| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Намсумын Идэр |
| Хэргийн индекс | 166/2019/0431/Э |
| Дугаар | 438 |
| Огноо | 2019-12-03 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 03 өдөр
Дугаар 438
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгч Н.Э/өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Дархан-Уул аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Н-н Э-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918002840489 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 3-ны өдөр хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б овогт Н-н Э-т, /РД:.../, 1990 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хамтран амьдрагчийн хамт ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай,
Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:
Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хорооллын 72 дугаар гудамжны 19 тоот хашаанаас иргэн Ч.Нарантуяагийн эзэмшлийн “Тоёота ланд круйзер 80” маркийн автомашины дугуй 2 ширхэг, 4 метрийн урттай трубо 2 ширхэг, 3 метрийн урттай угольник төмөр 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Э мэдүүлэхдээ: “...Эхлээд мод авах уу гээд Дарханцэцэг гэдэг хүн ирсэн. Намайг ажилуулдаг хүн цуг яваад 150.000
D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\17.1\Erdenebaatar-17.1-1.docx
төгрөгөөр зарна гээд байгаа модыг үзээд ир гээд явуулсан. Модыг нь үзээд авахаар болсон. Гэтэл нөгөө хүн мод ачих машин олохоор яваад ирээгүй. Гэтэл таксины жолооч надаас 5000 төгрөг нэхээд байсан учир миний уур хүрсэн. Би хашаанд нь очсон боловч мод зарах хүн байгаагүй. Хохирогчийн хашааны хаалга онгорхой, хашаан дотор нь 2 ширхэг турба, уголник, машины 2 ширхэг дугуй байсныг нь орой гэрээс усны тэрэг авч ирээд аваад явсан. Машины дугуйг гэрийн 2 талд дүүжлэх зорилгоор 4 метр турбо, 3 метр уголникийг хашааны хаалга хийх зорилгоор авсан. Тэгээд авсан эд зүйлээ Сугарсүрэн гэдэг айлын хашаанд түр харж байгаач гээд тавьсан байсан. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч байна.” гэв.
Хоёр.Эрүүгийн 1918002840489 дугаартай хэргээс:
-Хэргийн газрын үзлэг хийсэн “...Хэрэг учрал болсон гэх газар нь Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хороолол 72-19 тоот хашаа байв. Уг хашааны хаалгаар ороход хашааны зүүн хойд талд 15х8 хэмжээтэй ногоон өнгийн улаан дээвэртэй орон сууц байв.
...тээврийн хэрэгслийн дугуй байсан газрыг хохирогчоор заалгаж гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг цааш үргэлжлүүлж уг торон хашааны ертөнцийн зүгээр баруун талд 2 метрийн урттай бөөрөнхий моднууд өрсөн байх ба уг модны урд талд торон хашаа дагуу шонгийн төмрүүд байсан гэх газрыг шинжээч гэрэл зургаар бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],
-Хулгайд алдагдсан эд хөрөнгө хураан авсан, хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл[2],
-Хохирогч Ч.Н-н мөрдөн байцаалтад 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлсэн: “...Манай хашаанаас 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Ланд круйзер 80 маркийн машины дугуй 2 ширхэг, төмөр шон 2 ширхэг, 2 ширхэг угольник төмөр төмөр алдагдсан юм. Тухайн үед би Улаанбаатар хотод байсан. Миний нөхөр Д гэртээ байсан. Нөхөр бид хоёрт мөнгөний хэрэг гараад хашаандаа байсан модыг зарж мөнгө болгох талаар өмнө нь ярилцаж байсан юм. Тэгээд 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр миний нөхөр над руу залгаад хашаан дотор байгаа модоо зарчих уу? “Гэгээ” хүнсний дэлгүүрийн урд талын мод зардаг хүнд модоо зарахаар ярилаа. Гэртээ очиж үзүүлэхээс гэж байсан. Тэгээд манай нөхрийн утас холбогдохгүй болчихсон юм. Гэтэл маргааш өглөө нь манай хөрш айлын Түмээ миний гар утас руу залгаад танай хашаанаас юм алга болсон байна гэж хэлсэн. Ингээд би цагдаагийн байгууллагад хандсан юм.” гэх мэдүүлэг[3],
-Гэрч Ж.С-ийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 10 дугаар сарын 8-ны өдөр мэдүүлсэн: “...2019 оны 4 дүгээр сард 4 дүгээр гудамжинд амьдардаг Шоовко гэдэг залуу манай гэрийн гадаа тэргэн дээр дөрвөн ширхэг төмөр, дугуй тавьчихсан ирээд хашаанд чинь оруулчхаад ганц хоёр хоноод авчихъя гэж хэлсэн. Тухайн үед хашаагаа янзалж байгаа гэж ярьж байсан. Тэгээд би мартчихсан байсан чинь саяхан байгааг нь мэдсэн.” гэх мэдүүлэг[4],
