Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 733

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж, шүүгч Н.Дуламсүрэн, шүүгч Д.Халиуна нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн гуравдугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: З.Т , 

Нэхэмжлэгч: Э сургуулийн нэхэмжлэлтэй,  

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга, 

Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг даргад тус тус холбогдох  

Гуравдагч этгээд: С  ХХК,  

Нэхэмжлэлийн шаардлага: “... Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э ” Олон улсын дээд сургууль болон З.Т ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Маргаан бүхий газар дээр “С ” ХХК-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А , хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Н-Э , Д.Д , гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Г , иргэдийн төлөөлөгч П.Б , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “... Нэхэмжлэгч нар нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд иргэн З.Т  3028/0036 нэгж талбарын дугаар бүхий 20.000 м.кв, “Э ” Олон улсын дээд сургууль нь 3028/0036а нэгж талбарын дугаар бүхий 10000 м.кв газрыг амралт, сургалтын зориулалтаар эзэмших эрхийн 021...., 0171... тоот гэрчилгээнүүдийг 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай аваад, газрын төлбөрийг гэрээнд зааснаар төлж байгаад 2013 оны намраас гэрчилгээний хугацааг сунгуулахаар хуульд заасан хугацаанд хандаж ирсэн боловч дүүргийн газрын алба хүсэлт, бичиг баримтыг нь Гачууртын газартай холбоотой өргөдлийг огт авахгүй гэж амаар хариу өгч, татгалзсан үндэслэлээ бичгээр өгөхгүй хууль бусаар буцаадаг байсан байна.

Иймээс итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие, газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд бичгээр хандсанд, 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 401 тоотоор Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, мөн газар эзэмших гэрээний 5.5 дахь заалтуудын дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон гэсэн хариу өгсөн тул шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн шүүгчийн 2015 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 4105 тоот захирамжаар, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны харьяалах дээд шатны байгууллагад хандаагүй байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.3-д заасны дагуу захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй ба энэ журмыг хэрэглэх боломжтой гэж үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан юм.

Ингээд иргэн З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургуулийн газар эзэмших эрхийн хугацааг сунгуулахаар Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргасанд, дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1174, 1175 тоотоор газар эзэмших эрхийг Нийслэлийн Засаг даргын 2010 ны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар хүчингүй болгосон байна. Иймээс газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацаа сунгах боломжгүй гэсэн гайхалтай хариу өглөө.

Иргэн З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургууль нь газар эзэмших эрхийн 0171... тоот гэрчилгээг 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 5 жилийн хугацаатай аваад үүргээ зохих ёсоор биелүүлж, газрын төлбөрийг цаг хугацаанд нь төлж ирсэн, хамгийн сүүлд 2015 оны 1 дүгээр улирлын төлбөрт 2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 660.000 төгрөг төлжээ.

Тэгэхлээр 5 жилийн хугацаатай газар эзэмших гэрчилгээ аваад 2 жил ч болоогүй байхад нь түүнийг хүчингүй болгосон байх юм. Энэ тухай болон хүчингүй болгосон үндэслэлийг гэрчилгээ эзэмшигчид Нийслэлийн болон дүүргийн Засаг дарга, газрын албанаас тухайн үед огт мэдэгдээгүй байх бөгөөд иргэн З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургууль нь газрын төлбөрийг тогтмол төлж байхад нь ч дүүргийн газрын албанаас зогсоож, илүү төлсөн мөнгийг буцаан олгох талаар мэдэгдэж байгаагүй байна. 

Түүнчлэн, Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 401, 402 тоот болон 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 1174, 1175 тоотод заасан үндэслэл өөр өөр байгааг шүүх анхаарч үзнэ үү.

Иймд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийг хүчингүй болгож, улмаар иргэн З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургуульд 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 0171..., 021.... гоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж, гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэрийг шүүхээс гаргаж өгнө үү” гэв.

Хоёр. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд Нийслэлийн Өмчийн харилцааны газрын дарга Ш.Т шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: ... “Э ” Олон улсын дээд сургуульд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 324 дүгээр захирамжаар иргэн Б.Н ийн эзэмшил газраас хэсэгчлэн 1.0 га газрыг шилжүүлэн эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

Эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нэгж талбарыг нэхэмжлэгч түүний эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хүртэл Нийслэлийн газрын мэдээллийн санд бүртгүүлээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын 2009 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг тогтоосон бөгөөд нэхэмжлэгчийн эзэмшиж байсан газар нь хамгаалалтын бүсийн дотоод мужид орсон байна. 

