| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 176/2025/0020/Э |
| Дугаар | ХШТ/2026/72 |
| Огноо | 2026-06-24 |
| Зүйл хэсэг | 11.1.2.5., |
| Улсын яллагч | А.Золзаяа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 06 сарын 24 өдөр
Дугаар ХШТ/2026/72
Л.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор А.Золзаяа, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Гансүх, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дүгээр магадлалтай, Л.Б-д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1976 оны 04 дүгээр сарын 14-нд Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, 48 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт *** аймгийн *** сумын *** баг, *** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар ***, *** овогт Л-ийн Б;
Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ иргэн Р.С-тай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар эрүүл мэндэд нь “дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа” бүхий хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас Р.С нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ийг “Хүнийг алах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 10 жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 181 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож шийдвэрлэжээ.
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Л.Б-ийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 10 /арав/ жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тус тус тогтоосон өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулж, шүүгдэгч Л.Б-ийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүгдэгч Л.Б-ийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрөөс 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл цагдан хоригдсон нийт 90 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэсэн байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Гансүх хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа
“Нэг. Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийн тухайд:
Өмгөөлөгч миний бие шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийн талаар давж заалдах гомдлоо хоёр үндэслэлээр, тухайлбал, нэгдүгээрт, хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчлүүлэх, хоёрдугаарт, тухайн хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлүүдийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж өгөхийг хүсэж гомдол гаргасан.
Гэтэл давж заалдах шатны шүүх Л.Б-д холбогдуулан ял төлөвлөсөн “Хүнийг алах” гэмт хэргийг “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах" гэмт хэрэг болгон хэргийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилсөн боловч эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхийг хүссэн өмгөөлөгч бидний гомдол, түүний үндэслэл, тайлбарыг хэрхэн ямар үндэслэлээр няцаан үгүйсгэж буй талаараа магадлалын тодорхойлох хэсэгт огт тэмдэглээгүй, энэ талаар үндэслэл, дүгнэлт огт хийгээгүй атлаа анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан 10 /арав/ жил хорих ялын хэмжээг хөнгөрүүлэн өөрчлөхгүй хэвээр шийдвэрлэж түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйл 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд ... гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, ... гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ... нөхцөл байдлыг ... харгалзан үзэхээр зохицуулсан хуулийн заалт, шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл, давж заалдах шатны шүүх хөнгөрүүлж өөрчилсөн хуулийн зүйл заалтаар шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ заавал хэрэглэхээр зохицуулсан хуулийн энэхүү холбогдох заалт буюу хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлд хүргэж байна.
Шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийн материалд Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл, түүнд холбогдох нотлох баримтууд доорхи байдлаар авагдсан бөгөөд өмгөөлөгч бид эдгээр нотлох баримтыг анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанд хангалттай шинжлэн судлуулсан. Үүнд:
1.Шүүгдэгч Л.Б маргаан зодоон болсны дараа хохирогч С-ын хамрын цусыг арчиж цэвэрлэн хүү Б.Л нь зодоон болсон талаар хэлж, түүнийг хүлээлгэн өгсөн төдийгүй ГССҮТөвд эмчлүүлж байхад нь гэр бүлийн хамт эргэж тойрч, эмчилгээний зардалд 3 удаагийн шилжүүлэг, тухайлбал 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр 300,000 төгрөг, 04 дүгээр сарын 07-ны өдөр 200,000 төгрөг, 04 дүгээр сарын 08-ны өдөр 500,000 төг /1 дүгээр хавтаст хэргийн 208-210 дахь тал/-ээр нийт 1,000,000 төгрөг шилжүүлсэн, оршуулгын ажилд нь оролцохоор *** аймгийн төвд эхнэр, төрсөн дүү нарын хамт хүрэлцэн очсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт түүний өгсөн мэдүүгээр тогтоогдсон. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
2.Шүүгдэгч Л.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас үүссэн гэм хорын хохирол болох оршуулгын зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 2024 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 14,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар саргын 18-ны өдөр 4,000,000 төгрөг /3 дугаар хавтаст хэргийн 49 дэх тал /, 2025 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 5,000,000 төгрөг /3 дугара хавтаст хэргийн 100 дахь тал /, 2025 оны 10 дугаар сарын 03-ны өдөр 4477679 төгрөг /3 дугаар хавтаст хэргийн 101 дэх тал/, 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн замын зардалд 197,000 төгрөг /3 дугаар хавтаст хэргийн 50 дахь тал/, бүгд 27,674,679 төгрөгийг, Эрүүл мэндийн санд учирсан хохиролд 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр 2,847,000 төгрөг /2 дугаар хавтаст хэргийн 182 дахь тал/, 01 дүгээр сарын 28-ны өдөр 2,000,000 төгрөг /2 хавтаст хэргийн 181 дэх тал/, бүгд 4,287,000 төгрөг, нийт 31,961,679 төгрөгийн хохирлыг бүрэн нөхөн төлсөн. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн гэж үзнэ.
