Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Очирбатын Номуулин |
Хэргийн индекс | 119/2020/0017/з |
Дугаар | 221/МА2020/0618 |
Огноо | 2020-12-02 |
Маргааны төрөл | Тендер, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 221/МА2020/0618
“М” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, О.Номуулин нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, цахимаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.З, өмгөөлөгч Ж.С, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, М.Ж, Д.З нарыг оролцуулан Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор “М” ХХК-ийн нэхэмжлэлтэй, “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, тус газрын Тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч О.Номуулин илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн
1 дэх заалтаар: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” албан бичгийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, тухайн шаардлагад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгож,
2 дахь заалтаар: Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.1.6, 27 дугаар зүйлийн 27.1, 27.1.1, 27.1.2, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан “М” ХХК-ийн “ “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн ДУ-112-12/4094 дугаартай “Мэдэгдэл хүргүүлэх тухай” захиргааны актыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд: ...“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн тендерийн үнэлгээний хорооны тэмдэглэлд тусгагдаагүй, тухайн үнэлгээний хороонд огт яригдаагүй үндэслэлээр манай “М” ХХК-ийн тендерээс татгалзсан нь үндэслэлгүй бөгөөд бие даасан зохицуулалт, захирамжлах шинжийг агуулсан, эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны акт гаргаж байна гэдгийг нэхэмжлэгч талаас тайлбарлаж, нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Гэтэл шүүхээс хуулийг буруу хэрэглэж энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг шийдвэрлэсэнд гомдолтой байна. “Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд: ...Тендерийн техникийн тодорхойлолтод дээжийн шошгоны хэлбэрийн талаар ямар ч шаардлага тавигдаагүй байхад манай компаниас нийлүүлэх дээжийн шошгоны хэлбэр Z биш гэх үндэслэлээр техникийн шаардлага хангаагүй гэж дүгнэх нь үндэслэлгүй. Хариуцагчийг төлөөлөн хуралд оролцсон итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн зүгээс дээжийн хайрцаг патент дугаартай байхыг огт шаардаагүй, зөвхөн дээжийн шошго патент номертой байх шаардлага тавигдсан хэмээн техникийн тодорхойлолтод заасан шаардлагыг дур зоргоор тайлбарлаж, тендерт оролцогчдыг хохироодог гэдэг нь шүүх хуралдааны явцад тодорхой болсон. Шүүгч шийдвэрийн үндэслэлийг танилцуулахдаа нэхэмжлэгч тал дээжийн шошго патент номергүй гэдэгт маргаагүй, хүлээн зөвшөөрсөн хэмээн танилцуулсан. Шүүх хурал 3 цаг үргэлжлэх хугацаанд нэхэмжлэгч талаас Нэгдүгээрт, тендерийн техникийн тодорхойлолтод дээжийн шошго патент номертой байх шаардлага тавигдаагүй. Хоёрдугаарт, “М” ХХК нь оюуны өмчийн гэрчилгээ, патент номерыг тендерийн баримт бичигт хавсаргаж хүргүүлэн, үйлдвэрлэгч дээжийн шошго, хайрцаг үйлдвэрлэх боломжтой гэдгээ мэдэгдсэн албан ёсны мэдэгдлийг хүргүүлсэн. Гуравдугаарт, шүүгч мэтгэлцээний явцад хариуцагчаас ирүүлсэн дээжийн шошгоны дугараг загварыг танайх энэ мөн үү, энэ дээр патент номер байна гэх зэргээр хэт нэг талыг баримталсан, хөтөлсөн асуултуудыг нэхэмжлэгчээс асуусан. Тухайн дээжийн шошгоны загвар нь манай хүргүүлсэн шошгоны загвартай төстэй боловч манай хүргүүлсэн дээжийн шошгоны загвар мөн эсэхийг бид мэдэхгүй гэдгээ удаа дараа хэлсэн ч шүүгч энэ дээжийн шошгоны загвар дээр патент номер байхгүй байгаа нь тогтоогдсон гэж нотлох баримтыг буруу үнэлж шийдвэр гаргасан гэж бидний зүгээс үзэж