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар ундны усны эх үүсвэрүүдийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж буй 165 иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг хүчингүй болгосон.

Газар эзэмших эрх дуусгавар болсноос хойш Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба нь нэхэмжлэгчээс газрын төлбөрийг нэхэмжлээгүй бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д зааснаар газар эзэмшүүлэх гэрээний талууд гэрээний биелэлтийг жил бүр дүгнэх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч энэ үүргээ биелүүлээгүйгээс газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосноос хойш газрын төлбөрийг төлсөөр иржээ.

Нийслэлийн Засаг дарга нь Усны тухай /2004 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Ариун цэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5-д заасан хүн амын унд, ахуйд ашиглаж байгаа усны эх булаг, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоож, бохирдолтоос хамгаалах арга хэмжээг зохион байгуулах бүрэн эрхийнхээ хүрээнд 2009 оны 95, 2010 оны 703 дугаар захирамжуудыг гаргасан болно.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн А/656 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ахлуулсан Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн усны эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох ажлын хэсгийг байгуулсан бөгөөд одоогоор ажлын хэсгийн санал дүгнэлт, хамгаалалтын бүсийг өөрчлөх тухай Засаг даргын шийдвэр гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.

Гурав. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.П шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: ...Газрын төлбөрийг гэрээнд зааснаар төлж, байгаад 2013 оны намраас гэрчилгээний хугацааг сунгуулахаар хуульд заасан хугацаанд хандаж ирсэн боловч дүүргийн Газрын алба хүсэлт баримт бичгийг Гачууртын газартай холбоотой өргөдлийг огт авахгүй гэж амаар хариу өгч, татгалзсан үндэслэлээ бичгээр өгөхгүй хууль бусаар буцаадаг байсан гэх тухайд: 

Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд Өргөдөл гомдлын талаарх төрийн байгууллага, албан тушаалтны хүлээх нийтлэг үүргийг заасан бөгөөд тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дэх хэсэгт Харьяаллын дагуу ирсэн өргөдөл, гомдлыг заавал хүлээн авах, мөн Газрын харилцаа, Геодези зураг зүйн газрын даргын 2008 оны 83 дугаартай тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар эзэмших ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2.1.1-д Иргэн хуулийн этгээдийн өргөдлийг хүлээн авах, бүртгэх гэж тус тус заасан тул нэхэмжлэгч газар эзэмших эрхийн гэрчилгээг сунгуулах хүсэлт гаргасан бол хуулиар хүлээсэн үүргийнхээ дагуу заавал бүртгэж, баталгаажуулсан байх үүрэгтэй байна.

Нэхэмжлэлээс харахад нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Засаг даргад өргөдөл хүсэлтээ гаргаж байгаагүй байна. 

Хэрвээ Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2013, 2014 онуудад өргөдөл хүсэлтээ өгөөд байхад хариуг нь бичгээр биш, амаар өгч хууль бусаар буцаадаг байсан бол нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албыг Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.2 дэх хэсэгт Гомдлыг түүнд холбогдож байгаа байгууллага, албан тушаалтныг харьяалсан дээд шатны байгууллага, албан тушаалтанд гаргана гэсний дагуу өргөдөл хүсэлтээ шийдвэрлүүлэхээр дээд шатны байгууллага, албан тушаалтанд Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар, Нийслэлийн Засаг даргад тухайн үед хандаж, өргөдөл гомдлоо шийдвэрлүүлэхээр гомдол гаргах эрх нь нээлттэй байсан. 

Хүчингүй болгосон захирамж дээр газрын төлбөр хураасан гэх тухайд; Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны алба газрын төлбөрийг нэхэмжлэлийн дагуу хурааж Нийслэлийн өмчийн харилцааны дансанд төвлөрүүлдэг бөгөөд Баянзүрх дүүргийн Засаг дарга төлбөр хураахад оролцдоггүй, төлбөр хураасан тал дээр хэргийн оролцогч, хариуцагч байгууллага биш байгаа тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаар татагдсан Баянзүрх дүүргийн Засаг даргыг жинхэнэ хариуцагчаар сольж өгнө үү . 

