| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0399/Э |
| Дугаар | 408 |
| Огноо | 2019-11-13 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 408
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч А.Х /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.Х-ыг т холбогдох эрүүгийн 1718004390454 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, А.Х 1966 онд оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 53 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин, шүхэрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Орхон аймгийн Баян-Өндөр сумын 3 дугаар багийн Микрийн 13 дугаар байрны 7 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч А.Х нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг 51-04 тоотод оршин суух Д.Ц-ийн гэрээс бэлэн 730000 төгрөг, 298000 төгрөгийн үнэ бүхий иргэний үнэмлэх, гадаад паспорт, модон таваг зэрэг эд зүйлсийг хулгайлж, 1028000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч А.Х-ыгын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2017 оны 12 дугаар сарын 12-ны өглөө хувийн ажлаар Орхон аймгаас хамгийн эхний таксигаар буюу 09 цагийн орчим Дархан руу гараад 11 цагийн орчим Дарханд ирсэн. Миний Дарханд ирсэн зорилго нь хямд, эвдэрхий утас сэлбэгэнд авдаг, тэрийгээ авах гэж ирээд байсан. Нийт 150000 төгрөгтэй ирсэн бөгөөд замын зардалд 15000 төгрөг үлдээгээд 135000 төгрөгт нь сэлбэг авсан. Тэгээд би ирсэн машинаараа буцаж Орхон явах гээд авто вокзал руу алхаж байснаа ам цангаад байхаар нь ус уух гээд айлын хаалга тогшиход 1 давхрын 2 айл эзэнгүй байсан тул 2 давхрын 4 тоот айлын хаалгыг тогшиход 80 орчим насны нэг эмээ хаалга онгойлгосон. Би тэр айлд ороод “эмээ надад нэг ус хийгээд өгөөч” гэж учраа хэлсэн чинь тухайн эмээ буруу ойлгоод намайг тоолуур бичдэг хүн гэж бодсон юм шиг байна лээ “ороод тоолуур бич бич” гээд нойлын өрөө рүү дагуулаад оруулсан. Тухайн үед би “надаар тоолуурны тоо харуулах” гээд байна гэж ойлгоод би тэр эмээгээс “тоог нь харахгүй байна, гар чийдэн, бал байна уу?” гэж асуусан. Тэгэхэд тэр эмээ “ширээн дээр бал байгаа, би гар чийдэн аваад ирье” гээд цаад өрөө рүүгээ орсон. Би ширээн дээрээс нь балыг нь авахад цаана байсан шар шүүгээ хагас онгорхой байхаар нь онгойлгоод улаан даавуунд ороосон зүйл байсныг бариад үзэхэд мөнгө гэдэг нь мэдэгдэж байсан. Тухайн мөнгийг мөн хуучны үндсэн таваг байхаар нь тэд нарыг цүнх рүү гээ хийсэн. Тэгээд би гарч ирээд тоолуурыг нь бичиж өгөөд уух юм хийж өгөхөөр нь уучихаад гараад явсан.
...маш их гэмшиж байна. Хүмүүс надад итгэл хүлээлгэж мэргэжлээр минь ажилд авсан. Итгэлийг нь алдмааргүй байна. Би эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Хүүхэд маань оюутан, эхнэр ажилгүй. Би гэртээ ганцаараа ажил хийдэг. Надад тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 51 дүгээр байрны 04 тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 3-4/,
-Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 20-28/,
-Хохирогч Д.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр гэртээ ганцаараа байж байтал өдөр 12-13 цагийн үед хаалга аяархан цохисон. Тэр үед би том өрөөндөө юм индүүдэж байгаад хаалгаа тайлтал 30 орчим насны, махлаг биетэй, дунд зэргийн нуруутай, богино хар савхин куртиктэй, богино түрийтэй гутал, хар савхин бээлийтэй залуу шууд гэрт ороод ирсэн. “Би сангийн хүн байна, нойлын өрөөг чинь шалгах гэж байна, та нойлын өрөөндөө ороод нойлын суултуурын усыг дарж бай.” гэж хэлээд нойлын хаалгыг гаднаас нь хаагаад гал тогооны өрөөгөөр алхаад ус гоожуулаад байгаа сонсогдсон. Тэгж байснаа тэр залуу “эмээ би маргааш багажаа аваад эргээд ирнэ.” гэж хэлсэн. Тэгээд л тэр залуу гараад явсан.
...том өрөөний баруун урд буланд байх авдар дотор байсан түрийвчтэй 700000 төгрөг, хүрэн өнгийн дотоодын үйлдвэрийн савхин түрүүвчинд байсан 30000 орчим төгрөг, иргэний үнэмлэх, алдарт эхийн 1,2 дугаар одон, олон хүүхэдтэй эхийн дэвтэр, миний гадаад паспорт зэрэг эд зүйлс алдагдсан.” /хэргийн 32-33/,
-Гэрч Д.Э-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би тухайн байрны засвар үйлчилгээ, байрны гаднах гэрэл, цахилгааны гэмтэл, дулаан ирэхгүй байгаа тохиолдолд подвальд орж засвар үйлчилгээг хийдэг. Надаас өөр хүн байхгүй.
