Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 417

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Хохирогч Я.Г ,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баярмаа,  

Шүүгдэгч Ж.Б  нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Б т холбогдох эрүүгийн 1918001630154 дугаартай хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж.Б  1959 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сант суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин багийн Хөтөл хорооллын задгайд оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг хөтөл хороололд иргэн Я.Г-той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, малын эрүүний ясаар цохиж, “баруун шанаанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Ж.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...эрүүний ясаар цохисон, жаахан юм уучихаад усны хариулт мөнгөнөөс болж хохирогчийг цохисон.

...миний буруу, дахиад ийм хэрэг үйлдэхгүй.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Я.Г-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Ж.Б-тай  2 удаа уулзсан. Би ус өгдөг бөгөөд ус өгөх гэж л уулзсан юм. 2019 оны 03 дугаар сарын 02-ны орой 18 цагийн орчим би худгаа хаах гээд гэрээсээ гараад хашааныхаа үүдэнд зогсож байхад Батбилэг ирсэн бөгөөд над руу хандаж “чи манай авгайд усны мөнгө хариулж өгөөгүй байна” гэж хэлээд гартаа барьсан малын эрүүний ясаар миний баруун шанаа руу нэг удаа цохисон. Тэгэхэд миний баруун шанаанаас цус гарч эхэлсэн бөгөөд Батбилэг намайг цохичхоод юу ч болоогүй юм шиг цаашаа гэр лүүгээ яваад яваад өгсөн. Би цусыг тогтоох гэхэд тогтоогүй учир би хүүхдээ дуудаж, эмнэлэг ороод 5 оёдол тавиулсан. Батбилэг надтай өөрөө нэг удаа ч ирж уулзаагүй. Миний бие их муудсан, одоо хүртэл миний даралт их байна. Гомдол нэхвэл нэхэхээр байсан. Эр хүн гэдэг утгаараа байж байна. Хохирлын 62640 төгрөг гаргаад өгвөл гомдолгүй.”  гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

-Хохирогч Я.Г-оос 22 см урттай малын эрүүний яс 1 ширхгийг хураан авсан тэмдэглэл /хэргийн 6/,

 

-Хохирогч Я.Г-оос мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн малын эрүүний ясыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 8/,

 

-Гэрч Р.Н-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...өнөөдөр буюу 2019 оны 03 дугаар сарын 02-ны орой 18 цагийн орчим манай нөхөр Гомбо худгаа хаах гэж гараад удалгүй 5 минут орчим болоод буцаад ороод ирсэн бөгөөд Гомбын баруун шанаанаас нь цус гарч байсан. Тэгэхээр нь би “хүүе юу болов оо?” гэж асуусан чинь “хажуу айлын Боогий /Батбилэг/ эрүүний яс барьж ирээд манай эхнэрт усны хариулт мөнгө өгөөгүй байна гэж хэлээд гартаа барьсан эрүүний ясаараа миний баруун шанаа руу нэг удаа цохичхоод яваад өглөө.” гэж хэлсэн юм. Тэгээд Гомбын толгойг марль тавьж боогоод Батбилэгийн гэрт очсон чинь Батбилэг хүрз, тоосго барьж дайраад байхаар нь эмнэлэг рүү явж Гомбын толгойг боолгосон юм.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,

 

-“...баруун шанаанд язарсан шархтай, оёдол тавигдсан, баруун доод зовхи хавдаж хөхөрсөн.” гэх Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн тодорхойлолт /хэргийн 15/,

 

-“Я.Г-ын биед баруун шанаанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17/,

 

-Хохирол төлбөртэй холбоотой баримт /хэргийн 24/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Б  нь 2019 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын Малчин баг хөтөл хороололд иргэн Я.Г той хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, малын эрүүний ясаар цохиж, “баруун шанаанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий  хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 208 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 17/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Ж.Б ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Я.Гомбын эрүүл мэндэд “баруун шанаанд шарх, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Я.Г  нь шүүхийн хэлэлцүүлэгт “...хохирлын 62640 төгрөг гаргаад өгвөл гомдолгүй.” гэж мэдүүлж, холбогдох баримтаа хэрэгт хавсаргасан байх тул шүүгдэгч Ж.Б ээс 62640 төгрөг гаргуулж, хохирогч Я.Г д олгохоор шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Б  нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Б  нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг мөн шүүгдэгч Ж.Б ийн нэн ядуу, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт байдаг /хэргийн 25/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-т “...жараас дээш насны эрэгтэй хүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахгүй.” гэж хуульчилсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,  6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Б ийн энэ хэрэгт 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон 165000 төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 285 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 285000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн ар гэрийн амьдралын нөхцөл байдал, шүүгдэгч Ж.Б ийн нэн ядуу, нийгмийн халамжийн сангаас хөгжлийн бэрхшээлтэй иргэний тэтгэвэрт байдаг /хэргийн 25/ зэргийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сард 28500 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.Б т үүрэг болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай малын эрүүний ясыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Ж.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ийн цагдан хоригдсон 11 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжээр тооцон 165000 төгрөгийг торгох ялаас хасч, торгох ялын хэмжээг 285 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 285000 /хоёр зуун наян таван мянга/ төгрөгөөр торгох ялаар тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Ж.Б-т оногдуулсан торгох ялын 285000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 10 сарын хугацаанд сард 28500 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.Б-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ж.Б т анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Б-ээс 62640 /жаран хоёр мянга зургаан зуун дөч/ төгрөг гаргуулж, хохирогч Я.Г-д олгосугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8, 1.9-т зааснаар энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 22 см урттай малын эрүүний ясыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шүүгдэгч Ж.Б-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