| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0398/Э |
| Дугаар | 407 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Г.Уянга |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 407
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,
Шүүгдэгч Х.Г нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт Х.Г-т ад холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1918000000457 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Х.Г /РД: ТГ77122971/, 1977 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, эрэгтэй, 42 настай, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 11-04 тоотод оршин суух, урьд:
-Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзаж байсан.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйп хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Вагнер ази” компанийн урд Ж.Б-ыг ы эрх чөлөөнд халдаж, зүүн эгэмийг нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Х.Г-ын ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Эхнэр маань хиамны цехэд ажилд орсон бөгөөд 7 дугаар сараас эхлээд хааяа архи уугаад ирдэг болсон бөгөөд 9 дүгээр сард 6-7 удаа архи ууж ирсэн. Тэр өдөр таксины мөнгөгүй болчихоод эхнэр рүүгээ залгахад “бааранд байна.” гэж хэлэхээр нь очсон. Очоод эхнэрээ “гэр рүүгээ явъя” гэхэд хамт сууж байсан ажлынхан нь нэг нэгнээ өмөөрч байгаад явцгаасан. Тэгээд Батсайхан болон түүний эхнэр, манай эхнэр бид дөрөв үлдсэн. Батсайхан надад “манайхан байнга архи уудаггүй, би хамаатан нь байгаа юм.” гэж хэлсэн. Тэр үед Батсайханы эхнэр намайг загнаад байсан ба би тухайн үед дөрвөн хундага архи уугаад согтсон байсан.
... Санамсаргүй байдлаас болж хохирогчид хохирол учруулсан. Миний буруу, буруугаа ойлгож байна. Хохиролд 1 сая төгрөг төлсөн, хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 1/,
-Ж.Б-ыг аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 2/,
-Хохирогч Ж.Б-ыг ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цаг 20 минутын орчим ажлынхаа Ариунаа болон эхнэр Золжаргал нарын хамт хуучин Дарханы “Өүшин” бааранд сууж байхад гаднаас Ариунаагийн нөхөр Галбадрах орж ирээд Ариунаатай маргалдаад суулгахгүй болохоор нь Ариунаа, Золжаргал бид гурав баарнаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ буюу Хүнсний үйлдвэр рүү алхаад явж байхад Галбадрах араас ирээд дахиад хэрүүл маргаан үүсгээд эхнэртэйгээ маргалдаад Ариунааг өргөж аваад газар унагаасан юм. Тэгэхээр нь би “чи яаж байгаа юм бэ? эмэгтэй хүнийг” гэж асуусан чинь надтай маргалдаад намайг заамдсан. Би ч мөн адил заамдаад барилцаад авсан чинь манай эхнэр Золжаргал дундуур ороод салгасан. Тэгэхэд Х.Г цаашаа яваад гартаа хар өнгийн шахмал панерь мод барьж ирээд миний зүүн эгэм рүү нэг удаа цохисон. Тэгэхэд миний эгэм их хүчтэй өвдсөн, ингээд удалгүй Ариунаагийн аав машинтай ирж Ариунаа, манай эхнэр бид гурвыг аваад гэрт хүргэж өгсөн юм. Маргааш өглөө нь босоод хувцсаа өмсөх гэхэд миний зүүн гар даагдахгүй, эгэм орчмоор өвдөөд байхаар нь эмнэлэг дээр очоод үзүүлсэн чинь миний зүүн эгэм хугарсан байсан.
