Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 459

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагч  Г.Уянга,

Шүүгдэгч Ц.Ц.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Б-т холбогдох эрүүгийн 1918000000472 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1968 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр Увс аймгийн Зүүнхангай суманд төрсөн, эрэгтэй, халх, 51 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, элэгний фиброз буюу цирроз өвчнөөр хөдөлмөрийн чадвар алдалт 70 хувьтай, хэрэг хариуцах чадвартай, урьд Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2001 оны 03 дугаар сарын 07- ны өдрийн 96 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 1-д зааснаар 25000 төгрөгөөр торгох ял, Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн Ц.Б-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Ц.Ц.Б- нь 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 26 байрны саравчинд сууж байсан иргэн Н.Н.Н-г хуурч гар утсаар нь ярьчихаад өгье гэж хэлээд авч залилан бусдад 330.000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Ц.Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Хэрэг гардаг өдөр намайг 21 цагийн үед гадаа саравчинд сууж байхад нэг авгай ирээд архи гаргаж ирээд хамт ууя гэхээр нь “Уухгүй, миний хөл гар өвдөөд байна гэж хэлсэн. Тэгээд гар утсыг аваад гэр  рүүгээ орж утсаар ярьчихаад гараад ирэхэд тэр эмэгтэй явчихсан байсан. Гар утсыг одоо буцааж өгсөн. Би группт байдаг. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт 110,000 төгрөгийн төлбөртэй. Ундрал гэх эмэгтэй надтай 3 жил хамт амьдарч байгаад надаар хамтран зээлдэгчээр гарын үсэг зуруулж группийн дэвтрийг маань барьцаалаад зээл авсан. Уржигдар зээл олгосон 68 гээд зээлийн төв дээр очиж дэвтрээ авах талаар ярилцсан. 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр группийн дэвтрээ авна” гэв.

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Ц.Ц.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 21 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 26 байрны саравчинд сууж байсан хохирогч Н.Н.Н-г хуурч гар утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлээд авч залилан авсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Ц.Ц.Б-ийн үйлдсэн гэмт үйлдлийг Эрүүгийн 1918000000472 дугаартай хэрэгт авагдсан дараахь нотлох баримтаар хангалттай нотлон тогтоосон байна.          

 

Хохирогч Н.Н.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр найзтайгаа архи уучихаад 2-б байрлуу яваад манай найз хүлээж байгаарай гэхээр нь гадна байрны саравчинд хүлээж байтал нэг танихгүй хүн гарч ирсэн. Миний цүнхэнд архи байсан. Тэр архийг гаргаж ирээд уух уу гэсэн чинь ууя гээд аяга гаргаад ирсэн. Тэгээд би тэр хүнтэй хамт архи ууж байсан чинь гар утсаар чинь яриад өгье гээд миний гар утсыг аваад зугтаасан. Тэр хүн таягтай 40-50 орчим насны эрэгтэй хүн байсан.” гэх мэдүүлэг /хх 11/,

 

Иргэний нэхэмжлэгч П.П.У-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын хэдний өдөр гэж мэдэхгүй байна. Зүс таних Ц.Б- гэж ах гар утас байна авах уу гэхээр нь мөнгө байхгүй байна гэсэн чинь 50,000 төгрөгөөр зарна гэхээр нь эхнэрээсээ мөнгө асуугаад мөнгө олоод 40.000 төгрөгөөр би худалдаж авсан.” гэх мэдүүлэг /хх 14/,

 

Шүүгдэгч Ц.Ц.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 06-ны орой 26 байрны гадна саравчинд сууж байсан чинь тэр авгай архи гаргаж ирээд тэр архийг бид хоёр хувааж уугаад тэгээд би гар утсаар нь ярьчихаад өгье гээд гар утсыг нь аваад явсан байсан юм. Тэгээд дараа нь цагдаад баригдаад гар утсыг нь буцааж өгсөн..” гэх мэдүүлэг /хх 30/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 3/,

Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 07/,

Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх 09/,

“Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт /хх 20-21/,

Шүүгдэгч Ц.Ц.Б-ийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх 31/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 36, 39-41/, арилжааны банкуудаас ирүүлсэн харилцах болон хадгаламжийн данстай эсэх лавлагаа /хх 44-49//, Ц.Ц.Б-ийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0181986 дугаартай актын хуулбар /хх 51/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Ц.Ц.Б- нь хохирогч Н.Н.Н-гийн гар утсыг “утсаар ярьчихаад өгье” гэж хуурч авсан үйлдэл нь “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн  шинжийг бүрэн агуулсан байна.

 

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, хэргийн бүрдэл хангагдсан байх тул шүүгдэгч Ц.Ц.Б-ийг бусдын эд хөрөнгийг хуурч өмчлөгчийн эд хөрөнгийг авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ.

 

Шүүгдэгч Ц.Ц.Б- нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэлтэй маргаагүй болно.

 

Хохирогч Н.Н.Н-гийн гар утас биет байдлаар буцаан өгөгдсөн болох нь хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх 11/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 09/ зэргээр тогтоогдож байх ба иргэний нэхэмжлэгчийн хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй байна.

Иймд шүүгдэгч Ц.Ц.Б-ээс 40 000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч П.П.У-т олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөрийн чадвар алдалттай хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял оногдуулан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ц.Ц.Б-ийг 2019 оны 03 сарын 13-ны өдрийн Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн байна/хх-40/,

Ялтан Ц.Ц.Б-ийг торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр үеэс хойш 10 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр заасан боловч ялтан торгох ялыг биелүүлэхэд орлогын эх үүсвэргүй, хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэврийг 2020 оны 02 сар хүртэлх хугацаанд урьдчилан авсан нөхцөл байдал тогтоогдсон болно.

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар 445 дугаар нээлттэй хорих ангийн 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 02/2969 дугаартай албан тоотод “Ц.Ц.Б- нь торгох ялын төлбөрөөс 340 000 төгрөгийг төлж, 110 000 төгрөгийн үлдэгдэлтэй байхыг мэдэгдье” гэжээ.

Иймд шүүгдэгч Ц.Ц.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн 110 000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон сольж нийт 7 хоногийн ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 06 сар 07 хоногийн хугацаатай хорих ялаар тогтоож, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх зүйтэй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ц.Б-ийг бусдыг хуурч эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-ийг 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 450.000 төгрөгийн торгох ялын эдлээгүй үлдсэн 110.000 төгрөгийн торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцон сольж нийт 7 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 06 сар 07 хоногийн хугацаатай хорих ялаар тогтоосугай.

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-т оногдуулсан 06 сар 07 хоногийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт  тус тус зааснаар шүүгдэгч Ц.Ц.Б-ээс 40 000 /дөчин мянга/ төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Дархан сум, 1-р баг, Чулуут 3-01 тоотод оршин суух П.П.У- /РД:ТИ80031413/-д олгосугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ц.Б-т урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         З.ТӨМӨРХҮҮ