-Гэрч О.Д-ийн мөрдөн байцаалтын шатанд 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр мэдүүлсэн: “...Би 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр гэрээсээ гараад Дархан сумын 6 дугаар баг Баяндаваад байдаг “Гэгээ” хүнсний дэлгүүрийн хажуу талын мод зардаг контейнер дээр очиж 40 гаруй насны нэг эмэгтэй хүнтэй уулзсан. Би тэр эмэгтэйгээс түлээний мод авах уу гэхэд хажуудаа байсан нэг залууг хамт очоод үзээд ир гэж хэлээд явуулсан. Би тэр залуутай хамт Хөтөл хороололд хашаандаа очиж модоо үзүүлсэн. Тэгээд би тэр залуутай гэрт орж цай уугаад гарсан. Тэгээд буцаад нөгөө эмэгтэй дээр очсон чинь “за худалдаж авъя” гээд нөгөө залуутай нэг айл руу Портер машин авах гээд явсан. Тэгээд Портер машинтай айлд ирэхэд жолооч нь машиныхаа нумаа сольж байсан. Тэгэхээр нь би нумаа сольтол чинь би явж байгаад ирье гэж хэлээд явсан. Тэгээд хүнсний арын толгой дээр хэсэг унтаж байгаад 18 цагийн үед гэр лүүгээ алхаж явсан. Би гэртээ ороод шууд унтсан. Тэгээд өглөө 06 цагийн үед сэрээд хашаандаа иртэл манай хашаан дотор байсан 2 ширхэг төмөр трубо, 2 ширхэг Ланд круйзер 80 маркийн машины дугуй алга болсон байсан.” гэх мэдүүлэг[5],
-Эд хөрөнгийн үнэлгээ хийсэн шинжээчийн 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “...иргэн О.Д-ийн эзэмшлийн “Тоёота ланд круйзер 80” маркийн автомашины дугуй 2 ширхэг, 4 метрийн урттай трубо 2 ширхэг, 3 метрийн урттай угольник төмөр 2 ширхэг зэрэг эд зүйл алдагдсан тул зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг тогтоож, шинжээчийн дүгнэлт бэлтгэж хүргүүлэв. Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн байдлаар 750.000 /долоон зуун тавин мянган/ төгрөг байна.” гэх шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт[6],
-Яллагдагч Н.Э-ын мөрдөн байцаалтад 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн: “...Манай Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн 4-51 тоотод байх хашааны том хаалга байхгүй учраас Дархан сумын Малчин баг 72-19 тоот айлаас 2 ширхэг угольник төмөр, 2 ширхэг төмөр шон, 2 ширхэг машины дугуй авсан. Хулгайлсан эд зүйлээ Дархан сумын 5 дугаар баг Хүнсчдийн гудамжинд байх танил С-ийн гэрт үлдээсэн. Би хулгайлсан эд зүйлээ хохирогчид буцааж өгсөн.” гэх мэдүүлэг[7],
-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас[8],
-Шүүгдэгчийн хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[9] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Н.Э-ын гэм буруутай эсэх асуудлыг хянан шийдвэрлэв.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, шүүгдэгчийг яллагдагчаар, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Шүүгдэгч Н.Э-ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1.Гэм буруугийн талаар.
Шүүгдэгч Н.Э нь 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг Хөтөл хорооллын 72 дугаар гудамжны 19 тоот хашаанаас иргэн Ч.Нарантуяагийн эзэмшлийн “Тоёота ланд круйзер 80” маркийн автомашины дугуй 2 ширхэг, 4 метрийн урттай трубо 2 ширхэг, 3 метрийн урттай угольник төмөр 2 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 750.000 төгрөгийн буюу бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хулгайд алдагдсан эд хөрөнгийг хураан авч хохирогчид хүлээлгэн өгсөн тэмдэглэл, эд хөрөнгийн үнэлгээ, хохирогч Ч.Н, гэрч Ж.С, О.Д нарын болон шүүгдэгч Н.Э-ын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Н.Э нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.
Шүүгдэгч Н.Э нь өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Шүүхээс шүүгдэгч Н.Э-ыг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ[10] бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд шүүгдэгч Н.Э-н шунахай сэдэлт, амар хялбар аргаар орлого олох гэсэн зорилго нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Н.Эрдэнэбаатарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул улсын яллагчийн гаргасан саналыг хүлээн авч, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Э нь хулгайлсан эд хөрөнгийг хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл[11], хохирогчийн хүсэлт[12] зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан шүүгдэгч Н.Э-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх саналтай байна гэв.
Шүүхээс шүүгдэгч Н.Э-т эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Н.Э нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.
Шүүгдэгч Н.Э нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Н.Э-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Н-н Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э-т өдөрт дөрвөөс дээшгүй цагаар, 240 /хоёр зуун дөчин/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, ялыг Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт эдлүүлсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Э нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Н.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.ИДЭР
[1] Хавтаст хэргийн 11-15 тал
[2] Хавтаст хэргийн 18, 19 тал
[3] Хавтаст хэргийн 21-22 тал
[4] Хавтаст хэргийн 27 тал
[5] Хавтаст хэргийн 29-30 тал
[6] Хавтаст хэргийн 35-36 тал
[7] Хавтаст хэргийн 42-43 тал
[8] Хавтаст хэргийн 41 тал
[9] Хавтаст хэргийн 46-52 тал
[10] Хавтаст хэргийн 86 тал
[11] Хавтат хэргийн 19 тал
[12] Хавтаст хэргийн 72 тал