Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 433

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Ү.Б,

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар,

Шинжээч эмч Э.Отгончимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт А-ийн Б-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918005970469 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б овогт А-ийн Б-д, /РД:.../, 1971 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Сэлэнгэ аймгийн Баруун хараа суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, 2 хүүхэд, зээгийн хамт ... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд 4 удаагийн ял, шийтгэлтэй. Үүнд:

-1999 оны 08 сарын 25-ны өдөр Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 284 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 85.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

-2010 оны 09 сарын 17-ны өдөр Өмнөговь аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 10 хоногийн хорих ял оногдуулж 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2012 оны 07 сарын 03-ны өдөр мөн шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ял оногдуулж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

-2018 оны 08 сарын 15-ны өдөр мөн шүүхээр Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.6\Bazarragchaa- 11.6-1 [1].docx

аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Шинэ-Орчин” төвд хувийн маргааны улмаас иргэн Ү.Бат-Эрдэнийн толгойн тус газар гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ “...Уг хэрэгт бичлэг бүхий сиди яваад байдаг. Уг бичлэгт ямар нэгэн үг яриа байхгүй. Тухайн үед хохирогчид ямар нэгэн тархи доргилт, хөхрөлт няцралт гэх зүйл ерөөсөө учраагүй. Хохирогч нь уг алтыг хайлуулж аваагүйгээс л болж уг асуудал үүссэн. Уг хэргийг зөрчлийн хуулиар шийдэгдэх байх гэж бодож байтал шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт гарсан. Шинжээчийн дүгнэлтэд зүрхний цохилт хэвийн, нүдний хараа нь зүгээр гэж бичигдсэн. Уг нь тархи доргисон бол хүний хараа нь хүртэл өөр болох ёстой байдаг. Хохирогчийг цохисон гэдэг тал дээр ямар нэгэн байдлаар маргаагүй. Зөвхөн шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлттэй миний бие маргаж байгаа. Тухайн үед өөрийн хүүхдийг хохирогч руу явуулахад миний өгсөн алтыг хайлуулаагүй авсан байсан. Тэгээд хохирогчтой очоод уулзтал энэ алтаа ав гээд шидэхээр нь миний бие уурлаад хохирогчид 2 удаа гар хүрсэн.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ү.Б мэдүүлэхдээ “...2019 оын 8 дугаар сарын 20-ны өглөө 8 цаг өнгөрч байхад шүүгдэгч над руу утсаар холбогдсон. Шүүгдэгчийн хүү нь орж ирээд надад алтыг өгсөн. Тухайн үед миний бие уг алтыг бодоод 4.860.000 төгрөг болох юм байна гэдгийг хэлсэн. Хайлуулсан ч гэсэн ийм үнэтэй болж байна гэхэд хүүхэд нь болж байна хэмээн хүлээн зөвшөөрсөн.

Ажлаасаа гараад намайг банкинд байхад шүүгдэгч над руу утсаар холбогдож бага үнээр бодож авсан байна гэж хэлсэн. Шүүгдэгч намайг 200.000 төгрөгийг нэмж өг гэсэн. Би тэгж чадахгүй гэхэд хужаа нар чамаас илүү үнэлж авч байхад чи яахаараа авдаггүй юм гэж хэлээд гараа атгаж байгаад миний толгой руу 2 удаа цохисон. Тэгээд уг алтыг хайлуулаад үзтэл 10.000 төгрөгийн л зөрүү гарсан. Тэгэхээр нь энэ алтаа аваад миний мөнгийг өг гэж хэлэхэд шүүгдэгч манай өрөөнөөс гараад явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Толгой өвдөөд бариачаар 2 удаа толгойгоо бариулсан. Гарсан эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэв.

