| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0363/Э |
| Дугаар | 372 |
| Огноо | 2019-10-15 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сүрмандах |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 15 өдөр
Дугаар 372
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах,
Хохирогч Т.О ,
Шүүгдэгч Г.Э /өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Энхтуяа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Монгол овогт Г-н Э-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918005570425 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Монгол овогт Г-н Э /РД: /, 1985 оны 5 дугаар сарын 2-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаан хийн гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 2 удаагийн ял шийтгэлтэй. Үүнд:
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2006 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 198А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар 5 жил 10 хоног хорих ялаар шийтгүүлсэн.
-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 460 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 8 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.О ийн жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүгдэгч Г.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918005570425 дугаартай хэргээс:
-Хохирогч Т.О ийн мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 2, 29-ний өдрүүдэд тус тус мэдүүлсэн “...би пиво ууж сууж байгаад нөгөө дугаараас байн байн залгаад байхад нь би угаасаа авахаар дуугардаггүй учир авахгүй байсан чинь А яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэж асуухад нөгөө балай дугаараас чинь байн байн залгаад байна шүү дээ гээд нөхөр Э-д утсаа үзүүлтэл миний хажууд зэрэгцэж сууж байснаа босож ирээд миний уруул руу 3-4 удаа цохиод гараад явсан.” гэх мэдүүлэг[1],
-Гэрч Д.Ш-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр мэдүүлсэн “...А надад ярихдаа дээр айраг авчирсан орой манай гэрт Т.О , түүний нөхөр Э нарын хамтаар манай гэрт пиво уугаад сууж байсан чинь Т.О ийн утас нь дуугараад байхаар нь А түүнээс хэн юм бэ наад утсаа аваач гэхэд О авахгүй байж байснаа энэ нэг хүүхэн шөнө оройгүй залгах юм гэсэн утгатай зүйл хэлсэн чинь нөхөр нь босож ирээд уруул руу нь хэд хэдэн удаа цохичхоод яваад өгсөн. Тэгээд ажилдаа ирэхгүй байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[2],
-Гэрч С.А ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хамт ажилладаг Т.О гэдэг эмэгтэй, нөхөр Э-н хамт манайд ...очиж пиво уухаар болсон. Тэгээд би тэр хоёрыг гэртээ дагуулж очоод хоол унд хийж өгөөд 2.5 литрийн нэртэй пиво авч бид гурав хувааж уусан. ...Тэр авчирсан нэг пивыг нь ууж дуусгаад дараагийнх нь талдаа ороод сууж байсан чинь Т.О утас нь дуугараад байхаар нь нөхөртөө энэ нэг балай юм чинь байн байн залгаад байна шүү тээ гээд нөхөртөө утсаа үзүүлтэл нөхөр нь босож ирээд түүний уруул руу 2-3 удаа цохичхоод шууд гараад явсан.” гэх мэдүүлэг[3],
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Т.О ийн биед дээд уруулын баруун дээд хэсэг, дээд уруулын шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас[4],
-Яллагдагч Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр эхнэрийнхээ ажил дээр байж байгаад орой тарах цаг болох үед А гээд манай эхнэртэй хамт ажилладаг эмэгтэйгийн гэр лүү очиж хоол идэхээр болоод түүний машинтай эхнэр О бид гурав очсон. Тэднийд байхдаа хоол идэж байх зуураа 2.5 литрийн 3 том пиво ууцгаасан. Ингээд согтуу байсан болохоор эхнэртэйгээ яаж маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг мэдэхэд А намайг зайл гээд байх шиг байсан. Би тэгээд тэдний гэрээс гараад гудамжинд эхнэрээсээ уучлалт гуйхад түүний уруулаас цус гарсан, хавдсан байсан. Намайг эрүүлжүүлнэ гэхээр нь би тэр өдөртөө гэртээ очиж хоноогүй юм.” гэх мэдүүлэг[5],
-Аюулын зэргийн үнэлгээний маягт[6] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Э-н холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 2-ноос 3-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.О ийн жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь дээд уруулын шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
-Хохирогч Т.О ийн мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 2, 29-ний өдрүүдэд тус тус мэдүүлсэн “...би пиво ууж сууж байгаад нөгөө дугаараас байн байн залгаад байхад нь би угаасаа авахаар дуугардаггүй учир авахгүй байсан чинь А яагаад утсаа авахгүй байгаа юм бэ гэж асуухад нөгөө балай дугаараас чинь байн байн залгаад байна шүү дээ гээд нөхөр Э-д утсаа үзүүлтэл миний хажууд зэрэгцэж сууж байснаа босож ирээд миний уруул руу 3-4 удаа цохиод гараад явсан.” гэх мэдүүлэг[7],