Иймд Баянзүрх дүүргийн Засаг даргад хүсэлт гаргаж байгаагүй, Засаг дарга өргөдөл хүсэлтийг нь буцааж байгаагүй, Нийслэлийн Засаг даргаас хүчингүй болгосон захирамж дээр төлбөр хураах шийдвэр гаргаагүй байх тул өөрөөр хэлбэл хэргийн оролцогч, хариуцагч биш байх тул Баянзүрх дүүргийн Засаг даргыг жинхэнэ хариуцагчаар сольж, газар эзэмшүүлэх захирамж гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

Дөрөв. Нэхэмжлэгч З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургуулийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б нэхэмжлэлийн тодруулсан шаардлагадаа: Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т т холбогдох 87 дахь мөрийг хүчингүй болгож, улмаар 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 021.... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гаргасан билээ. 

Мөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот хууль бус захирамжийг хүчингүй болгож, улмаар “Э ” дээд сургуульд 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 0171... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах тухай нэхэмжлэлийг 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдөр итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие гаргасан юм. 

Эдгээр хоёр нэхэмжлэлтэй хэргийг шүүгчийн захирамжаар нэгтгэсэн болно. 

Давж заалдах шатны шүүхээс буцсан хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад шүүгчийн зүгээс, нэхэмжлэлийн шаардлагуудыг тодруулахыг анхааруулсны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа үүгээр тодруулж байгааг хүлээн авч хянан шийдвэрлэж өгнө үү. Үүнд: 

1. Иргэн З.Т ын нэхэмжлэлийн тухайд: 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т т холбогдох 87 дахь мөрийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, улмаар уг 703 тоот захирамжийг үндэслэн Баянзүрх дүүргийн Засаг дарга 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр гаргасан А/688 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т т холбогдох 38 дахь мөрийг хүчингүй болгон, 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 021.... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлээ тодруулж байна. 

2. “Э ” Олон улсын дээд сургуулийн нэхэмжлэлийн тухайд: 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн хавсралтын тус сургуульд холбогдох 89 дэх мөрийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, улмаар “Э ” дээд сургуульд 2008 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр олгосон 0171... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах тухай шийдвэр гаргуулахаар нэхэмжлэлээ тодруулж байна. 

Түүнчлэн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны явцад итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие, шинжээчийн дүгнэлтээр иргэн З.Т ын газартай давхацсан 231 м2, “Э ” дээд сургуулийн газартай давхацсан 103 м2 “С ” ХХК-ийн эзэмшил нийт 334 м2 газрын тухайд хасч тооцохыг зөвшөөрч, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсан байсан. Энэ нь сүүлд хууль бусаар давхцуулан олгогдсон газар байх тул зарчмын хувьд буруу байна. Иймд ийнхүү зөвшөөрснөөсөө буцаж, дээр бичсэний дагуу нэхэмжлэлийн шаардлагаа бүхэлд нь тодруулж байна. Тиймээс “С ” ХХК-ийг уг хэрэгт гуравдагч этгээдээр татан оролцуулж өгнө үү” гэжээ. 

Тав. Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай холбоотой тайлбартаа:  

Иргэн З.Т , “Э ” Олон улсын дээд сургуулийн нэхэмжлэлтэй дүүргийн Засаг даргад холбогдох нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б ы 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр тодруулсан нэхэмжлэлийн шаардлага болох Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот хууль бус захирамжийг хүчингүй болгож, улмаар уг захирамжийг үндэслэн гаргасан Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны А/688 дугаар захирамжийн З.Т т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 2008 оны 11 дүгээр сарын 01-нд олгосон 0171762 тоот, “Э ” Олон улсын дээд сургуульд 2008 оны 11 дүгээр сарын 01-нд олгосон 0171... тоот газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж, баталгаажуулан газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулан гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай танилцаад нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй талаарх өмнө нь гаргасан хариу тайлбараа дэмжихээс гадна дараах тайлбарыг гаргаж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзаж, 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгах тухай хүсэлтүүдийг гаргаж байсан хэрнээ 2017 оны 07 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа өмнө нь татгалзсан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжсэн нь ойлгомжгүй байна. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэгч түүний төлөөлөгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэх, өөрчлөх, багасгах бүрэн эрхтэй хэдий ч нэхэмжлэлийн тодруулсан шаардлагын үндэслэлээ дурдаагүй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тодруулсан нэхэмжлэлийн шаардлагадаа “2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн анхан шатны шүүх хуралдааны явцад шинжээчийн дүгнэлтээр иргэн З.Т ын газартай давхацсан 231м.кв, “Э ” Олон улсын дээд сургуулийн газартай давхацсан 103м.кв “С ” ХХК-ийн эзэмшил нийт 334м.кв газрыг хасч тооцохыг зөвшөөрч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээсээ татгалзсан. Энэ нь сүүлд хууль бусаар давхцуулан олгогдсон газар байх тул зарчмын хувьд буруу байна. Иймд ийнхүү зөвшөөрснөөсөө буцаж, нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж байна” гэжээ.

