Улсын дээд шүүхийн Тогтоол

2026 оны 06 сарын 19 өдөр

Дугаар ХШТ/2026/67

 

Ч.Б нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбадагва, шүүгдэгч Ч.Б-ы өмгөөлөгч Г.Бадамханд, Ж.Тэгшмандал, шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа, шүүгдэгч Б.О, О.Э, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр магадлалтай, Ч.Б, М.П, О.Э, Б.Д, Б.О нарт холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2026 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 1.Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 16-нд Булган аймгийн Бүрэгхангай суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч гагнуурчин мэргэжилтэй, *** ХХК-д ээлжийн дарга ажилтай,

2012 оны 01 дүгээр сарын 16-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 320 цаг албадан ажил хийлгэх ял,

2014 оны 03 дугаар сарын 11-нд Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 03 сар 10 хоног баривчлах ял,

2015 оны 11 дүгээр сарын 19-нд Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 03 жил 10 хоног хорих ял шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж 01 жил 06 сарын хугацаагаар хянан харгалзсан, *** овогт Ч-ийн Б;

 

2.Монгол Улсын иргэн, 1996 оны 10 дугаар сарын 17-нд Төв аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, дээд боловсролтой, гааль татварын байцаагч мэргэжилтэй, *** ХХК-д нягтлан бодогч ажилтай, урьд ял шийтгэлгүй, *** овогт Б-ын Д;

 

3.Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 11-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автын засварчин мэргэжилтэй, *** ХХК-д жолооч ажилтай, урьд ял шийтгэлгүй, *** овогт Б-ын О;

 

4.Монгол Улсын иргэн, 2001 оны 05 дугаар сарын 10-нд Булган аймгийн Булган суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК- д жолооч, оператор ажилтай, урьд ял шийтгэлгүй, *** овогт О-ын Э;

 

5.Монгол Улсын иргэн, 1987 оны 04 дүгээр сарын 02-нд Улаанбаатар хотод төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засвар механик мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, урьд ял шийтгэлгүй, *** овогт М-ын П.

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн агуулга:

Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр *** гэх газарт амь хохирогч Б.Г-тай маргалдан зодолдож, улмаар *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслээр хөөж дайран амь насыг нь хохироосон,

шүүгдэгч Ч.Б 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө амь хохирогч Б.Г-ыг дайрсан *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийг Г.Х жолоодож явсан гэж зориуд худал мэдүүлэг өгч, түүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн,

шүүгдэгч М.П нь 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр *** гэх газарт амь хохирогч Б.Г-ыг тээврийн хэрэгслээр дайрсан гэх шалтгаанаар Ч.Б-ы жолоодож явсан *** улсын дугаартай *** маркийн тээврийг хэрэгслийн зүүн хойд салхины шил, баруун хойд, зүүн хойд крылог төмрөөр цохиж цонхны шилийг хагалж, уг автомашины өмчлөгч Б.Г-т 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

 

Булган аймгийн прокурорын газраас шүүгдэгч Ч.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, шүүгдэгч М.П-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн, хяналтын прокурор П.Шижиртуяагийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 166 дугаартай яллах дүгнэлтээр хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ыг хүнийг алах, мөн худал мэдүүлэх гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн,

шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарыг худал мэдүүлэх гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

шүүгдэгч М.П-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасныг баримтлан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгон М.П-г цагаатгаж,

шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жил 06 сарын хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жил зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, уг ялуудыг нэмж нэгтгэн, нийт эдлэх 12 жил 06 сарын хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 570 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж, уг торгох ялыг 02 жил 06 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

шүүгдэгч Ч.Б-ы гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, өмчлөгч Б.Г-ийн өмчлөлд үлдээж, тээврийн хэрэгслийн үнэ болох 73,530,000 төгрөгийг шүүгдэгч Ч.Б-аас гаргуулан улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ы өмгөөлөгч Г.Бадамханд, Б.Баян-Очир, Ж.Тэгшмандал нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 11 /арван нэг/ жил 6 /зургаа/ сарын” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын” гэж,

“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас тусд нь эдлүүлэхээр тогтоосугай” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж,

