Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 11 сарын 09 өдөр

Дугаар 826

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, “Б ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт тус тус холбогдох захиргааны хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав.  

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Б , түүний өмгөөлөгч Э.У , Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.З , Т.М , Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С , шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Эрдэнэбаяр нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн төлөөлөгч Б.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэлийн агуулга: “Б ” ХХК нь Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр 12.771.283 төгрөг 4.333.173,32 төгрөгийн алданги төлөхөөр нийт 17.104.456 төгрөгийн төлбөрийг төлөхөөр зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 809 дугаартай Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн захирамж гарсан.

Улмаар манай компани дээрхи төлбөрийн үндсэн төлбөр болох 12.771.283 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 4.333.173 төгрөгний алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хууль болон тус хуулийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдаанаас гаргасан зөвлөмжийн дагуу өршөөлд хамааруулах талаар хүсэлтээ Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хүсэлт гаргахад Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, 3ахиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ” гэж заасан байх тул Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээлгэх хариуцлага нь дээрх хуульд хамаарахгүй болно гэсэн хариу өгсөн.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4-д хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхээр заасан байна

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ” гэсэн бөгөөд мөн хуулийн 7 дугаар зүйлд захиргааны хариуцлага хүлээлгэх эрх олгосон албан тушаалтан гэдэгт 7.5-д “хууль тогтоомжоор тусгайлан эрх олгосон улсын байцаагч” гэж заасан бөгөөд энэхүү хуулийн зохицуулалтаар Нийгмийн даатгалын улсын байцаагч нь захиргааны хариуцлага ногдуулах эрх бүхий субьект юм.

Иймд анхан шатны шүүгчийн захирамжаар тогтоосон 4.333.173 төгрөгний алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож дээрхи алдангийг  өршөөлд хамруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү.

Нэхэмжлэгч компаниас 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг тодруулсан нэхэмжлэлдээ: Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтэс болон Нийгмийн даатгалын Ерөнхий газарт хүсэлт гаргахад Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль ,Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ” гэж заасан байх тул Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээлгэх хариуцлага нь дээрх хуульд хамаарахгүй болно гэсэн хариу өгсөн нь хуульд заасан үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй гаргасан тул дээрхи алдангийг өршөөлд хамруулахыг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс ирүүлсэн хариу тайлбарын агуулга: Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 809 дүгээр захирамжаар “Б ” ХХК-ийг 12771283.91 төгрөгний нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр, түүнд ногдох алданги 4333173,32 төгрөг нийт 17104457.23 төгрөгийг төлөх, мөн шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15217 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж гарсан. Гэвч тус компани нь шүүгчийн захирамжаар тогтоосон алданги 4333173.32 төгрөгийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож дээрх алдангийг өршөөлд хамруулахыг хариуцагчид даалгаж өгөхийг хүсч танай шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. 

Нэхэмжлэгч компани нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д "Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ." Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл эс үйлдэхүйг захиргааны зөрчил /цаашид “зөрчил” гэх/ гэж үзнэ гэжээ.

1. Монгол Улсын Иргэний хуулийн 232 дугаар зүйл “Анз”, 232.1-д “Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ”, 232.4-д “Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна”, 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ"

2. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна”.

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаныг 25 жилийн ойп тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Өршөөл үзүүлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хууль, Захиргааны хариуцлагын тухай хууль, энэ хуулиас бүрдэнэ” гэж тус тус заасан тул Иргэний хууль, Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээлгэх хариуцлага нь дээрх хуульд хамаарахгүй бөгөөд Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж хэрэгжүүлж байгаа хуулийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэж байна. “Б ” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэлийн үндсэн өр болох 12771283.91 төгрөгнөөс нэг ч төгрөг төлөөгүй байгаа бөгөөд 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн байдлаар 26877452.91 төгрөгний шимтгэлийн үндсэн өр үүсч, 2015 оны 11 дүгээр сараас хойш нийгмийн даатгалын шимтгэлийн тайланг тус хэлтэст гаргаж өгөөгүй байна.

