Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 461

 

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагч  Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Н.М-,

Шүүгдэгч Г.Д- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох эрүүгийн 1918007650519 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 31 настай, эмэгтэй, дээд боловсролтой, бага эмч, сувилагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Амаржих нярайн сувилагч ажилтай, ам бүл ганцаараа, Дархан-Уул аймгийн Дархан сум 6-р баг Баяндаваа 4-р гудамж 29Б тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, Г.Д-

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Яллагдагч Г.Г.Д- нь 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг 4/2-289 тоотод иргэн Н.Н.М-г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлаад  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

     Шүүгдэгч Г.Г.Д- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 10 дугаар сарын 25-ны 21:00-22:00 цагийн үед хохирогч согтуу миний утас руу залгаад байсан, бид хоёр өмнө нь маргалдсанаас болоод намайг түрээсэлсэн байрандаа оруулаагүй. Надад өрөө хөлслүүлчихээд оруулахгүй байгаа нь буруу, би айлд хоноход хүрсэн. Би өрөө нь хөлсөлдөг учир хохирогч надтай захирангуй харьцдаг, гэртээ байнга согтуу ирдэг. Нэг найзыг нь гэрт нь хүргэж өгч байсан, гэрт нь ирсэн хүмүүст хоол унд хийгээд өгчих гэдэг, нөгөө хүмүүс нь үйлчлэгчтэй харьцаж байгаа юм шиг үйлчилсэн шиг үйлчил гэх зэргээр надтай харьцдаг. Хохирогч надад хөлсөлсөн байрандаа орох эрхэд халдсан. Тухайн өдөр орц харанхуй байсан учир манай найз намайг оруулж өгөх хооронд хохирогч бид хоёр барилцаж аваад, ноцолдсон, хохирогч өөрийг нь доороо оруулаад зодсон гээд байгаа боловч бид бие биенээ барьсан болохоос газарт унаагүй. Хохирогч намайг ямар гуталтай байсныг санахгүй байгаа, тухайн өдөр би өсгийгүй гуталтай явсан байхад өсгийтэй гуталтай явсан гээд байгаа. Манай найз бид хоёрыг барилцаж авсан байхад намайг түлхэж гаргасан, би найзынхаа халаасанд гар утас, хэтэвчээ хийсэн байсан боловч хохирогчтой ноцолдож байх хооронд миний гар утас алга болчихсон. Манай найз миний хэтэвчийг авсан, харин гар утас олдохгүй болсон. Би энэ хүнээс гар утсаа авъя гэхэд байхгүй гээд өгөөгүй” гэв.

     Хохирогч Н.Н.М- шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр би 17:00 цагт ажлаасаа бууж гэртээ ирсэн. Гэтэл манай дүү намайг гэртээ ирж хонооч гэсэн учир Би Г.Г.Д-гийн утас руу залгаж түүнийг гэртээ ирэх эсэхийг асуухад Г.Г.Д- нэлээн согтуу байдалтай миний гэртээ ирэх ирэхгүй чамд хамаагүй гэж хэлсэн. Би Г.Г.Д-г гэртээ ирэх юм байна гэж бодоод дүүгийнхээ гэр лүү яваагүй. Манай хүүхэд сургуульд сурахаар явсан учир би гэртээ ганцаардаад байхаар нь ханьтай байя гэж бодоод шүүгдэгчийг хажуу өрөөндөө оруулсан. Тухайн өдөр би зурагт үзэж байгаад унтаад өгсөн байсан. Гэтэл 00:00 цагийн үед шүүгдэгч цоожны нүхээ олохгүй байж байх шиг байснаа хаалга нүдэж, удалгүй өшиглөөд эхэлсэн учир би хаалга онгойлгож өгөхөд үгийг зөрөөгүй намайг үстэж аваад, доороо оруулаад зодож эхэлсэн. Энэ үед цаанаас нь нэг хүн орж ирээд, шүүгдэгчийг надаас салгах гэж нэлээн хүч гаргасны эцэст салгах үед нь би цагдаа дуудлаа гэхэд Г.Г.Д- эргэж орж ирээд, миний гар утсыг хана руу шидээд эвдчихсэн. Шүүгдэгчийн найз нь шүүгдэгчийг авч гараад, би гэртээ ганцаараа үлдсэн. Миний гар утас эвдэрсэн учир цагдаа дуудаж чадаагүй. Өглөө 07:00 цагийн үед ажлын газрынхаа хүүхдийг дагуулж, эмнэлэг явж үзүүлээд, цагдаад хандсан. Тухайн өдөр нь амралтын өдөр байсан учир даваа гаригт цагдаа дээр ир гэсний дагуу очиход цагдаа нь миний шархыг үзээд, шинжээчийн дүгнэлт гаргуулаад ир гэсний дагуу дүгнэлт гаргуулсан гэв.

