Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 22 өдөр

Дугаар 634

 

И.Бархаст холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор П.Бямбасүрэн,

          Ялтан И.Бархас,

          Нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулан,

Сүхбааатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Дуламсүрэн даргалж, шүүгч Ү.Түмэнжаргал, Б.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан И.Бархасын гаргасан давж заалдах гомдлоор И.Бархаст холбогдох эрүүгийн 2016 2502 0503 дугаартай хэргийг 2017 оны 8 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон цэмээ овгийн Ихбаярын Бархас, 1987 оны 8 дугаар сарын 6-нд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эх, эгч нарын хамт Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 5 дугаар хэсгийн 10 дугаар байр, 3-10 тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо, 5 дугаар хэсгийн Улиастайн хуучин эцсийн 10-3-2 тоотод оршин сууж байсан,

- Баянзүрх дүүргийн шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 8 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж, 2006 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ял, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг өршөөн хэлтрүүлж, “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар энэ тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 8 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийн хорих ялыг хасаж, 5 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2009 оны 5 дугаар сарын 29-ний өдөр хорих ялын хугацаа дуусч суллагдсан,

- Баянгол дүүргийн шүүхийн 2010 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 67 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 34 дүгээр шүүгчийн захирамжаар Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт зааснаар түүний 6 жил 6 сарын хугацаагаар хорих ялаас 2 жилийг өршөөн хасаж, 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр суллагдсан, /РД:МЬ87080614/;

И.Бархас нь ялтай байхдаа, давтан үйдлээр 2016 оны 2 дугаар сарын 6-ны өдрийн 18 цагийн үед Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах 45 дугаар сургуулийн гадаа, саравчинд Т.Тэргэл, О.Хүслэн, Б.Билгүүн, А.Баярхүү нарыг “Мафийн гишүүн байна, та нар миний үгэнд орохгүй бол та нарыг авч явна” гэх зэргээр айлган сүрдүүлж, Т.Тэргэлээс “айфоне 5 эс” загварын гар утас, “Каран” гэсэн бичигтэй бугуйн цаг, бэлнээр 8000 төгрөг, А.Баярхүүгээс “айфоне 5” загварын гар утас, бэлнээр 3000 төгрөг, О.Хүслэнгээс “самсунг галакси эс 3” загварын гар утас, бэлэн 3000 төгрөг, Б.Билгүүнээс цагаан өнгийн “самсунг гранд приме” загварын гар утас, бэлнээр 4000 төгрөг зэргийг дээрэмдэж, эд зүйлийн үнэлгээгээр 1.140.000 төгрөг, бэлнээр 18.000 төгрөг, нийт 1.158.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 17 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 57-114 тоотод 9 настай М.Төгөлдөрийг гэртээ байх үед нь “Агаа нь байна “ гэж хэлж ороод “... дуугүй байгаарай, 2 нүдийг чинь сохлоно шүү, юмаа зааж өгөхгүй бол ална шүү” гэж заналхийлж, эд зүйлээ өгөхгүй хэмээн зууралдахад нь компьютерийн цэнэглэгчээр гарыг нь хүлж, хос пүүз, зөөврийн компьютер, бэлэн 40.000 төгрөг зэрэг эд зүйлсийг дээрэмдэж, нийт 810.000 төгрөгийн хохирол учруулсан,

- 2016 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 18 цагийн үед насанд хүрээгүй иргэн М.Мөнх-Анандыг дагуулж явсаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороо, 160 дугаар цэцэрлэгийн хашаан дотор оруулан “...утсаа гаргаад ир, би атаман байна, чамд мөнгө байна уу...” хэмээн айлган сүрдүүлж, түлхэж унаган толгой, бие хэсэгт нь цохиж, хүч хэрэглэн цүнхийг авч дотор нь байсан 2.000 төгрөг, “Самсунг галакси эс 3” загварын гар утас зэргийг дээрэмдэж, 142.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа болоогүй байх үедээ буюу 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Home Land” хотхоны 103 дугаар байрны 54 тоотод бага насны буюу 9 настай Д.Наранзаяа, 5 настай Д.Билгүүн нарын үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан, мөн насанд хүрсэн Б.Бадамгаравыг 2 настай Д.Энхтэмүүлэнгийн хамт унтаж байхад нь “аавын чинь найз нь байна, аав чинь саван аваад ир гэж байна” гэж гэрт нь орж хохирогч С.Золжаргалын шар өнгийн бөгж, хохирогч Б.Бадамгаравын гар утсан цаг, цүнх, цүнхэнд байсан биет 235.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх ажлын түлхүүрүүд, ажлын үнэмлэх, цагаан өнгийн эмэгтэй хүний шинэ дээл, хар өнгийн юбка, сэлфиний гар, бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлан, хохирогч С.Золжаргалд 200.000 төгрөг, хохирогч Б.Бадамгаравт 235.000 төгрөг, нийт 535.000 төгрөгийн хохирол учруулсан,

- Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн шүүхийн В танхимд 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр явагдсан шүүх хуралдааны үеэр шүүгдэгч Ихбаярын Бархас нь хумсаараа өөрийн хоолойн тус хэсгийг зүсэж, шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас: И.Бархасын үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2, 145 дугаар зүйлийн 145.4, 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Прокуророос шүүгдэгч И.Бархаст Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, И.Бархасыг дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлж, ялтай байхдаа давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг авах зорилгоор амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж заналхийлэн довтолж, бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, мөн шүүн таслах ажиллагаанд санаатайгаар саад учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 7 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар баривчлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар И.Бархаст оногдуулсан 7 жил 6 сарын хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 245 дугаар зүйлийн 245.1 дэх хэсэгт заасан 3 сарын хугацаагаар баривчлах ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 7 жил 9 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бархасыг “онц аюултай гэмт хэрэгтэн”-ээр тооцож, оногдуулсан хорих ялыг онцгой дэглэмтэй хорих ангид эдлүүлж, түүний цагдан хоригдсон 447 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 5 ширхэг түлхүүр, хар өнгийн цүнх, бор хэтэвч, хар өнгийн “NBA” бичигтэй бугуйн цаг, хар өнгийн утасны цэнэглэгч 1 ширхэг, 20000 төгрөг 2 ширхэг, 100 төгрөг 7 ширхэг, 50 төгрөг 2 ширхэг, 20 төгрөг 13 ширхэг, 10 төгрөг 4 ширхэг, 5 төгрөг 3 ширхэг зэргийг И.Бархаст буцаан олгож, 1 ширхэг “Сиди”-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт нь үлдээж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч И.Бархасаас 1.085.000 төгрөгийг гаргуулж, хохирогч Т.Тэргэлд 398.000 төгрөг, С.Золжаргалд 200.000 төгрөг, Б.Бадамгаравт 345.000 төгрөг, М.Мөнх-Анандад 142.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.

Ялтан И.Бархас давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...И.Бархас би өөрийн буруу үйлдлээс болж энэ гэмт хэрэгт яллагдах болсон. 2016 оны 2 дугаар сарын 6-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт өөрөөсөө насаар олон дүү, 12 дугаар ангийн төгсөх ангийн хүүхдүүдийг юмны учир мэдэхгүйг мэдсээр байж далимдуулан хэл амаар, айлган сүрдүүлж, зэвсэггүй хүч хэрэглэн довтолж, 10 хүүхдийн 5 хүүхдээс нь гар утас, цаг, 15.000 төгрөг зэрэг эд зүйлсийг нь дээрэмдэн авч, бусдад хохирол учруулсан. Иймд биет байдлаар нийт 4 удаагийн гэмт хэрэг үйлдэж, бусдад хохирол учруулсандаа, мөн дахин гэмт хэрэгт холбогдсондоо чин үнэн сэтгэлээсээ гэмшиж, өөрийн гэм буруугаа маш сайн ойлгон ухаарч, алдсан алдаан дээрээ зөв дүгнэлт хийж, дахин гэмт хэрэг хийхгүй, зөв үнэнч, шударга ажил хөдөлмөр эрхэлж, бусдын итгэлийг дааж, өөрийн хохирогч нартаа сэтгэлээсээ хохирлыг шударгаар нөхөн барагдуулж, цаашдаа би ухаантай, зөв амьдрахын тулд хичээн зүтгэж, шударгаар хөдөлмөрлөн мөнгө олж, хохирлоо барагдуулна гэдэгтээ итгэлтэй байна.

Гэмт хэрэг хийсэн нь миний баттай буруу, үүндээ би одоо ч сэтгэл зүрхээрээ шаналж, гэмшиж явдаг. Хүн хоорондын нийгмийн ойлголт, харилцаа нь эрүүл зөв байж аливаа гэм нүгэл хийсэн хүн хариуцлага хүлээн, буруугаа ухаарч алдаагаа засахын тулд эрүүл зөв бодитой сэтгэж, үнэнч хөдөлмөрөөр эрхэмлэн эрэлхийлж, ухамсартайгаар бусдаас уучлал гуйж, нэгнээ хүндэлдэг байх нь хүний мөн чанарын шударга ёсонд 100 хувь нийцнэ. И.Бархас би энэ бичсэн өчүүхэн өгүүлбэрээрээ нийгэм хүн хоорондын харилцааг болон, хийсэн буруу алдаагаа хэрхэн ойлгож байгаагаа та бүхэнд гэрэл гэгээтэй зөв талаас нь ойлгуулахыг хүслээ. Яагаад гэмшдэг бэ гэвэл би өмнө нь 3 удаа алдаагаа давтаж, алдаагаа засахын тулд өөртөө зөв дүгнэлт гаргахын тулд эрх чөлөөгүй амьдралд байхдаа миний хайртай гэсэн бүхэн минь ээлж дараагаар хорвоогоос хальж, мөн асар үнэтэй олдошгүй цаг хугацааг өнгөрөөж үрсэн. Өөрөө өөртөө би олон удаа амлалт өгсөн, маш олон зүйлийг бодсон, гэвч эерэг үр дүнд хүрээгүй. Одоогоор миний ар гэрийн байдал хэцүү байгаа, хоёр эгч, нэг дүү минь тусдаа гарсан, нэг дүү маань цэрэгт явсан, би айлын дундах, доороо хоёр эрэгтэй дүүтэй боловч ээжийгээ, гэр орноо авч явах ёстой хүн би юм. Гэвч ээж элэгний хүнд өвчнөөр эмчилгээгүй гэсэн оноштой эмнэлгийн хяналтад ороод удаж байна. Ээжий минь хажууд нь байх хүн маш их хэрэгтэй.