Үүнээс үзвэл “С ” ХХК-д газар эзэмших эрх олгосон хариуцагчийн үйлдлийг ямар үндэслэлээр хууль бус хэмээн маргаж байгаа талаар болон үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг, сонирхол ямар байдлаар зөрчигдөж буй талаар тодорхой дурдаагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Зургаа. Гуравдагч этгээд “С ” ХХК-иас нэхэмжлэлийн тодруулсан шаардлагатай холбоотой тайлбартаа: 

“С ” ХХК нь иргэн З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургуулийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгаж баталгаажуулан, газар эзэмшүүлэх гэрээг шинэчлэн байгуулж, гэрчилгээ олгохыг Баянзүрх дүүргийн Өмч, газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгасан шийдвэр гаргуулах захиргааны хэрэгт гуравдагч этгээдээр оролцож байгаа болно. 

Манай компанийн олон сувгийн нэвтрүүлэг үзүүлэх дахин дамжуулах станц нь Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэр Хар усан тохойд байрладаг 133031/0074 дугаар бүхий 285 м.кв газар эзэмших зөвшөөрлийг 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн А/419 тоот Засаг даргын шийдвэрээр олгосон. Гэрээний нөхцөлийн дагуу газрын төлбөрийг бид цаг тухайд нь төлж байгаа. 

Дээрх манай компанийн эзэмшлийн газар нь З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургуулийн эзэмшлийн газартай бүхэлдээ давхацсан хэмээн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэхүү захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаагийн хувьд уг газрын давхцалыг зохих хууль дүрмийн дагуу шийдвэрлүүлэх хүсэлтэй байна” гэжээ. 

Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтэд: “... Нийслэлийн Засаг даргын 703 дугаар захирамж нь ундны усны эх үүсвэрийн тэжээлийн бүсэд хамаарсан гэж үзсэн газруудын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон байна. Хариуцагч нь тухайн зөвлөмжийн дагуу давхцаж буй газарт өөр иргэн, аж ахуй нэгжүүдэд олгосон байгаа нь шударга бус байна. Хамгаалалтын бүсэд хамаарах газрыг ашиглуулахаар даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохоор байна” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Э ” Олон улсын дээд сургууль болон З.Т  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн шаардлагаа

- Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, 

- Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, 

- “Э ” Олон улсын дээд сургууль болон З.Т ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, 

- Маргаан бүхий газар дээр “С ” ХХК-д газар эзэмших эрх олгосон Баянзүрх дүүргийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах гэж тодорхойлжээ.  

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2006 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 275 дугаар шийдвэрээр иргэн Б.Н т Баянзүрх дүүргийн 20-р хороо Гачуурт тосгоны “Хар усан тохой” гэх газарт байрлалтай 30000 м.кв газрыг “Амралт, сувилал”-ын зориулалтаар 5 жилийн хугацаагаар эзэмшүүлж, улмаар түүний газар эзэмших эрх шилжүүлэх хүсэлт, гэрээний дагуу 2008 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 324 дүгээр захирамжаар дээрх газраас 10000 м.кв газрыг “Э ” Олон улсын дээд сургуульд, 20000 м.кв газрыг З.Т  нарт шилжүүлэн 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж гэрчилгээ олгожээ. 

Нэхэмжлэгч нар газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулахаар Баянзүрх дүүргийн Газрын албанд хандахад тэдний эзэмшлийн газрыг Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар хүчингүй болгосон тул, хугацаа сунгуулах хүсэлтийг шийдвэрлэх боломжгүй гэж хариу өгсөн. 

Нийслэлийн Засаг дарга 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 дугаар захирамжаар ундны усны эх үүсвэрийн дотоод мужид газар эзэмшиж, ашиглаж буй нэр бүхий иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших, ашиглах эрхийг цуцалсан шийдвэр гаргахдаа нийслэлийн Засаг даргын 2003 оны “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоох тухай” 95 дугаар захирамжийн 5 дахь хэсэг, 2009 оны “Хамгаалалтын бүс тогтоох” тухай 95 дугаар захирамжийг үндэслэл болгосон бөгөөд тэрээр Усны тухай хууль /2004 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Ариун цэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль /2002 оны/-ийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5-д заасан хүн амын унд, ахуйд ашиглаж байгаа усны эх булаг, ус хангамжийн эх үүсвэрийн хамгаалалтын болон эрүүл ахуйн бүс тогтоож, бохирдолтоос хамгаалах арга хэмжээг зохион байгуулах, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1-д “нутаг дэвсгэртээ газрын талаар төрөөс явуулах нэгдсэн бодлого, газрын тухай хууль тогтоомж, тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах үүргийнхээ хүрээнд хийсэн хууль ёсны үйлдэл байна. 

