| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 3122/2025/0001/Э/ |
| Дугаар | ХШТ/2026/62 |
| Огноо | 2026-06-19 |
| Зүйл хэсэг | 086.1., |
| Улсын яллагч | Х.Насанжаргал |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 19 өдөр
Дугаар ХШТ/2026/62
Н.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргал, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1949 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тогтоолтой, Н.Б-д холбогдох хэргийг Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Н овогтой Б, 1949 оны байдлаар 51 настай, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, эрэгтэй;
Н.Б нь “1947 оноос эхлэн нам засгаас авч байгаа арга хэмжээний эсрэг элдэв ажлаас бэрхшээж, ард түмний дунд мал өсгөх хэрэггүй, энэ бол бидний төлөө биш, өвс хадах, хашаа барих хэрэг алга, бүх зүйлийг Орост бэлтгэж өгч байгаа юм, бид өгч гүйцэхгүй хоосрох болно, нам засаг бол авахдаа мэргэн аргатай, өгөх зүйлээ өгдөггүй гэх буюу хөөврийг халуун усаар зумлахгүй бол самнаад аривжихгүй гэх зэргээр бэлтгэл компанит ажлыг илтээр эсэргүүцэж гүтгэлэг, цуурхал тараасан” гэх гэмт хэрэгт холбогджээ.
Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1949 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тогтоолоор Н.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хөдөлмөрийн лагерт хорих ялаар шийтгэсэн байна.
Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан дүгнэлт болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Улсын ерөнхий прокурорын газрын Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Х.Насанжаргал би, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссоос 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 32 дугаартай албан бичгээр ирүүлсэн хүсэлт, Тагнуулын Ерөнхий газрын Мөрдөн шалгах газраас ирүүлсэн 16/672 дугаартай албан бичгийг үндэслэн 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 42.1 дугаар зүйлийн 1, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар улс төрийн хэрэгт хилсээр шийтгэгдсэн эсэхийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шалгах хэрэг үүсгэж, шалгасан Нагмидын Бяруузанад холбогдох 10420 дугаартай хэргийг хяналаа.
Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1949 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тогтоолд дурдсанаар:
Н-ын Б, Хэнтий аймгийн Баян-Адарга сумын харьяат, 51 настай, эрэгтэй, ам бүл 3, хөрөнгө адуу 65, үхэр 96, тэмээ 7, хонь 23, ямаа 10, урьд ламын хүрээнд 20 гаруй жил мяндаг тушаалгүй сууж байсан, цэрэг ба сургуульд яваагүй, бичиг үсэг мэдэхгүй, ард, ял шийтгэл ба гавьяа шагналгүй, баригдахын өмнө нутагтаа малын ажилтай байсан.
Холбогдсон хэргийн талаар: Н.Б нь 1947 оноос эхлэн нам засгаас авч байгаа арга хэмжээний эсрэг элдэв ажлаас бэрхшээж, ард түмний дунд мал өсгөх хэрэггүй, энэ бол бидний төлөө биш, өвс хадах, хашаа барих хэрэг алга, бүх зүйлийг Орост бэлтгэж өгч байгаа юм, бид өгч гүйцэхгүй хоосрох болно, нам засаг бол авахдаа мэргэн аргатай, өгөх зүйлээ өгдөггүй гэх буюу хөөврийг халуун усаар зумлахгүй бол самнаад арвижихгүй гэх зэргээр бэлтгэл компанийг илтээр эсэргүүцэж гүтгэлэг, цуурхал тараасан.
Таслан шийтгэсэн байдал: Хэнтий аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тогтоолоор “Б нь өөрийнхөө засаг төрийн бодлогыг урвуулж олон түмэнд гутаан гүтгэж, цуурхан чалчиж байснаараа даруй хувьсгалын эсрэг хорт гэмт хэрэг үйлдсэн этгээд мөн тул Н-ын Б-ыг тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар 6 жил хөдөлмөрийн лагерт хорьж шийтгэсүгэй” гэжээ.
Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас үүсгэн шалгасан хэргийг хянахад, Дотоод явдлын яамны Мөрдөн байцаах хэлтсийн дарга Лувсанбалдан, 2 дугаар тасгийн дарга Банди нар 1949 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Н.Б-д холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялын төлөвлөгөө үйлдэж, Дотоод явдлын яамны орлогч сайд, хурандаа Батаа, Улсын прокурорын тусгай хэргийг эрхэлсэн орлогч прокурор Жамбал нараар батлуулан Улсын дээд шүүх таслах газраар шийтгүүлэхээр Улсын хууль хамгаалах прокурорт шилжүүлсэн байна.
