| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0266/Э |
| Дугаар | 413 |
| Огноо | 2019-11-14 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 14 өдөр
Дугаар 413
Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.А,
Шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Т-н З-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1818005850278 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчдийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Т-н З /РД:.../, 1988 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газрын тосны инженер мэргэжилтэй, Дархан төмөрлөгийн үйлдвэрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Т.З нь “Төгс байгаль” ХХК-д уурхайн даргаар ажиллаж байхдаа ашиг олох зорилгоор компанийн удирдлагад мэдэгдэлгүй дур мэдэн 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтний гол”, “Эрлийн ам” гэх газарт нийт 0.98 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бага ноёны ам” гэх газарт нийт 1.68 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\24\Zoljargal-24.2-1.docx
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.З мэдүүлэхдээ “...Урьд мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв.
- Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.А мэдүүлэхдээ “...Шүүгдэгч нь байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн төлсөн тул нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй. 2018 оны 7 дугаар сард 2 удаа хууль бусаар ашигт малтмал олборлосон. Эхнийх дээр нь санаж байна би өөрөө цагдаагийнхантай хамт очиж шалгахад 2 экскеватороор хууль бусаар ашигт малтмал олборлож байсан. Үүний дараа дахин хууль бусаар ашигт малтмал олборлож байгаад цагдаад баригдсан байсан.” гэв.
Хоёр. Эрүүгийн 1818005850278 дугаартай хэргээс:
-Хэргийн газрын үзлэг хийсэн “...2018 оны 7 сарын 21-ний өдөр ...хэрэг болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Эрлийн ам” гэх газар “Төгс байгаль” ХХК-ний хууль бусаар алт олборлож буй талбай байв. ...тус газарт хууль бусаар халдаж, газрын хөрсөнд эвдрэл учруулсан байдалтай байсныг тэмдэглэлд тусгав. Үл хөдлөх цэгээс баруун урд зүгт 20 метрийн зайд шар өнгийн ковш, үүнээс урд 1 метрийн зайд шар өнгийн LC95 маркийн 480 экскеватор үүнээс баруун урд зүгт 1 метр 50 см зайд 500 LC7 маркийн экскеватор зогсож байв. Эдгээр машин механизмууд нь ямар нэгэн улсын дугааргүй байв. 500 LC7 маркийн экскеватороос зүүн урд зүгт 8 метр зайд 30 квт цахилгаан үүсгүүр, үүнээс зүүн урд зүгт 4 метр зайд алт угаах төхөөрөмж, үүнээс хойш 5 метр зайд 5 тн усны ёмкость байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгаж Cаnоn 1200D зургийн аппаратаар бэхжүүлэв. Үзлэг хийж байгаа талбайн хойд хэсэгт 30 м х 25 м хэмжээтэй газар ухаж ус тогтсон байв. Уг ухсан газар нь газрын хөрснөөс доош 2.5 метр бөгөөд хажуу хэсэг газарт тойруулаад шороог тойруулаад овоо үүсгэсэн байв. Уг ухсан газраас зүүн урд зүгт 21 м зайд 15м х 40м хэмжээтэй, гүн нь 6 метр газарт ухсан байв. Тус ухсан хэсэг газрын эргэн тойронд ухаж шороог ил гаргаж овоолго үүсгэсэн байлаа.
