| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0371/Э |
| Дугаар | 414 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 414
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч Б.О- /шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.О-д холбогдох эрүүгийн 1918006690446 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Б.О- 1981 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Дархан-Уул аймгийн Орхон суманд төрсөн, 38 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, нөхөр, 5 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр багийн Тосгоны 3-12 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Б.О- нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгийн дунд бүлгийн хувцас солих өрөөний сандал дээр байсан хохирогч Р.У-н “Huawei Y6” маркийн 400000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 400000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Б.О-гийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 сарын 26-ны өдөр хүүхдүүдээ цэцэрлэгт хүргэж өгчихөөд хүүхдийн маань цамц нь сандал дээр байсан би цамцыг нь сандал дээрээс аваад гарсан. Дунд хүүхэд халуурч байсан учраас хүүхдийнхээ цамцыг аавд нь өгөөд гэрээс халуурч байгаа хүүхдийнхээ эрүүл мэндийн дэвтрийг аваад ир гээд явуулсан. Манай нөхөр гэр лүүгээ явж байхдаа над руу утсаар яриад “хүүхдийн цамцан дотор гар утас дуугараад байна, хэний утас юм бэ?” гэсэн. Тэгэхээр нь би “за учир нь олдоно байх, хурдан хүүхдийн дэвтэр аваад ир” гэж хэлсэн. Тэгээд нөхөр над руу хүүхдийн дэвтэр авч ирэхдээ нөгөө гар утсыг гэртээ үлдээсэн байсан. Тэгтэл нөгөө хүн нь цагдаад мэдэгдсэн байсан. Цагдаа над руу залгахаар нь би гэрт утас нь байгаа хүүхдийнхээ цамцтай давхар авсан байна лээ гэж хэлээд 30 минутын дотор утсыг нь буцаан өгсөн.
...улсын яллагчийн хэлсэн 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж өгнө үү. Миний хувьд бага хүүхэд 3 настай байдлыг харгалзан үзнэ үү. Гэм буруугаа маш сайн ойлгож байна, дахиж ийм үйлдэл хийхгүй.” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,
-Б.О-гаас хураан авсан гар утсыг Р.У-нт хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 4/,
-Б.О-гаас “Huawei Y6” загварын гар утсыг хураан авсан тухай тэмдэглэл /хэргийн 5/,
-Хохирогч Р.У-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 25-ний өдрийн өглөө Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгийн дунд бүлгийн хүүхдийн хувцас солих үүдний өрөөнд хүүхдийнхээ хувцсыг сольж байтал миний гар утас халааснаас унасан. Тэгэхээр нь аваад хажуудаа сандал дээр тавьсан. Тэгээд хүүхдийн хувцсыг өлгүүрт нь өлгөөд эргээд утсаа авах гэтэл алга болсон байсан. Тэгээд эгчийнхээ утсаар өөрийнхөө гар утас руу залгатал эхлээд дуудаж байгаад сүүлдээ унтраад холбогдох боломжгүй болсон. Тэгээд цагдаад дуудлага өгсөн.
...би тухайн өдөр гар утсаа хүлээн авсан. Тийм учраас надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 10-12/,
-Гэрч М.Х-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 сарын хэдний өглөө гэдгийг сайн санахгүй байна. Өглөө манай эхнэр Одмаа бага хүүхдээ цэцэрлэгт нь өгөхөөр явсан. Тэгээд би дунд охиноо аваад эмнэлэг явсан. Тэнд эхнэрээ хүлээгээд сууж байсан. Эхнэр ирээд дунд охиноо эмчид үзүүлж үлдээгээд гарч ирээд “охины үзлэгийн ягаан дэвтрийг аваад ир.” гээд охины цамцыг надад өгсөн. Тэр үед би үзлэгийн картыг орхиод ирсэн байсан. Би картыг нь авах гээд гэр лүүгээ охины цамцыг бариад явсан. Тэгээд би харьж явахад охины цамцан дотор утас дуугараад байсан. Би эхнэр лүүгээ залгаад асуусан “энэ охины цамцан дотор юун утас дуугараад байгаа юм бэ?” гэсэн манай эхнэр Одмаа “би мэдэхгүй ээ, охиноо үзүүлчихээд дараа учир нь олдоно байх.” гэсэн. Тухайн үед манай дунд охин өндөр халуунтай байсан учир бид 2 охиноо үзүүлэх гээд яарч байсан учир би “за” гээд л тасалсан. Би гэртээ ороод бичиг баримтыг нь хайж байгаад тэр утсыг ширээн дээр орхиод гараад явчихсан байсан. Тэгээд би хүүхдийн үзлэгийн ягаан дэвтрийг нь хүргэж өгөөд буцаад харьсан. Гэртээ ирээд 5 минут орчим болоогүй байхад гэрт цагдаа ирээд “танай эхнэр нэг утас олсон юм байна, тэр утас байна уу?” гэсэн. Тэгэхлээр нь би “тийм байна.” гээд тэр утсыг цагдаад гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,
-“Үнэлгээнд хамрагдсан дээрх эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 09 дүгээр сарын 26-ны байдлаар 400000 төгрөг байна.” гэх хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 16-17/,
-Гэрч Б.А-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өглөө цэцэрлэгт хүүхдээ хүргэж өгөөд хүүхдийнхээ хувцсыг солиод байж байсан чинь миний хажуу талаас нэг хүн шахаад сандал дээрээс нэг юм авах шиг болохоор нь өөрийнхөө юмыг авч байгаа юм байх гэж бодоод сайн анзаараагүй. Хэн байна ч гэж анзаарч хараагүй. Ямар ч гэсэн миний араар гараа явуулаад нэг юм авах шиг болсон. Тэгтэл миний хажууд Уранбөмбөг байж байгаад гэнэт “миний гар утас алга байна, энэ сандал дээр байсан юм” гэж хэлсэн. Тэгээд тэр орчим хайгаад олоогүй, би ч яваад өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 77/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Б.О- нь 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Орхон сумын 9 дүгээр цэцэрлэгийн дунд бүлгийн хувцас солих өрөөний сандал дээр байсан хохирогч Р.У-н өмчлөлийн “Huawei Y6” маркийн 400000 төгрөгийн үнэлгээтэй гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.О-г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.У-нт 400000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээ хийсэн тухай 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалтаар /хэргийн 16-17/ нотлогдож байх бөгөөд хохирогч Р.У-н мөрдөн байцаалтын шатанд “...би тухайн өдөр гар утсаа хүлээн авсан, тийм учраас надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Б.О-гаас гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Б.О- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Б.О-д тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б.О-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бага хэмжээнээс дээш буюу 400000 төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.О-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэхийг шүүгдэгч Б.О-д үүрэг болгосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.О-д анхааруулсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.О- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