...би ажилгүй байсан цалин болон эмчилгээний зардлаа нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5/,
-Гэрч Ц.Золжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн орчим манай нөхөр Батсайхан, нөхрийн ажлын газрын Ариунаа бид 3 хуучин Дарханы “Өүшин” бааранд ороод пиво уугаад сууж байхад гаднаас Ариунаагийн нөхөр нь орж ирээд Ариунааг хэл амаар доромжлоод, Ариунаа нөхөртэйгөө маргалдаад байхаар нь Батсайхан, Ариунаа бид гурав баарнаас гараад ертөнцийн зүгээр зүүн тийшээ буюу хөдөө аж ахуйн техник зардаг компанийн хашааны урд явж байхад Ариунаагийн нөхөр нь араас гүйж ирээд дахин Ариунаатай маргалдаад Ариунааг өргөж аваад газар унагаасан. Тэгэхэд нь манай нөхөр Батсайхан Ариунаагийн нөхөрт хандаж “Чи эмэгтэй хүнийг яаж байгаа юм бэ?” гэхэд Ариунаагийн нөхөр “Чи юу гэнэ ээ” гээд манай нөхөр Батсайханыг заамдаад бариад авахаар нь би дундуур нь гүйж ороод салгасан чинь намайг түлхээд газар унагасан. Би унаж босож ирээд Ариунаа, Батсайхан бид гурав алхаад явсан. Ариунаагийн нөхөр цаашаа буцаад явахаар нь “за за, яваад өгч байгаа юм байна.” гэж бодоод алхаж явсан чинь Ариунаагийн нөхөр гартаа панерь мод барьж ирээд манай нөхөр Батсайханы зүүн эгэм орчим руу панерь модоо хөндлөнгөөр нь барьж байгаад нэг удаа цохисон.
...маргааш өглөө нь манай нөхөр Батсайхан ажилдаа явах гээд хувцсаа өмсөх гээд зүүн гараа өргөж дийлэхгүй болохоор нь эмнэлэгт үзүүлсэн чинь зүүн эгэм нь хугарсан байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 8/,
- “...Ж.Б-ыг ы биед зүүн эгэмний зөрөөгүй битүү хугарал, зүүн мөр, эгэм, зүүн өвдөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т заасан эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 838 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 12-13/,
-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 14-15/,
-Хохиролтой холбоотой баримтууд /32-34/,
-Хохирогч Ж.Б-ыг аас мөрдөн байцаалтын шатанд гаргасан: “...эмчилгээний зардал болон 2 сарын ажлын цалин 1200000 төгрөг нэхэмжилж байна.” гэх өргөдөл /хэргийн 43/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Хохирогч Ж.Б-ыг ы эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 838 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 12-13/ нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч Х.Г нь согтууруулах ундааны зүйп хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой 22 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Вагнер ази” компанийн урд Ж.Б-ыг ы эрх чөлөөнд халдаж, зүүн эгэмийг нь хугалж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Х.Г-ын ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Хохирогч Ж.Б нь мөрдөн байцаалтын шатанд “...эмчилгээний зардал болон 2 сарын ажлын цалин 1200000 төгрөг гаргуулж авмаар байна.” гэх өргөдөл /хэргийн 43/ гаргаж, эмчилгээ хийлгэсэн талаар 71200 төгрөгийн баримтыг /хэргийн 32-33/ мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгчээ.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-т “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1-т “бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилсны дагуу шүүгдэгч Х.Г нь хохирогч Ж.Б-ыг ы эмчилгээ хийлгэсэн зардлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд шүүгдэгч Х.Г нь хохирол төлбөрт 1000000 төгрөг өгсөн талаар талууд маргахгүй байна.
Хохирогч Ж.Б нь “Мөнх дэгжих гал” ХХК-нд сарын 500000 төгрөгийн цалинтай гэсэн тодорхойлолт ирүүлсэн /хэргийн 34/ боловч энэхүү тодорхойлолтыг үндэслэж, ажилгүй байсан хугацааны цалинд 1 сая төгрөгийг шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна.
Учир нь хохирогч Ж.Б нь сард 500000 төгрөгийн цалин авдаг бол нийгмийн даатгалын шимтгэл төлж, ингэснээр хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авах эрхтэй.
Гэм буруутай этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвар түр алдсан хугацаанд нийгмийн даатгалын сангаас авсан тэтгэмж болон цалингийн зөрүүг хариуцан төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч Ж.Б нь ямар хугацаанд хөдөлмөрийн чадвараа алдсан, нийгмийн даатгалын сангаас тэтгэмж авсан эсэх талаар нотлох баримт ирүүлээгүй байх тул 200000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэсгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Х.Г нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Х.Г-ын ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, түүний хувийн байдал, ар гэрийн амьдралын нөхцөл байдал зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Мөн дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Г-ын ад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Х.Г-ын ад анхааруулах нь зүйтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х.Г-т ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Х.Г-т ад 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 500000 /таван зуун мянга/ төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Х.Г-ын ад үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Х.Г-ын ад анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, 200000 төгрөгийн иргэний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Г-ын ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