Ялын төлөвлөгөөнд: Энэ хэргийн Б нь нам засгаас орон нутгийн хэмжээнд зохиож байгаа бэлтгэл, компанит ажлаас бэрхшээж, 1947 оноос эхлэн ард түмний дунд “мал өсгөхийн хэрэг алга, энэ бол бид нарын юм биш, хүний юм, өвс хадаж, хашаа барихын хэрэггүй байна. Бүх зүйлийг цөмийг Орост өгч байгаа хэрэг тул би хүний юмыг бэлтгэн өгч гүйцэтгэхгүй, сүүлд хоосрох болно. Нам засаг нь авахдаа мэргэн аргатай, өгөх юмаа өгдөггүй байна” гэх зэргээр бэлтгэл компанит ажлын зорилгыг ард түмний дотор урвуулан гүтгэлэг цуурхлыг тарааж байжээ. Хэрэгтэн Н.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсний гадна, түүний хэрэг шударга ард Л, Н, Б нарын гэрчилгээ ба нүүрэлдлэгээр давхар батлагдсан гэж тусгасан.
Хэнтий аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тогтоолоор Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хөдөлмөрийн лагерьт хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэг/... гэм буруугүй хүнд ял оногдуулахад хүргэсэн, шүүх шийдвэр гаргахад мэдэгдээгүй байсан нөхцөл байдал илэрсэн .../-т заасан шинээр илэрсэн нөхцөл болсон гэж дүгнэв.
Н.Б-ы тараасан гэх цуурхал нь тухайн орон нутгийн ард иргэдийн дунд улс оронд болж байгаа үйл явдлын талаар түгээмэл яригдаж байсан, тодорхой эзэнгүй яриа байсан бөгөөд тараасан цуурхал гэгч нь тухайн нийгэм, хувь хүмүүст хэрхэн хүрч, ямар хор, хохирол учруулсныг шалгаж тогтоосон ямар ч баримт хэрэгт байхгүй байхад улс төрийн зорилготой цуурхал тараасан гэмт хэрэг үйлдсэн гэж шүүх түүнд ял оногдуулжээ.
Н.Б хэрэгт нийт 16 удаа мэдүүлэг өгсөн, тухайлбал “...би хувьдаа өмчлөх мал хөрөнгө нэлээд олонтой бөгөөд мал хөрөнгөд ноогдсон элдэв албан үүргийг гүйцэтгэн биелүүлэх явдалд ганцаардаж, хүч, чадал хүрэхгүйгээс уцаарлахдаа үл бүтэх үг яриа гаргаж байсан юм. Жишээ нь манай Монголын хууль бол урьд нь бүдүүлэг байсан юм. Ийм учраас Монголын хууль 3 хоног гэдэг юм. Харин одоогийн хууль бол их нарийн чанд болсон тул түүнийг биелүүлж чадахгүйгээс ял хэрэгт орох биз гэж өөрийн эхнэртээ ярьж байсан шиг санагдаж байна. Түүнчлэн малын үс хөөврийг самнаж авах тухай ажил зохиогдож байсан 1948 оны хавар бод малын хөөврийг самнах байтугай хяргаж аваад ч арвижихгүй байтал шаардах нь хэцүү бөгөөд түүнийг биелүүлэхэд ч хүнд байна. Ер нь одоо малын хондлой дээр халуун ус цутгаж, шалбалж зумлаж авахаас өөрөөр авах аргагүй байна шүү хэмээн бусад айл өрхүүдээр энгийн яриа болгон ярьж явсан. Бас хэдэн мал өсгөж, үржүүлэх гэж ядарч явсны хэрэг алга, сүүлд янз бүрийн элдэв олон төрлийн хавчлага шаардлагаас болж түүнийг биелүүлээгүйд тооцогдож ял хэрэгт орох байх хэмээн ажилдаа дарагдаж ядарсны улмаас ярьж явсан нь үнэн. ...Гэвч би зөвхөн үг яриа гаргаж явснаас биш үнэхээр засаг төрдөө эсрэг хандаж, нам засгийг устгах хорт бодлого зохион байгуулалттай хийж явсан удаа үнэхээр байхгүй. Миний ингэж цуурхаж байсан явдал бол гагцхүү хүмүүжил мэдрэлгүй, тэнэг мунхгийн харгайгаар иймд хүрснээс өөр санаа зорилго өчүүхэн ч байхгүй билээ” гэх зэргээр мэдүүлж байжээ.