Эрүүгийн  1918007650519 дугаартай хэргээс:

            Шүүгдэгч Г.Г.Д-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Н.М- эгч хаалгаа онгойлгосон. Би тухайн үед нэлээн согтуу байсан болохоор зарим зүйлийг сайн санахгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь манай найз А.У- ороод ирсэн Н.М- эгч бид 2 хоорондоо зууралдаад байж байхад А.У- салгаж байсан. Би Н.М- эгчийн үснээс нь А.У-гийн дээгүүр гараа оруулаад үстсэн байдалтай байсан” гэх мэдүүлэг /хх 30/,

 

            Хохирогч Н.Н.М-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...нэг хүн цоожны нүх олохгүй хаалга оролдоод байхаар нь очоод хаалгаа онгойлгосон чинь Г.Д- шууд намайг үстээд доош нь дарсан тухайн үед би хөлдөө эсгий таавчиктай байсан болохоор паркетин шалан дээр халтираад унасан чинь Г.Д- намайг дээрээс олон удаа өшиглөсөн, би тухайн үед хэдэн удаа өшиглөснийг мэдэхгүй байна. Тэгэхэд Г.Д-тай хамт явж байсан эмэгтэй араас нь орж ирээд Г.Д-г салгаад аваад гарсан юм.” гэх мэдүүлэг /хх 07/,

 

            Гэрч А.А.У-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Г.Д-гийн араас нь орц руу ороод 2 давхарт гараад ирэхэд голын хаалга онгорхой байхаар нь яваад орсон чинь Г.Д- нэг танихгүй эгчтэй барилцаад авчихсан байхаар нь би салгах гээд дундуур ороход Г.Д- миний дээгүүр гараа явуулаад тэр эгчийг үстээд миний хажуугаар хөлөөрөө тэр эгчийг өшиглөөд байсан юм. Тэгээд би арай гэж салгаад Г.Д-г аваад тэр гэрээс гараад Г.Д-г найзынд нь хүргэж өгөөд гэртээ харьсан” гэх мэдүүлэг /хх 11/,

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 904 дугаартай шинжээчийн дүгнэлт:

 

1.2.Н.Н.М-гийн биед дух, баруун чамархай хуйх, баруун, зүүн хацар, доод эрүү, хүзүү, цээжний урд хэсэг, баруун бугалга, баруун, зүүн шуу, зүүн гуянд цус хуралт, зулгаралт, зулайн хуйх ил гарсан байдал, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.  

3.Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

5.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн  хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй /хх 20-21/,

 

Гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх 2/,

Шүүгдэгч Г.Г.Д-гийн иргэний үнэмлэхийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, эд хөрөнгийн лавлагаа, тээврийн хэрэгслийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт, тэтгэврийн даатгалын шимтгэлийн нэрийн дансны лавлагаа /хх 31-40/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах бэхжүүлэх талаарх хуульд заасан журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

            Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт:

Шүүгдэгч Г.Г.Д- нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 9-р баг 4/2-289 тоотод хохирогч Н.Н.М-г “гэртээ оруулаагүй” гэдгээр шалтаглан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

                       

Шүүгдэгч Г.Г.Д- нь гэмт үйлдэлдээ шууд санаатай хохирол, хор уршгийг хүсч үйлдсэн, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн түүний үйлдэлд зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон, бүрдэл хангагдсан байна.

 

Иймд шүүгдэгч Г.Г.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.

 

Хохирогч Н.Н.М-гийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлбөртэй холбоотой баримт хавтаст хэрэг авагдаагүй ч шүүхийн хэлэлцүүлгийн шатанд “эм тариа авахад 56,000 төгрөг, бариа засал 10,000 төгрөг, 3330 нокиа маркийн гар утасны үнэ 65,000 төгрөг, сорвины тос 13000 төгрөг”- нийт 144000 төгрөг нэхэмжилж иргэний нэхэмжлэл гаргаж байна.

Хохирогчийн иргэний нэхэмжлэлтэй холбогдуулан шүүгдэгч Г.Г.Д- “150 000 төгрөгийн түрээсийн төлбөрөө эргүүлэн авах ёстой, гэхдээ эмчилгээндээ хэрэглээрэй гэж хэлж байсан” гэж тайлбар гаргасныг хохирогч Н.Н.М- “түрээсийн 150.000 төгрөг өгөх ёстой, харилцан төлбөр тооцоход татгалзах зүйлгүй гэж байх тул иргэний нэхэмжлэл хангагдсан гэж үзлээ.

 

Харин хохирогч Н.Н.М- үс халцарч унасан, үс суулгах төлбөрт 3.000.000 төгрөг, сорви арилгуулах зардлыг нэхэмжилнэ гэх боловч холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй нь гэмт хэргийн хор уршгийг тодорхойлж бодит хохирлыг арилгахад гарах зардлыг тодорхойлох боломжгүй нөхцөл байдал үүсч байх тул хэлэлцэхгүй орхих нь зүйтэй.

 

Иймд хохирогч нь нүүрний сорви арилгах, үс нөхөн төлжүүлэх, суулгах  зардалтай холбоотой нэхэмжлэлээ нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шүүгдэгч Г.Г.Д-г энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага  хүлээлгэхэд анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэхэд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг харгалзан, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, шүүгдэгчийн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөнийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 5 сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 2-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Г.Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

            2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Д-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.    

 

            3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Д-г шүүхээс оногдуулсан 450 000 төгрөгийн торгох ялыг таван сарын хугацаанд сар бүр 90.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай. 

 

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.Д- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

            5.Хохирогч Н.Н.М- нь шүүхээр хэлэлцэгдээгүй иргэний нэхэмжлэлээ иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Г.Д-д урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          З.ТӨМӨРХҮҮ