Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 221/МА2020/0630

 

 

 

 

 

 

З.С-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

            Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, цахимаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л, өмгөөлөгч Т.А, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 616 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор З.С-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 616 дугаар шийдвэрээр: Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болгох тухай 1994 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн хуулийн 1 дүгээр зүйлийг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын 3 дугаар зүйлийн 3 дахь “буддын шашны сүм хийд, дацан төв нь Монголын Бурхан шашинтны төвөөс албан ёсны тодорхойлолт авсан байна” гэсэн хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Л шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлд заасан агуулгаар “Уламжлалт шашин” Улсын бүрэн эрхт байдалд хамаарах харилцаа бөгөөд төрөөс шашны талаар баримтлах бодлоготой, тухайн харилцааг органик хууль болон холбогдох дүрэм журмын хүрээнд тус харилцааг зохицуулахаар хуульчилж өгсөн байна. Иймээс уг хэрэг маргааныг хууль онол, эрх зүйн зарчим, нийгэмд хувьсан өөрчлөгдөж буй нийгмийн хөгжлийн үе шат зэрэг олон талаас нь өргөн хүрээнд дүгнэж хууль зүйн дүгнэлт өгч хэргийг шийдвэрлэх нь зүйтэй юм. Анхан шатны шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхдээ Монгол Улсын Үндсэн хуулийн Цэцийн 1994 оны 01 дүгээр сарын 11-ны өдрийн 02 дугаар дүгнэлтийг үндэслэн шийдвэрлэсэн. Тухайн хэргийг шийдвэрлэхдээ зөвхөн Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг үндэслэсэн байх бөгөөд Үндсэн хуулийн цэцийн хуралдаанаар тухайн хэрэг маргааныг хэлэлцэхэд цугларсан баримт, талуудын тайлбар зэрэг нотлох баримтыг цуглуулахгүйгээр шийдвэрлэсэн байна. Тухайн маргааны зүйл нь “төрөөс шашны талаар баримтлах бодлого”, “шашин шүтэх, эс шүтэх хүний эрх, эрх чөлөө”, “үндэсний аюулгүй байдал” зэрэг олон харилцааны огтлолцол байх бөгөөд Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар талуудын тайлбар, үндэслэл зэрэг нь уг хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй ач холбогдолтой, шаардлагатай баримт мэдээлэл бөгөөд анхан шатны шүүхээс хэрэгт ач холбогдолтой нотлох баримтыг бүрэн дүүрэн цуглуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн /цаашид ТССХт гэх/ хүчингүй болсон 9 дүгээр зүйлийн “санал, дүгнэлт” нь эрх зүйн хувьд НИТХТ-ийн 74 дүгээр тогтоолын журамд дурдсан "тодорхойлолт” гэдгээс хууль зүйн өөр агуулгатай гэдгийг шүүх дүгнэсэн, харин татгалзах юм бол эрх зүйн үр дагавар адилхан гарч байна гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Аливаа захиргааны байгууллагын гаргаж буй шийдвэрийн эрх зүйн үр дагавар нь тус харилцаанд орж буй этгээдэд эерэг болон сөрөг нөлөөлөл үзүүлж байдаг. Маргаан бүхий 74 дүгээр тогтоолын Бурханы шашны төв нь тодорхойлолт өгөх нь эерэг болон сөрөг эрх зүйн үр дагавар үүсгэж буй тухайн шашны дотоодод чиглэсэн харилцаа болох бөгөөд Захиргааны байгууллага шашны ном, ёс уламжлалыг мэдэхгүй тул шашны харилцаанд оролцогчдын өөрийнх нь байр суурийг сонсох, түүнийг захиргааны акт, шийдвэр гаргахдаа анхаарч үзэх талаар тус журамд тусгасан. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч З.С нь “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2005 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 74 дүгээр тогтоолоор баталсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт шинээр сүм хийд байгуулах, үйл ажиллагаа явуулахад зөвшөөрөл олгох журам”-ын Гурав дугаар зүйлийн 3.3 дахь хэсгийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүх дээрх нэхэмжлэлийн шаардлага бүхий хэргийг хянан шийдвэрлэхдээ хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.2 дахь хэсэгт заасан үндэслэлд хамаарч байна. Тодруулбал,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг жил, хагас жил зэрэг тодорхой хугацаагаар тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс хуваарь гарган томилж, Ерөнхий шүүгчийн захирамжаар албажуулна” гэж заасныг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс томилсон шүүгч, шүүх бүрэлдэхүүн, даргалагчийг ерөнхий шүүгчийн захирамжаар  албажуулсан тохиолдолд хууль ёсоор томилогдсонд тооцно гэж ойлгохоор байна.

Гэтэл Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 698 дугаар захирамжаар З.Санждоржийн нэхэмжлэлтэй Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох захиргааны хэргийг хянан шийдвэрлэх шүүх бүрэлдэхүүнд шүүгч Д.Ч, А.Н, Д.Х нарыг томилсон шийдвэрийг албажуулсан байх атал 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн шүүх хуралдааныг шүүгч Д.Х даргалж, шүүгч Х.Н, Д.Ч нарын бүрэлдэхүүнтэй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хууль ёсоор томилогдсон шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдвэрлэсэн гэж үзэхгүй.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн бөгөөд хууль бус бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэл болон давж заалдах гомдолд тус шүүх дүгнэлт өгөх боломжгүйг дурьдах нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдрийн 616 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

                ШҮҮГЧ                                                         Д.Батбаатар      

                ШҮҮГЧ                                                        С.Мөнхжаргал

                ШҮҮГЧ                                                         О.НОМУУЛИН