...Манай 51, 52, 304 дүгээр байрны дулааны үйлчилгээг Дархан дулаан түгээх сүлжээний засварчин Батдэлгэр гээд 30 орчим насны махлаг, бараан хардуу царайтай залуу хийдэг.”гэх мэдүүлэг /хэргийн 34/,
-Гэрч Я.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Өнөөдөр би 12 цаг 20 минутын үед хүүхдээ сургуульд нь хүргэж өгөх гээд гэрээсээ гараад явж байтал манай байрны баруун урд талд гудамжинд хар өнгийн курткатай, саарал өнгийн ноосон малгайтай, 30 орчим насны эрэгтэй хүн хажуу тийшээ хараад тамхи татаад зогсож байхыг хальт хараад өнгөрсөн. Тэгээд тэрнээс хойш цаг гарангийн дараа манай эгч Анхтуяа над руу залгаад “ээжийнд хулгай орсон байна” гэж хэлсэн. Тэгээд ээжийн гэрт ирээд ээжээс сонсоход өдөр миний харж байсан хүнтэй төстэй хүн гэрт нь орж ирээд юмыг нь хулгайлсан бололтой байсан. Миний бодлоор өдөр харсан тэр сэжиг бүхий хүн байж магадгүй гэж бодож байна.” гэх мэдүүлэг /хэргийн 35/,
-Гэрч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр 12 цагийн үед гэртээ хүүхэдтэйгээ байж байтал манай хаалгыг тогшихоор нь онгойлготол нэг эрэгтэй хүн “танайх сангийн засвар хийлгэх үү, хөшиг тогтоолгох уу?” гэж асуусан. Би “үгүй” гэж хэлсэн. Би тэр үед хүүхэдтэйгээ гадагш гарах гэж байсан юм. Тэгээд тэр хүнийг гэртээ оруулаагүй.
...бордуу царайтай, махлагдуу, хар куртиктай, бараан өнгийн ноосон малгай өмссөн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 36/,
-Гэрч Б.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Дархан сумын 14 дүгээр баг, 9, 10 дугаар баг, 16, 11 дүгээр багууд буюу Шинэ Дарханы ихэнх хэсэг газарт аж ахуй нэгж байгууллагад гарсан дулааны гэмтлийг засварлах, аж ахуй нэгж байгууллагын слесариудад мэргэжлийн заавар, зөвлөгөө өгч ажилладаг юм.
...тэр өдөр би Шинэ хорооллын 19 дүгээр сургуульд 10-15 цагийн хооронд засвар үйлчилгээ хийсэн. Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийн спорт зааланд ялтсан халаагчийн тохиргоо 13-14 цагийн хооронд хийсэн. Энэ хоёр сургууль ойрхон учир зэрэг ажилласан гэсэн үг.” гэх мэдүүлэг /хэргийн38/,
-Гэрч Т.Ц-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тэр өдөр би гэртээ бага насны хүүхэдтэйгээ байсан. 11-12 цагийн үед хаалга тогшоод байхаар нь би шууд онгойлготол нэг эрэгтэй хүн “танайд сангийн засуулах зүйл байна уу?” гэхээр нь би “байхгүй” гэж хэлээд хаалгаа хаасан.
...урьд огт харж байгаагүй танихгүй хүн байсан. 35-40 орчим насны, 170 см орчим нуруутай, бордуу царайтай, дунд зэргийн махтай, хар өнгийн сентфонон материалтай, дунд зэргийн урттай куртиктай тийм л хүн байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 39-40/,
-Гэрч С.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай ажлын үүдэнд тухайн хүн хүрч ирээд “ийм аяга байна.” гэж модны үндсээр хийсэн аяга харуулж байсан. Тэгж л анх танилцсан.
...Хурцбаатар нь тухайн модны үндсээр хийсэн модон аягийг надад 150000 төгрөгөөр худалдсан.” гэх мэдүүлэг /хэргийн 50/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2017 оны 12 дугаар сарын 18-ны байдлаар 298000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 52-53/,
-А.Х-гаас Я.А-д 700000 төгрөгийг шилжүүлсэн тухай банкны баримт /хэргийн 139/,
-Д.Ц аас мөрдөн байцаалтын шатанд гаргаж өгсөн “...хохирлыг барагдуулсан тул А.Х-ыгыг хөнгөн ялаар яллаж өгнө үү. Миний бие гомдолгүй. Миний охин Я.А-гийн дансанд 700000 төгрөгийг шилжүүлж, 116000 төгрөгийг бэлнээр өгсөн тул миний бие гомдолгүй.” гэх өргөдөл /хэргийн 140/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч А.Х нь 2017 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн 51 дүгээр байрны 04 тоотод оршин суух Д.Ц ийн гэрээс бэлэн мөнгө 730000 төгрөг, 298000 төгрөгийн үнэ бүхий иргэний үнэмлэх, гадаад паспорт, модон таваг зэрэг эд зүйлсийг хулгайлж, бага хэмжээнээс дээш буюу 1028000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Д.Х-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Ц д 1028000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Д.Ц нь “...хохирлыг барагдуулсан тул А.Х-ыгыг хөнгөн ялаар яллаж өгнө үү. Миний охин Я.Анхтуяагийн дансанд 700000 төгрөгийг шилжүүлж, 116000 төгрөгийг бэлнээр өгсөн тул миний бие гомдолгүй.” гэх өргөдөл /хэргийн 140/ ирүүлсэн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч А.Х-ыгаас гаргуулах төлбөргүй байна.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч А.Х нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч А.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч А.Х-ыгт тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч А.Х-ыг ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 1028000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч А.Х-ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч А.Х-т үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч А.Х-ыгт анхааруулсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч А.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.Х-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