Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 465

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ө.Өлзиймаа нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт Б-ийн Г-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1918000000537 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчдийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, Б овогт Б-ийн Г-, /РД:.../, 1979 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, “******* ” ХХК-д гагнуурчин ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт ... тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял, шийтгэлгүй,

 

Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн агуулга:

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг******* гэртээ өөрийг нь доромжилсон гэх шалтгааны улмаас иргэн Н.*******ыг хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн талын шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ “2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр цалин буугаад ажлынхаа хүмүүстэй караоке орж архи ууж дуулсан. Тэгээд гараад манай гэрт ирж архи уусан. Тухайн үед Н.Н намайг доромжлоод байхаар нь би түүнтэй маргалдаад хутгаар хатгасан байсан. Нэг мэдэхэд Н.Н миний дээр сууж байсан ба түүний цээжнээс цус гарч байсан. Тэгээд түргэн дуудаж эмнэлэгт хүргэсэн. Хохиролд 1.000.000 төгрөг төлсөн. Буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна.” гэв.

 

Эрүүгийн 1918000000537 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн “Хэрэг болсон гэх газар нь Дархан сумын 3 дугаар баг******* хашаа байх бөгөөд  уг хашааны хаалга нь онгорхой, хашаа руу ороход цагаан өнгийн бүрээстэй Монгол гэр, ногоон дээвэртэй нэг давхар байшин байв. Үзлэгийг уг байшинд хэсэгчлэн явуулахаар тогтов. Байшингийн үүдний хэсэгт бор өнгийн модон тавилгатай гал тогооны хэсэг байх бөгөөд уг гал тогооны тавилга дээр хар өнгийн гэртэй, шар өнгийн бариултай хутга байсныг хэрэгт ач холбогдолтой гэж үзэж эд мөрийн баримтаар хураан авав. Уг хутга байсан гэх газрыг “Б” дугаар тавьж гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгийг том өрөөнд хийхэд өрөөний гол хэсэгт шалан дээр цус мэт хүрэн улаан өнгийн зүйлээр бохирлогдсон байсныг “А” үсэг тавьж гэрэл зургаар бэхжүүлэв. Үзлэгээр 11 кадр зураг авч бэхжүүлэв.” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд[1],

 

Б.Гын хохирогчийг хутгалсан гэх хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол[2],

 

Хохирогч Э.Н-ын мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр мэдүүлсэн “2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ажлаас буугаад цуг ээлжид гарсан ажлынхантайгаа “Өсөх” караокед орж архи ууцгаасан бөгөөд тэнд 2 цаг болоод тарсан. Б.Г нэлээн согтуу байхаар нь Б бид хоёр хүргэж өгсөн. Замаараа дэлгүүрээс 2 шил 0.75 грамм Хараа архи аваад Б.Г-н гэрт орж авсан архиа уусан юм. Архи ууж байхдаа би*******г хүүхэлдэйн киноны баатрын нэр “Пат” гэж нэрээр дуудсан чинь Б.Г уурлаад бид хоёр маргалдаж би*******г барьж аваад мушгиж дороо оруулаад дээрээс нь дараад хэвтсэн чинь Б.Г гартаа хутга бариад миний цээжний зүүн хэсэг рүү нэг удаа хатгасан тэгэхэд  миний цээжний зүүн хэсгээс цус гарч эхэлсэн. Яг энэ үед******* гаднаас орж ирээд буцаад түргэн дуудъя гэж хэлээд гараад явсан, удалгүй эмнэлэг цагдаа ирсэн. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг[3],

 

Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр мэдүүлсэн “Б.Г гэрт архи ууж байхдаа Н.НГантулгыг хүүхэлдэйн киноны “Мат”, “Пат” хоёрын нэг болох “Пат” гэж нэрээр хочлоод байсан. Б.Г “Пат” гэж намайг доромжиллоо гээд Н.Н луу уурлаад байсан юм. Ингээд би 00 орж бие засаад буцаад Б.Г гэрт ороход Н.Н дээр нь Б.Г доор нь орсон газар хэвтэж байсан бөгөөд *******ын цээжний зүүн талаас их цус гарсан байдалтай байсан. Тэгэхээр нь би хүүе юу болж байгаа юм бэ гэж асуухад Н.Ннадад энэ Б.Г намайг хутгаар шаачихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би айгаад гарч гүйгээд гудамжинд явж байсан хүний утсаар 103 луу залгаж дуудлага өгөөд буцаад*******н гэрт ороод удалгүй эмнэлэг цагдаа ирсэн.” гэх мэдүүлэг[4],

