Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 419

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,

Шүүгдэгч Л.Ө /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Ө-д д холбогдох эрүүгийн 1918006670488 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Л.Ө-д  1999 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 330 дугаар ангид буудагч ажилтай, ам бүл 6, ах, эгч, 3 дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн 20-45 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Л.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох  “Ноён хонгор” гэх газар Б.Т-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Л.Ө-ы шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр Ноён хонгор руу ногоо хураалтад явсан. Тухайн үед мод хөрөөдөх гэж байгаад маргалдсан. Тэгтэл Гансүх надтай зууралдаж  байхад Б.Т намайг цохисон. Тэгэхээр нь би Тэлмэнд гар хүрээд гэмтэл учруулсан.

...Б.Т-гийн эмчилгээний зардалд 1200000 төгрөгийг манай ах өгсөн. Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, торгуулийн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаар гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

 

-Хохирогч Б.Т-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би оройн хоолны дараа 22 цагийн орчим түлээний майханд утсаа оролдоод сууж байхад манай дээд оны Батбаяр манай 2019 оны Мөнхтулгыг “гараад сүх аваад ир” гэж хэлээд явуулсан. Мөнхтулгыг майхнаас гарсны дараа майхны гадаа “пид пад” хийх чимээ гарсан. Тэгэхэд манай оны Гансүх гараад би Гансүхийн араас гар утсаа халаасандаа хийгээд гарахад Гансүх, Өнөрсайхан хоёр хоорондоо заамдалцаад зогсож байсан. Тэгэхээр нь би Өнөрсайханд хандаж “яацгаагаад байгаа юм бэ?” гэж хэлээд болиулах гээд Өнөрсайханы гараас бариад авахад Өнөрсайхан малгайгаа арагш нь харуулж байгаад миний толгой руу буюу зүүн нүдний орчим нэг удаа мөргөөд, зүүн гараараа миний толгойн ар дагз хэсэг рүү гараа атгаж байгаад нэг удаа цохисон.

...миний биед тархины хаван, тархи доргилтын гэмтлийг Өнөрсайхан учруулсан. Би урд өмнө нь тархиндаа гэмтэл авч байгаагүй, анх удаа тархиндаа гэмтэл авч байна. Гомдол санал байхгүй, эмчилгээний зардлаа нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг /хэргийн 4-5/,

 

-Гэрч М.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний орой ногоо хураалтын ажил дуусаад 22 цагийн орчим түлээний майхан дотор мод хагалж байхад майхны гадаа Өнөрсайханы “юм хэлэхээр яагаад пээдэлзээд байгаа юм бэ?” гэж хэлэх чимээ гарахаар нь би майхны гадаа гараад ирэхэд Өнөрсайхан, Гансүх хоёр заамдалцаад зогсож байсан. Өнөрсайхан Гансүхийг цааш нь нэг түлхээд хажууд нь зогсож байсан Тэлмэнгийн нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тэгэхэд Гансүх, Тэлмэн хоёр Өнөрсайхан руу дайрсан. Тэгэхээр нь би ард зогсож байсан хүндээ гар утсаа гэрлийг нь асааж өгөөд Тэлмэнг салгаж авсан. Тэгэхэд Тэлмэн намайг газар унагаасан. Тэгэхэд Батбаяр хүрч ирээд намайг татаж босгосон.” гэх мэдүүлэг /хэргийн 9/,

 

-Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би зэвсэгт хүчний 330 дугаар ангийн мот буудлагын ротод буудагч ажилтай юм. Манай рот 2019 оны 09 дүгээр сарын 10-ны үед байх сайн санахгүй байна. Сэлэнгэ явдаг талын Дархан самбарын ойролдоо нэг ногооны талбайд намрын ажил хийж байгаа. Тэгсэн 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр буюу өчигдөр орой 22 цагийн үед би болон манай оны залуу Б.Т-, дээд оны Билгүүн, Батбаяр бид дөрөв ногооны талбай дээр байрлах майханд мод хөрөөдөж байгаад би түрүүлээд майхнаас гараад ирсэн чинь дээд оны Өнөрсайхан ах над дээр ирснээ “танай оныхон яах гээд байна” гээд үгийн чөлөөгүй миний энгэрээс заамдаж авсан. Тэгтэл майхан дотроос Б.Т- гарч ирээд Өнөрсайхан бид хоёрыг салгах гэсэн чинь Өнөрсайхан шууд Тэлмэнг мөргөж, нүүрэн тус газар нь 1 удаа цохисон. Гэтэл ногооны талбайн эзэн Нэргүй гэж ах ирээд “юу болоод байна вэ?” гэхээр нь бид нар салсан. Удалгүй манай дарга ирээд намайг эртхэн амар гэж хэлээд Б.Т-г аваад эмнэлэг рүү явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,

