Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 28 өдөр

Дугаар 388

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч Ц.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Ц-ийн Т-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918005990436 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт Ц-ийн Т /РД:.../,1985 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, авто техникийн нярав, засварчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид тасгийн захирагч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Ц.Т нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “Ноёд” караоке дотор  хувийн маргааны улмаас иргэн Ц.Тө-ыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун, зүүн тохой, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.Тийн мэдүүлсэн “....2019 оны 8 дугаар сарын 19-ний өдөр “Ноёд” караокед орохоор болоод би түрүүлж очоод өрөө захиалсан. Тэгээд 2 шил Болор архи, ундаа аваад ууж байхад 21 цагийн орчим Төмөр-Очир ирсэн. Тэгээд сууж байхад Ц.Тө ширээн дээр хөлөө гаргаж тавиад, ундааны лаазыг ширээн дээр тавиад хавтгайлж гараараа цохиод байхаар би болио гэж хэлэхэд тоохгүй байсан. Тэгээд Ц.Тө миний хажууд сууж байгаад чи эцгийгээ үхэхэд ч уйлаагүй биз дээ миний ах гээд хацар луу алгадахаар нь миний уур хүрээд би цээж рүү нь гараараа цохиод  зууралдаж байгаад нүүрэн тус газар нь 2-3 удаа цохисон ба бид хоёрыг манай хэд салгасан. Баарнаас гараад гадаа Ц.Тө хүрч ирээд намайг хэд хэд мөргөхөөр нь би унагаасан. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

Эрүүгийн 1918005990436 дугаартай хэргээс:

 

Хохирогч Ц.Тө-ын мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 26-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр ажлаа тараад явж байсан чинь 19 цагийн орчимд Ц.Т над руу “Ноёд” караокед хамт олноороо байна, хүрээд ир гээд мессэж бичихээр нь би яваад очсон чинь Э, М, О, Д, О, Э, П, Ц.Т нар 1 шил архи уучихсан байж байсан. Намайг ирсэн чинь нэг шил архи аваад бид нар хувааж уугаад Ц.Т бид хоёр юм яриад сууж байгаад би Ц.Т аавыгаа өнгөрөхөд чи уйлаагүй биз дээ гэсэн чинь Төрмөнх шууд намайг үгийн зөрүүгүй нүүр рүү 2-3 удаа цохисон. Д салгахаар нь би гараад явсан чинь араас бүгд гарч ирээд байж байсан чинь Ц.Т намайг ирээд тонгорч унагаад дээр гараад цохиод байхаар нь би босоод ирсэн чинь миний цамцаар хоолойг боохоор нь би гарыг нь тавиулаад Ц.Т өөрийг нь боогоод 2 удаа мөргөсөн. Ингээд би гүйж яваад таксинд суугаад гэртээ хариад нэгдсэн эмнэлэг орж толгойдоо оёдол тавиулсан.” гэх мэдүүлэг[1],

 

Гэрч С.М-н мөрдөн байцаалтад 2019 оны 8 дугаар сарын 20-ны өдөр мэдүүлсэн: “...Манай нөхөр Ц.Тө нь Зэвсэгт хүчний 330 дугаар ангид захирагчийн жолооч ажилтай юм. Манай нөхөр 2019 оны 08 дугаар сарын 19-ний орой 19 цагийн орчим гэрээсээ ганцаараа ажлынхантайгаа уулзах гэж байгаа юм, манай ажлын хүн шагнал авсан, тэр шагналыг тэмдэглэх гэж байгаа юм гээд гарсан юм. 21 цагийн орчим би Ц.Тө утсаар ярихад Ноёд пабад байна, хамт ажилладаг П, Д, Ц.Т нар болон чиний танихгүй хэдэн хүний хамтаар сууж байна, удахгүй очно гэж хэлсэн. Түүнээс хойш 22 цаг 50 минутын орчим дуусах болж байна уу? би очиж тосож авах уу? гэхэд санаа зоволтгүй, амарч бай би өөрөө яваад очно гэж хэлсэн. Тэгэхээр нь би гэртээ хүлээж байтал 23 цаг 10 минутын орчим манай нөхөр зодуулчихсан байдалтай толгой нь хагарсан, зүүн нүд нь хөхөрсөн, хамаг хувцас нь цус болчихсон байсан. Тэгэхээр нь би ангийн жижүүрээр дамжуулан цэргийн цагдаад мэдэгдсэн.” гэх мэдүүлэг[2],          

 

Гэрч Ц.Д-ын мөрдөн байцаалтад 2019 оны 9 дугаар сарын 3-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 20 цагийн орчимд Ц.Т, Т, П, Э О, М нарын хамт Ноёд караокегийн 8 номерын өрөөнд ороод 2 шил 0.75 литртэй архи авч уусан. Тэгээд М, Э 2 гараад явчихсан. П О бид 3 дуулж байгаад дуугаа дуусаад эргээд харсан чинь Ц.Тө буйдан дээр хэвтэх маягтай Ц.Т дээр нь гарчихсан цохиж байхаар нь салгасан чинь Ц.Тө-н зүүн тал нь хавдаад овойсон байсан. Тэгэхээр нь бид нар салгаад тэндээс гарсан чинь Ц.Т-г Ц.Тө татаад 2-3 удаа мөргөсөн чинь Ц.Т Ц.Тө-г хавсарч унагахаар нь бид нар тэр хоёрыг салгаж авч яваад Ц.Т О-г авч яваад Төмөр-Очиртой Эрхэмбаяр үлдсэн.” гэх мэдүүлэг[3],         

 

Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 704 дугаартай “...Ц.Тө-ын биед хамар ясны битүү хугарал, зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун, зүүн тохой, шилбэнд цус хуралт, зулгаралт тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт[4] зэрэг нотлох баримтуудыг  шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, яллагдагч, хохирогч, гэрчээс мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэх хамаарал бүхий нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Ц.Төд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ц.Тийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ц.Т нь согтуурсан үедээ 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багт байрлах “Ноёд” караоке дотор  хувийн маргааны улмаас иргэн Ц.Төыг зодож эрүүл мэндэд нь хамар ясны битүү хугарал, зулайн хуйханд шарх, зүүн нүдний зовхи, хүзүү, баруун, зүүн тохой, шилбэнд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ц.Т нь хохирогч Ц.Төын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, гэрч, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Ц.Т нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч Ц.Тийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэрэгт тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд шүүгдэгч Ц.Тийн согтууруулах ундаа хэрэглэсэн байдал, хохирогчийн зүй бус харьцаа нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ц.Тийн үйлдсэн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заажээ.

 

Шүүгдэгч Ц.Т нь хохирогчид 270.000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг гаргасан. 

Шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг багасгаж өгнө үү гэв.

Шүүгдэгч Ц.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд, тооцсон ба эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ц.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүхээс шүүгдэгч Ц.Төд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.Төд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Ц-ийн Т-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б овогт Ц-ийн Т-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Төд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг таван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Т нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдэсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ц.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ИДЭР               

 


[1] Хавтаст хэргийн 5 тал

[2] Хавтаст хэргийн 8 тал

[3] Хавтаст хэргийн 9 тал

[4] Хавтаст хэргийн 13-14 тал