3.Хохирогч согтуугаар шүүгдэгчийг хэл амаар доромжилсон, хүрз бариад шүүгдэгчийг цохих гэж хөөсөн, өөрсдийн дээр дор орж ноцолдсон, түүний шанаан тус газар нь цохисон зэрэг нь гэрч Ө.Т, Д.Г, сэжигтэн Л.Б нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгүүдээр тогтоогддог. Энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан хохирогчийн зүй бус ажиллагаа бөгөөд түүнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох хуулийн үндэслэлтэй.
4.Шүүгдэгч Л.Б нь хэрэг нээсэн үеэс хэргийн үйл баримтыг үнэн зөв мэдүүлж, гэм буруугаа хүлээсэн, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчид болон “Эрүүл мэндийн даатгалын сан”-д учирсан хохирлыг бүрэн нөхөн төлсөн учраас шүүхээс түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг хэрэглэх хууль зүйн үндэслэлтэй байсан.
5.Шүүгдэгч Л.Б-ийн хувийн байдал, тухайлбал, түүний зан чанар, хөдөлмөр хандах хандлага, олон жил тогтвор суурьшилтай ажилласан, нэр хүнд, эхнэр, дунд сургуульд сурдаг ихэр хүү, охиныхоо хамт амьдардаг зэрэг хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан үзэхийг санал болгосон.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн гэх үндэслэлийн тухайд:
Анхан шатны шүүх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар гаргасан өмгөөлөгч бидний санал дүгнэлтийг огт няцаан үгүйсгээгүй атлаа 2026/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “...Шүүгдэгч Л.Б-ийн хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлдийн 1 дэх хэсэгт заасан “эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх” нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно” гэж дүгнээд өмнөх бүрэлдэхүүн шүүгдэгчид “8 жилийн хорих ял” оногдуулсныг улам нэмэгдүүлж 10 жил хорих ял болгон тогтоосон нь “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ... дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн” гэх нөхцөл байдлыг үүсгэдэг.
Гэтэл давж заалдах шатны шүүх магадлалдаа шийтгэх тогтоолын дээрхи дүгнэлтийг хэрхэн үнэлсэн болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэхийг хүссэн бидний гомдол, түүний үндэслэлд огт дүгнэлт өгөөгүй нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйн зэрэгцээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд “...өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, түүнийг няцаан үгүйсгэсэн баримт”-ыг шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт тусгах шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэх үндэслэлд хүргэж байна.
Иймд өмгөөлөгч миний Л.Б-д холбогдох хэргийн ял шийтгэлийг хөнгөрүүлэх талаар бичсэн гомдол, түүний үндэслэлийн зарим хэсэгт давж заалдах шатны шүүхээс дүгнэлт өгөөгүй, анхан болон давж заалдах шатны шүүх түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй нөхцөл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох заалтыг ноцтой зөрчсөн нөхцөл байдлыг тунгаан үзэж Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ДШМ/39 дугаартай магадлалд өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэн өөрчилж, Эрүүгийн хуулийн хэрэглээг тогтооход зарчмын нийтлэг ач холбогдолтой жишиг тогтоож өгнө үү” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэх хугацаандаа дараах байдлаар хууль зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. Үүнд:
1.Прокурор анхны удаа Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлсэн бөгөөд хэрэг шүүхэд ирэхэд яллагдагчийн өмгөөлөгч Д.Гансүх, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энх-Эрдэнэ нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.12, 6.15-д заасан үндэслэлээр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх хүсэлт гаргасны дагуу шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулаад шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/836 дугаартай захирамжаар хэргийг прокурорт буцаахдаа дээрх өмгөөлөгч нарын хүсэлтийг “...хэлэлцэхгүй орхиж, энэ талаар хэрэг прокурорт очсон хойно дахин хүсэлтээ гаргах эрх нь нээлттэй болохыг мэдэгдэж шийдвэрлэлээ” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хэргийг прокурорын эсэргүүцлээр хянаад 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 2024/ДШМ/79 дугаартай магадлалаар “Шүүгчийн 2024 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 2024/ШЗ/836 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шатнаас дахин хэлэлцүүлэх”-ээр шийдвэрлэжээ. Гэтэл хэрэг давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхэд очиход шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг хийхгүйгээр шууд гэм буруугийн шүүх хуралдаан зарлаж, тухайн шатанд хүсэлт гаргасан өмгөөлөгч нарын хүсэлтүүдийг шийдвэрлээгүй орхигдуулсан байна. Энэ нь өмгөөлөгч нарьн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөд зогсохгүй, тэдгээрээр дамжуулан хууль зүйн туслалцаа авч байгаа үйлчлүүлэгчдийнх нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг давхар зөрчсөн байх бөгөөд шүүх өөрөө оролцогчдын эрхийг хууль бусаар хязгаарласан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дээр дурдсан хэд хэдэн зүйл, хэсэг, заалтыг ноцтой зөрчсөн байна.