Өөрөөр хэлбэл, Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамжаар Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн тэжээлийн мужид хамгаалалтын бүс тогтоосон бөгөөд уг захирамжийн 5 дугаар заалтаар “... тэжээлийн дотоод мужид иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх шийдвэр гаргахгүй байхыг дүүргүүдийн Засаг дарга нарт даалгаж”, улмаар Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамжаар хамгаалалтын мужийн солбицлыг шинэчлэн тогтоосноор 2003 оны 95 дугаар захирамжийн 1, 2 дугаар хавсралтуудыг хүчингүй болгосон байх ба уг захирамжийн бусад заалт, хавсралтууд хүчинтэй үйлчилж байхад Баянзүрх дүүргийн Засаг дарга нь Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95 дугаар захирамжийн 3 дугаар хавсралт/...дэглэм/-ын Хоёрын 4 дэх хэсэгт Хамгаалалтын мужид дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно: амралт сувилал, ...байгуулах гэснийг зөрчиж, бусад этгээдэд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь хуулийн дагуу дээд шатны Засаг даргаас хэм хэмжээ тогтоосон хууль ёсны шийдвэрт нийцээгүй гэж үзэхээр байна.

Мөн Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын усны эх үүсвэрийн хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоосон ба нэхэмжлэгч “Э ” Олон улсын дээд сургуулийн газар нь уг тогтоолоор тогтоосон газрын доорх усны эх үүсвэрийн тэжээгдлийн мужид бүхэлдээ, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүсэд 6587 м.кв талбайгаар, иргэн З.Т ын газар нь усны эх үүсвэрийн тэжээлийн мужид бүхэлдээ, усны эх үүсвэрийн хамгаалалтын зурвас газартай 6197.46 м.кв талбайгаар тус тус давхцаж байгаа нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газрын 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 2/1234 дүгээр албан бичиг, Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газрын 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1/1434 дүгээр албан бичгүүдээр нотлогдож байна. 

Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч нарт газар эзэмшүүлсэн Баянзүрх дүүргийн Засаг даргын 2008 оны 324 дүгээр шийдвэр нь дээд шатны Засаг даргын шийдвэрт нийцээгүй байх тул Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д заасан “... дүүргийн Засаг даргын захирамжийг Нийслэлийн Засаг дарга ... хүчингүй болгох” эрхийн хүрээнд хүчингүй болгож шийдвэрлэсэн хариуцагч Нийслэлийн Засаг даргын шийдвэр үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч нар “бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон атлаа бусад этгээдийн газар эзэмших эрхийг цуцлахгүй, газар давхцуулан олгосон, газар эзэмших эрхийн хугацааг сунгаж байгаа нь тэгш эрхийн зарчмыг зөрчсөн” гэж маргаж байгаа ч иргэн Г.Э гийн эзэмшлийн 8000 м.кв газрын эзэмших эрхийн хугацааг 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдрийн А/378 дугаар захирамжаар сунгасан, Г.Э нэхэмжлэгч нарын эзэмшиж байсан газар дээр зөвшөөрөлгүй хашаа барьсан боловч тэдний газартай давхцуулж газар олгоогүй болох нь шинжээч нарын дүгнэлтээр нотлогдсон, “С ” ХХК-д Дүүргийн Засаг даргын 2012 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн А/419 дүгээр захирамжаар 285 м.кв газрыг маргаан бүхий газар эзэмшигчийн эрх хүчингүй болсны дараа олгосон нь нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд захиргааны байгууллагыг буруутгах үндэслэл болохгүй. 

Харин цаашид Нийслэл, дүүргийн Засаг дарга нар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 01/609 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн “Ундны эх үүсвэрийн хориглолтын болон хязгаарлалтын бүс, газрын доорхи усны тэжээгдлийн мужид мөрдөх зөвлөмж”, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2016 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 50 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн А/656 дугаар “Улаанбаатар хотын төвлөрсөн ус хангамжийн ус эх үүсвэрүүдийн тэжээлийн гадаад, дотоод мужийн хамгаалалтын бүсийг шинэлэн тогтоох ажлын хэсэг байгуулах тухай” захирамжийг биелүүлэх ажлын хүрээнд хуулиар олгогдсон бүрэн эрхийн дагуу судалгаа хийсний үндсэн дээр бусад этгээдийн газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгах, хүчингүй болгох асуудлыг шийдвэрлэх, нийслэлийн иргэдийн ундны усны эх үүсвэр дээр газар олгох эсэхтэй холбоотой асуудлыг нэг мөр зохицуулах нь зүйтэй. 