 

-Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч эмч Э.Отгончимэг мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 22-ны өдөр хохирогчид үзлэг хийсэн. Тухайн үйл явдлаас хойш нэлээн хугацаа өнгөрсөн байх тул эмнэлэгт очиж зураг авхуулах шаардлагатай талаар хэлсэн. Уг зурагт хохирогчийн тархи хөдөлсөн гэж гарсан байгаа. Ганцхан томографийн зургаар тархи доргилт гарахгүй. Уг зураг болон томографийн үзлэгээр хохирогч тархи доргилттой гарсан байгаа. Иймд шинжилгээндээ нягтлаад уг дүгнэлтийг гаргасан. Хохирогч ирэхдээ хоёр хоног бариулчихаад ирсэн боловч тархи доргилт гарсан. Миний гаргасан дүгнэлт үндэслэлтэй.” гэв.

 

 Хоёр. Эрүүгийн 1918005970469 дугаартай хэргээс:

 

-Хохирогч Ү.Б-н хэрэг бүртгэлтэд 2019 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр мэдүүлсэн “...2019 оны 08 сарын 20-ны өдөр өглөө 08 цагийн орчим А.Б миний гар утас руу залгаад “би хүүхдээ явуулчихъя, жоохон алт байгаа бодоод авчих” гэж надад хэлсэн юм. Ингээд би 09 цагийн орчим ажил дээрээ очоод А.Бгийн хүүхэд Бат-Амгалангаас алтыг нь аваад задгайгаар граммлаад үзэхэд 40 гаран грамм байсан болохоор А.Бгийн хүүхдийн данс руу 4.864.000 төгрөг шилжүүлсэн юм. Ингээд би дараа нь 18 буудлын хажуугийн “Хаан банк” руу очоод мөнгө авах гэж байхад А.Б миний гар утас руу залгаад “Чи дутуу мөнгө өгсөн байна, мөнгө нэмж өг” гэж хэлсэн. ...Тэгээд би банкнаас гараад ажил дээрээ ирэхэд А.Б манай ажлын гадаа намайг хүлээж байсан....Тэгсэн чинь А.Б миний толгой руу баруун гараа атгаж байгаад толгой руу нэг удаа цохисон... “Чам шиг пизда намайг идэхгүй шүү, мөнгө нэмж өг гээд А.Б миний толгой руу ахиад нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг[1],

 

   -Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Ү.Бат-Эрдэнийн биед 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр бусдад зодуулсны улмаас үүссэн байх тархи доргилт тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 709 дугаартай дүгнэлт[2],

  

   -Яаралтай тусламжийн хуудас, “Саран-Элит” клиникийн эмнэлгийн дүрс оношлогоо[3],

  

-Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй “...Ү.Бат-Эрдэнийн биед тархи доргилт, зүүн хацрын зөөлөн эдийн няцралт гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн зүйлээр бий болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой байна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Толгойн компьютер томографийн шинжилгээгээр тархи доргилтыг бүрэн оношлохгүй. Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №709 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.” гэх дахин дүгнэлт[4] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч А.Бгийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч А.Б нь 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багт байрлах “Шинэ-Орчин” төвд хувийн маргааны улмаас иргэн Ү.Бат-Эрдэнийн толгойн тус газар гараараа 2 удаа цохиж эрүүл мэндэд нь тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч А.Б, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбаатар нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Ү.Бат-Эрдэнийн эрүүл мэндэд учирсан тархи доргилт бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Шүүгдэгч А.Бгийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгчийн нийгмийн хэв журам зөрчсөн зүй бус үйлдэл нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Хохирогч Ү.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч А.Бгаас 390.590 төгрөгийг нэхэмжилсэн ба шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирлыг бүрэн төлж барагдуулсан тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Э нь “А.Бгийн гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж доод хэмжээгээр торгох ял оногдуулж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Б нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч А.Бгийн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Ял шалгасан хуудас, шийтгэх тогтоолын хуулбар зэргээр шүүгдэгч нь урьд 4 удаа ял шийтгэгдсэн хувийн байдалтай боловч эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хүний эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй юм.

 

Иймд шүүхээс шүүгдэгч А.Бд эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

               ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт А-ийн Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  А.Бд 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бд оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж бичлэгтэй CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 11-12  тал

[2] Хавтаст хэргийн 18-19 тал

[3] Хавтаст хэргийн 20-21, 22 тал

[4] Хавтаст хэргийн 28-29 тал