Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 415

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр,

Шүүгдэгч Г.Б- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн 1918007430496 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Г.Б 1990 оны 12 дугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, эрэгтэй, 29 настай, бүрэн дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Угалзын 1-07 тоотод оршин суух албан ёсны хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Г.Б нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Угалзын 1-07 тоотод байх өөрийн гэртээ эхнэр болох С.Б-г “...архи ууж, гэр орондоо хоносонгүй” хэмээн хэлэхэд нь маргалдаж, улмаар зүүн гарыг нь мушгиж, эрүүл мэндэд нь “зүүн гарын 3 дугаар шивнүүрийн цууралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Г.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн үед би гэртээ орж ирээд хэвтэж байтал манай эхнэр миний дээрээс цохиод байсан. Тэгээд маргалдаж байхад хохирогч миний бэлэг эрхтнээс базахаар нь хуруунаас нь барьсан. Тэрнээс биш хурууг нь хугалах зорилгоор мушгисан зүйл байхгүй.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Бид одоо хамтдаа амьдарч байгаа. Дахин ийм хэрэгт холбогдохгүй, торгох ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Хохирогч С.Б-гаас Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 3/,

 

-Хохирогч С.Б-гын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…манай нөхөр 2019 оны 10 дугаар сарын 20-ноос 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө гэртээ ирж хоноогүй, үүрээр 06 цаг 30 минутад архи уучихсан согтуу гэртээ орж ирээд унтахаар нь би “машин тэргээ яачихсан юм бэ?” гэж асуухад “чамд хамаагүй” гээд найз Ханддоржийн хажуугаар ороод унтаад өгөхөөр нь би хүүгээ цэцэрлэгт өгчихөөд орж ирээд Г.Б-эс “машин тэргээ хаана хаячихсан юм бэ” гэж дахин асуухад “би өөрийнхөө юмыг хаана хаях нь чамд ямар хамаатай юм бэ?” гэж хэлээд босохгүй болохоор нь би хөнжлийг нь татаж аваад хоёр хөл рүү нь ээлжлээд 4-5 удаа өшиглөсөн чинь уурлаж босож ирээд миний үснээс татаад зүүн гарын хуруунаас барьж байгаад мушгихаар нь би гараа мулталж аваад гарч зугтаагаад цагдаагийн газар руу дуудлага өгчихөөд гэртээ ороход манай нөхөр найзтайгаа хамт зөрөөд гараад яваад өгөхөөр нь би цагдаагийн газар руу залгаад дуудлагаа буцаасан. Тэгээд байж байхад миний зүүн гарын дунд хуруу хавдаад хөндүүрлэж өвдөөд байхаар 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр “Саран-Элит" эмнэлэгт зургийг нь авахуулахад “яс нь цуурчихсан байна.” гэж хэлэхээр нь цагдаагийн байгууллага дээр ирж гомдол гаргасан.

...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/,

 

-Гэрч С.Г-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 сарын 20-ноос 10 дугаар сарын 21-нд шилжих шөнө өөрийн хүү Бат-Эрдэнийн гэрт буюу Дархан сумын 3 дугаар багийн Угалзын 1-7 тоотод хоносон. Тухайн орой Бат-Эрдэнэ гэртээ ирж хоноогүй. Үүр цайх үед Бат-Эрдэнэ гэртээ орж ирээд миний хажуугаар ороод унтсан. Тэгэхэд эхнэр С.Б-г нь нөхөр рүүгээ дайрч давшлаад хэрүүл уруул болоод байсан. Тэгээд манай бэр өглөө 08 цаг өнгөрөөгөөд хүүхдээ цэцэрлэгт хүргэж өгөх гээд гэрээсээ гараад явсан хойгуур нь би хувцсаа өмсөөд гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,

 

