Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 633

 

Б.Тэрбишт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

          Прокурор М.Амарзаяа,

          Ялтан Б.Тэрбиш, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Б.Тэрбиш, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Тэрбишт холбогдох эрүүгийн 2016 2601 0139 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овгийн Балжиннямын Тэрбиш, 1969 оны 3 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхнэрийн хамт Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4 дүгээр гудамжны 8 тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:ШЖ69032475/;

Б.Тэрбиш нь согтуурсан үедээ, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4 дүгээр гудамжны 8 тоот хашаанд хохирогч Г.Жаргалсайханыг “чи миний гар утсыг авсан байна” гэж үл ялих зүйлээр шалтаглан төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид нь “баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайн цус хуралт, зүүн ташаанд зулгаралт” бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж, танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Б.Тэрбишийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.Тэрбишийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсэгт тус тус зааснаар 16 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 495 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, Б.Тэрбишийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс сэтгэл санааны хохиролд тооцон 15.000.000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Б.Тэрбишийн цэнхэр өнгийн судалтай майк, цахилгаантай хөх өнгийн оруулгатай цагаан цамц, цахилгаантай ногоон эрээн өнгийн куртик, цахилгаантай хар өнгийн куртик, саарал өнгийн ноосон өмд, ногоон өнгийн даавуун өмд, бор өнгийн тэлээ, хар өнгийн оймс, цахилгаантай хар өнгийн гутлыг түүний хүсэлтээр шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгож, арматурын төмөр, иштэй том алх, галын дэгээ төмөр, цагаан шаргал өнгийн алчуур, гялгар уутанд хийсэн цус мэт хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон сальфетка зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг “Эд мөрийн баримт устгах комисс”-т даалгаж шийдвэрлэжээ.

 

Ялтан Б.Тэрбиш давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2016 оны 1 дүгээр сарын 12-нд гэртээ унтаж байгаад сэрэхэд миний гар утас алга болчихсон байснаас талийгаач бид хоёрын хооронд маш ширүүн хэрүүл маргаан болсон. Тэр үед хохирогч Жагаа ах над руу нэг юмаар цохиж байхад нь уг зүйлийг нь булааж авах гэж таталцаж байгаад хохирогчийн хөл рүү нь нэг удаа цохичихсон. Би ингэж цохихдоо хөл нь хугарчихна гэж санаагүй, түүнээсээ болоод үхчихнэ гэж огт бодоогүй. Талийгаач Жагаа ах бид хоёрын хооронд үүнээс өмнө ямар нэгэн хэрүүл маргаан гарч, муудалцаж байгаагүй.

Талийгаачийн зүүн талын хөл, гар хугарсан, нүүр болон хэсэг газруудад олон тооны зулгаралт үүссэн гэж шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байсан. Миний бие баруун хөлнөөс нь өөр газар цохиж, зодсон зүйл байхгүй.

Талийгаач гадуур явж орой ирэхдээ, ихэнхдээ согтуу халамцуу, хааяа нүүр ам нь халцарч зулгарчихсан ирдэг байсан. Тэр өдөр мөн тийм маягаар биеийнх нь зарим хэсгүүдэд шалбаралт, зулгаралт авсан юм болов уу гэж бодох юм.

Харин зүүн талын гарын атгаал чөмөг нь бид хоёрыг зууралдаад давхралдаж унахад хугарсан байх гэж бодож байна. Талийгаач миний доор орж, би дээрээс нь дарж унасан юм. Би үнэхээр гар луу нь цохисон юм байхгүй. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс үзэхэд хөл, гарын хугаралтаас болж, цусан хураа буюу өөхөн бүрхүүл үүсэж, тэр гэмтлээсээ болж нас барсан байдаг.

Нэгэнт миний үйлдлээс болж, хөл гартаа гэмтэл авч ах нас барсанд туйлын их харамсаж байгаа бөгөөд чадах ядахаараа хохирлыг барагдуулсан.

Миний бие талийгаачийг алах сэдэл, санаа зорилго огт байгаагүй бөгөөд амь нас нь хохирно гэж даанч бодоогүй. Би энэ талаар мөрдөнд байх хугацаанд асар их зүйлийг эргэцүүлэн бодож эхнэрийнхээ авга ахын амь насыг бүрэлгэсэндээ гүнээ харамсаж байна.