Мөн нэхэмжлэгч нар, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Нийслэлийн Засаг даргын 2009 оны 95 дугаар захирамж нь хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн бүртгэлд бүртгэлгүй байхад түүнийг үндэслэсэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох үндэслэл бүрдээгүй байхад бидний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хууль бус гэж маргажээ.

Хууль зүй, дотоод хэргийн яамны 2017 оны 3-2/37 тоот албан бичгээр Нийслэлийн Засаг даргын 2003 оны 95, 2009 оны 95 дугаар захирамжууд нь Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлгүй гэх лавлагаа ирсэн боловч энэ нь Засгийн газрын 2010 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 119 дүгээр тогтоолоор “Захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэр гаргах журам”-ыг баталж, эрх бүхий этгээдээс гаргах захиргааны хэм хэмжээ тогтоосон шийдвэрийг боловсруулах, батлах, түүнийг хууль зүйн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагаас хянах, бүртгэх, нийтэд мэдээлэх үйл ажиллагаанд мөрдөж ажиллахаас өмнө буюу 2009 онд Нийслэлийн Засаг даргаас 95 дугаар захирамжийг батлан гаргасан учир хэм хэмжээ тогтоосон актын нэгдсэн санд бүртгүүлсэн байх шаардлага тавигдахгүй болно. 

Нэхэмжлэгч “Э ” Олон улсын дээд сургууль болон З.Т  нь 2015 он хүртэл газар эзэмшсэний төлбөрийг цаг тухайд нь төлж байсан нь баримтаар нотлогдож байгаа хэдий ч тэдний газар эзэмших эрхийг сэргээх, гэрчилгээний хугацаа сунгахыг даалгах болон нэгэнт дээд шатны байгууллага болох Нийслэлийн Засаг даргын газар эзэмших эрхийг хүчингүй болгосон шийдвэр гаргасныг шүүх буруутгаагүй, эрх зүйн ач холбогдолгүй учир Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах зэрэг нэхэмжлэлийн шаардлагуудыг хангах үндэслэл болохгүй бөгөөд Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т заасан “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана” гэсний дагуу шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй. 

Иймд нэхэмжлэгч “Э ” Олон улсын дээд сургууль болон З.Т ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх дүгнэв. 

Нэхэмжлэгч нар хууль журмын дагуу маргаан бүхий газрын усны эх үүсвэрийн хамгаалалтын зурвасаас гаднах хэсэгт газар эзэмших хүсэлтээ төрийн захиргааны байгууллагад гаргаж шийдвэрлүүлэхэд энэхүү шийдвэр үл хамаарна. 

Харин нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 1461, 1469 дугаар захирамжуудаар Газрын харилцаа, геодези зураг зүйн газар /хуучин нэрээр/-ыг шинжээчээр томилсон байх бөгөөд уг шинжээчийн зардлыг нэхэмжлэгч нар төлсөн байгааг дурдах нь зүйтэй. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.1, 29 дүгээр зүйлийн 29.2, 29.3, Усны тухай /2004 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.4, Ариун цэврийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай /2002 оны/ хуулийн 12 дугаар зүйлийн 12.4, 12.5-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “Э ” Олон улсын дээд сургууль болон З.Т ын “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 703 тоот захирамжийн хавсралтын иргэн З.Т  болон “Э ” Олон улсын дээд сургуульд холбогдох хэсгийг хүчингүй болгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн А/688 дугаар захирамжийн хавсралтын иргэн З.Т т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, “Э ” Олон улсын дээд сургууль болон З.Т ын газар эзэмших гэрчилгээний хугацааг сунгахыг Баянзүрх дүүргийн Өмч газрын харилцааны албанд даалгах тухай захирамж гаргахыг Баянзүрх дүүргийн Засаг даргад даалгах, Маргаан бүхий газар дээр “С ” ХХК-д газар эзэмших эрх олгосон Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Д.ОЮУМАА

                         ШҮҮГЧ                            Н.ДУЛАМСҮРЭН

         ШҮҮГЧ                    Д.ХАЛИУНА