-Гэрч Э.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 10 сарын 20-ны өглөө Бат-Эрдэнэ Хүслэн бөөний төв рүү ажилдаа гараад явсан, эхнэр нь мөн ажилдаа явсан. Тухайн өдөр амралтын өдөр байсан учир Бат-Эрдэнийн хүүхдийг би хараад гэрт нь өнжсөн. Тэгээд байж байхад орой 15 цагийн орчимд Бат-Эрдэнийн аав Гэрэлчулуун ирсэн. Орой 21 цаг өнгөрч байхад Бат-Эрдэнийн эхнэр С.Б-г ажлаасаа ирээд хоол ундаа хийгээд хувцас хунараа угааж цэвэрлээд байж байгаад хоол гарах дөхөж байхад Бат-Эрдэнэтэй утсаар яриад дууссаныхаа дараа учир зүггүй уурлаад “пизда нар хэзээ ийм баян цатгалан болчихсон юм бэ?” гэх мэтээр уурлаж уцаарлаад хадам аав, бид хоёрыг байгаа чинээ тоохгүй үглээд чангаар орилоод байсан бөгөөд бид нар 00 цагт хоолоо идчихээд унтаж амарцгаасан. Тэгээд үүрээр хаалга цохиод байхаар нь би босоод хаалга онгойлгож өгөхөд Бат-Эрдэнэ бага зэрэг архи үнэртүүлчихсэн гэртээ орж ирээд эхнэрийнхээ ор руу орох гэхэд “гарч зайл, хаагуур янхандаж байгаад ирж байгаа юм бэ?” гээд орилж чарлаад байхаар нь Гэрэлчулуун гуай бид хоёрын дундуур орж ирээд унтах гэхэд өшиглөж цохиод татаж чангаагаад байсан. Тэгээд хэрүүл хийж байгаад өглөө хүүгээ цэцэрлэгт хүргэж өгөхөөр эхнэр нь явсан хойгуур Гэрэлчулуун гуай тэднийхээс гараад явсан. Би хэсэг унтчихсан байсан байна лээ. Нэг сэрэхэд эхнэр нь Бат-Эрдэнэ рүү чанга чанга орилж хараагаад өшиглөж цохиод машин нэхээд байх шиг байсан. Тэгээд удалгүй “яая өвдөөд байна, тавиач дээ.” гээд Бат-Эрдэнэ орилохоор нь хөнжлөө сөхөөд харсан чинь Бат-Эрдэнэ “чи төмсөгнөөс базаад байхдаа яадаг юм бэ?” гээд хоорондоо маргалдаж байгаад эхнэр нь гараад явчихсан. Тэгэхэд Бат-Эрдэнэ намайг “босоорой, явъя” гээд хувцсаа аваад бид хоёр тэднийхээс гараад явсан.” гэх мэдүүлэг /хэрийн 11/,

 

-“...зүүн гарын 3 дугаар шивнүүр ясанд тагуу цууралт төст сүүдэр хажуу зурагт илэрнэ. Баруун гарын хурууны үе хоорондын зай хэвийн, мултрал үгүй, бугуйн үений зай хэвийн, мултрал  үгүй.” гэх Саран-Элит” клиникийн эмнэлгийн рентген оношилгооны хуудас, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 13-14/,

 

-“…С.Б-гын биед зүүн гарын 3 дугаар шивнүүрийн цууралт, зөөлөн эдийн няцрал бүхий шинэ гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу хүчтэй мушгих, хөших үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 901 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 16-17/,

 

-Гэр бүлийн хүчирхийллийн аюулын зэргийг үнэлж, эрсдлийн түвшин “дунд” байгааг тодорхойлсон аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 41-42/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Г.Б- нь согтуурсан үедээ 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар багийн Угалзын 1-07 тоотод байх өөрийн гэртээ эхнэр болох С.Б-гтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зүүн гарыг нь мушгиж, эрүүл мэндэд нь “зүүн гарын 3 дугаар шивнүүрийн цууралт, зөөлөн эдийн няцрал бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх ба шүүгдэгч Г.Б-, хохирогч С.Б-г нар нь хамтран амьдрагчид бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байх тул шүүгдэгч Г.Б-н ийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Г.Б-н ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч С.Б-гын эрүүл мэндэд “зүүн гарын 3 дугаар шивнүүрийн цууралт, зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтэл учирсан /хэргийн 16-17/ бөгөөд хохирогч С.Б-г нь мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/ өгсөн байх тул  шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Г.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б- нь бусдад төлөх төлбөргүй байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч нь 2018 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан болох нь нотлогдож байгаа /хэргийн 28-33/  бөгөөд энэ нь эрх зүйн хувьд ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй боловч түүний хувийн байдлыг илэрхийлсэн нотлох баримт юм.

 

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 сарын хугацаанд сард 300000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Б-д үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Г.Б-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Г.Б-д 1200 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1200000 /нэг сая хоёр зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 1200000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 300000 төгрөгөөр тооцож, 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Г.Б-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Г.Б-д анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