Иймд давж заалдах шатны шүүх миний хэргийг бүх талаас нь хянан зөв зүйлчилж, хөнгөн ял оногдуулж өгөхийг хүсч байна...” гэв.  

Ялтан Б.Тэрбишийн өмгөөлөгч Ц.Раашзэвэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Нэг:

1. Анхан шатны шүүх хэрэг гарсан шалтаг шалтгаан, шүүгдэгч хохирогч нарын хувийн байдал, нас барагчийн үхлийн шалтгаан зэргийг бүх талаас нь нягтлан шалгаж, хууль ёсны ба үндэслэлтэй дүгнэлт зэргийг нарийн тунгааж зөв дүгнэлт хийлгүйгээр үндэслэл муутайгаар хүнд ял оногдууллаа гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд дүгнэлт хийж байна. Б.Тэрбишийн үнэ бүхий гар утас гэнэт алга болсноос уг хэрүүл маргаан үүсэж, хэн алиных нь уур уцаар, хэл ам, зохисгүй үг харьцаа, Б.Тэрбиш авто ослын улмаас унадаг, биеэ барьж чадахгүй маш хүчтэй уурладаг болсон зэрэг шалтгаанаас уг хэрэг үйлдэгдсэн нь хавтаст хэргээс хангалттай ойлгогдоно.

Б.Тэрбишийн сэтгэцийн дүгнэлтийн 7 дахь хэсэгт “Б.Тэрбиш нь хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна”, мөн шүүх хуралдаанд Б.Тэрбишийн төрсөн эгч Б.Уранчимэг “Б.Тэрбишийн хувийн байдал зан харьцаа, эрүүл мэнд, сэтгэцийн талаар” маш тодорхой мэдүүлэг өгснийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгаагүй байна.

2. Б.Тэрбиш иргэн Г.Жаргалсайханы амь насыг хохироох гэсэн сэдэлт, зорилго байгаагүй нь түүний хөл гарт нь гэмтэл учруулснаас тогтоогдоно. Бусдын амь насыг хохироох гэсэн сэдэлт, зорилготой хүн түүний амин гол газар нь цохих, хутгалах, буудах зэргээр тодруулбал тархи толгой, уушги, зүрх болон дотоод амин гол эрхтэнийг нь гэмтээж, амь насыг нь хохироосон байдаг билээ. Тэгвэл Б.Тэрбиш амь хохирогчийн цохисон зүйлээр нь хөлд нь нэг удаа цохисон, амь насыг нь хохироох гэсэн ямар ч санаа зорилго байгаагүй гэдгийг мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд тогтвортой мэдүүлдэг юм. Зүүн гарын шууны хугарал нь цохилтоос биш давхралдаж унах үед нь хугарсан байж болохоор байгаа нь илүү магадлалтай байдаг юм.

3. Шүүх шинжилгээний эмч нарын удаа дараагийн дүгнэлтээр чөмөгтэй ясны далд, ил хугарлаас болж өөхөн бөглөөс үүссэнээс талийгаач нас барсныг нотолдог бөгөөд шинжээч, тэргүүлэх зэргийн эмч Б.Ундармаа ийм тохиолдол маш ховор гардаг болохыг нотолсон, түүний мэдүүлэг хавтаст хэрэгт байгаа болно. Талийгаач Г.Жаргалсайхан нь өглөө бүр гэрээсээ гарч үдэш орой болтол гадуур явж, ихэвчлэн согтуу ирдэг бөгөөд түүний 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдагдалтайг нь огт мэдээгүй гэж Б.Тэрбиш мэдүүлдгээс үзвэл биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь урьдчилан мэдээгүй гэдэг нь үндэслэлтэй билээ. Хэргийн байдал ийм байхад анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь хэсгээр улсын яллагч буруу ташаа зүйлчилсэнд хөтлөгдөн эдгээр зүйл ангиудаар 16 жилийн хорих ял оногдуулсныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

4. Хавтаст хэрэгт авагдсан бичиг баримт, нотлох баримтаас дүгнэлт хийхэд Б.Тэрбиш нь Г.Жаргалсайханы хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан үедээ баруун талын хөлөнд хүнд гэмтэл учруулсан нь тодорхой байдаг билээ. Харин шүүх Б.Тэрбишийн энэ талын байдлыг нь харгалзан үзэж, ял эдлэх дэглэмийг жирийн дэглэмд эдлүүлэхээр заасныг хууль ёсны үндэслэлтэй гэж үзэж байна.