...2018 оны 7 дугаар сарын 28-ны өдөр ...Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутагт байрлах “Их ноёны адаг” “Бага ноён” гэх газарт үйл ажиллагаа явуулж байгаа “Төгс байгаль” ХХК нь хууль бусаар ашигт малтмал олборлох зорилгоор газрын хэвлийд халдсан гэх үндэслэлээр хэргийн газарт үзлэг хийлээ. ...Уг талбай дотор Hyundai 480 маркийн экскеватор, Hyundai 520 маркийн экскеватор N49.2230.24, E106.44.0441 цэгт байрлан үйл ажиллагаа явуулж байлаа. Мөн N49.22.2984, E106.44.0383 цэгт усан буу байрлуулан тавьсан байлаа. Үзлэгийн явцыг гэрэл зургаар бэхжүүлэн авч тэмдэглэлд хавсаргахаар тогтов.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
- Байгаль орчны мэргэжлийн байгууллага Монслов ХХК-ний “...эдэлбэр газарт учирсан хохирол 537.236 төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ 1.611.708 төгрөг байна. Уг талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн тул газрын хэвлийд учирсан хохирол байхгүй гэж үзлээ. Тус талбайд өмнө нь олборлолт явагдаж хөрсөн бүрхэвч үндсэндээ устсан тул хөрс болон ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцох боломжгүй байна. Биологийн нөхөн сэргээлтийн ажилд шаардагдах ажилд шаардагдах нийт зардал нь 432.800 төгрөг байна.” гэх 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 18/76 дугаартай байгаль орчны хохирлын үнэлгээний дүгнэлт[2],
-Байгаль орчны мэргэжлийн байгууллага Монслов ХХК-ний “...Төгс байгаль ХХК нь Бага ноён гэх газарт 1.68га талбайд олборлолт явуулж, эвдрэлд оруулсан байна. Уг талбайд учруулсан экологи эдийн засгийн үнэлгээ нь 920.976 төгрөг байна. Эдэлбэр газарт учирсан хохирол 920.976 төгрөг, нөхөн төлбөрийн хэмжээ 2.762.928 төгрөг байна. Уг талбайд техникийн нөхөн сэргээлт хийсэн тул газрын хэвлийд учирсан хохирол байхгүй гэж үзлээ. Тус талбайд өмнө нь олборлолт явагдаж хөрсөн бүрхэвч үндсэндээ устсан тул хөрс болон ургамлын экологи эдийн засгийн үнэлгээ тооцох боломжгүй байна. Биднийг хэмжилт хийхээр очих үед уг талбайд техникийн нөхөн сэргээлтийн ажлыг хийсэн байсан тул олборлосон алтны нөөцийг тогтоох боломжгүй байна. Уг олборлолт явуулсан талбайтай “Барилга орд” ХХК-ний эзэмшиж байсан MB-013330 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл хэсэгчлэн давхцалтай байна. Уг MB-013330 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийг анх 1995 оны 7 дугаар сарын 9-ний өдөр АМГТГ-аас олгож, 2012 оны 5 дугаар сарын 2-ны өдөр буцааж авсан байна. Тиймээс 1995-2012 оны хооронд тухайн талбай орчмыг ашиглаж байжээ. Биологийн нөхөн сэргээлтийн ажилд шаардагдах ажилд шаардагдах нийт зардал 804.800 төгрөг байна.” гэх 2018 оны 10 дугаар сарын 1-ний өдрийн 18/75 дугаартай байгаль орчны хохирлын үнэлгээний дүгнэлт[4],
-Байгаль орчны хяналтын улсын байцаагч Д.Б-н 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн “...Эдэлбэр газарт учруулсан хохирол 920.976х3 дахин=2.762.928 төгрөгийн нөхөн төлбөр тогтоов. Актаар тогтоогдсон нөхөн төлбөр болох 2.762.928 /хоёр сая долоон зуун жаран хоёр мянга есөн зуун хорин найман/ төгрөгийг ...барагдуулахыг Төгс байгаль ХХК-ний захирал Н.Амарбатад даалгав.” гэх 10-04-305/06 дугаартай акт[5],
-Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Т.Аийн мөрдөн байцаалтад 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр мэдүүлсэн “...Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Бага ноён” гэх газрын урд хууль бусаар ашигласан талбайд Д:170540 дугаартай нөхөн сэргээлтийн тусгай зөвшөөрөлтэй Төгс байгаль ХХК нь Байгаль орчин, аялал жуучлалын яамнаас 2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн 15 га талбайд нөхөн сэргээлт хийх талаар төлөвлөгөө танилцуулсан юм. Уг бичиг баримтыг үндэслэн албан бичгээр зөвшөөрсөн тухай хариу өгсөн байсан юм. -Төгс байгаль” ХХК нь албан ёсны нөхөн сэргээлтийн эрхтэй болохоор Хонгор сумын нутаг дэвсгэрт хууль бусаар ашигласан талбайг сум орон нутагтай зөвшилцөн нөхөн сэргээлтийн төлөвлөгөө гаргаж хийж болно. Харин ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрөлгүй болохоор эрх байхгүй гэж бодож байна гэхдээ урд ашигласан баяжмалтай шороог дахин баяжуулах талаар би мэдэхгүй байна. Уг талбай дээр ашигт малтмал олборлох талаар тусгай зөвшөөрөлгүй гэхдээ Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нөхөн сэргээлтийн зардлыг урд ашигласан хөрсийг дахин баяжуулах ажлыг хийж болох байх. “Төгс байгаль” ХХК нь нөхөн сэргээлтийн ажлыг хийхдээ газрын хэвлийд халдах тусгай зөвшөөрөлтэй байсан. Уг талбай дээр “Төгс байгаль” ХХК нь нөхөн сэргээлт хийсэн. Хонгор сумын зүгээс нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.
