 060 000 /нэг сая жаран мянга/ төгрөгийг сар бүр 354 000 /гурван зуун тавин дөрвөн мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож хохирогчийн өмгөөлөгчтэй хэлцэл хийсэн байна.
Хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгч нар нь харилцан тохиролцож, гэрээ байгуулж хугацаа тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын ....хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх зорилгод нийцсэн гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь 6 хоног цагдан хоригдсон ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Ч.Ч-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг 3 сарын хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Ч.Ч- нь шүүхээс тогтоосон хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч 6 хоног цагдан хоригдсоныг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
6.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Ч.Ч-т урд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.ТӨМӨРХҮҮ