| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0392/Э |
| Дугаар | 405 |
| Огноо | 2019-11-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 11 өдөр
Дугаар 405
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогч Л.О,
Шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт П-н М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918006170479 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт П-н М /...4/, 1989 оны 1 дүгээр сарын 6-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 30 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт .... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавьяа шагналгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч П.М нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Дархан зах”-н 24 дүгээр лангуугаар үйлчлүүлэхдээ иргэн Л.Оийн гээгдүүлсэн ягаан өнгийн түрийвч /биет 462.000 төгрөг, “Samsung J2” маркийн гар утас, “Хаан банк”-ны виза карт, “Тэс” ШТС-ийн карт, утасны үүр, ОХУ-ын мөнгөн тэмдэгт болох 1000 рублийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 1 долларын дэвсгэрт 1 ширхэг/-ийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч П.М мэдүүлэхдээ “...Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1918006170479 дугаартай хэргээс
- Эд зүйл хураан авсан, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэлүүд[1],
- Гэрч Д.Э-р гэмт хэрэг үйлдсэн хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[2],
- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл[3],
- Хохирогч Л.О-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчим “Дархан зах”-ын хүнсний лангууны ойролцоо очоод 24 дүгээр лангуун дээр махаа жинлэж үзэхдээ өөрийн түрийвчээ мартаж гарсан ба миний түрийвчид 462.000 төгрөг, 2000 рубль, 1 доллар, Самсунг жи-2 маркийн гар утас бичиг баримтууд байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад хандсан ...Би одоо 462.000 төгрөгөө нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг[4],
- Гэрч Д.Э-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр өөрийн ажил болох “Дархан зах”-ын 24 дүгээр лангуун дээр хүнс зараад зогсож байтал зүс таних Л.О гэх хүн орж ирээд гахайн мах жинлэх гэсэн юм гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн бөгөөд тэгээд явсан. Түүний дараа нэг залуу орж ирээд, тэгээд нэг эмэгтэй, дахин нэг эмэгтэй эд зүйл авчхаад гараад явахад Одгэрэл орж ирээд түрийвчээ мартчихсан байна чи харсан уу гээд асуухаар нь би анзаарсангүй захын камер дээр очоод хар гэж хэлсэн чинь Л.О камер шүүж ирээд 2 тамхи авсан эмэгтэй авсан байна гэхээр нь би санаад над руу 86998806 дугаараар мөнгө шилжүүлж тамхи худалдаж авч байсан гэхэд Л.О цагдаа явсан ...Би тухайн эмэгтэйг харвал танина.” гэх мэдүүлэг[5],
-Хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн “...иргэн Л.О-ийн эзэмшлийн ...эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн байдлаар 338.000 /гурван зуун гучин найман мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[6],
- П.Мийн мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар мэдүүлсэн “...Би 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Дорнод аймгаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бугант” гэх газар луу хүний алтны уурхайд тогооч хийхээр явж байгаад Дархан-Уул аймгаар дайрч өнгөрсөн. Тэгээд Дарханд ирээд “Дархан зах” гэдэг газраар ороод тамхины бөөний төв гэсэн лангуун дээр очоод хоёр том хайрцаг ченж эссэ тамхи аваад тооцоогоо мобайл банкаар шилжүүлээд зогсож байтал тэр лангуун дээр ягаан өнгийн эмэгтэй хүний түрийвч байхаар нь худалдагчаас энэ таны түрийвч үү гэж асуусан боловч худалдагч эмэгтэй утсаар яриад надад ямар нэгэн хариу өгөөгүй тэгэхээр нь тэр түрийвчийг лангуун дээрээс аваад тамхи авсан торондоо хийгээд гараад явсан. ...Миний өөрийнх биш учраас бусад хүнийх гэдгийг мэдэж байсан. Гээгдэл эд зүйл оллоо гэж бодсон, ингээд хэрэгт орно гэж бодоогүй.” гэх мэдүүлэг[7] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч, гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч П.Мийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч П.М нь 2019 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 17 цагийн орчимд Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Дархан зах”-н 24 дүгээр лангуугаар үйлчлүүлэхдээ иргэн Л.Оийн гээгдүүлсэн ягаан өнгийн түрийвч /биет 462.000 төгрөг, “Samsung J2” маркийн гар утас, “Хаан банк”-ны виза карт, “Тэс” ШТС-ийн карт, утасны үүр, ОХУ-ын мөнгөн тэмдэгт болох 1000 рублийн дэвсгэрт 2 ширхэг, 100 төгрөгийн дэвсгэрт 1 ширхэг, 50 төгрөгийн дэвсгэрт 3 ширхэг, 1 долларын дэвсгэрт 1 ширхэг/-ийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас 800.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хууль зүйн дүгнэлт:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.М нь гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг, эд зүйл хураан авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.
Иймд шүүгдэгч П.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч П.М, түүний өмгөөлөгч Б.Чинбаатар нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Гэмт хэргийн шалтгаан нөхцлийг шүүгдэгчийн шунахай сэдэлт, амар хялбар аргаар мөнгө олох зорилгын улмаас үйлдэгдсэн байна гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч П.Мийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт 462.000 төгрөг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь төлбөрийг төлж барагдуулна гэж мэдүүлж байх тул шүүгдэгч П.Мээс 462.000 төгрөгийг гаргуулж хохирогч Л.Од олгох нь зүйтэй гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар нь торгох ял оногдуулж өгнө үү гэв.
Шүүхээс шүүгдэгч П.Мт эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч П.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч П.М нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байх тул торгох ял оногдуулах боломжгүй гэж үзлээ.
Дээрх тогтоогдсон нөхцөл байдлуудыг харгалзан шүүгдэгч П.Мт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 250 /хоёр зуун тавин/ цаг нийтэд тустай ажил хийх ялыг Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт П-н М-г гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Мт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, ялыг Дорнод аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь 250 /хоёр зуун тавин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 /найман/ цагийн ажлыг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Мт мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч П.Мээс 462.000 /дөрвөн зуун жаран хоёр мянган/ төгрөг гаргуулж Дархан-Уул аймгийн Дархан сумын 1 дүгээр баг Чулуутын 1-2 тоотод оршин суух хохирогч Л.О /ТЯ66112204/-д олгосугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Мт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 8-12 тал
[2] Хавтаст хэргийн 13-15 тал
[3] Хавтаст хэргийн 18 тал
[4] Хавтаст хэргийн 22-23 тал
[5] Хавтаст хэргийн 26-27 тал
[6] Хавтаст хэргийн 32-33 тал
[7] Хавтаст хэргийн 39-40 тал