...байгаль экологид учирсан хохирлыг буруутай этгээд төрийн санд хийсэн байна. Одоо нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[6],
-Т.Зын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн “...Халнит ХХК-ний эзэмшлийн Hyundai R520LC-9S маркийн шар өнгийн экскеватор /өнгө үзэмж, чанар байдал муудсан, төв насос, хөдөлгүүр, явах эд анги эвдэрсэн/ 1 ширхэг, Hyundai R480LC-9S маркийн шар өнгийн экскеватор /өнгө үзэмж, чанар байдал муудсан, төв насос, хөдөлгүүр, явах эд анги эвдэрсэн/ 1 ширхэг зэрэг эд хөрөнгийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 9 дүгээр сарын 25-ны байдлаар 25.000.000 /хорин таван сая/ гэх дүгнэлт[8],
-Яллагдагч Т.Зын мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр мэдүүлсэн “...манай компани 10га газарт нөхөн сэргээлтийн үйл ажиллагаа явуулах ёстой байсан. Сэргээх ёстой байсан талбайгаасаа ойролцоогоор 8 орчим га газар нөхөн сэргээлтийн ажил хийж дууссан байна. Уг асуудлаас болоод сум орон нутагт хүлээлгэн өгч амжаагүй байгаа. Уг асуудал дууссаны дараа манай захирал хүлээлгэж өгөх асуудлыг шийдэх байх. Ямар нэгэн метал олборлосон зүйл байхгүй.
...Миний буруу, хүмүүс Шарын голоор алт их гардаг, шорооны алтны агууламж ихтэй гээд байхаар нь сонирхоод хэр гардгыг үзэх гэж олборлолт явуулсан юм. Тухайн үед цагдаад баригдана гэж огт бодоогүй. Ямар нэгэн металл олборлосон зүйл байхгүй. 1 экскеватороор явуулсан. Тухайн орчинд гэхдээ ашиглаагүй техник хэрэгсэл бас байж байсан.” гэх мэдүүлэг[9] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.Зын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.З нь “Төгс байгаль” ХХК-д уурхайн даргаар ажиллаж байхдаа ашиг олох зорилгоор компанийн удирдлагад мэдэгдэлгүй дур мэдэн 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдрөөс 2018 оны 07 сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Хүйтний гол”, “Эрлийн ам” гэх газарт нийт 0.98 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан,
Мөн 2018 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг “Бага ноёны ам” гэх газарт нийт 1.68 га талбайд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Т.З нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Т.З, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Т.Зын шунахай сэдэлт, амар хялбар аргаар ашиг олох гэсэн үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Шүүгдэгч Т.Зын үйлдэл нь хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч Т.З нь гэмт хэргийн улмаас учруулсан 4.374.636 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн болох нь банкны төлбөрийн баримт[10]-аар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Т.Зыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зд 5.700 /таван мянга долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.М “миний үйлчлүүлэгч нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн мэдүүлж байгаа болон тогтсон ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг байдлыг харгалзан үзэж торгох ялын доод хэмжээгээр торгож ял оногдуулж, хэсэгчлэн төлөхөөр шийдвэрлэж өгнө үү.” гэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.", 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн.", Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт "Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн." гэж хуульчилсан.
