Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 400

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Хохирогч Г.А,

Шүүгдэгч О.Д, Н.С /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О-ы Д, И с овогт Н-ийн С нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006320459 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б овогт О-ы Д /РД: ..../, 2000 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Монгол Коосэн сургуулийн 5 дугаар курсын оюутан, ам бүл 3 эх, дүүгийн хамт ...  тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

 

Монгол Улсын иргэн, И с овогт Н-ийн С /РД:.../, 1999 оны 11 дүгээр сарын 02-ний өдөр Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, 19 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, .... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч О.Д, Н.С нар нь бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Аг зодож эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн битүү хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Д мэдүүлэхдээ “...Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.С мэдүүлэхдээ “...Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.А мэдүүлэхдээ “...Тэр өдөр Н.С О.Д хоёр намайг дуудсан намайг яваад очиход Н.С намайг уулзаадхья гэж хэлээд дагуулаад явсан бөгөөд хашааны булан эргээд Н.С шууд миний нүүр лүү  нэг удаа цохиод авсан тэгэхэд миний хамараас цус гарсан. Тэгтэл  О.Д миний нүүр лүү нэг удаа цохиод авсан тэгэхээр нь би доошоо нүүрээ гараараа дараад суусан чинь О.Дминий нүүр рүү нэг удаа өшиглөсөн, Н.С  миний зүүн талын хавирга руу нэг удаа цохисон. Хамрын хагалгааны зардал нь 800.000 төгрөг болно гэсэн. Иймд 800.000 төгрөгийг О.Д, Н.С нараас гаргуулж өгнө үү.” гэв.

 

 Хоёр. Эрүүгийн 1918006320459 дугаартай хэргээс:

 

-Хохирогч Г.Ан мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сарын 26-ны шөнө 23 цаг 40 минутын орчим Алтансүхийн хамт Дархан сумын 15 дугаар баг Мангиртын 10 дугаар хэсэгт явж байхад Н.С, О.Дхоёр намайг дуудсан би явж очоод Н.Сд хандаж сайн байна уу ах гэж мэндэлсэн чинь Н.С намайг уулзаадхья гэж хэлээд дагуулаад явсан бөгөөд хашааны булан эргээд Н.С шууд миний нүүр лүү  нэг удаа цохиод авсан тэгэхэд миний хамарнаас цус гарсан бөгөөд араас нь  О.Д бас дагаж ирээд миний нүүр лүү нэг удаа цохиод авсан тэгэхээр нь би доошоо нүүрээ гараараа дараад суусан чинь О.Д миний нүүр рүү нэг удаа өшиглөсөн тэгэхэд Н.С миний зүүн талын хавирга руу нэг удаа цохиод Н.С дахиад энэ хавиар битгий ирээрэй гэж хэлээд яваад өгсөн юм.” гэх мэдүүлэг[1],

 

-Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Г.Агийн биед хамар ясны цөмөрсөн битүү хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл болно. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаан сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 9 дүгээр сарын 13-ны өдрийн 782 дугаартай дүгнэлт[2],

 

-Яллагдагч О.Дын мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 8 дугаар сарын 26-ны орой 23 цаг 40 минутын орчим би найз Н.Сийн хамт Дархан сумын 15 дугаар баг “Улаан худаг”-ийн орчим зогсож байхад Г.Алташагай тэнд явж байсан, Тэгэхэд Сайхнаа Г.Аг дуудсан бөгөөд Сайхнаа Г.Аг дагуулаад улаан худгийн хажуугийн 5 дугаар гудамж руу дагуулаад явсан. Би араас нь дагаж явсан бөгөөд Н.С Г.Агийн нүүр лүү нэг удаа цохисон тэгэхэд Г.А нүүрээ дараад суухаар нь би Г.Агийн нүүр лүү нэг удаа өшиглөсөн. Дараа нь Н.С Г.Агийн зүүн талын хавирга руу нь нэг удаа цохисон.” гэх мэдүүлэг[3],   

 

-Яллагдагч Н.Сийн мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 8 дугаар сарын 26-ны орой 23 цаг 40 минутын орчим би найз Давхарбаярын хамт гэрийнхээ ойролцоох 5 дугаар гудамжинд зогсож байхад Г.Алташагай нэг найзынхаа хамт явж байхаар нь би дуудаад Г.Аг найзаас нь холдуулж цааш нь авч яваад  би нүүр лүү нь нэг удаа цохисон тэгэхэд Г.А нүүрээ дараад доошоо суусан. Тэгэхэд О.ДГ.Агийн нүүр лүү нэг удаа өшиглөсөн, би хавирга руу нь нэг удаа цохиод дахиж энүүгээр битгий харагдаарай гэж хэлээд О.Дбид хоёр явсан. Г.А намайг нүднээс гадуур хүнд муулсан байсан тэгээд би уур хүрээд Г.Аг зодсон.” гэх мэдүүлэг[4],   зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч О.Д, Н.С нарын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч О.Д, Н.С нар нь бүлэглэж 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Г.Аг зодож эрүүл мэндэд нь хамар ясны цөмөрсөн битүү хугарал, зүүн нүдний зовхи, хамарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Хууль зүйн дүгнэлт:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч О.Д, Н.С нар нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч О.Д, Н.С нар нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч О.Д, Н.С нарыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул тэдний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч О.Д, Н.С нарын танхай сэдэлт, нийгмийн хэв журам зөрчсөн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгч О.Д, Н.С нарын үйлдэл нь бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Хохирогч Г.А нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 800.000 төгрөгийг шүүгдэгч О.Д, Н.С нараас нэхэмжилсэн ба шүүгдэгчид нь төлбөрийг төлж барагдуулна гэж мэдүүлж байх тул шүүгдэгч О.Д, Н.С нараас тус бүр 400.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Ад олгох нь зүйтэй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дт 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг Нийслэлийн Баянгол дүүргийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт, шүүгдэгч Н.Сд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт тус тус эдлүүлэх саналтай байна гэв. 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.Д, Н.С нар нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч О.Д, Н.С нарын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, бүлэглэж гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.

 

Шүүхээс шүүгдэгч О.Д, Н.С нарт эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дт 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар Нийслэлийн Баянгол дүүргийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт, шүүгдэгч Н.Сд 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагийн хугацаагаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний гарт тус тус эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч О.Д, Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

1. Шүүгдэгч Б овогт О-ы Д, И с овогт Н-ийн С  нарыг  бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д-т өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, ялыг Нийслэлийн Баянгол дүүргийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт,

шүүгдэгч Н.С-д өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 240 /хоёр зуун дөчин/ цаг нийтэд тустай ажил хийх ял шийтгэж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт тус тус эдлүүлсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, Н.С нар нь 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч нарт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч О.Д, Н.С нараас тус бүр 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг 6 дугаар хэсэг 1-4 тоотод оршин суух хохирогч Г.А /РД: ...., утас-99391104/-д олгосугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8,  1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Д, Н.С нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.Д, Н.С нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ИДЭР               

 

 

 


[1] Хавтаст хэргийн 5-6 тал

[2] Хавтаст хэргийн 21-22 тал

[3] Хавтаст хэргийн 40 тал

[4] Хавтаст хэргийн 45 тал