тогтоох хэсгийн 5 дахь заалтын “...570 хоног” гэснийг “...574 хоног” гэж,

тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э” гэсний дараа “Ч.Б нарт” гэж тус тус өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ч.Б-ы цагдан хоригдсон 70 /дал/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Анх-Ирээдүй бичсэн эсэргүүцэлдээ “…Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ДШМ/09 дугаартай магадлалыг 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч танилцаад … дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд:

Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, шүүгдэгч Ч.Б, Б.Д, Б.О, О.Э нарыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй, шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна. Гэтэл давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ы өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлоор хэргийг хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан ялыг үндэслэлгүйгээр хөнгөрүүлж шийдвэрлэсэн. Тодруулбал:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын хувьд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ бөгөөд шүүх урьдач нөхцөл (гэм буруугаа бодитой хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн) бүрдсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийх нь зүйтэй.

Гэтэл давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэсэн үндэслэлээ тайлбарлахдаа “...тухайн шүүхийн эрх хэмжээний асуудал байна” гэж илтэд үндэслэлгүй, урьдач нөхцөл бүрдсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй дан ганц шүүхийн эрх хэмжээний асуудал гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэх эсэх нь шүүхийн эрх мэдлийн асуудал боловч уг зүйлийг хэрэглэх нь мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн (Шударга ёсны зарчим) 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасантай нийцсэн байвал зохино. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн (Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх) 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх... эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж болно” гэж заажээ.

Гэтэл давж заалдах шатны шүүх Ч.Б-ыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа Б.Д, О.Э, Б.О нартай бүлэглэн зориуд санаатай “Г.Х-ыг тээврийн хэрэгсэл жолоодсон” гэж худал мэдүүлж, гүтгэсэн байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ” гэж дүгнэсэн атлаа шүүгдэгч Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааны явцад өөрийн үйлдсэн хүнийг санаатай алах гэмт хэргийг нуун далдлах зорилгоор мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр мэдүүлэг өгөх баталгаа гаргасны дараа 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр “...миний машиныг манай ажлын дүү Х уначихсан зугтаад явцгаа гээд ирсэн. Тэгээд хүмүүсээ суулгаад явсан. Тэгээд тэндээс хөдөлж яваад *** ард явж байхад машины дугуй хагараад зогссон. Тэгтэл Х ахаа би хүн дайрчих шиг боллоо араас хүн дайрчихлаа ш дээ гэж хэлээд үлдлээ гэсэн. ...” гэсэн мэдүүлэг болон Б.Д, О.Э, Б.О нартай бүлэглэн зориуд санаатай бусдыг гэмт хэрэг үйлдсэн мэтээр гүтгэж мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан гэм буруутай үйлдэлд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр түүнийг гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн хэмээн дүгнэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй, магадлал хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж дүгнэж байна.

Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг хэрэглэхдээ дан ганц хохирол нөхөн төлсөн байдлыг харгалзан үзэх бус гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг тус тус харгалзан үзэж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх эсэхийг шийдвэрлэх учиртай.

Гэтэл давж заалдах шатны шүүх хохирол нөхөн төлөхөөс гадна хуульд заасан дээрх урьдач нөхцөл хангагдсан эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, үндэслэлээ магадлалд тодорхой тусгаагүй байна.

Иймд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн үндэслэлээр Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 2026/ДШМ/09 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 1.3, мөн хуулийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.

 

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Б.Бямбадагва хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурорын бичсэн эсэргүүцлийг агуулгын хувьд дэмжин оролцож байна. Шүүгдэгч Ч.Б нарт холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг бүрэн хийсэн, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байна. Мөн хоёр шатны шүүхээс шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн нотлох баримтуудад тулгуурлан сэргээн тогтоосон шүүгдэгч нарт холбогдох хэргийн үйл баримт зөрүүгүй, хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүхээс шүүгдэгч М.П-д холбогдох бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээх хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон. Харин хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Ч.Б-ыг гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй байна.

Хэдийгээр Ч.Б нь гэрчээр мэдүүлэг өгсөн боловч хожим нь хүнийг алах гэсэн үндсэн гэмт хэрэгт гэм буруутай болох нь илэрч тогтоогдон, яллагдагчаар татагдан шалгагдаж, шүүхээс гэм бурууг хянан хэлэлцсэн субъект учир хэргийн байдлыг үнэн зөвөөр мэдүүлэх үүрэг хүлээхгүй. Иймд түүнд холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэж байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь амь хохирогчийг тээврийн хэрэгслээр хөөн мөргөж, газарт унасан байхад нь дайрч амь насыг нь хохироосон үйл баримт тогтоогдсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэхдээ гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан үзэх учиртай.