            Хоёр:

            1. Эрүүгийн шинэ хуулиар хүнд гэмтлийн улмаас хохирогч нас барсан бол хүн алснаар биш хүнд гэмтэл учруулсны улмаас нас барснаар зүйлчлэх болсон тул 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 11.1 дүгээр зүйлийн 11.1.2.5 дахь хэсэгт зааснаар Б.Тэрбишийн хэрэг зүйлчлэгдэх болж байгаа билээ. Харин Б.Тэрбишийн учруулсан гэмтэл нь тухайн талийгаачийн амин гол газар биш хөл, гарт нь хүнд гэмтэл учруулснаас ил буюу далд хугарал үүсч, түүнээс шалтгаалан цусан хураа буюу өөхөн бөглөө үүссэнээс нас барсан нь шинжээч нарын дүгнэлтээр тогтоогдсон болно.

Тэгвэл ил хугарал үүссэн тохиолдол бүрт хүн нас бардаг биш, маш ховор тохиолдолд дээр дурдсан өөхөн бөглөөс үүсдэгийг тэргүүлэх эмч Б.Ундармаа маш тодорхой онол, практикийн үндэстэй мэдүүлэг, тайлбар өгсөн нь хавтаст хэрэгт байгаа болно. Энэ байдлаас дүгнэлт хийхэд Б.Тэрбишийн үйлдэл нь Эрүүгийн шинэ хуулийн 2 дугаар бүлгийн 2.4.1 дэх хэсэгт “Санаатай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас болгоомжгүйгээр хохирол, хор уршигт хүргэснийг гэм буруугийн холимог хэлбэр гэнэ” гэсэн заалттай тохирч байгаа болно. Б.Тэрбиш нь уг үйлдлийг хийхдээ талийгаачийн хөл нь хугарч ил хугарал үүсч, улмаар өөхөн бөглөөс үүсч нас барна гэдгийг санах мэдэх үнэхээр боломжгүй бөгөөд талийгаачийн оршуулгатай холбогдон гарсан бүх зардал хохирлыг бүрэн төлсөн тул Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг арван хоёр жил, эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулах”-аар заасан заалтаас үзэхэд 3 жил 6 сараас багагүй 8 жилээс дээшгүй ял оногдохоор байна. Уг хэрэг үйлдэгдсэн шалтаг шалтгаан, шүүгдэгч хохирогч нарын хувийн байдлуудын талаар миний бие энэ гомдлынхоо 1 дэх хэсэгт маш тодорхой дурдсаныг анхаарч үзнэ үү.

            2. Талийгаачийг төрсөн ах дүү нар болон үр хүүхэд нь харж үзэхгүй, Багануурт тэнүүчлэн амьдарч байхад нь хашаандаа авчран анхаарч байсан хүн гэнэт түүний амь насыг хохироох сэдэлт зорилго төрөхгүй нь тодорхой бөгөөд үйлдсэн хэрэгтээ чинь санаанаасаа гэмшиж, оршуулгын болон бусад бүх зардал болох 8.300.000 төгрөгийг бүрэн төлсөн. Тохиолдлын чанартай, гэм буруугийн холимог хэлбэртэй үүссэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хөнгөрүүлэн үзэх үндэслэлүүдийг харгалзан үзэж, Б.Тэрбишийн ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү.

            3. Б.Тэрбишийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

            Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Давж заалдах гомдлуудыг үндэслэлгүй гэж үзэж байна. Шинэчлэн найруулсан Эрүүгийн хууль хэрэгжиж эхэлсэн. Иймд Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж ялыг оногдуулж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

 