Би цүнх л авсан, өөр зүйл аваагүй. Цүнх дотор эмэгтэй хүний гадуур хувцас, түрийвч, үнэмлэх, бичиг баримт, үнэртэй ус зэрэг эд зүйл байсан. Гар утсан цаг, монетан бөгж байгаагүй. Хэрвээ би энэ хоёр зүйлийг авсан бол үнэхээр үнэнээр нь хүлээнэ. Надад худлаа ярих шаардлага байхгүй. Энэ монетан бөгж, гар утсан цагийг хохирлын төлбөрт тооцсон. Хохирлын төлбөрт тооцсоноос болж миний хохирлын төлбөр 1.085.000 төгрөг болсон.

Олон жилийн хорих ял сонсгосонд тухайн хэсэг хугацаанд маш их гутарч, өөрийнхөө амь насыг хороох гэж шүүх танхимд төмөр приткээр хоолойгоо хэрчсэн нь үнэн. Бусдаар би шүүхийн үйл ажиллагаанд санаатай саад учруулах, таслан зогсоох гэж ийм үйлдэл хийгээгүй. Үүндээ би маш их гэмшиж, шүүх бүрэлдэхүүнээс уучлал гуйсан. Одоо ч би уучлалт гуйж байна. Би нийт 2.000.000 гаруй төгрөгийн хохирол учруулснаас 1.000.000 гаруй төгрөгийн эд хөрөнгийг нь буцаан олгож барагдуулсан. Мөн би гэмт хэргээ үнэн зөвөөр хүлээж, өөрийгөө илчилсэн. Иймд энэ бүх байдлыг үнэн зөвөөр ойлгож, хийсэн хэрэгтээ үнэн сэтгэлээсээ гэмшиж байгаа зэргийг минь харгалзан үзэж, анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ял болон эдлэх дэглэмийг минь хөнгөрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор П.Бямбасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...И.Бархасын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж гаргасан шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй” гэх нөхцөл байдал тогтоогдсон болно.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн байх ба харин шүүх хэрэгт цугларсан нотлох баримт болон болсон үйл баримтад бодитой үнэлэлт, дүгнэлт өгч чадаагүй байна гэж үзэв.

   Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт: “...Урьд нь дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгүүлж, ялгүйд тооцох хугацаа болоогүй байх үедээ буюу 2016 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Home Land” хотхоны 103 дугаар байрны 54 тоотод бага насны буюу 9 настай Д.Наранзаяа, 5 настай Д.Билгүүн нарын үйл явдлыг мэдрэхгүй, ойлгож мэдэхгүй, илчлэх чадваргүй байдлыг далимдуулан, мөн насанд хүрсэн Б.Бадамгаравыг 2 настай Д.Энхтэмүүлэнгийн хамт унтаж байхад нь “аавын чинь найз нь байна, аав чинь саван аваад ир гэж байна” гэж гэрт нь орон хохирогч С.Золжаргалын шар өнгийн бөгж, хохирогч Б.Бадамгаравын гар утсан цаг, цүнх, цүнхэнд байсан биет 235.000 төгрөг, жолооны үнэмлэх, иргэний үнэмлэх, ажлын түлхүүрүүд, ажлын үнэмлэх, цагаан өнгийн эмэгтэй хүний шинэ дээл, хар өнгийн юбка, сэлфиний гар, бор өнгийн хэтэвч зэрэг эд зүйлсийг хулгайлан хохирогч С.Золжаргалд 200.000 төгрөг, хохирогч Б.Бадамгаравт 235.000 төгрөг, нийт 535.000 төгрөгийн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэг болгон өөрчлөх үндэслэлтэй гэж үзлээ. Учир нь, шүүгдэгч И.Бархас нь дээрэмдэх гэмт хэрэгт шийтгүүлсэн байхдаа Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, “Home Land” хотхоны 103 дугаар байрны 54 тоотод хүч түрэмгийлэн орж, бага насны Д.Наранзаяа, Д.Билгүүн нарыг айдас түгшүүрт автуулан аливаа үйлдлийг хийлгэж, биет харагдах байдлаараа сэтгэл санааны хүч хэрэглэн тэдгээрийн нүдэн дээр илээр хохирогч С.Золжаргал, хохирогч Б.Бадамгарав нарын эд хөрөнгийг дээрэмдэн авч, бага бус хэмжээний хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогджээ...” гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлд хамаарч байна.

Иймд шүүх прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд буюу хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн, бодитой шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох, шүүгдэгч гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, И.Бархаст холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл ялтан И.Бархаст урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ӨСӨХБАЯР

                                      ШҮҮГЧИД                                         Б.ЗОРИГ

                                                                                               Ш.БАТ-ЭРДЭНЭ