Давж заалдах шатны шүүхээс “хохирогч цаашид хохирол төлбөр нэхэмжлэхгүй, шүүх хуралдаанд оролцохгүй гэсэн хүсэлт нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарч байна. Энэ гэмт хэргийн үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжтой” гэж дүгнэн ял шийтгэлийг хөнгөрүүлсэн нь үндэслэл муутай болсон гэж үзсэн. Хэргийг шалгах явцад Ч.Б нь мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж, гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдоогүй, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон тул учирсан хохирлын шинж чанар, хэзээ ч нөхөн төлөгдөхгүй байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх зохицуулалтыг хэрэглэх нь тохиромжгүй гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б-ы өмгөөлөгч Г.Бадамханд хэлсэн тайлбартаа Ч.Б-ыг өөрийнх нь өгсөн мэдүүлэгт үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялласан нь үндэслэлгүй талаар прокурорын гаргасан дүгнэлттэй санал нэг байна. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг хэрэглээгүй шийдсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэсэн прокурорын дүгнэлтийг эс зөвшөөрч байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Б нь гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг эрүүгийн хариуцлагын хуралдаанаас өмнө төлж барагдуулсан. Тухайн гэмт хэрэг болсон нөхцөл байдлын хувьд Ч.Б-д хүнийг алах ямар ч санаа зорилго байгаагүй. Хууль бусаар ашигт малтмал олборлож байсан хүмүүсийн хууль бус үйл ажиллагааг зогсоох зорилготой байсан. Энэ үед харилцан маргалдаж, зодоон болсны улмаас тохиолдлын шинжтэй нөхцөлд хоромхон зуур хүний амь нас хохирсон. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 4 төрлийн шинж нь миний үйлчлүүлэгчийн хувьд бүрэн хангагдсан.

Прокурор мөрдөн шалгах ажиллагаанд дэмжлэг үзүүлээгүй гэсэн зөвхөн нэг шинжийг аваад, тэр шинжээр нь магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн тайлбар гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Хэрэг бүртгэлт, мөрдөн шалгах ажиллагааны явцад миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар яллагдагчаар татсан байсан тул эс зөвшөөрч маргасан. Харин Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татсантай холбогдуулан маргаагүй. Эдгээр нөхцөл байдлыг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү.

Миний үйлчлүүлэгч үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, шүүхийн шийтгэх тогтоолд заасан хохирол төлбөрийг төлсөн, амь хохирогчийн 3 өнчин хүүхэд үлдсэн, орон сууцны зээлтэй байсан зэргийг харгалзан 200,000,000 төгрөгийг өөрийн санаачилгаар төлсөн. Цаашид амь хохирогчийн ар гэрт тусламж, дэмжлэг үзүүлсээр байна. Тэгэхээр түүнд оногдуулсан ял шийтгэлийг хүндрүүлж олон жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь хохирогч талын ирээдүйд сайнаар нөлөөлөхгүй гэдгийг анхаарч үзнэ үү. Ч.Б нь зөвхөн ажил хөдөлмөр эрхэлж, эхнэр, насанд хүрээгүй 3 хүүхдээ тэжээн тэтгэж байсан залуу хүн. Гэтэл санамсаргүй хэргийн улмаас эдгээр хүмүүсийн амьдрал маш хүнд нөхцөл байдалд байгаа гэдгийг анхаарч үзнэ үү.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг баримтлан анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахдаа хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Эдгээр байдлыг харгалзан прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, Ч.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь заасан гэмт хэргийг прокурорын дүгнэлтийг үндэслэн хэрэгсэхгүй болгож, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээж өгнө үү” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Ч.Б-ы өмгөөлөгч Ж.Тэгшмандал хэлсэн тайлбартаа “Ч.Б-ыг гэрчээр худал мэдүүлэг өгсөн гэх хэрэгт буруутгах үндэслэлгүй талаар прокурорын гаргасан дүгнэлт нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдааны 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолд заасан “гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл байгаа бол гэрчээр байцааж болохгүй” гэсэн агуулгатай нийцэж байгаа учраас Ч.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгохыг дэмжиж байна.