            Б.Тэрбиш нь согтуурсан үедээ, 2016 оны 1 дүгээр сарын 13-ны шөнө Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Баруун турууны 4 дүгээр гудамжны 8 тоот хашаанд хохирогч Г.Жаргалсайханыг “чи миний гар утсыг авсан байна” гэх шалтгаанаар  төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид нь “баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайн цус хуралт, зүүн ташаанд зулгаралт” бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Туулын “...тэгээд түүнээс хойш 10-аад минутын дараа Ө.Нандинцэцэгийн ээж над руу утсаар залгаад “Б.Тэрбиш нь Жагааг цустай нь хутгаад хаясан байна гэнэ, цус нь тогтохгүй байна, хот руу авчрахгүй бол болохгүй юм шиг байна, танайд явах хүн байна уу” гэж утсаар ярьсан. ...Би тэр үед Г.Жаргалсайханаас юу болсон, яагаад та хоёр зодолдох болсон гэж асуухад Г.Жаргалсайхан надад хэлэхдээ “би Б.Тэрбишийн байшингийн хаалгаар шагайтал Б.Тэрбиш орон дээрээ хэвтэж байсан, Нандиа байхгүй байсан болохоор нь буцаад гараад гэртээ ороод байж байтал Б.Тэрбиш араас орж ирээд гар утас, автомашины түлхүүр хаана байна гэж надаас асуусан, би мэдэхгүй гэж хэлтэл гэрээс чирж гаргаад арматурын төмрөөр зодсон, толгой өвдөөд байна, дотор муухай оргиод байна” гэж надад хэлсэн...” /1-р хх-25-27, 28, 186, 2-р хх-163-164/,

            Насанд хүрээгүй гэрч Б.Тэгшбуянгийн “...байшингийн урд талд Б.Тэрбиш, Г.Жаргалсайхан хоёр байж байсан. Г.Жаргалсайхан ах газар хэвтчихсэн, Б.Тэрбиш хажууд нь зогсож байсан...” /1-р хх-30-31/,

            Гэрч Ө.Нандинцэцэгийн “...хашаанд яваад ортол гэр, байшин хоёрын дунд манай нөхөр Б.Тэрбиш хажууд нь зогсчихсон, талийгаач ах Г.Жаргалсайхан газар суучихсан, хоорондоо хэрэлдээд маргаад байсан. Тэр хоёр гар утасны талаар ярьж маргаад байсан. Манай нөхөр Б.Тэрбиш талийгаач ах Г.Жаргалсайханг “та миний гар утсыг гаргаад өгчих” гэж хэлсэн чинь талийгаач “би гар утсыг чинь аваагүй” гээд маргаад байхаар нь би “юу нь гар утас яриад байгаа юм бэ” гэж асуухад манай нөхөр Б.Тэрбиш ярихдаа “гэртээ унтаж байхад гэрийн хаалга онгойлгож хүн орж ирээд гарах шиг болохоор нь чамайг ирж байна гэж бодсон чинь хүн байхгүй байсан болохоор би гар утсаа аваад чам руу залгаж ярих гэтэл гар утас байхгүй байсан” гэсэн. ...тэр үед манай нөхөр Б.Тэрбиш ууралчихсан, ууртай байсан бөгөөд талийгаачийн баруун талынх нь гарнаас цус гарч харагдахаар нь алив бос, даарчихлаа гэртээ ор гэж хэлтэл “хөл болохгүй, босож чадахгүй байна” гэж хэлэхээр нь би өөрийнхөө том хүү Б.Тэгшбуян, манай төрсөн дүү Ө.Ганхуяг хоёрыг дуудаж өргүүлээд талийгаачийг гэрт нь оруулж суулгачихаад гэрт нь гал түлж өгөөд нөхөр Б.Тэрбишийн гар утсыг гарч гадуур хайсан боловч олоогүй. Б.Тэрбиш, талийгаач хоёр намайг орж ирэхэд байж байсан газар нь очиж гар утсыг хайтал цасан дотор газар хэвтэж байхаар нь би гар утсыг нь аваад нууцаар гэртээ оруулж тавиад, гар утас чинь энд байна, юмаа сайн үзэхэд яадаг юм бэ гэж хэлтэл, манай нөхөр барьж үзсэнээ үгүй энэ гар утас хүйтэн байна, хэрэв гэрт байвал ийм хүйтэн байх ёсгүй гэж хэлсэн. ...Тэр үед манай нөхөр Б.Тэрбиш жаахан архи уучихсан, бага зэрэг халамцуу байсан. Жагаа ахыг “та бас архи уусан юм уу, та хоёр нийлж архи уусан юм уу” гэж асуухад Жагаа ах “үгүй, үгүй би архи уугаагүй” гэж хэлсэн. Манай гэрт нэг ширхэг архины хоосон шил байсан. ...Б.Тэрбишийн нүүр аманд ил харагдах гэмтэл шарх байгаагүй, талийгаачийн баруун талын гарны тохойноос дээш булчингаас цус гараад байсан, мөн баруун талын хөлний өвдөгний доод хэсгээс цус гараад байсан...” /1-р хх-32-33/,

