Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 401

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч С.Н  /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Н-т  холбогдох эрүүгийн 1918006810456 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, С.Н 1997 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, 2 дүүгийн хамт Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 4 дүгээр багийн “Жаргалант” гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч С.Н  нь 2019 оны 09 дүгээр сарын 23-наас 09 дүгээр сарын 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн дотуур байрны 204 тоот өрөөнд Э.Б-ын ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргийн шинэ цооролт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч С.Н ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...би согтууруулах ундаа уусан байсан, би хохирогчийн 3-4 удаа алгадсан.

...хохиролд 200000 төгрөг төлсөн. Нэхэмжлэх зүйл байгаа гэж байх шиг байна лээ. Уучлалт хүсэж байна, миний буруу.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт хохирогч Э.Б-ын аас гаргасан өргөдөл /хэргийн 3/,

 

-Хохирогч Э.Б-ын ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны шөнийн 03 цагийн орчим би дотуур байранд өрөөндөө унтаж байсан чинь гаднаас 1 дүгээр курсын нэрийг мэдэхгүй, дотуур байранд байдаг залуу орж ирээд намайг сэрээгээд “Батдэлгэр ах дуудаж байна” гэхээр нь би босоод “намайг дуудсан юм уу?” гэсэн чинь “өрөөнийхөнтэйгөө хүрээд ир гэсэн” гэхээр нь за гээд 204 номерт орсон чинь Санжмятав, Батдэлгэр ах 2 нэг танихгүй ахтай хамт согтуу байж байсан. Тэр ахыг сүүлд нь Нямбаяр гэдэг гэж мэдсэн. Тэгээд би нойрмоглоод тэр танихгүй ахыг “сайн уу? Ах” гэсэн чинь “сайн сайн” гэснээ “муухай хараад байна уу? чи” гээд намайг 2 гараараа хацар руу хэд хэдэн удаа алгадсан. Тэгсэн чинь Санжмятав ах босож ирээд “боль” гээд салгаад “чи дүүг яагаад цохиод байгаа юм бэ? болиоч” гэсэн чинь “одоо би наад дүүг чинь яах ч үгүй, наашаа хүрээд ир.” гэхээр нь би очсон чинь “дүү их пээдгэр байнаа” гээд дахиад миний 2 хацар, чих рүү алгадсан чинь зүүн талын чих юм сонсохгүй болоод дүнгэнээд явчихаар нь чихээ ухаад байж байсан чинь манай өрөөний Магсаржав, Баяр-Эрдэнэ 2 ороод ирсэн. Тэгсэн чинь байрны хамгаалагч багш ирээд “юу болоод байгаа юм бэ гарцгаа” гээд би өрөө рүүгээ орсон.

...би гомдолтой байна. “Бид” эмнэлэгт үзүүлсэн чинь хэнгэрэг нөхөхөд 550000 төгрөг болно гэсэн. Тэр мөнгийг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 5/,

 

-Гэрч М.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 22 цагийн орчимд манай 10 жилийн найз Нямбаяр Дарханд ирчихсэн байна гээд Нямбаяр, Батдэлгэр бид 3 нийлээд 2.5 литртэй пиво хоёрыг хувааж уугаад дахиад 2.5 литртэй пиво хоёрыг аваад дотуур байр руу очсон. Тэр үед 03 цагийн орчим байсан байх. Дотуур байр хаалгаа барьсан байсан болохоор 204 номерын өрөөний цонхоор орсон. Тэнд ороод авсан пивоо Нямбаяр, Батдэлгэр бид 3 хувааж уусан. Тэгээд нэг мэдсэн чинь Батням ирчихсэн байсан. Тэгсэн чинь Батнямыг Нямбаяр алгадаад байхаар нь би болиоч гээд салгаад байж байсан чинь байрны хамгаалагч, байрны багш ирсэн. Тэгээд бид нар өрөөндөө ороод амарсан.” гэх мэдүүлэг /хэргийн 7/,

 

-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 16 цагийн орчим Нямбаяр залгаад “Дарханд ирчихсэн байна, айраг зарах гээд ирсэн.” гэхээр нь Санжмятав бид 2 очиж уулзаад орой нь уулзахаар болсон. Тэгээд орой нь 23 цагийн орчимд Санжмятав бид 2 Нямбаяртай уулзаад 2.5 литртэй 3 пиво аваад Эмэгтэйчүүдийн ордны хажууд дотуур байранд очсон чинь хаалгаа барьсан байхаар нь 204 номерын өрөөний цонхоор ороод байж байхад Батням ирсэн чинь Нямбаяр согтуурхаад Батнямыг 2-3 удаа алгадсан. Тэгсэн чинь байрны хамгаалагч, багш 2 ирээд бид нар гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,

 