байна. “Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгах”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах” шаардлагуудын тухайд: Манай компанийн зүгээс ЭҮХХК/202012198 тендер сонгон шалгаруулалтад хүргүүлсэн тендерийн бичиг баримтын бүрдлийн хувьд ч, техникийн шаардлагыг ч 100 хувь бүрэн хангасан гэж үзэж байгаа бөгөөд үндэслэлгүйгээр тендерээс татгалзсан. ТБОНӨХБАҮХАтХ-ийн 27 дугаар зүйлийн 27.3 дахь хэсэгт заасны дагуу шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ гэж заасны дагуу “М” ХХК-ийн тендер нь шаардлагад нийцсэн байхад үндэслэлгүйгээр татгалзаж байгаа нь эс үйлдэхүй гэж үзэж хууль бус эс үйлдэхүйг хариуцагч тендерийн үнэлгээний хороо гаргасан. Иймээс гаргах ёстой байсан шийдвэрийг гаргахгүйгээр өөр шийдвэр гаргасан буюу захиргааны байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргах замаар “М” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг шууд хөндсөн эс үйлдэхүй гаргасан нь хууль бус болохыг шүүхээр тогтоолгох шаардлагыг гаргасан ч захиргааны хэргийн шүүхээс үндэслэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Мөн “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг дахин зарласан. Ингэхдээ техникийн тодорхойлолтыг дахин шинэчилж дээжийн шошгоны хэлбэр Z хэлбэртэй байх гэсэн өрсөлдөөнийг хязгаарласан техникийн шаардлагыг нэмсэн гэдгийг мэдсэн. Анхнаасаа 2020 оны 04 сард зарлахдаа дээжийн шошго патент номертой байх, Z хэлбэртэй байх гэсэн шаардлага тавигдаагүй гэдэг нь дахин зарлахдаа техникийн тодорхойлолтод нэмж тусгасан зэргээр тогтоогдож байна. Иймээс Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгөхийг хүсч байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэгч “М” ХХК нь “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ, тус газрын тендерийн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДУ-112-12/4094 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах, тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, тус компанитай гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргажээ.
Анхан шатны шүүх хүлээн авахаас татгалзвал зохих нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлээгүй атлаа эцэслэн шийдвэрлэх боломжтой нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсан байх тул зөвтгөсөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДУ-112-12/4094 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д “Захиалагч энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлага хангасан, 28 дугаар зүйлд зааснаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендер ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгохоор шийдвэрлэж, энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт шалгараагүй үндэслэлийн хамт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэж гэрээ байгуулах эрх олгох процесс ажиллагааг зохицуулсан бол 46 дугаар зүйлийн 46.1.3-т “үнэлгээний хорооноос гаргасан дүгнэлтэд үндэслэн гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргах” гэж захиалагчийн эрх, үүргийг, 47 дугаар зүйлийн 47.2.2-т “тендерийг хянан үзэх, үнэлэх, үнэлгээний дүгнэлт гаргах, гэрээ байгуулах эрх олгох шийдвэрийг захиалагчид өгөх...” гэж үнэлгээний хорооны чиг үүргийг, 49 дүгээр зүйлийн 49.2.6-д “тендерийн нээлтийн тэмдэглэл, үнэлгээний дүгнэлт, гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмж” гэж тендерийн хавтаст хэргийн баримт бичгийн бүрдүүлбэрийг тодорхойлж өгчээ.
Дээрх хуулийн зохицуулалтуудаас үзвэл тендерийн Үнэлгээний хорооноос гарах шийдвэр нь үнэлгээний дүгнэлт болон гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийн хэлбэртэй байхаар, уг дүгнэлт, зөвлөмжид үндэслэн захиалагч нь гэрээ байгуулах эрх олгох шийдвэр гаргаж, энэхүү гаргасан шийдвэрээ тендерт оролцогч бүрт бичгээр мэдэгдэнэ гэж ойлгохоор байна.