            Гэрч Ч.Бямбасүрэнгийн “...2016 оны 1 дүгээр сарын 12-ны шөнө 23.00 цаг өнгөрч байхад очсон. Хашаанд нь яваад ороход Ө.Нандинцэцэг ганцаараа зогсож байсан ба Г.Жаргалсайхан ахын гэрт нь ороход хойд орон дээрээ ганцаараа зодуулчихсан, зүүн талын харвасан мэдээгүй талын гар нь эргэчихсэн, хугарсан, баруун хөлний шилбэнээс нь цус гараад тогтохгүй хугарсан, хөдөлж болохгүй байдалтай байсан...” /1-р хх-185/,

 

            Гэрч Ө.Ганхуягийн “...тэгтэл 20 минутын дараа Б.Тэгшбуян гарч ирээд дуудаад ороод ир гэж хэлэхээр нь би яасан, юу болов гэхэд Г.Жаргалсайхан ах босохгүй байна, Б.Тэрбиш ахтай муудалцаад байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би автомашинаас буугаад хашаанд нь ортол хашааны үүдэн хэсэгт Г.Жаргалсайхан газар хэвтсэн байдалтай, Б.Тэрбиш хажууд нь дээл нөмөрчихсөн зогсож байсан ба намайг хараад Б.Тэрбиш цаашаа яваад гэрлүүгээ орсон. Ө.Нандинцэцэг Г.Жаргалсайхан ахын хажууд зогсож байсан. Тэгээд би Б.Тэгшбуянтай нийлээд гадаа хүйтэн байна, даарчихлаа гээд Г.Жаргалсайхан ахыг цээж, хөлнөөс нь дамнаж өргөөд гэрт нь оруулаад оронд дээр нь хэвтүүлээд юмаар хучаад би Б.Тэгшбуянтай хамт гараад хөдөө явсан...” /1-р хх-221/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Талийгаач Г.Жаргалсайханы цогцост баруун шилбэ, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайнд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Талийгаач Г.Жаргалсайхан нь баруун шилбэ, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарлын улмаас уушигны судас өөхөн бөглөөдөсөөр бөглөрснөөс нас баржээ. Талийгаачид тархины эдийн голомтлог зөөлрөл, зүрхний булчингийн эмгэгшил, элэгний хатуурал бүхий архаг өвчтэй байсан ба үхэлд нөлөөлөөгүй болно. Шинжээч эмчийн 2016 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 189 тоот дүгнэлтийн 1, 4 дүгээр хариулт үндэслэлгүй байна...” гэсэн 340 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-54-57/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Урьд гаргасан Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 184 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэл муутай, хавтаст хэргийн материалаар гаргасан 340 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүх эмнэлгийн хэргийн хавтаст материалын 569 дугаартай шинжээчийн дүгнэлт, хэргийн материалаар нэмэлтээр хийгдсэн шүүх эмнэлгийн шинжээчийн 991 дугаартай дүгнэлт, шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 1206 дугаартай шинжээчийн дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Талийгаач Г.Жаргалсайханы бие цогцост баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайд цус хуралт, зүүн ташаанд зулгаралт гэмтэл учирчээ. Хавтаст хэрэгт авагдсан 14043 дугаартай өвчний түүхэнд зүүн гарын бугалага доод 1/3 хэсгээр хөндлөн хугарсан, баруун хөлний шилбэ болон тахилзуур яс хөндлөн зөрүүтэй хугарсан, хугарлын түвшинд ил шархтай, хаван хавдартай. Онош хэсэгт ...зүүн атгаал ясны ил хугарал, баруун шилбэний ил хугарал гэж тэмдэглэгдсэн байна. 2016 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн рентген зургуудад зүүн атгаал ясны доод хэсэгт, баруун шаант яс, тахилзуур ясны дээд хэсэгт хугаралтай байна. Талийгаач Г.Жаргалсайханд учирсан баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал гэмтэл нь уушигны судсанд өөхөн бөглөөдөс үүсгэж үхэлд хүргэсэн байх ба уг үхлийн шалтгаан эд эсийн шинжилгээгээр бүрэн батлагдаж байна. Талийгаач нь судас хатуурал, тархины цус харвалтын дараах тархины эдийн голомтлог зөөлрөл, зүрхний булчингийн эмгэгшил бүхий архаг өвчтэй байгаа нь үхэлд нөлөөлөөгүй байна...” гэсэн 468 дугаартай шинжээчийн дүгнэлт /2-р хх-177-181/,