2.Анхан шатны шүүх нь хэргийг прокурорт буцааж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн өөрчилсөн байхад 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/372, 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоолуудыг гарган Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй болжээ. Үүнийг давж заалдах шатны шүүх зөвтгөн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
3.Эрүүгийн хариуцлагын хувьд анхан шатны шүүх хоёр удаа шийдвэрлэхдээ хоёр өөр ял шийтгэл оногдуулсны дотор хохирол төлбөрөө 100 хувь барагдуулж эрх зүйн байдлаа дээрдүүлсэн үед нь илүү өндөр ял шийтгэл оногдуулж байгаа нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Өмнөх буюу 2025 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 2025/ШЦТ/372 дугаартай шийтгэх тогтоолоор Л.Б-ээс 9,477,679 төгрөг гаргуулахаар шийдээд 08 жилийн хорих ял оногдуулж байсан боловч уг хохирлыг бүрэн төлсөн үед буюу 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/17 дугаар шийтгэх тогтоолоор бусдад төлөх өр төлбөргүй гэсэн атлаа өмнөхөөсөө илүү ял оногдуулсан байна.
Давж заалдах шатны шүүх нь хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилсөн боловч ялыг хэвээр үлдээж байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэснийг зөв хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Учир нь анхан шатны шүүх “Бусдыг санаатай алсан” гэж үзсэн боловч 8-15 жилийн хугацаагаар хорих ялын хэмжээний гуравны нэгийг оногдуулсан бол, давж заалдах шатны шүүх хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж гэм бурууг хөнгөрүүлсэн атлаа 5-12 жилийн хугацаагаар хорих ялын гуравны хоёртой дүйцэх ялыг хэвээр үлдээж байгаа нь эрүүгийн хариуцлага гэм бурууд нь тохироогүй гэж үндэслэлтэй.
Түүнчлэн анхан шатны шүүхээс эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тоггоогдоогүй гэж үзсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д “гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн” гэх заалтуудтай нийцэхгүй байгаа нь мөн нөлөөлсөн гэж үзэхээр байна.
Шүүгдэгч Л.Б-ийн хувьд *** багийн цэцэрлэгт галчаар ажилладаг бөгөөд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирол барагдуулахад идэвхи санаачлагатай хандан хохирогчийн хамтран амьдрагч А.Ч-д 3 удаагийн гүйлгээгээр 1,000,000 төгрөг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.О-д 5 удаагийн гүйлгээгээр 27,674,679 төгрөг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 2 удаагийн гүйлгээгээр 4,847,500 төгрөг, нийт 10 удаагийн гүйлгээгээр 33,522,179 төгрөгийг төлж барагдуулсан байдаг.
4.Анхан болон давж заалдах шатны шүүхүүд 1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь талд авагдсан Химийн шинжээч О.Лхагвасүрэнгийн Химийн шинжилгээний 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3992 тоот хариунд шинжилгээнд ирүүлсэн талийгаач Р.С-ын 5мл цуснаас 1,2 промилли спиртийн зүйл илэрсэн гэх дүгнэлтийг үнэлсэн.
Талийгаач нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр гэмтэл авсан, 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эмнэлгийн тусламж авч, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан байх бөгөөд 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр задлан шинжилгээ хийж, 1 дүгээр хавтаст хэргийн 114-116 дугаар талд авагдсан Биологийн болон Химийн шинжилгээ хийгдсэн байна. 2024 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн Задлан шинжилгээгээр талийгаачийн цуснаас авсан 5мл цуснаас химийн шинжилгээгээр 1,2 промилли спиртийн агууламж илэрсэн талаар Химийн шинжээч О.Лхагвасүрэн, задлан шинжилгээ хийсэн шинжээч Л.Бямбатуяа нарыг шүүх хуралдаанд оролцуулах шаардлагатай байсан боловч хүсэлтийг хангаагүй, тэдгээрийг оролцуулаагүй нь буруу байна.
Эдгээрийг нэгтгэн дүгнэхэд анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн хэрэг хянан шийдвэрлэх явцад гаргаж байгаа алдаа зөрчил оролцогчийн хуулиар олгогдсон эрх, ашиг сонирхлыг хязгаарласан нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлж байгаа байдал, хууль хэрэглээний хувьд хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлага тохирсон байх зарчим алдагдсан, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлуудыг бүрэн хийхгүйгээр эцэслэн шийдвэрлэсэн зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах” гэх үндэслэлд хамаарч байна.