Ч.Б-ы холбогдсон гэмт хэргийн үйл явдал нь 2023 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-ны өдрийн хооронд болсон бөгөөд тэрбээр 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр “Г.Х-ыг тээврийн хэрэгслийг жолоодон явсан” гэсэн мэдүүлэг өгсөн. Үүнээс 4 хоногийн дараа 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дахин гэрчээр “би олон хоног бодоод болоогүй хэргээс болж мэдүүлэг өгсөн миний буруу, эмзэглээд байж чадахгүй байна. Би тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан, бүх хэргээ би хүлээн зөвшөөрч байна” гэж мэдүүлэг өгч, хэргээ хүлээсэн байдаг. Ч.Б нь эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө үйлдсэн хэргээ хүлээсэн. Прокурорын бичсэн эсэргүүцэлд Ч.Б-ыг “гэм буруугаа бодитоор хүлээгээгүй” гэж дүгнэсэн байдаг. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд “гэм буруугаа бодитоор хүлээнэ” гэсэн ойлголт байхгүй. Гол агуулга нь Ч.Б худал мэдүүлсэн гэсэн агуулгаар ял шийтгэлийг хүндрүүлэх талаар эсэргүүцэл бичиж байгааг шүүх хууль хэрэглээний ноцтой зөрүү гаргасан гэж үзэхгүй байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд “би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, хохирлоо бүрэн төлж барагдуулна, хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна, өөр нэмж хэлэх зүйл байхгүй” гэж оруулсан байна. Үүний дагуу шүүхээс тогтоосон 41,956,923 төгрөгийг эрүүгийн хариуцлагын хуралдаанаас өмнө төлж барагдуулсан байдаг. Хохирол бүрэн барагдуулна, уучлалт хүсэж байна гэж мэдүүлсэн байна. Шүүх хуралдаанд Ч.Б биечлэн оролцохдоо “би өмнө нь олон удаа мэдүүлэг өгсөн, худал мэдүүлэг өгсөндөө харамсаж хэд хоног нойргүй явсан. Гэм буруугаа хүлээх үүднээс мэдүүлэг өгөхөөр ирсэн. Хохирогчийн ар гэрээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна, цаашид дэмжиж тусална, хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт, тайлбарыг гаргаж байсан. Анхан шатны шүүх хуралдааны дараа миний бие хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгч нартай удаа дараа уулзаж, хохирол төлбөр төлөх асуудлыг шийдвэрлэсэн. Биет байдлаар эд хөрөнгө өгөх, ажил үйлчилгээ санал болгосон боловч хүлээн зөвшөөрөөгүй, бэлэн мөнгө авна гэдгээ илэрхийлсэн. Ингээд шүүх хуралдаанаас өмнө 200,000,000 төгрөгийг бүрдүүлж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн данс руу шилжүүлсэн. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч мөнгийг хүлээн авсны дараа шүүхэд хандаж би гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй,  цаашид эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохгүй гэсэн хүсэл зоригоо илэрхийлснийг давж заалдах шатны шүүх шийдвэр гаргахдаа харгалзан үзсэн гэж үзэж байна.

Прокурорын эсэргүүцэлд дурдсан шиг хууль хэрэглээний зөрүү үүссэн, шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил гаргаагүй. Давж заалдах шатны шүүх хуралдаан болоход нөхцөл байдал, талуудын санал, хүсэлт өөрчлөгдсөн, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нөхцөлийг хангасан байсан. Ч.Б-ы ар гэрийн зүгээс хохирол төлбөрийг төлөх гэж идэвхи санаачилга гарган, өөрсдийн бүх боломжийн хирээр ажилласан. Иймд прокурорын эсэргүүцлийг хүчингүй болгож, магадлалд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан худал мэдүүлэх гэсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

 

Тус шүүх хуралдаанд шүүгдэгч О.Э, Б.Д, Б.О нарын өмгөөлөгч Ц.Цэцэгмаа хэлсэн тайлбартаа “Миний үйлчлүүлэгч нарт анхан шатны шүүхээс торгох ял оногдуулсан. Б.Д, Б.О, О.Э нарын зүгээс хяналтын журмаар гомдол гаргаагүй. Прокурорын эсэргүүцэл нь миний үйлчлүүлэгч нарт хамааралгүй, Ч.Б-д оногдуулсан эрүүгийн хариуцлагатай холбогдуулан бичигдсэн учраас өмгөөлөгчийн зүгээс гаргах тайлбар байхгүй” гэв.  