Гэвч захиалагчаас тусгайлсан шийдвэр гаргаагүй энэ тохиолдолд тендерт шалгараагүй тухай мэдэгдсэн албан бичгийг эрх зүйн шууд үр дагавар бий болгосон, захирамжилсан /Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт/ шинжийг агуулсан гэж үзнэ.
Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасантай нийцээгүй, энэ шаардлагад холбогдуулан гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлтэй.
Хэдийгээр анхан шатны шүүх дурдсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзсантай холбоотойгоор хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх боловч тендерийн Үнэлгээний хорооны татгалзсан шийдвэрийн үндэслэлд дүгнэлт өгсөн тул адил үндэслэлээр шийдвэрлэгдэх “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДУ-112-12/4094 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг тус шүүх эцэслэн шийдвэрлэх боломжтой байна.
Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс нэхэмжлэгч “М” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирлын 2020 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/166 дугаар тушаалын 60 дугаар хавсралтаар “Дээжийн шошго” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хороог байгуулсан, Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар Тендерийн баримт бичгийг боловсруулан баталж, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар нийт ирүүлсэн 7 компанийн тендерийг хянан үзээд нэхэмжлэгч “М” ХХК-ийн тендерээс “техникийн шаардлага хангахгүй” гэх үндэслэлээр татгалзсан үйл баримт тогтоогджээ.
Тендерийн баримт бичгийн 3.0 Техникийн тодорхойлолт хэсэгт “Дээжний хуванцар хайрцаг” /PQ, HQ, NQ/-т тавигдах шаардлагууд болон “Дээжийн шошго”-т тавигдах шаардлагуудыг тоочиж заасан байхаас гадна 9 дэхь хэсэгт “Патент номертой байх” шаардлага тавьсан нь “Дээжийн хайрцаг” болон “Дээжийн шошго” гэх бараа бүтээгдэхүүний аль алинд нь хамаарахаар, тухайн бүтээгдэхүүн бүр дээр патентийн дугаар бичигдсэн байхыг ойлгохоор байна.
Гэтэл нэхэмжлэгч нь БНХАУ-ын Оюуны өмчийн эрхийн газраас “Нэг төрлийн өндөр бэхжилттэй дээжийн хайрцаг” нэр дээр олгосон Шинэ загварын патентын гэрчилгээ ирүүлсэн нь дээрх бараа бүтээгдэхүүн бүр дээр патентийн дугаар бичигдсэн байх шаардлагыг хангасан гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд тендерийн саналд хавсарган ирүүлсэн “Дээжийн шошго”-ын гэрэл зургийн үзүүлэлтээс харахад загвар дээр патент дугаар тавигдаагүй нь нотлогджээ.
Иймд Тендерийн үнэлгээний хорооны дүгнэлт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байх бөгөөд түүнчлэн, Тендерт оролцогчдод өгөх зааварчилгаа /ТОӨЗ/ 31.1-д “аливаа тендерийг нарийвчлан үнэлэхээс өмнө уг тендер нь дараах шаардлагыг хангаж буй эсэхийг хянан үзнэ.Үүнд: (г)-д “тендерийн баримт бичигт тавигдсан бусад шаардлагад нийцсэн эсэх”, 31.2-т “ТОӨЗ-ны 31.1 дэх заалтын (а) - (д)-д заасан заалт тус бүрийг хангаж буй тохиолдолд шаардлагад нийцсэн тендер гэж үзнэ”, 31.3-д “Шаардлагад нийцсэн тендер гэж тендерийн баримт бичгийн бүх нөхцөл болзол, тендерт оролцогчийн үйлдвэрлэлийн хүчин чадал, санал болгосон бараа нь ТОӨЗ-ны 19 дүгээр зүйлд заасан нөхцөл болон техникийн тодорхойлолтыг материаллаг зөрүүгүйгээр хангаж буй тендерийг хэлнэ” гэж заасан тул “Патент номертой байх” шаардлага хангаагүй тендерийг шаардлагад нийцсэн гэж үзэх боломжгүй.