 

-Гэрч Б.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай рот 2019 оны 09 дүгээр сарын 06-ны үед байх сайн санахгүй байна. Сэлэнгэ явдаг талын Дархан самбарын ойролцоо нэг ногооны талбайд намрын ажил хийж байгаа. Тэгсэн 9 дүгээр сарын 21-ний өдөр буюу өчигдөр орой 22 цагийн үед манай оны Билгүүн, Өнөрсайхан, доод оны Гансүх. Тэлмэн бид тав ногооны талбай дээр байрлах майханд мод хөрөөдөж байсан. Тэгээд удалгүй майхны үүд хэсэгт Өнөрсайхан, Гансүх хоёр хоорондоо маргалдсан. Тэгтэл Б.Т- майхнаас гарч ирээд Гансүхийг өмгөөлөөд салгах гэхэд Өнөрсайхан Тэлмэнгийн нүүр хэсэгт мөргөж цохисон. Би тухайн үед Тэлмэн одоо боль гэж хэлээд бид нар салж явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,

 

-Гэрч А.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ингээд 22 цагийн орчим майханд түлээ хагалах гээд сууж байхад гадаа “пид пад” гэх чимээ сонсогдохоор нь гараад харсан чинь манай дээд оны Өнөрсайхан Гансүхтэй маргалдаад заамдалцсан байсан бөгөөд хажуугаар нь Тэлмэн ороод салгах гэхэд Өнөрсайхан нь Тэлмэнгийн нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тэгэхэд Гансүх Өнөрсайханыг түлхээд холдуулсан. Тэлмэнг нэг нь аваад салгасан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор бужигналдаад манай 2018 оныхон майхан руу ороод, гадаа 2019 оныхон үлдсэн юм. Ингээд Майханд орсоны дараа Тэлмэн бөөлжиж байгаад хэвтээд өгсөн юм.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,

 

-Гэрч Х.Э-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 21-ний оройн хоолны дараа унтаж амрахаас өмнө Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн ахлагчийн сургуулийн 2018, 2019 оны төгсөгчид түлээ хөрөөдөж, хагалахаар болсон юм. Ингээд 22 цагийн орчим майханд түлээ хагалах гээд сууж байхад гадаа “пид пад” гэх чимээ сонсогдохоор нь гараад харсан чинь манай 2018 оны Өнөрсайхан доод оны Гансүхтэй маргалдаад заамдалцсан байдалтай зогсож байсан. Манай доод оны Тэлмэн дундуур нь ороод салгах гэхэд манай 2018 оны Өнөрсайхан Тэлмэнгийн нүүр лүү нэг удаа мөргөсөн. Тэгэхэд Гансүх Өнөрсайханыг түлхээд холдуулж, Тэлмэнг нэг нь тэврээд авсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор бужигналдаад яг юу болоод байгаа нь сайн харагдаагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15/,

 

-“Б.Т-гийн биед тархи доргилт тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Б.Т-гийн биед учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болно. Б.Т-гийн биед учирсан гэмтэл нь цаашдын эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 815 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 17-18/,

 

-Б.Т-д Л.Өаас эмчилгээний зардалд 1255000 төгрөг өгсөн тухай баримт /хэргийн 37-40/,

- Хохирол төлбөртэй холбоотой баримтууд /хэргийн 41-42/,

-Б.Т-гийн эмчилгээ хийлгэсэн тухай эмнэлгийн баримт, өвчний түүх /хэргийн 44-58/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Л.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 22 цагийн орчим Дархан-Уул аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр болох “Ноён хонгор” гэх газар Б.Т-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байгаа бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 815 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 17-18/ нотлогдож байна.

 

Иймд шүүгдэгч Л.Ө-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Л.Өыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Т-гийн эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Л.Өы зүгээс хохирол төлбөрт 1255000 төгрөгийг төлсөн /хэргийн 37-40/ байна.

Хохирогч Б.Т-д шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “...эмчилгээний зардал авсан. Надад нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэж мэдэгдсэн тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Л.Ө нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй байгаа зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд сард 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Л.Ө-д үүрэг болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Л.Ө-д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Ө-д450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Л.Ө-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 90000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Л.Ө-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Л.Өд анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Ө-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