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Булган аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Анх-Ирээдүйн бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүгдэгч Ч.Б, Б.Д, Б.О, О.Э, М.П нарт холбогдох эрүүгийн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

 

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, хуульд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

2.Шүүгдэгч Ч.Б нь 2023 оны 05 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн үед *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр *** гэх газарт амь хохирогч Б.Г болон түүнтэй хамт ирсэн хүмүүсийг өөрсдийнх нь эзэмшлийн газарт техник хэрэгсэл байрлуулан ашигт малтмал олборлох гэж байна гэх шалтгаанаар маргалдан зодолдож, улмаар *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслээр  Б.Г-ыг хөөж дайран амь насыг нь хохироосон,

мөн шүүгдэгч Ч.Б 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр, шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нар 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр тус тус үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа гэрчээр мэдүүлэг өгөхдөө амь хохирогч Б.Г-ыг дайрсан *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийг Г.Х жолоодож явсан гэж зориуд худал мэдүүлэг өгч, түүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүгдэгч Ч.Б, Б.Д, Б.О, О.Э нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч, харилцан зөрүүгүй өгсөн мэдүүлгүүдээс гадна хуульд заасан үндэслэл, журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

3.Прокуророос шүүгдэгч Ч.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар, шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, анхан шатны шүүх шүүгдэгч Ч.Б-ыг хүнийг алах, мөн худал мэдүүлэх гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн, мөн шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарыг худал мэдүүлэх гэмт хэргийг бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн гэх хүндрүүлэх шинжтэйгээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тухайн зүйл хэсгүүдэд заасан ял шийтгэлийг оногдуулж шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэв.

 

4.Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт “… өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг, эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах…” иргэний үндсэн эрхийг баталгаажуулсан бөгөөд энэхүү үндсэн эрхийг хэрэгжүүлэх журмыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт “Мөрдөгч мэдүүлэг өгөх гэж байгаа хүнд өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйг нь тайлбарлах ба санаатай худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай сануулна” гэж хуульчлан заасан билээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа хүн гэрчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу шүүх, прокурорын дуудсанаар хүрэлцэн ирж, хэргийн талаар өөрийн мэдэх зүйлийг үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулсан, эсхүл худал мэдүүлэг өгсөн бол түүнд хуульд заасан хариуцлага хүлээлгэх журамтай.

 

Гэрч нь өөрийн болон гэр бүлийн гишүүд, эцэг эх, үр хүүхдийнхээ эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхтэйгээс гадна өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй болно.

 

Харин сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан үндсэн эрхийн хүрээнд өөрт холбогдсон хэргийн талаар мэдүүлэг өгөхгүй байх, эсхүл хэргийн бодит үйл баримтыг мэдсээр байж зориуд худал мэдүүлэг өгсөн явдлыг өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлж буй нэг хэлбэр гэж үзэх тул ийнхүү мэдүүлэг өгөхгүй дуугүй байсан, эсхүл бодит байдлаас зөрүүтэй мэдүүлэг өгсөн үйлдэл, эс үйлдэхүйд хууль зүйн хариуцлага хүлээлгэхгүй.

 

Гэмт хэрэгт сэжиглэх үндэслэл илэрсэн буюу яллагдагчаар татагдах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон хүнд гэрчийн мэдүүлэг өгөхөөс зайлсхийх, эсхүл худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг урьдчилан сануулах замаар гэрчийн мэдүүлэг авсан бол тухайн мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй бөгөөд ийнхүү мэдүүлэг авсан ажиллагааг гэмт хэрэгт холбогдсон хүний өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх үндсэн эрхийг ноцтой зөрчсөнөөс гадна Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан “… өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхийг шаардах, мэдүүлэг гаргуулахаар шахалт үзүүлэх, хүч хэрэглэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзнэ.