-Гэрч Д.Ш-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 9 дүгээр сарын 4-ний өдөр мэдүүлсэн “...А надад ярихдаа дээр айраг авчирсан орой манай гэрт Т.О , түүний нөхөр Э нарын хамтаар манай гэрт пиво уугаад сууж байсан чинь Т.О ийн утас нь дуугараад байхаар нь А түүнээс хэн юм бэ наад утсаа аваач гэхэд О авахгүй байж байснаа энэ нэг хүүхэн шөнө оройгүй залгах юм гэсэн утгатай зүйл хэлсэн чинь нөхөр нь босож ирээд уруул руу нь хэд хэдэн удаа цохичхоод яваад өгсөн. Тэгээд ажилдаа ирэхгүй байгаа гэж хэлсэн.” гэх мэдүүлэг[8],
-Гэрч С.А ийн хэрэг бүртгэлтэд 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 8 дугаар сарын 2-ны өдөх хамт ажилладаг Т.О гэдэг эмэгтэй, нөхөр Э-н хамт манайд ...очиж пиво уухаар болсон. Тэгээд би тэр хоёрыг гэртээ дагуулж очоод хоол унд хийж өгөөд 2.5 литрийн нэртэй пиво авч бид гурав хувааж уусан. ...Тэр авчирсан нэг пивыг нь ууж дуусгаад дараагийнх нь талдаа ороод сууж байсан чинь Т.О утас нь дуугараад байхаар нь нөхөртөө энэ нэг балай юм чинь байн байн залгаад байна шүү тээ гээд нөхөртөө утсаа үзүүлтэл нөхөр нь босож ирээд түүний уруул руу 2-3 удаа цохичхоод шууд гараад явсан.” гэх мэдүүлэг[9],
-Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Т.О ийн биед дээд уруулын баруун дээд хэсэг, дээд уруулын шарх, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг бус удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдрийн 679 дугаартай дүгнэлт, яаралтай тусламжийн хуудас[10],
-Яллагдагч Э-н мөрдөн байцаалтад 2019 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 8 дугаар сарын 3-ны өдөр эхнэрийнхээ ажил дээр байж байгаад орой тарах цаг болох үед А гээд манай эхнэртэй хамт ажилладаг эмэгтэйгийн гэр лүү очиж хоол идэхээр болоод түүний машинтай эхнэр О бид гурав очсон. Тэднийд байхдаа хоол идэж байх зуураа 2.5 литрийн 3 том пиво ууцгаасан. Ингээд согтуу байсан болохоор эхнэртэйгээ яаж маргалдсанаа сайн санахгүй байна. Нэг мэдэхэд А намайг зайл гээд байх шиг байсан. Би тэгээд тэдний гэрээс гараад гудамжинд эхнэрээсээ уучлалт гуйхад түүний уруулаас цус гарсан, хавдсан байсан. Намайг эрүүлжүүлнэ гэхээр нь би тэр өдөртөө гэртээ очиж хоноогүй юм.” гэх мэдүүлэг[11],
-Аюулын зэргийн үнэлгээний маягт[12] зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтад авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Э нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хамтран амьдрагч Т.О ийн жирэмсэн болохыг мэдсээр байж гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, аюулын зэргийн үнэлгээний маягт зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Г.Э нь гэм буруугийн шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээдийг тус хуулийн үйлчлэлд хамааруулахаар заажээ.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-т зааснаар “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг”,
5.1.2.“гэр бүлийн хүчирхийллийн хохирогч” гэж гэр бүлийн хүчирхийллийн улмаас сэтгэл санаа, эдийн засаг, бие махбод, бэлгийн халдашгүй байдлаараа хохирсон хүнийг гэж тус тус тодорхойлжээ.
Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгч Г.Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж бие махбодод халдсан үйлдлийг гэр бүлийн хүчирхийллийн улмаас үйлдэгдсэн байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Г.Э нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.
Хохирогч Т.О нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цаг нийтэд тустай ажил хийх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Г.Э нь торгох ял оногдуулж өгнө үү, торгох ялыг төлөх боломжтой гэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр урьд 2 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай байна.
Шүүхээс шүүгдэгч Г.Э-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д өдөрт дөрвөөс дээшгүй цагаар 350 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураасан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Монгол овогт Г-н Э-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хохирогчийн жирэмсэн болохыг мэдсээр байж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э-д өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 350 /гурван зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 11-12, 13-14 тал
[2] Хавтаст хэргийн 18 тал
[3] Хавтаст хэргийн 19-20 тал
[4] Хавтаст хэргийн 24-25, 26-27 тал
[5] Хавтаст хэргийн 68-69 тал
[6] Хавтаст хэргийн 5-6 тал
[7] Хавтаст хэргийн 11-12, 13-14 тал
[8] Хавтаст хэргийн 18 тал
[9] Хавтаст хэргийн 19-20 тал
[10] Хавтаст хэргийн 24-25, 26-27 тал
[11] Хавтаст хэргийн 68-69 тал
[12] Хавтаст хэргийн 5-6 тал