Харин Тендерийн үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанд патент номергүй талаар ярилцсан эсэх нь тодорхойгүй ч “техникийн шаардлага хангахгүй” гэх үндэслэлд хамаарч байгаа, патент номергүй ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй талаар захиалагчаас хүргүүлсэн мэдэгдэлд тодорхой заасан байх тул тухайн үнэлгээний хорооны хуралдаанд огт яригдаагүй гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй.
Мөн тендерийн баримт бичгийн техникийн тодорхойлолтод хэлбэрийн шаардлага тавиагүй атлаа Z хэлбэртэй байх нь зохимжтой талаар үнэлгээний хорооны хуралдаанд ярилцсан нь зөрчилтэй байх боловч дээр дурдсанаар шаардлагад нийцээгүй нь тогтоогдож байгаа энэ тохиолдолд хариуцагч Үнэлгээний хорооны дүгнэлтийг хүчингүй болгох үндэслэл болж чадахгүй.
Дээрхийг нэгтгэн дүгнэвэл Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан нь хууль зөрчөөгүй тул “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДУ-112-12/4094 дугаар албан бичгийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.4-д “Бүх тендерээс татгалзсан тохиолдолд захиалагч дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана”, 30.4.1-д “тендер шалгаруулалт амжилтгүй болсон шалтгааныг судалж, тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлт оруулж нээлттэй тендер шалгаруулалт явуулах” гэж заасан тул хариуцагч нь тендерийн баримт бичгийн агуулгад шаардлагатай өөрчлөлтийг оруулж дахин нээлттэй сонгон шалгаруулалт зарласан нь хууль зөрчөөгүй.
Түүнчлэн, нэхэмжлэгч “М” ХХК нь 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн тендер сонгон шалгаруулах ажиллагаанд оролцоогүй, 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Үнэлгээний хорооны шийдвэрийг хууль зөрчөөгүй гэж шүүх үзсэн тул “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулахыг хүссэн шаардлагыг хангах үндэслэлгүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн “техникийн тодорхойлолтыг дахин шинэчилж дээжийн шошгоны хэлбэр Z хэлбэртэй байх гэсэн өрсөлдөөнийг хязгаарласан техникийн шаардлагыг нэмсэн” гэх гомдлыг хангах боломжгүй.
Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн нэхэмжлэгч “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, “М” ХХК-тай гэрээ байгуулахыг даалгахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т “захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.
Тендерийн үнэлгээний хороо нь 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хуралдаж “М” ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзсан шийдвэр гаргасан, уг шийдвэртэй нэхэмжлэгч маргаж байгаа атлаа “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь ойлгомжгүй, захиргааны акт гаргахаас татгалзсан эс үйлдэхүй бий болоогүй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.“нэхэмжлэл” гэж хүн, хуулийн этгээдээс захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд тусгайлан заасан бол захиргааны байгууллагаас нийтийн эрх зүйн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдон үүссэн маргааныг шийдвэрлүүлэхээр захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгохоор заасан ба нэгэнт хариуцагчаас эс үйлдэхүй гаргаагүй тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1-д заасны дагуу хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч талын “гаргах ёстой байсан шийдвэрийг гаргахгүйгээр өөр шийдвэр гаргасан буюу захиргааны байгууллага хууль бус эс үйлдэхүй гаргах замаар “М” ХХК-ийн хууль ёсны эрх ашгийг шууд хөндсөн эс үйлдэхүй гаргасан” гэх гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 24 дүгээр шийдвэрийн
1 дэх заалтыг “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн нэхэмжлэлээс “Тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн “М” ХХК-ийг тендерт шалгаруулахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гэрээ байгуулахыг даалгах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж,
2 дахь заалтыг “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “М” ХХК-ийн “ “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн “Мэдэгдэл хүргүүлэх тухай” ДУ-112-12/4094 дугаар албан бичгийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын тендерийн Үнэлгээний хорооны 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн хурлын тэмдэглэлээс өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн ЭҮХХК/202012198 дугаартай тендер сонгон шалгаруулах ажиллагааг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2, 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.Батбаатар
ШҮҮГЧ Б.Тунгалагсайхан
ШҮҮГЧ О.НОМУУЛИН