-Гэрч Д.Д-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цагийн орчим би ажлаа хүлээж аваад үүргээ хэвийн гүйцэтгэж байсан. Шөнө 2 цагийн орчим байранд байдаг Санжаа, байранд байж байгаад гарсан Батдэлгэр 2 нэг залуутай согтуу ирж байхыг би цонхоор харсан. Тэр 3 ирээд хаалга нүдээд байхаар нь би хаалгаа тайлахгүй байсан чинь Санжаа над руу залгаад “хаалгаа” гэхээр нь би “та нар согтуу байна, хаалга онгойлохгүй.” гэсэн чинь яваад өгөх шиг болсон. Тэгээд би 04 цагийн орчимд 2 давхрыг шалгаад явж байсан чинь 204 номерын өрөөнд хүн шуугилдаад байхаар нь очсон чинь Санжаа, Батдэлгэр нөгөө танихгүй залуу 3, бас 2 дугаар курсын Батням нэг хүүхэдтэй зогсож байхаар нь би Санжаа, Батдэлгэр, нөгөө залуу гурвыг хөөж гаргаад явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,

 

-Гэрч С.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би дотуур байрыг хариуцаж ажлын 8 цагаар ажилладаг. Тэгээд хүүхдүүдийн төрсөн өдөр болсон ч юм уу янз бүрийн хөдөлгөөн ихтэй үед би өөрөө хариуцдаг. Дотуур байранд болсон асуудлыг бүрэн хариуцдаг. 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 08 цагт ажилдаа очсон. Тэгээд орой 00-02 цагийн орчимд эргэж тойрч байгаад байрандаа унтаж байсан чинь 03 цагийн орчим хамгаалагч “204 номерын өрөөний цонхоор хүүхэд орж ирсэн байна.” гэхээр нь гарч ирсэн чинь Батдэлгэр, Санжмятав тэгээд 20 гаран насны бор залуу гурвыг буулгаад ирсэн. Тэгээд тэр гурвыг гаргаад явуулсан. Тухайн үед Батнямыг тэр 20 гаран насны залуу алгадсан гэж хэлсэн. Би маргааш нь Батнямыг эмнэлэгт үзүүл гээд явуулсан.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

 

-“...Э.Б-ын ын зүүн чихний гадна суваг цэвэр, зүүн хэнгэрэг 12 цагийн байрлалд 3:4мм хэмжээтэй шинэ цоорхой, зах ирмэгээр нь цус хурсан, улаан үрэвсэлтэй.” гэх нүүр амны их эмч Б.Баярсайханы тодорхойлолт /хэргийн 13/,

- “...Э.Б-ын : Онош: гэмтлийн гаралтай хэнгэргийн шинэ цоорхой. Хагалгааны төлбөр 550000. Эмнэлэгт 5-7 хоног хэвтэж эмчлүүлнэ.” гэх “Дархан Бид” эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 14/,

 

-“Э.Б-ын ын биед зүүн чихний хэнгэргийн шинэ цоорол гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 835 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16-17/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч С.Н  нь 2019 оны 09 дүгээр сарын 23-наас 09 дүгээр са 24-нд шилжих шөнө Дархан-Уул аймгийн Дархан сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн дотуур байрны 204 тоот өрөөнд Э.Б-ын ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргийн шинэ цоорол” бүхий хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 835 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 16-17/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч С.Н ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ын ын эрүүл мэндэд “зүүн чихний хэнгэргийн шинэ цоорол” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Э.Б нь мөрдөн байцаалтын шатанд “ ...би гомдолтой байна. “Бид” эмнэлэгт үзүүлсэн чинь хэнгэрэг нөхөхөд 550000 төгрөг болно гэсэн, тэр мөнгийг нэхэмжилнэ.” гэж мэдүүлжээ. /хэргийн 5/

 

“Дархан бид” эмнэлэг нь гэмтлийн гаралтай хэнгэргийн шинэ цоорхойг эмчлэхэд хагалгаа, эмчилгээний төлбөр 550000 төгрөг, эмнэлэгт 5-7 хоног хэвтэж эмчлүүлнэ” гэх тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 14/ боловч энэ нь хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг эмчлэхэд зайлшгүй шаардлагатай гарах зардал гэдгийг нотлох баримт биш юм.

Учир нь хагалгаа, эмчилгээг хэзээ хийлгэх, хохирогчийн биеийн эрүүл мэндийн байдал зэргээс шалтгаалж, эмчилгээний төлбөрт хэдэн төгрөгийн зардал гарахыг урьдчилан тооцох боломжгүй. Иймд хохирогч нь хагалгаа, эмчилгээгээ хийлгэсний дараа хэдэн төгрөгийн бодит зардал гарсан талаар холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч С.Н  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Н  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.Н т анхааруулж шийдвэрлэлээ.

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч С.Н-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч С.Н-т  500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч С.Н т оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч С.Н-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч С.Н т анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Н-т хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