Нийгмийн даатгалын байгууллага нь нийгмийн даатгалын хууль тогтоомжийн биелэлтийг хангах, хэрэгжилтэнд хяналт тавих, нийгмийн даатгалын орлогоос нийгмийн даатгалын санг бүрдүүлж тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийг хууль тогтоомжоор тогтоосон хувь, хэмжээгээр хугацаанд нь олгох зэрэг хуулиар хүлээсэн үүрэгтэй бөгөөд манай байцаагчид нийгмийн даатгалын шимтгэлээ хугацаанд нь төлөхийг тус компанид удаа дараа анхааруулж сануулан ажиллаж ирсэн.

Монгол Улсын нутаг дэвсгэрт хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийг хувь хүн, үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгж байгууллага, хуулийн этгээд заавал дагаж мөрдөх үүрэгтэй бөгөөд “Б " ХХК нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаа энэ үйлдэл нь тус компанид ажиллаж байгаа даатгуулагч  иргэдийн эрх ашиг, тэдний нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр, тэтгэмж, төлбөр авах хууль ёсны эрхийг нь ноцтой хохироож байна гэж үзэж байгаа тул Өршөөл үзүүлэх тухай хуулинд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож дээрх алдангийг өршөөлд хамруулахыг хариуцагчид даалгаж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас шүүхэд ирүүлсэн хариу тайлбарын агуулга: Нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн “... 4.333.173 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож алдангийг өршөөлд хамруулахыг хариуцагчид даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. 

Нэхэмжлэлд дурдсан асуудал нь маргаантай байгаа учир шүүхийн журмаар хуулийн дагуу асуудлыг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэлийн шаардлагын талаар:

Нэхэмжлэгч “Б ” ХХК нь “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу 4.333.173 төгрөгний алдангийг өршөөлд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох,  4.333.173 төгрөгний алдангийг өршөөлд хамруулахыг хариуцагчид  даалгах” гэсэн шаардлага бүхий нэхэмжлэлээр Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэжээ /хх 46-49/

Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлт /хх 69/-ийг үндэслэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татжээ /хх 70-71/. 

Нийгмийн даатгалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1.2-т “нийгмийн даатгалын байгууллага гэж ажил олгогч, даатгуулагчийн төлсөн шимтгэл болон хуульд заасан бусад эх үүсвэрээр нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг бүрдүүлж, даатгуулагчдад тэтгэвэр, тэтгэмж, төлбөр олгох үйл ажиллагааг эрхэлж байгаа хуулийн этгээдийг;”, 21 дүгээр зүйлийн 21.1-д “Нийгмийн даатгалын байгууллагын тогтолцоо нь нийгмийн даатгалын төв байгууллага, орон нутгийн салбар нэгж, /төлөөлөгч, байцаагч/-аас бүрдэнэ.”, 25 дугаар зүйлийн 25.1.6-д 25.1. Нийгмийн даатгалын байгууллага дараахь эрх эдэлнэ: нийгмийн даатгалын доод шатны байгууллагын гаргасан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл хүчингүй болгох буюу өөрчлөх;” гэжээ.

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д “Нэхэмжлэлийн шаардлагаар тодорхойлогдох захиргааны үйл ажиллагааг хэрэгжүүлсэн захиргааны байгууллага, албан тушаалтныг хариуцагч гэнэ.” гэжээ. 

Дээрх хуулийн заалтыг үндэслэн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрыг хамтран хариуцагчаар татан оролцуулав. 

Хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлж, дүгнэхэд дараахь бодит нөхцөл байдлууд тогтоогдож байна:

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 809 дүгээр шийдвэр /хх 5-6/-ээр “Нэхэмжлэгч Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь 19,104,457,23 /нийгмийн даатгалын шимтгэлийн өр 12,771,293,91 төгрөг алданги 6,333,173,32 төгрөг/ төгрөгийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлагаас алдангийн 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, хариуцагч “Б  ХХК” нь үлдэгдэл 17,104,456 төгрөгийг 2015 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр нэхэмжлэгчид төлж барагдуулахаар зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ”. 

Шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч “Б ” ХХК сайн дураар биелүүлээгүй тул Сүхбаатар дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс шүүхийн шийдвэр албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлтийг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд гаргаж, 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 15217 дугаар Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай шүүгчийн захирамж /хх 168/ гарч, 2015 оны 05 дугаар сарын 13-ны өдөр шүүхийн гүйцэтгэх хуудас /хх 166-167/ бичигдсэн байна.  

Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 2015 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 524/0909 тоот Нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг төлүүлэх тухай улсын байцаагчийн албан шаардлага /хх 163/-аар 2015 оны 08 дугаар сарын 31-нийг дуустал хугацаанд үүссэн 25,251,124,91 төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг 4,333,173,32 төгрөгийн алдангийн хамт төлж барагдуулахыг шаарджээ. 

Дээрх шүүхийн шийдвэр болон албан шаардлагад дурдсан 4.333.173,32 төгрөгийн алдангийг Анхны ардчилсан сонгууль болж, байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу өршөөлд хамруулж өгөх хүсэлт /хх 9/-ийг нэхэмжлэгч компаниас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр  Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн даргад гаргажээ.

Хүсэлтийн дагуу Сүхбаатар дүүргийн нийгмийн даатгалын хэлтсээс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газарт 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 1246 тоот албан бичиг /хх 161/-ээр зөвлөмж, чиглэл авахаар хүргүүлжээ. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 3/1132 тоот албан бичиг /хх 162/-ээр “Анхны ардчилсан сонгууль болж байнгын парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д ... гэж заасан байх тул Нийгмийн даатгалын тухай хуулиар хүлээлгэх хариуцлага нь дээрх хуульд хамаарахгүй болно.” гэсэн  хариуг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст  өгчээ. 

Энэ хариуг үндэслэн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 329 тоот албан бичиг /хх 7/-ээр “Б ” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй гэсэн хариуг өгсөн байна. 

Нэхэмжлэгч компаниас уг хариуг эс зөвшөөрч 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Түүнчлэн нэхэмжлэгч компани шүүхийн шийдвэрт дурдсан нийгмийн даатгалын өр болох 12,771,274 төгрөгийг төлж барагдуулсан гэдэг нь мөнгө шилжүүлсэн баримт /172/, авлагын дэлгэрэнгүй бүртгэл /хх 173/ зэргээр тогтоогдож байна. 

Шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хууль зүйн үндэслэлийг хэргийн бодит нөхцөл байдалтай холбон дүгнэхэд дараахь үндэслэл тогтоогдож байна:

Нэхэмжлэгчээс “...4.333.173,32 төгрөгийн алдангийг ...өршөөлийн хуульд заасан журмын дагуу өршөөлд хамрагдана” гэж, хариуцагч нараас “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд Нийгмийн даатгалын хуулиар хүлээлгэх хариуцлага хамаарахгүй учир нэхэмжлэгчийг өршөөлд хамруулах үндэслэлгүй” гэж тус тус маргажээ.

Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 809 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу нэхэмжлэгч компани 4.333.173,32 төгрөгийн алданги төлөхөөр болжээ. Улмаар уг алдангиас Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд заасны дагуу чөлөөлөгдөх хүсэлтийг хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст гаргасан. Сүхбаатар дүүргийн эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсээс Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зөвлөмж, чиглэлийг үндэслэн нэхэмжлэгч компаний хүсэлтийг шийдвэрлэхээс татгалзжээ /хх 7/.

Хариуцагч Эрүүл, мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын хуулиар хүлээлгэх хариуцлага нь Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарахгүй гэсэн зөвлөмж, чиглэл өгчээ. 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ”, 10 дугаар зүйлийн 10.2-т “Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна” гэжээ.  

Хууль тогтоогчийн үзэл баримтлалыг судлан үзэхэд: Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх комиссын 2015 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн хуралдааны тэмдэглэлд “ ... Өршөөл үзүүлэх тухай хуулийн энэ 4.3 дахь заалт бол зөвхөн Захиргааны хариуцлагын хуульд үндэслэн оногдуулсан шийтгэврээс гадна бусад хуульд заасан зөрчилд оногдуулсан шийтгэврийг мөн адил өршөөн хэлтрүүлнэ гэдэг утгаар нь ойлгож болно.” /хх 125/, “... Өршөөлийн хуульд заасан захиргааны зөрчилд Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа 210 орчим хуульд заасан захиргааны зөрчлийг хамааруулж хэрэгжүүлэх нь зүйтэй гэсэн томъёоллоор санал хураах гэж байна. Зөрчилд бол одоо зөвхөн алданги, хүү, торгууль зэрэг хамаарна. Татвар, төлбөр хураамж болох үндсэн үүрэг нь чөлөөлөгдөхгүй гэж ойлгоно. ... ” /хх 137/ гэжээ. 