 

Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн “...Н.Н-ын биед цээжний зүүн хэсгийн шарх тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй багажийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Уг гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Н.*******ын биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 970 дугаартай дүгнэлт[5],

 

Яллагдагч Б.Г-ын мөрдөн байцаалтад 2019 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мэдүүлсэн “...Тухайн үед Н.Н намайг хүүхэлдэйн киноны баатар болох “Пат” гэж дуудаад байсан. Би тэр үйлдэлд их дургүйцсэн. Тэгээд Н.Н намайг газар унагаагаад миний дээр гараад суусан би доор нь газар шалан дээр дээшээ хараад байж байсан бөгөөд ширээн дээр байсан хутга бид хоёрыг ноцолдож байхад унаад ирэхээр нь би аваад *******ын цээжний зүүн тал руу нэг удаа хатгасан юм. Тэгэхэд *******ын зүүн суганы доод хэсгээс цус гарч эхэлсэн.******* ах гаднаас орж ирээд чи хүн хутгалчихлаа шүү дээ гэж хэлж байсан. Тэгээд би ухаан ороод цамцаараа Н.Н-ын шархан дээр дарсан.******* ах гэрээс гараад эмнэлэгт дуудлага өгөөд буцаад гэрт ирсэн.” гэх мэдүүлэг[6],

 

Шүүгдэгчийн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, хувийн байдлын талаарх бусад бичиг баримтууд[7] зэрэг нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь  хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулж бэхжүүлсэн, хохирогч, гэрч, яллагдагчаас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Б.Г-ын холбогдсон гэмт хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.Г нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг******* гэртээ өөрийг нь доромжилсон гэх шалтгааны улмаас иргэн Н.*******ыг хутгалж эрүүл мэндэд нь цээжний зүүн талын шарх бүхий хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримтууд зэрэг нотлох баримтаар нотлогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах гэсэн дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ө.Ө нар нь хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Гэмтлийн “хөнгөн” зэрэгт хүнд ба хүндэвтэр зэргийн гэмтлийн шинж агуулаагүй гэмтэл хамаарах бөгөөд хохирогч Н.Н-ын эрүүл мэндэд учирсан цээжний зүүн талын шарх бүхий хөнгөн хохирол нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр  хугацаагаар сарниулсан хөнгөн гэмтлийн шалгуур шинжийг хангаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөд шүүгдэгч Б.Гд холбогдох хэргийн зүйлчлэл зөв, түүний үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангасан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах тухай улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтаас дүгнэхэд хохирогч, шүүгдэгчийн ахуйн хүрээнд согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нь гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.

Шүүгдэгч Б.Г нь гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 1.000.000 төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч Н.Ннь мөрдөн байцаалтад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийн гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, нийгмийн аюулын шинж чанар зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гд 1.350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 төгрөгөөр торгох саналтай байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Ө “Б.Г-ын гэм буруугаа хүлээн мэдүүлсэн, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид эмнэлгийн тусламж үзүүлсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгасан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэж 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү.” гэв.

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч Б.Г-ын тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүхээс шүүгдэгч Б.Г-д эрүүгийн хариуцлага буюу ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Г-н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, 2 сарын хугацаанд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

                        ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Г-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Б.Г-д 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 250.000 /хоёр зуун тавин мянган/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг  мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч Б.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн гэртэй, бор өнгийн иштэй 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Г-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Н.ИДЭР

 


[1] Хавтаст хэргийн 2-5 тал

[2] Хавтаст хэргийн 7 тал

[3] Хавтаст хэргийн 9-10  тал

[4] Хавтаст хэргийн 13-14  тал

[5] Хавтаст хэргийн 16-17 тал

[6] Хавтаст хэргийн 26-27 тал

[7] Хавтаст хэргийн 28-36, 38-46 тал