Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 10 өдөр

Дугаар 455

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч В.Д /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Г овогт В-ы Д-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918007770524 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Г овогт В-ы Д  /РД:.../ 1978 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 41 настай, эмэгтэй, дээд боловсролтой, олон улсын худалдааны менежмент мэргэжилтэй, “Модерн номадс” ресторанд менежер ажилтай, ам бүл 4, аав, 2 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч В.Д нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах “Модерн номадс” ресторанд менежерээр ажиллаж байхдаа зөөгч О.А тай ажлын шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь умдаг, зүүн гуяд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч В.Д мэдүүлэхдээ “Мөрдөн байцаалтад мэдүүлгээ өгсөн тул дахин мэдүүлэг өгөхгүй. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

 

D:\GOOMARAL\2019 Goomaral\Sh.Ts togtool\11.6\Davaasuren- 11.6-1.docx

Эрүүгийн 1918007770524 дугаартай хэргээс:

 

-Хохирогч О.А-ын мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...Манай менежер В.Д намайг захиалга буруу авсан байна энэ хуушуурны мөнгийг цалингаас нь суутгана гэж хэлсэн, тэгэхээр нь би уурлаад тэгээ тэг тэгж л байхгүй юу гэж хэлээд В.Д эгч бид хоёр маргасан юм. Ингээд би орой 22 цагийн орчим би ажлаа дуусахад В.Д эгч намайг өрийн тооцоон дээр гарын үсгээ зур гэж хэлэхээр нь би бармен та хоёр гарын үсэг зуруулахгүй хүний цалин хасдаг л юм байна лээ шүү дээ гэж хэлчхээд би гарын үсэг зуралгүй доошоо хувцасны өрөөнд хувцсаа сольж байхад В.Д эгч орж ирээд бид хоёр хэрүүл хийсэн тэгсэн чинь миний хоолойг багалзуурдаад миний хүзүүг маажсан тэгэхэд араас В.Д эгчийн найз залуу Тээгий орж ирээд салгасан. В.Д эгч миний умдаг /эмзэг эрхтэн/ руу 2-3 удаа өшиглөсөн тэгэхээр нь Тээгийгийн хажуугаар гарах гэхэд В.Д эгч намайг үстээд авсан тэгэхээр нь би В.Дгийн хэвлий хэсэг рүү нэг удаа өшиглөж тавиулаад гараад зугтаасан юм.” гэх мэдүүлэг[1],

 

-Гэрч Б.Анхбатын мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр мэдүүлсэн “...2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр би “Модерн номадс”-д В.Дтэй уулзах гээд 22 цагийн орчим очсон. Тэгсэн В.Д суутгал дээр гарын үсгээ зур гэж О.Ад хэлсэн. О.А би гарын үсэг зурахгүй, зурж чадахгүй, Нанзаддорж та хоёр угаасаа нийлээд суутгал хийдэг биз дээ муу авгай минь гэж хэлээд цаашаа яваад орсон. В.Д араас нь ороод тэр хоёр хэрүүл хийгээд байхаар нь би араас нь орсон чинь О.А В.Дг хэлэх хэлэхгүй үгээр хэлээд байхаар нь би О.Ад чи уучлал гуйгаач дээ гэж хэлсэн. Тэгсэн О.А би уучлал гуйхгүй, чадахгүй гэсэн. В.Д О.Аын хөл рүү өшиглөх шиг болсон. Тэгээд О.А гараад зугтах гэхэд В.Д чи хаачих гээд байгаа юм гээд үснээс нь татсан.” гэх мэдүүлэг[2],

 

            -Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...О.Аын биед умдаг, зүүн гуяд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 936 дугаартай дүгнэлт[3],

           

            -Яллагдагч В.Д-гийн мөрдөн байцаалтад үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн “...Би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр манай зөөгч О.А нь үйлчлүүлэгчийн захиалгыг буруу авснаас болж хоолны гологдол гарсан. Уг гологдлын тооцоог О.А дээр бичнэ, цалингаас нь суутгана гэснээс болж бид хоёр маргалдсан. Ингээд би уур хүрээд О.Аын толгой руу 2 удаа чичсэн. Тэгэхэд О.А намайг зайл гээд цээж рүү түлхсэн. Миний уур хүрээд О.Аын зүүн хөл рүү хоёр удаа өшиглөсөн юм. Хохирогч О.Аын биед үүссэн гэмтлийг би учруулсан.” гэх мэдүүлэг[4],

 

-Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[5] зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч В.Д-гийн холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч В.Д нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах “Модерн номадс” ресторанд менежерээр ажиллаж байхдаа зөөгч О.Атай ажлын шаардлага биелүүлээгүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар зодож эрүүл мэндэд нь умдаг, зүүн гуяд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч О.Аын шүүгдэгчид зодуулж гэмтсэн талаарх мэдүүлэг, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлт, хохирогчийг шүүгдэгчид зодуулахыг харсан гэрч Б.Анхбатын мэдүүлэг, шүүгдэгч В.Д-гийн хохирогчийг зодсон үйлдлээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч В.Д нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүхээс шүүгдэгч В.Д-г өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ[6] бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч О.А-ын эрүүл мэндэд учирсан умдаг, зүүн гуяд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч В.Дд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Хохирогч О.А нь мөрдөн байцаалтад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй  гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Дд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох саналтай байна гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч В.Д нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

 

Шүүгдэгч В.Д-гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч В.Д-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, ялыг 5 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч В.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Г овогт В-ы Д-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч В.Д-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч В.Д-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 5 /таван/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 100.000 /нэг зуун мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч В.Д нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч В.Д нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.ИДЭР               

 


[1] Хавтаст хэргийн 7-8  тал

[2] Хавтаст хэргийн 15  тал

[3] Хавтаст хэргийн 18-19 тал

[4] Хавтаст хэргийн 27 тал

[5] Хавтаст хэргийн 28-32, 34-35 тал

[6] Хавтаст хэргийн 51 тал