Гэрч Л мэдүүлэхдээ “…8 дугаар багийн сүү тосны ба нэмэгдэл махны тухай хурлыг 04 сарын 29-ний орчим мөн багийн Б-ы гэрт хийсэн юм. Тэрхүү хурал эхлэхээс өмнө Б, Д, багийн дарга С, эмэгтэй С нарын хүмүүс байсан ба тэд нарын дэргэд өндөр Б-аас “албан журмын сүү, тосыг ганц үнээнээс авч байгаа биш, бүх үхэрт ногдуулж байна. Ер нь манай нам засаг авах зүйлээ мэддэг, өгөх зүйлийг мэддэггүй, агтны мөнгийг одоо авсан хүмүүс байна уу, үгүй байна гэсний дээр хурал хийж нэг авах, тос гэж нэг авах, мөн нэмэгдэл мах гэж авах, ер нь манай Монгол улс СССР улсыг тэжээж, бид нарын мал хөрөнгө үгүй болно. Эцэст нь бид турж хоосрон үхэх болно” гэхэд Д, Б нар үнэхээр тийм гэж амаараа ярилцаж байсан”,
гэрч Н мэдүүлэхдээ “...1948 оны 7 дугаар сард шиг санаж байна. Б нэг хурлын үеэр “мал мах өг, ноос үс, өөх тос өг гэх мэтээр үргэлж авах юм, тэгэхээр энэ хэдэн малаа яаж өсгөх вэ, нийгэм журам болж, нийтийн хөрөнгө гэгч болох гэж байгаа юм уу” хэмээн хэлсэн шиг санаж байна. Он удсан болохоор тодорхой мэдэхгүй мартжээ” гэж,
гэрч Б-ийн “...Б-ыг багийн ухуулагч эмэгтэй Д-оос тавьсан малын хөөврийг хяргаж биш самнаж ав гэсэн шаардлагыг эсэргүүцэн малын хөөврийг самнаж аваад дийлэхгүй байна, хондлой дээр нь халуун ус хийж зумлаж авдаггүй л юм бол самнаж авах хэцүү бэрх байна гэж хэлж байсныг сонссон” гэж тус тус мэдүүлжээ.
1942 оны Эрүүгийн хуулийн 66 дугаар зүйлд “БНМАУ-ын ардын хувьсгалт төрийг буюу түүний эрх хэмжээнүүдийг унагах, бусниулах, сулруулахаар уриалсан ухуулга бүхий ятгалга хийх, хувьсгалын эсэргүү зорилгоор худал цуурхлыг дэлгэрүүлэх, тэрчлэн Эрүүгийн хуулийн 60-65 хүртэлх, мөн 67 ба 69 эдгээр зүйлүүдэд дурдсан хувьсгалын эсэргүү хэргүүдийг үйлдэхээр уриалах бас хувьсгалын эсэргүү утгатай бичиг зүйлүүдийг дэлгэрүүлэн гаргах, хадгалах” үйлдлийг гэмт хэрэгт тооцсон байна.
Хавтаст хэрэгт байгаа баримтуудаар Н.Б-ы үйлдэлд тухайн үеийн Эрүүгийн хууль тогтоомжоор төр засгийн эсрэг гэмт хэргийн субъектив шинжийг илтгэж байсан төр засгийн эсрэг хандах санаа зорилготой байсан эсэхийг бүрэн шалгаж тодруулаагүй, түүнчлэн нийгэм, төр засаг, иргэд, хувь хүнд хор уршиг учирсан эсэх нь тодорхойгүй байх бөгөөд таслан шийтгэх тогтоолд тусгагдсан Н.Б-ы ярьсан гэх зүйлүүдээр тэрээр ухуулга ятгалга хийгээгүй, засаг төрийг түлхэн унагах, ард олныг үймүүлэн сандруулах, засаг төрд итгэх явдлыг султгах ард олныг уриалан дуудах зорилготой бус тухайн цаг үед таван жилийн төлөвлөгөө биелүүлэхэд бэрхшээлтэй, мал мах, түүхий эд зэрэг элдэв татвар авч байгаа зэрэг ард иргэдийн дунд улс оронд болж байгаа үйл явдлын талаар түгээмэл яригдаж байсан яриа төдийгүй, түүний үзэл бодол, итгэл үнэмшлээ илэрхийлэхдээ аман байдлаар егөөдөх, ёгтлох байдлаар ярьж байсныг гүтгэн цуурхсан гэж улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн гэж үзэхээр байна.
Хэнтий аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тогтоолоор Н овогтой Б-д 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэсэн нь Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 5 дугаар дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн г/-д заасан “1942 оны Эрүүгийн хуулийн 55-69, 137 дугаар зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр шийтгүүлсэн” гэх үндэслэлд хамаарч байна.
Иймд 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлд зааснаар Н.Б-д ял шийтгэсэн Хэнтий аймгийн Ардын шүүх таслах газрын 1949 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Н овогтой Б-ыг улс төрийн хэрэгт хилсээр хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйл, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1.1 болон 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн заалтуудыг баримтлан прокурорын дүгнэлт бичсэн” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Х.Насанжаргалын бичсэн дүгнэлтийг үндэслэн хяналтын шатны шүүх хуралдаанаар Н-ийн Б-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хянан хэлэлцэж, тухайн хэргийн нотлогдсон байдал, шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг бүрэн хянаж үзэв.