 

Эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан хүний хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй” тул яллагдагчийн өөрийгөө өмгөөлөх эрхээ хэрэгжүүлэх хүрээнд өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар зориуд бодит байдлаас зөрүүтэй худал мэдүүлэг өгсөн, эсхүл урьд өгсөн мэдүүлгээ өөрчилж өөр агуулгатай мэдүүлэг өгсөн тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй.

 

Гэмт хэрэгт яллагдагчаар татагдах үндэслэл бүхий нөхцөл байдал тогтоогдсон хүнийг эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татахын өмнө хууль сануулан гэрчийн мэдүүлэг авч, уг мэдүүлгийг түүний эсрэг ашиглах, улмаар худал гэрчийн мэдүүлэг өгсөн үндэслэлээр эрүүгийн хариуцлагад татаж болохгүй.

 

Худал мэдүүлэг өгсний төлөө эрүүгийн хариуцлага хүлээхгүй байх зарчим нь хэргийн үйл баримтын талаар зориуд худал мэдүүлэг өгсөн гэрчийг хожим тухайн хэрэгт холбогдуулан сэжигтэн, яллагдагчаар татах үндэслэл тогтоогдсон тохиолдол нэгэн адил хамаарна.

 

5.Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад тодорхой хүнийг гэмт хэрэгт сэжигтэн, яллагдагчаар холбогдуулан шалгах үндэслэл бүхий нөхцөл бий болоогүй, энэ талаар мөрдөн шалгах эрх бүхий байгууллага, прокурор баримтат мэдээлэл хүлээж аваагүй байхад тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн мөрдөн шалгах байгууллагад гэрчээр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа өөрөө эрүүгийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор илтэд гэм буруугүй хүнийг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн агуулгатай мэдүүлэг өгсөн бол түүнийг өөрийгөө өмгөөлөх үндсэн эрхээ хэрэгжүүлсэн гэж үзэхгүй бөгөөд түүний өгсөн мэдүүлгийн дагуу мөрдөн шалгах ажиллагаанд саад учирч, гэм буруугүй хүнийг эрүүгийн хэрэгт холбогдуулан яллагдагчаар татаж шалгах, баривчлах, цагдан хорих, хилсээр ял шийтгэх зэрэг хууль ёсны эрх, ашиг сонирхол нь ноцтой зөрчигдөх нөхцөл байдал бодитой бий болсон бол хожим гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн болох нь илэрч, яллагдагчаар татагдсан хүнд өөрийнх нь үйлдсэн гэмт хэргээс гадна Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу “Бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлсэн, гүтгэсэн” үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй болно.

 

Мөн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэг өгч буй хүн өөрийнх нь үйлдсэн гэмт хэрэгт хамааралгүй өөр гэмт хэрэгт холбогдуулан бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж зориуд худал мэдүүлж гүтгэсэн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан гэж үзнэ.

 

6.Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ч.Б нь *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслээр амь хохирогч Б.Г-ыг мөргөж унаган дээгүүр нь дайрч гарсны дараа хэргийн газрыг орхиж явсан бөгөөд тухайн үед уг тээврийн хэрэгслийг Г.Х жолоодож явсан гэж цагдаагийн байгууллагад худал мэдүүлэг өгөхөөр Б.Д, Б.О, О.Э нартай үгсэн тохиролцжээ.

 

Булган аймгийн Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Мөнх-Эрдэнэ 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Ч.Б-аас гэрчийн мэдүүлэг авахаар дуудаж, түүнээс мэдүүлэг авахын өмнө Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан “зориуд худал мэдүүлэг өгсөн, бусдыг гэмт хэрэг үйлдсэн гэж гүтгэсэн” үйлдэлд хүлээлгэх хууль зүйн хариуцлагыг сануулсан байна.

 

Шүүгдэгч Ч.Б нь гэрчийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасны дагуу “өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх” эрхээ эдэлж, өмгөөлөгч О.Оюунчимэгийг байлцуулан 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр үнэн зөв мэдүүлэг өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “миний машиныг манай ажлын дүү Х уначихсан зугтаад явцгаа гээд ирсэн. Тэгээд хүмүүсээ суулгаад явсан. Тэгээд тэндээс хөдөлж яваад *** ард явж байхад машины дугуй хагараад зогссон. Тэгтэл Х ахаа би хүн дайрчих шиг боллоо араас хүн дайрчихлаа шүү дээ гэж хэлээд үлдлээ гэсэн” гэх мэдүүлэг өгчээ. (2 дахь хавтаст хэргийн 47 дахь тал)

 

Шүүгдэгч Б.Д, Б.О, О.Э нарын хувьд шүүгдэгч Ч.Б-тай үгсэн тохиролцсоны дагуу 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Ч.Б-ы өгсөн мэдүүлэгтэй ижил агуулга бүхий гэрчийн мэдүүлгүүд өгсөн болох нь хавтаст хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогджээ.

