Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 196

 

И.А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс:135/2016/01037/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн  давж  заалдах шатны шүүхийн шүүгч О.Нарангэрэл  даргалж, шүүгч С.Оюунцэцэг, шүүгч Л.Амарсанаа нарын  бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

     Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1311 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Гөрөөчин овогт Ичинхорлоогийн А-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газар,

Хариуцагч Боржигон овогт Э-гийн Б- нарт  холбогдох

          “Цувны үнэ 160.000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг

           Нэхэмжлэгч И.А-ын давж заалдсан гомдлыг үндэслэн 2016 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч шүүгч Л.Амарсанаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгч И.А-а, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мандуул нар оролцов. 

           Нэхэмжлэгч И.А-а шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн хурлын заалнаас 2016.04.08-ны өдөр өлгүүрт байсан цувыг хулгайд алдсан. Шүүх хурлын дараа дахин өөр хурал болоогүй, би хурал тараад 15-20 минутын дараа ирэхэд цув алга байхаар шүүх хуралд оролцсон тахар Э.Б-аас асуух гэхэд тэр байгаагүй, үүдэнд сууж байсан тахар цувыг хайлцаж өгсөн. Тэр өдөр шүүхийн камер ажиллаагүй урд хаалга засвартай хойд хаалгаар хүн гарч тахар нэг залуу урдаа сууж байсан. Нөгөө талаар шүүхийн заалын хаалганы өөдөөс тахарын хаалга онгорхой дотор нь 4, 5 тахар байхад эрүүгийн шүүх хурлын заалны өлгүүрээс цув эд зүйл алга болно гэдэг байж таарахгүй. Эзэнгүй дотор нь шүүхийн эд хогшил байгаа эрүүгийн зааланд гадны болон хулгайч хүнийг тахар оруулахгүй байх ёстой учраас ажлаа хийж яваад алдагдсан цувны үнэ 160,000 төгрөгийг Тахарын албанаас гаргуулж өгнө үү гэжээ.

           Хариуцагч 9 дүгээр тойргийн тахарын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б-  шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

           9 дүгээр тойргийн Тахарын албаны шүүх хуралдааны журам сахиулах хуяг туслах тахар  Э.Б-  би  2016  оны  04 дүгээр  сарын 08-ны  өдөр  10:00 цагт зарлагдсан шүүгдэгч М.Б-д холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралд журам сахиулагчаар оролцсон болно. Тус шүүх хуралд шүүгдэгч М.Б-ы өмгөөлөгчөөр И.А-а  оролцсон. Өмгөөлөгч И.А-а  шүүх хурлын танхимд орж ирэхдээ цувтай орж ирээд үүдний өлгүүрт цуваа өлгөсөн гээд байгааг нь би хараагүй мөн шүүх хуралд оролцсон бусад оролцогч шүүх хурлын нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг шүүх хурал дуусгаад хамгийн сүүлд танхимаас гэрлийг нь унтраагаад гарахад үүдэнд өлгөсөн ямар ч хувцас байгаагүй гэж байсан, мөн шүүхийн үйлчлэгч С.Тунгалаг шүүх хурал дуусангуут орж танхимыг цэвэрлэхэд үүдний өлгүүрт юу ч байгаагүй гэж байсан, иймд  нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Хариуцагч Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнбаяр шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Иргэн И.А-ын цув алга болсон талаар утсаар 2016.08.09-ний өдөр мэдээлсний дагуу явж шалгахад доорх байдлууд тогтоогдсон болно.

          1.Тухайн өдөр шүүхийн хяналтын камерууд ажиллаагүй байсан ба төв хаалга засвартай байсан тул арын хаалгаар бүх иргэд орж гарч байсан.

          2.Иргэн И.А-а тэр өдөр цувтай шүүхийн байранд орсон эсэх нь тодорхойгүй.

          3.Шүүх хурал дууссаны дараа нарийн бичгийн дарга Г.Энхцэцэг хамгийн сүүлд гарч, үйлчлэгч С.Тунгалаг цэвэрлэгээ хийсэн байдаг ба тэд өлгүүрт ямар ч хувцас байгаагүйг хэлдэг.Тухайн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг Тахарын алба хариуцаж байсан ба Тахарын албаны тухай хуулийн  13.1-д Тахарын алба шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн заалт байдаг. Иймд И.А-ын цув алга болсон тул 160,000 төгрөг /үнэлгээ эргэлзээтэй/ гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1311 дугаар шийдвэрээр:                                                                 

            Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэгч И.А-ын цувны үнэ 160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч И.А-а давж заалдсан гомдолдоо:

            Тахар эд зүйл авчих этгээдийг шүүх хурлын зааланд нэвтрүүлсэн шалгахгүй гаргасан байгаа явдал нь тэдний ажил төрөлтэй шууд холбоотой. Нөгөө талаар тахар Э.Б- шүүх хурлын танхимыг цоожлон зохих хүнд нь хүлээлгэж өгөөгүй, онгорхой байгааг нь хэлээгүй. Тахар Э.Б- нь эргээд ирэхэд ажлынхаа байранд байгаагүй, бусад тахар нар миний цувыг хайлцаж байхад тахар Э.Б- сэтгэл гаргаагүй. Э.Б- Г.Энхцэцэгийн мэдүүлгийг үндэслэдэг ч шүүх хурлын танхимын гэрлийн унтраалга өлгүүр рүү харж унтраахгүй, эсрэг тал руу харж унтраах бөгөөд унтраалганаас наана  өлгүүрээс 1 метр зайд сууж байсан тахар мэдэхгүй байхад Г.Энхцэцэгийг харсан гэдгийг сайн ойлгохгүй байна. Иймд цувны үнэ 160.000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Шаардлагатай бол үнэлгээ дахин хийлгэх үндэслэлээр хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч И.А-а Дархан-Уул аймгийн Цагдаагийн газар болон тахар Э.Б- нарт холбогдуулан цувны үнэ 160.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан, хариуцагч Цагдаагийн газар болон тахар Э.Б- нар тухайн үед шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг Тахарын алба хариуцаж байсан бөгөөд шүүхийн аюулгүй байдлыг хангах зорилгоор шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлж, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлнэ гэсэн хуулийн заалтын дагуу үйл ажиллагаа явуулсан, нэхэмжлэгч нь шүүх хуралдаанд ирэхдээ цувтай байсан эсэх нь тодорхойгүй, манай алба хэргийн оролцогчдын хувцасыг харж хамгаалах үүрэггүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Энэ шийдвэрийг нэхэмжлэгч И.А-а эс зөвшөөрч цувны үнэ 160.000 төгрөгийг хариуцагчдаас гаргуулах, шаардлагатай бол үнэлгээ дахин хийлгэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэж давж заалдсан гомдол гаргажээ.

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон болсон үйл баримтаас дараах дүгнэлтийг хийлээ.

Тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан Тахарын албаны тухай хуулиар  тахар нь шүүхийн харуул, хамгаалалтыг хэрэгжүүлэх, шүүх хуралдааны журам сахиулах, шүүх хуралдааны танхимд эмх замбараагүй байдал үүсэхээс урьдчилан сэргийлэх, шүүн таслах ажиллагааг хэвийн явуулах нөхцлийг бүрдүүлэх үүрэгтэй бөгөөд хэргийн оролцогчдын хувцас, эд зүйлийг харж хамгаалах үүрэг хуулиар олгогдоогүй байна.

Тухайн үед болон одоо мөрдөж байгаа Хууль зүй дотоод хэргийн сайд, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн даргын хамтарсан тушаалаар баталсан Шүүх, шүүгчийн аюулгүй байдлыг хангах журамд хамгаалалтын офицер, цагдаагийн хэрэгжүүлэх чиг үүрэгт энэ талаар тусгагдаагүй, хамааралгүй байна.

Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Нэхэмжлэгч нь тэр өдөр шүүх хуралдаанд ирэхдээ гадуур хувцас цувтай ирсэн гэдгийг нотлосон баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч өөрөө нотолж чадаагүйгээс гадна нэхэмжлэгч болон хариуцагчдын хооронд Иргэний хуулийн 422 дугаар зүйл заасан хадгалалтын гэрээ үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь шүүх үйлчилгээний байгууллагын хувьд хэргийн оролцогчийн гадуур хувцсыг хадгалах үүргээ хэрэгжүүлээгүй гэж нэхэмжлэлийн үндэслэл болгосон бөгөөд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 101 дүгээр зүйлд заасан өмчлөх эрхийн зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу юм.

             Мөн улсын тэмдэгтийн хураамжийг зөв тооцож шийдвэрлээгүй байх тул тэдгээрийг зөвтгөж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

             Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн холбогдох зүйл заалтад зохих өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зөв гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1311 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтын

            “Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар цувны үнэ 160.000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг

            “Иргэний хуулийн 422 дугаар зүйлийн 422.1-д зааснаар нэхэмжлэгч И.А-ын Дархан-Уул аймгийн цагдаагийн газар болон Э.Б- нарт холбогдуулан гаргасан 160.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж,

            2 дугаар заалтын “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс  2016 оны 06 дугаар сарын 27-ны өдөр Худалдаа хөгжлийн банк төрийн сан  190 000 941 тоот дансанд тушаасан тэмдэгтийн хураамж 13.550 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй” гэснийг

            “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.550 төгрөгөөс 5.450 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 8.100 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

           2.Иргэний  хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4, 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 13.550 төгрөгөөс  5.450 төгрөгийг Төрийн сангийн орлоогд хэвээр үлдээж, илүү төлсөн 8.100 төгрөгийг Төрийн сангийн орлогоос шүүгчийн захирамжаар буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар  зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

4.Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар  талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногт шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах  үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг  мэдэгдсүгэй.  

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ 

                                        ШҮҮГЧИД                                                   С.ОЮУНЦЭЦЭГ   

                                                                                                            Л.АМАРСАНАА