Иймд Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ШЦТ/17 дугаартай шийтгэх тогтоол, мөн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 2026/ДШМ/39 дугаартай магадлалд тус тус өөрчлөлт оруулж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ хэлсэн тайлбартаа “Хэргийн үйл баримт болон хууль хэрэглээний талаар хийсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны буюу үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна. Шүүгдэгч амь хохирогчийн биед халдахдаа айлын хашаа, гудамж талбай болон олон нийтийн газар үргэлжилж байгаа нь үйлдлээрээ шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн гэх үйл баримт хэрэгт авагдсан. Хууль хэрэглээ болон Улсын дээд шүүхийн гаргасан тайлбараас үзэхэд амь хохирогч тухайн үед нас барсан уу, тодорхой хугацааны дараа нас барсан уу, эсхүл тухайн үедээ эмнэлгийн тусламж авсан уу, тодорхой хугацааны дараа эмнэлгийн тусламж авсан уу гэдэг нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангана гэсэн хууль хэрэглээний тайлбар байдаг. Энэ үйл баримтуудаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй. Шүүгдэгчийн амь хохирогчийн толгой руу өшиглөсөн үйлдэл нь түүний архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхээс үл хамааран үхэлд хүргэх шалтгаан болсон учраас хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлага хүлээлгэх асуудалд нөлөөлөхгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх байдлаар эцэслэн шийдвэрлэж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд прокурор А.Золзаяа хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “...шүүгдэгч Л.Б нь хохирогч Р.С-ын биед аюултай хүнд гэмтэл учруулсны улмаас 9 хоногийн дараа хохирогч нас барсан хэргийн үйл баримт тогтоогдсон. Энэ талаар хоёр шатны шүүх хууль хэрэглээний зөрүүтэй дүгнэлт хийж шийдвэрлэсэн байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хүнийг санаатай алах гэмт хэргийн зүйлчлэлээр, давж заалдах шатны шүүх тухайн зүйл ангийг хөнгөрүүлэн шийдвэрлэжээ. Эрүүгийн хуульд хүнийг алах гэмт хэрэгт холбогдогчийн хувьд тухайн хохирогчийг үхэлд хүргэх шууд санаа зорилгыг агуулж, энэ утгаараа тухайн үйлдлийг хийж хохирогчийн амь насыг хохироодог бол хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд холбогдогч нь зөвхөн эрүүл мэндэд нь хохирол учруулах санаатай үйлдлийг хийдэг. Энэ үйлдлийг хүсэж үйлдсэн болохоос харин хохирогчийн амь нас хохирох үр дагаварт болгоомжгүй хүргэдэг гэдэг агуулгаараа дээрх 2 хэргийн зүйлчлэл ялгагддаг. Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд хохирогч болон шүүгдэгч нарын хооронд таарамжгүй харилцаа үүсэж, шүүгдэгчийн зүгээс хохирогчийн толгой тус газарт хэд хэдэн удаа цохиж амь нас хохирсон. Тухайн цаг хугацаанд шүүгдэгчийн хувьд хохирогчийн амь насанд шууд хүрэх санаа зорилго агуулагдаагүй болох нь хэрэг гарсны дараах түүний зан үйл болон учруулсан хор уршигт хандаж байгаа сэтгэхүйн хандлагаар тогтоогддог. Энэ талаар давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн хууль ёсны шийдвэр болжээ гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх ийнхүү шийдвэрлэхдээ тухайн шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэсэн боловч анхан шатны шүүхээс оногдуулсан хүнд ангитай зүйл ангийн ялын санкцыг өөрчлөөгүй, хэвээр үлдээсэн нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Учир нь эрүүгийн хариуцлага нь тухайн гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн шалтгаан нөхцөл, үүсгэсэн хор уршиг, үр дагаварт бүхэлд нь дүгнэлт хийж байж шударга ёсны зарчимд нийцүүлж оногдуулдаг. Энэ талаар өмгөөлөгч нарын гаргасан гомдол үндэслэлтэй байх тул магадлалд зохих өөрчлөлтийг оруулах дүгнэлтийг гаргаж байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Гансүх нарын гаргасан гомдлыг үндэслэн шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
2.Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан санаатай “Хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, тус зүйл хэсэгт зааснаар 10 /арав/ жил хорих ялаар шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “Хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэн, түүнд холбогдох хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, харин анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хэмжээ болон ял эдлэх дэглэмийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