Дотоод явдлын яамны Мөрдөн байцаах хэлтсийн дарга Лувсанбалдан, 2 дугаар тасгийн дарга Банди нар 1949 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн ялын төлөвлөгөөнд: “Б-ыг хувьсгалын эсэргүү гүтгэлэг цуурхал тараасан холбогдлоор 1949 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Хэнтий аймаг дахь хэлтсээс дайчлан баривчилжээ. Энэ хэргийн Б нь нам засгаас орон нутгийн хэмжээнд зохиож байгаа бэлтгэл компанит ажлаас бэрхшээж 1947 оноос эхлэн ард түмний дунд “мал өсгөхийн хэрэг алга, энэ бол бид нарын юм биш хүний юм, өвс хадаж, хашаа барихын хэрэггүй байна, бүх зүйлийг цөмийг Орост өгч байгаа хэрэг тул бид хүний юмыг бэлтгэн өгч гүйцэхгүй, сүүлд нь хоосрох болно, нам засаг нь авахдаа мэргэн аргатай, өгөх юмаа өгдөггүй байна” гэх зэргээр бэлтгэл компанит ажлын зорилгыг ард түмний дотор урвуулан гүтгэлэг цуурхалыг тарааж байжээ. Б нь өөрийнхөө өдүүлсэн дээрх хэргийг мөрдөн байцаалтанд өөрөө хүлээн мэдүүлсний дээр түүний хэрэг нь шударга ард Л, Н, Б нарын гэрчилгээ ба нүүрэлдлэгээр давхар батлагджээ. Энэ хэрэгтээ тус улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдана. Хэрэгтэн Б-ыг мөрдөн байцаалтын хавтаст хэргийн хамт Улсын Дээд Шүүх Таслах газар таслан шийтгүүлэхээр Улсын прокурорын эрх мэдэлд шилжүүлэх саналыг төлөвлөв” гэжээ.
2.Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1949 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тогтоолоор Н.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хөдөлмөрийн лагерт хорих ял оногдуулж шийдвэрлэсэн байна.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтуудыг судалж үзэхэд Н.Б нь 1947 оноос эхлэн нам засгаас авч байгаа арга хэмжээний эсрэг элдэв ажлаас бэрхшээж, ард түмний дунд “мал өсгөх хэрэггүй, энэ бол бидний төлөө биш, өвс хадах, хашаа барих хэрэг алга, бүх зүйлийг Орост бэлтгэж өгч байгаа юм, бид өгч гүйцэхгүй хоосрох болно, нам засаг бол авахдаа мэргэн аргатай, өгөх зүйлээ өгдөггүй, хөөврийг халуун усаар зумлахгүй бол самнаад арвижихгүй” гэх зэргээр бэлтгэл компанит ажлыг илтээр эсэргүүцэж гүтгэлэг, цуурхал тараасан гэх боловч түүний ярьсан зүйлийн агуулга нь тухайн үед ард иргэдийн дунд түгээмэл яригдаж байсан сэдэв байсан бөгөөд энэ хэргийн улмаас нийгэмд ямар хохирол, хор уршиг учирсан болох нь тогтоогдоогүй байна гэж үзэв.
Н.Б-ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ял шийтгэсэн 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйл нь Монгол Улсын Их Хурлаас батлан гаргасан “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн Г-д заасан /Шүүх, шүүхийг орлон ажилласан тусгай комисс, онцгой бүрэн эрхт комиссын шийдвэрээр 1942 оны Эрүүгийн хуулийн 55-69 дүгээр зүйлд заасан гэмт хэрэгт хилсээр ял шийтгүүлсэн/ үндэслэлд хамаарна.
3.Иймд Н-ийн Б-ыг улс төрийн хэрэгт хилсээр шийтгүүлж, хэлмэгдсэнд тооцож, цагаатгуулахаар бичсэн прокурорын дүгнэлтийг хангаж, Н.Б-ыг 1942 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хөдөлмөрийн лагерт хорих ялаар шийтгэсэн Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1949 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.1 дүгээр зүйлийн 1.3-т заасан “Гэм буруугүй хүнд ... ял оногдуулахад хүргэсэн ... нөхцөл байдал илэрсэн” үндэслэлээр хүчингүй болгож, түүнийг цагаатгах хууль зүйн үндэслэлтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Н-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 66 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 жил хөдөлмөрийн лагерт хорих ялаар шийтгэсэн Хэнтий аймгийн Ардын Шүүх таслах газрын 1949 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 61 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д заасан “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Н-ийн Б-ыг цагаатгасугай.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧИД Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Б.ЦОГТ