 

Ийнхүү шүүгдэгч Ч.Б, Б.Д, Б.О, О.Э нар нь Г.Х-ыг *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийг жолоодон амь хохирогч Б.Г-ыг дайрч амь насыг нь хохироосон агуулгатай мэдүүлгүүд өгсний дагуу мөрдөгч нь тэдгээрийн өгсөн худал мэдүүлэгт үндэслэн Г.Х-ыг 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хойшлуулшгүй журмаар баривчилж, улмаар 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр шүүгчийн захирамжаар үргэлжлүүлэн баривчилж, 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн шүүгчийн захирамжаар цагдан хорих арга хэмжээ авсан (3 дугаар хавтас хэргийн 11, 13, 16 дахь тал) бөгөөд Г.Х нь 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр сэжигтнээр, улмаар 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт яллагдагчаар (3 дугаар хавтас хэргийн 33, 38 дахь тал) татагдан шалгагдсан байна.

 

Хэдийгээр шүүгдэгч Ч.Б мөрдөн байцаалтын шатанд буюу 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдөр дахин гэрчийн мэдүүлэг өгөхдөө урьд нь худал гэрчийн мэдүүлэг өгсөн болохоо хүлээсэн (3 дугаар хавтас хэргийн 51 дэх тал), мөн шүүхээс Г.Х-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдөр өөрчилж, түүний зорчих эрхэд нь хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан явдал нь (3 дугаар хавтас хэргийн 18 дахь тал) шүүгдэгч Ч.Б-ы 2023 оны 05 дугаар сарын 11-ний өдөр гэрчээр мэдүүлэг өгөхдөө мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулж зориуд худал мэдүүлэг өгсөн, бусдыг гэмт хэрэгт холбогдуулан гүтгэсэн үйлдлийг үгүйсгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын “... шүүгдэгч Ч.Б-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлд заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгох нь зүйтэй” гэсэн хууль зүйн дүгнэлтийг хангах үндэслэлгүй гэж үзсэн болно.

 

7.Энэ хэрэгт сэжигтэн, яллагдагчаар татагдаж шалгагдсан Г.Х нь 2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр нас барсан бөгөөд түүнд холбогдох хэргийг прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул (6 дугаар хавтаст хэргийн 67 дахь тал) түүний гэм буруугийн талаар шүүхээс хууль зүйн дүгнэлт хийгээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

8.Шүүгдэгч М.П нь 2023 оны 05 дугаар сарын 09-өөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд *** аймгийн *** сумын *** дугаар багийн нутаг дэвсгэр *** гэх газарт Ч.Б-ы жолоодож явсан *** улсын дугаартай *** маркийн тээврийн хэрэгслийн зүүн хойд салхины шил, баруун хойд, зүүн хойд крылог төмрөөр цохиж цонхны шилийг хагалж, уг автомашины өмчлөгч Б.Г-т 1,020,000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан “Аргагүй хамгаалалт”-ын шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, шүүх М.П-д холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж дүгнэв.

 

Аргагүй хамгаалалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 1, 13 дахь хэсгүүдэд заасан амьд явах, халдашгүй чөлөөтэй байх эрхээ эдлэх, энэ эрхэд халдсан хууль бус довтолгоог няцаах, түүнээс хамгаалахад чухал ач холбогдолтой хууль цаазын хэрэгсэл тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй” хэмээн хүн бүрийн заяамал эрх болох аргагүй хамгаалалт хийх эрхийг хуульчлан баталгаажуулсан билээ.