3.Шүүгдэгч Л.Б нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр *** аймгийн *** сумын *** багийн нутаг дэвсгэрт Р.С-тай хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэх үедээ түүнтэй маргалдан зодож, эрүүл мэндэд нь “дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа” бүхий хүнд хохирол учруулсны улмаас хохирогч Р.С нь 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлэгдэж байгаад 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан болох нь:
гэрч Ө.Т-ын өгсөн “...2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр ... С бид хоёр тэр архийг уугаад юм ярингаа толгой шийрээ хуйхлаад сууж байтал гаднаас нутгийн дүү болох Б ороод ирсэн юм. Б С нар бие биенээ таньдаг өмнө нь алтанд хамт явж байсан гээд их л найрсаг юм яриад нөгөө архинаас хувааж ууж байсан. Тэгж байсан чинь гэнэт л Б С хоёр зууралдаад босоод ирсэн бөгөөд Б нь С-ын нүүр хэсэгт нь 2-3 удаа гараараа цохиод авсан, харин С нь Б-ийг цохиж амжаагүй байж байхад нь би дундуур нь ороод салгасан. Тэгтэл С шаралхсандаа хажууд хайс түшүүлээд тавьсан байсан хүрзийг аваад Б-ийг цохих гэхээр нь би хүрзийг нь барьж аваад болиулсан… Тэгээд эргээд толгой шийр хуйхалж байсан газраа ирсэн чинь Б тойроод араас ороод ирсэн, тэгээд Б С хоёр гараад явсан бөгөөд манай баруун талын хашааны Д-ийн урд талд очоод зодолдсон байсан… Би С-ын эхнэр лүү нь залгаад танай нөхөр Б-тэй маргалдаад байна ирж ав гэж хэлсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-47 дахь тал),
гэрч Д.Г-ийн өгсөн “... хашааны үүдэнд Б С хоёр хоорондоо зодолдоод дээр доороо ороод байж байхаар нь очоод салгасан. Тэгтэл зүгээр болохгүй дахиад бие биенийхээ нүүр хэсэгт цохисон, мөн С-ыг газар унагаад дээрээс нь хөлөөрөө толгой руу нь, мөн мөр хэсэг рүү нь хоёр удаа өшиглөсөн шиг санагдаж байна. Тэгээд би хөөш наадах чинь хөгшин хүн ш дээ гэж орилоод очоод салгасан, тэгээд С босоод иртэл дахиад Б татаад газар унагачихсан, тэгээд зодоон цохион дуусаад С-ыг Б босгоод байж байтал С-ын хүүхэд нь машинтай ирээд С-ыг аваад явсан.” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал),
мөн гэрч Д.Г-ийн дахин өгсөн “... хашааны хажуу талд хоорондоо зууралдаад авчихсан байсан, намайг гарч ирэхээс өмнө нь хэн хэнийгээ яаж цохисныг мэдэхгүй, тэгээд би салгаад явуулсан чинь баруун талын хашааны урд талд дахин очоод Б С-ыг нүүр хэсэг рүү нь гараараа цохиж унагаад, газар унахлаар нь дээрээс нь нүүр болон цээж рүү нь хэд хэдэн удаа өшиглөөд авсан, тэгээд би наанаас нь хөөш чи наад настай хүнээ боль гэж хэлээд очиход дээр доороо ороод давхралдаад унасан, тэгээд би босгож ирээд харахад С-ын хамраас нь цус гарчихсан байсан, тэгээд Б хамраас гарсан цусыг нь арчиж өгч байхад С-ын хүүхэд нь ирээд аваад явсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 54 дэх тал) гэх мэдүүлэг,
шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн хэргээ хүлээж “... Тэгээд хашааны гадаа дөнгөж гарангуутаа С ах баруун гараараа миний зүүн талын шанаа хэсэгт хоёр удаа цохисон, тэгэхлээр нь би С ахыг баруун гараараа зүүн хацар хэсэг рүү нь хоёр удаа цохисон, тэгээд барилцаж аваад газар унасан, газар унахдаа С ах миний доор дээшээ хараад би дээд талд нь унасан. Тэгээд хартал зүүн хацар хэсгээс нь цус гарчихсан байхлаар нь би тэрийг нь цэвэрлэж өгөөд сууж байтал С-ын дагавар хүү нь ирээд аваад явсан. Би Л-т С ах бид хоёр маргалдаж муудалцсан шүү гэж хэлээд суулгаад явсан. Би буцаад Т ахынд орсон. Уг асуудлаас хойш бид хоёр ахин уулзаагүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 157-158 дахь тал),
гэрч Б.Л-ийн “…2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр манай ээж над руу залгаад С ахыгаа аваад ирээч гэсэн. Намайг очиход С ах Б-тэй хамт архи уучихсан согтуу, хувцас нь норчихсон, шороо болчихсон гудамжинд сууж байсан. Б ах надад ярихдаа ахыг нь С ах хэл үгээр доромжлоод болдоггүй. Тэгээд бид хоёр зодолдсон гэж хэлсэн. ... Намайг очиход С ах, Б хоёр хоёулаа байсан, өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 36-37 дахь тал),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын Төв аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Д.Чулуунбаатарын гаргасан 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 186 дугаартай “Р.С-ын биед дух ясны цуурал, зүүн хацрын нумын хугарал, зүүн талын дух, зулай, чамархай, дагзны хэсгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хураа гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь Улсын III төв эмнэлгийн 2024 оны 03 дугаар сарын 29-ний шинжилгээгээр өдрийн тодосгогч бодисгүй компьютерт томографкийн оношлогдож, 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр мэс заслын эмчилгээ хийлгэсэн байна. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 107-109 дэх тал),