Гэтэл шүүгдэгч Т.З нь орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон цагдаагийн байгууллагын хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан шаардлагыг үл биелүүлж хоёр удаагийн үйлдлээр хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулсан болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдсон байна.
Шүүгдэгч Т.Зын гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцлоо.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Т.З нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Т.З нь гэмт хэрэг үйлдэхдээ “Халнит” ХХК-ний эзэмшлийн ковш LW500F маркийн 16-94 УБ улсын дугаартай авто ачигч 1 ширхэг, скрубер /усан буу/ 1 ширхэг, Hyundai R520LC-9S маркийн шар өнгийн экскеватор 1 ширхэг, Hyundai R480LC-9S маркийн шар өнгийн экскеватор 1 ширхэг зэргийг ашигласан болох хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх техник, хэрэгслийн хууль ёсны өмчлөгч нь өөрийн техник хэрэгслээ гэмт хэрэг үйлдэхэд ашиглуулж байгаа болохыг мэдээгүй болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Т.Зд холбогдох эрүүгийн 1818006090277 дугаартай хэргийг эрүүгийн 1818005850278 дугаартай хэрэгт нэгтгэсэн хяналтын прокурорын 2019 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 69 дугаартай тогтоол[11] нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Т.Зд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялын 3 жилийн хугацаанд сар бүр 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Т.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт битүүмжилсэн “Халнит” ХХК-ний эзэмшлийн ковш LW500F маркийн 16-94 УБ улсын дугаартай шар өнгийн авто ачигч, скрубер /усан буу/ 1 ширхэг зэргийг битүүмжлэлээс чөлөөлж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан алт угаах усан буу, ачигч, экскеватор зэрэг нь бусдын өмчлөлийн болох нь тогтоогдсон тул тэдгээрийн үнийг гаргуулж улсын орлогод оруулах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр тус тус шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Т-н З-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зд 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Зд оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 3 жилийн хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150.000 /нэг зуун тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.З нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15.000 /арван таван мянган/ төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Хэрэгт битүмжлэгдсэн “Халнит” ХХК-ний эзэмшлийн ковш LW500F маркийн 16-94 УБ улсын дугаартай авто ачигч 1 ширхэг, скрубер /усан буу/ 1 ширхэг зэргийг битүүмжлэлээс чөлөөлсүгэй.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан “Халнит” ХХК-ний эзэмшлийн ковш LW500F маркийн 16-94 УБ улсын дугаартай авто ачигчийн үнэ 7.000.000 /долоон сая/ төгрөг, скрубер /усан буу/-ийн үнэ 2.000.000 /хоёр сая/ төгрөг, Hyundai R520LC-9S маркийн экскеваторын үнэ 15.000.000 /арван таван сая/ төгрөг, Hyundai R480LC-9S маркийн экскеваторын үнэ 10.000.000 /арван сая/ төгрөг, нийт 32.000.000 /гучин хоёр сая/ төгрөгийг шүүгдэгч Т.Заас гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Т.З нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан хөрөнгө орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] 1 дэх хавтаст хэргийн 6-9, 215-217 тал
[2] 1 дэх хавтаст хэргийн 38-52 тал
[3] 1 дэх хавтаст хэргийн 207 тал
[4] 1 дэх хавтаст хэргийн 237-250 тал
[5] 2 дахь хавтаст хэргийн 105 тал
[6] 1 дэх хавтаст хэргийн 11-12, 170, 219-220 тал
[7] 2 дахь хавтаст хэргийн 154-161 тал
[8] 2 дахь хавтаст хэргийн 190-193 тал
[9] 1 дэх хавтаст хэргийн 197-198, 2 дахь хавтаст хэргийн 103-104 тал
[10] 1 дэх хавтаст хэргийн 208, 2 дахь хавтаст хэргийн 106 тал
[11] 1 дэх хавтаст хэргийн 210 тал