 

Шүүх сэтгэц эмгэг судлалын “...Б.Тэрбиш нь сэтгэцийн ямар нэг эмгэггүй байна. Б.Тэрбишийн удамд сэтгэцийн эмгэгтэй хүн байдаг гэх мэдээлэл алга байна. Б.Тэрбиш нь хэрэг үйлдэх үедээ өөрийн үйлдлийг ухамсарлан ойлгож байсан байна. Б.Тэрбиш нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай. Б.Тэрбишт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй, хэрэг үйлдэгдэх үед сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчидсан байх боломжтой байна...” гэсэн 614 дугаартай шинжээчийн дүгнэлт /1-р хх-193-195/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-6-9, 10-13, 14-15/, цогцосны гадна үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-16, 17-18, 19-21/, талийгаачийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүх /1-р хх-108-131/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-180/ зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан баримтуудад дүгнэлт хийхэд ялтан Б.Тэрбиш нь “чи миний гар утсыг авсан байна” гэх шалтгаанаар төмрийг зэвсгийн чанартай хэрэглэн зодож, бие махбодид нь “баруун шилбэний шаант, тахилзуур ясны ил хугарал, зүүн атгаал ясны ил хугарал, баруун бугалга, зүүн шилбэний няцарсан шарх, хамар, хацарт зулгаралт, тавхайн цус хуралт, зүүн ташаанд зулгаралт” бүхий олон тооны шарх, гэмтэл үүсгэн онц харгис хэрцгий аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж зодож санаатай алсан үйл баримт тогтоогдож байна.

          Ялтан Б.Тэрбишт холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан “танхайн сэдэлтээр” гэх хүндрүүлэх бүрэлдэхүүний шинж нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд тусгагдаагүй, гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд хамаарахгүй болсон байна.

          Иймд ялтан Б.Тэрбишийн дээрх үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд заасан “онц харгис хэрцгийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан” гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ялтан Б.Тэрбишийн үйлдлийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчилж, 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй.

          Түүнчлэн шүүгдэгч Б.Тэрбишийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хувийн байдлыг харгалзан хорих ял эдлэх дэглэмийг Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар “нээлттэй” хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

          Ялтан Б.Тэрбиш “...ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...”, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг “...талийгаач Г.Жаргалсайханы хууль бус үйлдлээс болж санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан. Иймд ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлууд гаргасан байна. Гэмт хэрэг гарах болсон нөхцөл байдал, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Б.Тэрбишийн санаа сэтгэл нь гэнэт хүчтэй цочрон давчидсан, амь хохирогч хүнд гэмтлийн улмаас амь насаа алдсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.  

          Ялтан Б.Тэрбишийн үйлдлийн улмаас хохирогчийн биед олон тооны шарх гэмтэл үүссэн, улмаар “уушигны судас өөхөн бөглөөдөсөөр бөглөрсөнөөс” болж нас барсан ба энэ гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн байна.

          Иймд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолд зохих өөрчлөлтүүд оруулж, ялтан Б.Тэрбиш, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 210 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:

- 1 дахь заалтын “Боржигон овогт Балжиннямын Тэрбишийг танхайн сэдэлтээр, онц харгис хэрцгийн аргаар, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй байгааг мэдсээр байж хүнийг санаатай алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэснийг “Боржигон овогт Балжиннямын Тэрбишийг онц харгис хэргийгээр, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр байж хүнийг алсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.” гэж,

- 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12, 91.2.15 дахь заалтад тус тус зааснаар шүүгдэгч Б.Тэрбишийг 16 /арван зургаан/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.7 дахь хэсэгт тус тус зааснаар 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

- 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэт заасныг журамлан, мөн хуулийн 52.5 дахь хэсэгт зааснаар Б.Тэрбишт оногдуулсан 16 /арван зургаан/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.” гэснийг “Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар Б.Тэрбишт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалт, хэсгийг хэвээр үлдээж, ялтан Б.Тэрбиш, түүний өмгөөлөгч Ц.Раашзэвэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧИД                                                     Б.ЗОРИГ

                                                                                              Ш.БАТ-ЭРДЭНЭ