мөн хэлтсийн шинжээч эмч Д.Бямбатуяагийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай “...Амь хохирогч Р.С-ын цогцост хийсэн задлан шинжилгээгээр тархины зүүн тал бөмбөлгийг хамарсан хатуу хальсан доорх цусан хурааг авч чөлөөлсөн мэс заслын дараах байдал (2024.03.30), аалзан хальсан доорх тархмал цус харвалт, голын бүрдлийн баруун тийш хэлбийлт, их тархины зүүн зулай, чамархай, дагз, чамархайн суурь хатуу хальсан доорх цусан хураа, дөрөвдүгээр ховдол дарагдсан, гуравдугаар ховдол, зүүн хажуугийн ховдол нарийссан, тархины хаван, тархины хүнд зэргийн няцрал, тархины шаантаглалт, зүүн хацар ясны нумны хугарал, зүүн зулай, чамархайн хуйхны цус хуралт, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, зүүн дух, зулай, чамархайн зөөлөн эдийн няцрал, элэгний цус хуралт, язрал, чацархай, зүүн бөөрний гялтан дах цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой 2024.03.20-ны өдөр үүссэн байх боломжтой... Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Амь хохирогч Р.С нь дээрх гэмтлүүдийн улмаас гэмтлийн шок болж, төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ… Амь хохирогч Р.С нь гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдолд амь насыг аврах боломжтой байжээ. Амь хохирогч Р.С нь 2024.03.20-ны өдөр гэмтэл авсан бол түүнээс хойш гэмтэлтэй 29-ний өдрийг хүртэл буюу 9 хоног явах боломжтой. Дээрх гэмтлийг авсан тохиолдолд хатуу хальсан доорх цусны хэмжээ 35 мл түүнээс дээш болоход цусан хураа нэмэгдэх тусам эзлэхүүнээрээ тархийг дарж гавлын дотоод даралт ихсэж эмнэл зүйн толгой өвдөх, эргэх, бөөлжих, унаж татах, зүрхний цохилтын тоо цөөрөх зэрэг мэдрэлийн голомтот гэмтлийн шинж тэмдгүүд илэрнэ” гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 118-127 дахь тал) болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдсон, энэ талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
4.Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь амь хохирогч Р.С-ыг санаатай алахыг хүсээгүй боловч эрүүл мэндэд нь тархинд цус харвалт бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан үйлдлээс хамааралтай шалтгаан нөхцлийн улмаас хохирогч Р.С нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд мэс засалд орж, эмчилгээ хийлгэж байгаад нас барсан үйл баримт тогтоогдсон бөгөөд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар хөнгөрүүлэн өөрчилснийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
5.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “Хүнийг алах” гэмт хэргийг 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан” гэмт хэргээс ялган зүйлчлэхэд дараах нөхцөл байдлыг зайлшгүй харгалзан үзнэ.
Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруугийн шууд болон шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, энэ төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүн нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн хууль бус шинжийг ухамсарлаж, эсхүл өөрийнх нь үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирч болохыг урьдчилан тооцсоны үндсэн дээр хүний амь нас хохирсон хор уршигт зориуд хүргэсэн байдаг.
Иймд гэмт хэрэг үйлдсэн хүний үйлдэлд хүнийг алах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж тогтоогдсон эсэхийг дүгнэхдээ хохирогчийн амь нас хохирсон, эсхүл амь нас нь хохирч болох нөхцөл байдал бодитой бий болсон үр дагавраас гадна тухайн үйлдлийн арга, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг хэрэгсэл, гэмтэл учирсан эрхтэн, цохилтын хүч, тоо, хэрэг үйлдэх болсон шалтгаан, хохирогч уг гэмтлийн улмаас шууд үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан эсэх, талуудын харилцаа, үйлдлийн өмнөх болон дараах зан байдал зэрэг хэргийн объектив нөхцөл байдлыг харилцан уялдаатайгаар үнэлэх замаар гэмт хэрэг үйлдсэн хүний санаа зорилго, гэмт үйлдэлдээ болон хохирогчийн амь нас хохирсон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцааг эргэлзээгүй тогтоох шаардлагатай.