Хуулийн дээрх зохицуулалт, түүний үзэл баримтлалаас үзэхэд Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн зөрчил нь захиргааны зөрчил, түүнд хүлээлгэж буй хариуцлага буюу алданги нь захиргааны шийтгэл мөн тул өршөөлийн хуулийн үйлчлэлд хамаарна. 

Түүнээс гадна Захиргааны хариуцлагын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар Монгол Улсын нутаг дэвсгэрт бүх нийтээр буюу тухайн нутаг дэвсгэрт дагаж мөрдүүлэхээр тогтоосон захиргааны журам санаатай буюу болгоомжгүйгээр зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйг захиргааны зөрчил гэж үзнэ.

Захиргааны хариуцлагын тухай хууль нь захиргааны зөрчлийг хянан шийдвэрлэх ажиллагааг ерөнхийлөн зохицуулсны дээр уг хуулийн 2 дугаар бүлгээр захиргааны зарим зөрчил, үүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан, түүнчлэн бусад салбарын хуулиудаар захиргааны зөрчил, түүнд хүлээлгэх хариуцлагын талаар зохицуулсан байдаг тул захиргааны зөрчил түүнд хүлээлгэх хариуцлагын зохицуулалт зөвхөн Захиргааны хариуцлагын тухай хуулиар хязгаарлагдахгүй. 

Иймд  Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т “Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол нийгмийн даатгалын шимтгэл төлөгчид дараахь хариуцлага хүлээлгэнэ: 2/ дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байна;” гэж заасан нийгмийн даатгалын зөрчлийн дагуу төлөгдөх үүрэг болох алданги нь захиргааны хариуцлага гэдгийг дурдах нь зүйтэй. 

Нэхэмжлэгч “Б ” ХХК-ийг Нийгмийн даатгалын хууль тогтоомж зөрчсөн гэж үзэн нийгмийн даатгалын шимтгэл, алданги төлөх үүргийг хүлээлгэсэн  Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2015 оны 809 дүгээр шийдвэр нь 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдөр хүчин төгөлдөр болсон. Иймд Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2-т заасан хугацаанд хамаарч байна.

Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ.” гэж зааснаар нэхэмжлэгч компанид оногдуулсан алдангийг захиргааны шийтгэлд хамруулан үзэж өршөөлд хамруулах нь зүйтэй байна.

Дүгнэхэд хариуцагч нарын “...Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд Нийслэлийн газрын алба нийгмийн даатгалын хуулиар хүлээлгэх хариуцлага хамаарахгүй учир нэхэмжлэгчийг өршөөлд хамруулах үндэслэлгүй” гэж үзэн нэхэмжлэгч компанийн “алдангийг өршөөлд хамруулах”-гүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус байна. Энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч компанийн хуульд заасан боломжоор тэгш хангагдах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэв. 

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Б ” ХХК-ийн “анхан шатны шүүгчийн захирамжаар тогтоосон 4,333,173 төгрөгний алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай  хуульд хамруулахгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож дээрх алдангийг өршөөлд хамруулахыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэсэн  нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нэхэмжлэгч компанид анхан шатны шүүгчийн захирамжаар тогтоосон 4,333,173 төгрөгний алдангийг Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулахгүй байгаа хариуцагч Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэс, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч “Б ” ХХК-нд анхан шатны шүүгчийн захирамжаар тогтоосон 4,333,173 төгрөгний алдангийг өршөөн хэлтрүүлж, уг хуульд заасны дагуу өршөөлд хамруулахыг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст даалгасугай. 

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70.200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай. 

3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                           А.САРАНГЭРЭЛ