 

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Ч.Б *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслээр амь хохирогч Б.Г-ыг хөөн мөргөж амь насыг хохироосноос гадна бусад хүмүүс рүү тээврийн хэрэгслээр довтолсон үйлдэл нь нийгэмд аюултай, хууль бус, бодитой тулгарсан довтолгооны шинжийг агуулсан байх тул шүүгдэгч М.П-ийн зүгээс өөрийн болон бусдын амь нас, эрүүл мэндийг хамгаалж, Ч.Б-ы үйлдлийг хориглон зогсоох зорилгоор түүний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн хойд салхины шил, баруун хойд, зүүн хойд крылог төмрөөр цохиж цонхны шилийг хагалсан үйлдлийг хууль ёсны аргагүй хамгаалалт гэж үзнэ.

 

9.Гэмт хэрэг үйлдэж, шүүхээс гэм буруутайд тооцогдсон хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээ нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдал зэрэг “Шударга ёсны зарчим”-д нийцсэн байхаас гадна Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан байх учиртай.

 

Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх (Хүнийг алах) хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 11 жил 06 сарын хорих ялыг давж заалдах шатны шүүх хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын доод хэмжээнээс доогуур буюу 7 жил 6 сар хорих ялыг сонгож оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн хор аюул, гэм бурууд тохироогүй байх тул энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан ялыг хөнгөрүүлэхдээ “гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэмт үйлдэлдээ хандаж байгаа хандлага, 61 настай, эрүүл мэндийн байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзсэн” гэж хэт ерөнхий дүгнэлт хийснээс гадна Ч.Б хэрэг бүртгэлтийн шатанд эрүүгийн хариуцлагаас зайлсхийх зорилгоор Б.Д, Б.О, О.Э нартай үгсэн тохиролцож, амь хохирогч Б.Г-ыг дайрсан *** улсын дугаартай *** загварын тээврийн хэрэгслийг Г.Х жолоодож явсан гэж зориуд худал мэдүүлэг өгсний улмаас мөрдөн шалгах ажиллагаанд саад учирч, Г.Х нь цагдан хоригдож, улмаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж шалгагдсан, мөн  Б.Д, Б.О, О.Э нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Худал мэдүүлэх” гэмт хэрэгт гэм буруутайд тооцогдож ял шийтгүүлсэн буюу шүүгдэгч Ч.Б-ы хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “…мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн…” гэх нөхцөл хангагдаагүй, түүний үйлдсэн гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирч нөхөн сэргээгдэхгүй хор уршиг учирсан үр дагаврыг харгалзан үзэхгүйгээр Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

Харин шүүгдэгч Ч.Б нь мөрдөн байцаалтын шатанд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн бодит байдалд нийцсэн мэдүүлгүүд өгснөөс гадна хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн гэм хорын хохирлыг бүрэн төлж барагдуулсан, хувийн байдлыг харгалзан түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх (Хүнийг алах) хэсэгт зааснаар оногдуулсан 11 жил 06 сарын хорих ялыг 10 жил хорих ял болгон хөнгөрүүлсэн өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, мөн давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг хэвээр үлдээж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорих болон торгох ялуудыг тус тусад нь эдлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1.Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 21 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 11 /арван нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй” гэснийг “Шүүгдэгч Ч.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жил хорих ялаар,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 10,000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Шүүгдэгч Ч.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 /арав/ жил хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан тус тусад нь эдлүүлсүгэй” гэж,

тогтоох хэсгийн 4 дэх заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 12 /арван хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 10 /арван/ жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэж тус тус өөрчилсүгэй.

 

2.Булган аймгийн прокурорын газрын ахлах прокурор Г.Анх-Ирээдүйн хяналтын шатны шүүхэд бичсэн эсэргүүцлийг хангаж, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 09 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалтын “шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 11 /арван нэг/ жил 6 /зургаа/ сарын” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-ыг 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын”,

“тогтоох хэсгийн 3 дахь заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр

зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 10,000 /арван мянга/

нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 /арван сая/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаас тусд нь эдлүүлэхээр тогтоосугай”,

“тогтоох хэсгийн 4 дэх заалтыг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар

зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.Б-д оногдуулсан 7 /долоо/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай” гэсэн заалтуудыг тус тус хүчингүй болгосугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ЦОГТ

 

                 ШҮҮГЧИД                                     Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                  Б.БАТЦЭРЭН

                                                                                             

                                                                                  М.ПҮРЭВСҮРЭН

         

                                                                                  С.СОЁМБО-ЭРДЭНЭ