Харин хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан үр дагавар бүхий гэмт хэрэг нь гэм буруугийн холимог хэлбэрээр үйлдэгдэх бөгөөд энэ гэмт хэргийг үйлдсэн хүн нь хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсан боловч түүний амь нас хохирох хор уршгийг хүсээгүй буюу энэхүү үр дагаварт болгоомжгүй хандсан байдаг.
Иймд дээр дурдсан хэргийн объектив нөхцөл байдлыг тал бүрээс нь харьцуулан үнэлэх замаар хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан хүний үйлдэлд хүнийг алах сэдэлт, санаа зорилго агуулагдаж байсан эсэхийг бодит байдлаар сэргээн тогтоож, хэрэв тухайн гэмт хэргийг үйлдсэн хүн нь бусдыг алах гэсэн санаа зорилгоо хэрэгжүүлж, өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хохирогчийг зориуд үхэлд хүргэсэн гэж үзэх гэмт хэргийн субъектив талын шинж, гэм буруугийн бодит хамаарал үгүйсгэгдсэн тохиолдолд хохирогчийн эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барсан хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар зүйлчлэн шийдвэрлэх нь эрүүгийн эрх зүйн гэмт хэргийн бүрэлдэхүүний онол, гэм буруугийн зарчимд нийцнэ.
6.Шүүгдэгч Л.Б, амь хохирогч Р.С нар урьд нь бие биеэ таньж мэдэх бөгөөд тэдний дунд өс хонзон, таарамжгүй харилцаа байсан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд тэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдалд тааралдан хамт архи ууж согтуурсан үедээ маргалдаж, улмаар харилцан бие биедээ хүч хэрэглэн зодолдсон ба уг зодооныг харсан Д.Г тэдний зодооныг салгасны дараа шүүгдэгч Л.Б нь хохирогчийн цус болсон нүүрийг цэвэрлэж, Р.С-ыг Б.Л (хамтран амьдрагчийн хүү) нь авахаар ирэхэд түүнд болсон явдлын талаар хэлж, хохирогчийг гэрт нь хүргүүлсэн хэргийн үйл баримтаас үзэхэд шүүгдэгч Л.Б нь хохирогчийг биедээ хүнд гэмтэл авсан болохыг мэдсээр байж амь нас нь аюултай нөхцөл байдалд зориуд орхиж явсан, эсхүл амь насыг нь хохироох зорилгоор үйлдлээ туйлд нь хүртэл үргэлжлүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Дээр дурдсан хэргийн үйл баримт нь шүүгдэгч Л.Б-ийг хэрэг гарсны дараа хохирогчийг аврах, эмнэлгийн тусламж үзүүлэх талаар тодорхой арга хэмжээ авсан гэж шууд дүгнэх үндэслэл болохгүй боловч амь насыг нь хохироох зорилгыг үргэлжлүүлэн хэрэгжүүлсэн, эсхүл хохирогч нас барах үр дагаврыг ухамсартайгаар хүлээн зөвшөөрсөн зан үйлийн илрэл гэж үзэх боломжгүй нөхцөл байдлыг илтгэж байна.
Түүнээс гадна шүүгдэгч Л.Б, амь хохирогч Р.С нарын хэн аль нь тухайн үед хохирогчийн эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд гэмтэл учирсан, эмнэлгийн зайлшгүй тусламж үйлчилгээ авах шаардлагатай болсныг ухамсарлаж ойлгоогүй, амь хохирогч Р.С нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шүүгдэгч Л.Б-д зодуулсны улмаас эрүүл мэндэд нь тархинд цус харвалт бүхий хүнд гэмтэл учирсныг шууд нотлох эмнэл зүйн шинж илрээгүй бөгөөд тэрбээр толгой өвдөх зовиуртайгаар өдөр тутмын ажил, амьдралаа үргэлжлүүлэн эрхэлж явсаар 9 хоногийн дараа буюу 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдөр толгой нь хүчтэй өвдөх, дотор нь муухайрч бөөлжих зэрэг гэмтлийн дараах эмнэл зүйн шинж тэмдэг хүчтэй илэрч Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлэхээр ханджээ.
Амь хохирогч Р.С-ын цусанд хийсэн шинжилгээгээр 1,2 промилли спиртийн зүйл илэрсэн болох нь химийн шинжээч О.Лхагвасүрэнгийн 2024 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 3992 дугаартай шинжилгээний дүгнэлтээр тогтоогдсон боловч (1 дүгээр хавтаст хэргийн 116 дахь тал) тэрбээр эмнэлгийн тусламж үйлчилгээ авахын өмнө согтууруулах ундаа хэрэглэсэн байсан нь нас баралтын шууд шалтгаан болсон гэж үзэх нөхцөл байдал шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар тогтоогдоогүй, харин амь хохирогч Р.С нь гэмтэл авсан даруйдаа эмнэлгийн байгууллагад хандсан тохиолдолд амь насыг аврах боломжтой байсан талаар Шүүх шинжилгээний ерөнхий газрын Төв аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Бямбатуяагийн гаргасан 2024 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 65 дугаартай дүгнэлтэд дурдсан байна.
Амь хохирогч Р.С нь 2024 оны 03 дугаар сарын 20-ны өдөр тархиндаа гэмтэл авснаас хойш 2024 оны 03 дугаар сарын 30-ны өдөр тархины цусан хурааг авахуулах мэс засалд орж, улмаар 2024 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр нас барсан хэргийн үйл баримтаас үзэхэд хохирогч Р.С гэмтлийн дараах хугацаанд эмнэлгийн тусламж цаг алдалгүй аваагүй нөхцөл байдал нь нас баралтын явцад нөлөөлсөн болохыг шинжээчийн дүгнэлт илэрхийлж байна. Гэвч энэхүү хэргийн нөхцөл байдал нь шүүгдэгчийн гэм буруутай үйлдэл болон хохирогч нас барсан үр дагаврын хоорондох шалтгаант холбоог үгүйсгэх үндэслэл болохгүй.
Харин дээрх нөхцөл байдал нь гэмтэл учирсан даруйд хохирогчид амь насанд нь аюултай байдал гадаад шинжээр илэрхий ажиглагдаагүй, хохирогч өөрөө ч тархины гэмтлийн ноцтой байдлыг зөвөөр ойлгоогүй, эмнэлэгт хандахгүйгээр 2024 оны 03 дугаар сарын 29-ний өдрийг хүртэл 9 хоногийн турш толгой өвдөх зовиуртайгаар хэвийн амьдралаа үргэлжлүүлж явсан байх бөгөөд ийм нөхцөлд шүүгдэгч Л.Б-ийг хохирогчид амь насанд нь аюултай тархины гэмтэл учирсныг мэдэж байсан, эсхүл түүнийг амь нас хохирохыг хүсч өөрийн санаатай үйлдлээр түүнийг үхэлд хүргэсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй юм.
Хүнийг алах гэмт хэргийн субъектив талын шинжид хамаарах бусдын амь насыг хохироох санаа зорилго нь таамаглалд бус, нотлох баримтаар эргэлзээгүй тогтоогдсон хэргийн объектив нөхцөл байдалд үндэслэгдэх ёстой бөгөөд ийм санаа зорилго тогтоогдоогүй тохиолдолд зөвхөн хохирогч нас барсан үр дагаврыг үндэслэн хэргийг “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэх нь эрүүгийн эрх зүйн гэм буруугийн зарчимд нийцэхгүй.
Давж заалдах шатны шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн үйл баримт, түүний үндэслэл болсон нэр бүхий гэрчүүдийн мэдүүлэг болон үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн Л.Б-ийн өгсөн мэдүүлгүүд, амь хохирогч нас барсан шалтгаан нөхцлийг тогтоосон шинжээчийн дүгнэлт болон хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр шүүгдэгч Л.Б-ийн үйлдэлд хохирогч Р.С-ын амь насыг хохироох шууд болон шууд бус санаа тогтоогдоогүй, харин хохирогчийн эрүүл мэндэд хүнд гэмтэл санаатай учруулсны улмаас болгоомжгүйгээр нас барах үр дагавар бий болсон гэж дүгнэн, хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөхдөө Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Л.Б-ийн үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргээр зүйлчлэн шийдвэрлэх үндэслэлтэй байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Б.Энх-Эрдэнийн хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтийг хангах боломжгүй гэж үзлээ.
7.Харин давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Л.Б-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар хөнгөрүүлэн өөрчилсөн атлаа түүнд анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 10 жил хорих ялыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь шүүгдэгчийн гэм бурууд тохироогүй гэж үзэв.
Иймд шүүгдэгч Л.Б-ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин санаанаас гэмшсэн, амь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гаргасан нэхэмжлэлийг сайн дураараа нөхөн төлсөн, хувийн байдал, хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон прокурорын санал, дүгнэлтийг тус тус харгалзан шүүгдэгч Л.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар 8 /найм/ жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж, энэ талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Гансүх нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэх нь эрүүгийн эрх зүйн шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 17 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 39 дүгээр магадлалд “…Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Л.Б-ийг 8 /найм/ жил хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар өмгөөлөгч Б.Батцэнгэл, Д.Гансүх нарын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангасугай.
2.Шийтгэх тогтоол, түүнд өөрчлөлт оруулсан магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Б.АМАРБАЯСГАЛАН
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