Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 449

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Уянга,

Шүүгдэгч М.Б- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б холбогдох эрүүгийн 1918006840521 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.Б 1988 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, Хөдөө аж ахуйн их сургуулийн Ургамал газар тариалангийн хүрээлэнд сантехникч, жижүүр ажилтай, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 13 дугаар байрны 01 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр баг 22 дугаар хороолол 13 дугаар байрны 01 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Т.Э-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Тухайн үед эхнэрийг гар утсаа авахгүй болохоор нь гар хүрсэн. Одоогоор эхнэртэйгээ эвлэрээгүй байгаа.

...гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 6/,

-Хохирогч Т.Э-аас Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан өргөдөл /хэргийн 7/,

 

-Урьдчилан сануулах хамгаалалтын арга хэмжээ хэрэгжүүлсэн тухай тэмдэглэл /хэргийн 8/,

 

-Хүчирхийллийн аюулын зэргийг үнэлж гаргасан “...эрсдлийн түвшин бага” гэх аюулын зэргийн үнэлгээний дүгнэлт /хэргийн 9-10/,

 

-Хохирогч Т.Э-аас мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…2019 оны 09 сарын 29-ний өдрийн 19-20 цагийн үед шиг санаж байна манай найз Нэргүй гэдэг эмэгтэй над руу залгаад “excel нэртэй програм дээр хэрхэн ажиллах талаар заагаад өгөөч” гэхээр нь би тэдний гэрт очоод “excel” дээр ажиллах талаар зааж өгсөн. Тэгсэн манай найз Нэргүй шинэ ажилд орсон гээд нэг нэг пиво уухаар болоод тэдний гэрийн гадаа пиво уусан. Тэгж байхад манай нөхөр болон хадам ээж нар залгаад байхаар нь удахгүй очих гэж байсан болохоор очихын хооронд гэж бодоод авахгүй байсан. Тэгээд гэртээ 23 цаг 30 минутын үед орсон чинь тухайн өдөр ээлжийн ажилтай байсан манай нөхөр гэртээ ирчихсэн хүүхдээ тэвэрчихсэн үүдэнд зогсож байсан. Тэгснээ шууд хүүхдээ ээждээ өгснөө шууд над руу хүрч ирээд “чи хаашаа яваад ирж байгаа юм бэ?, утсаа яагаад авдаггүй юм бэ?, хаана хэнтэйгээ заваарч байгаад ирж байгаа юм бэ?” гээд намайг түлхээд толгой руу цохихоор нь би ч бас уурлаад түүнийг түлхсэн. Ингэж нэг нэгнийгээ түлхэлцэж хэрүүл маргаан үүсч явсаар жижиг өрөө рүү орсон чинь миний хоолойг гараараа боогоод түлхсэн. Ингэж түлхэх үед нь би жижиг өрөөнд байдаг жижиг модон ширээний өнцөг мөргөж унасан. Тэгсэн миний духны зүүн дээд хэсгээс цус гараад эхэлсэн. Тэгсэн манай нөхөр миний цээж, дал, хөл гар руу өшиглөж гараараа цохиж зодсон. Би яг хэд хэдэн удаа миний биед халдаж цохисныг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан их олон л удаа миний цээж, дал, хөл, гар руу гараараа цохиж өшиглөсөн.

...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/,

 

-Гэрч Т.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 сарын 30-ны шөнө 01 цагийн үед манай эгч Т.Э- над руу залгаад “нөхөртэйгөө хэрэлдээд зодуулчихлаа, намайг ирээд аваатах” гэхээр нь би өөрөө нялх хүүхэдтэй учир “гарч чадахгүй нь, өөрөө хүрээд ирэх боломж байхгүй юу?” гэхэд манай эгч 02 цагийн үед өөрийн хоёр хүүхдээ дагуулаад манай гэрт ирсэн. Манай гэрт эгч маань ирэх үедээ духных нь зүүн дээд хэсэг хагарч цус гарсан байдалтай, зүүн талын хацар нь хавдаж хөхөрсөн, доод уруул нь хавдчихсан байдалтай байсан. Тэгээд түүнээс юу болсон талаар асуухад “түр гэрээсээ гарчихаад ирсэн чинь нөхөр М.Б- нь ирчихсэн хүүхэд уйлаад байхад хаагуур яваад ирдэг юм бэ?, хүүхэд орхиж явлаа” гэх мэтээр уурлаж хэрүүл маргаан хийж зодсон гэж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 16/,

 

-Гэрч Г.-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 сарын 29-ний өдөр найз Т.Э- руу 20 цаг 30 минутын үед утсаар яриад “манайд хүрээд ирээч, найз нь шинээр ажилд орсон юм, excel програм дээр ойр зуурын зүйл заалгах гэсэн юм.” гэж хэлсэн. Ингээд манай найз 21 цагийн үед ирж надад ойр зуурын зүйл зааж өгсөөр 1 цагийн хугацаа өнгөрсөн. Тэгээд бид хоёр нэг нэг пиво уухаар болоод байрныхаа гадаа уучихаад 23 цагийн үед салсан. Өөрөөр бол нэмж согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Хоёр хоногийн дараа Т.Э- над руу залгаад “чамтай уулзаж пиво уучихаад гэртээ очиход манай нөхөр ажлаасаа ирчихсэн байж байгаад зодсон.” гэж ярьж байсан.

...ингэж утсаар ярьснаас 2-3 хоногийн дараа Т.Э-тай уулзахад зүүн талын шанааны доод хэсэгт нь хөхөрсөн байдалтай байсан. Өөрөөр мэдэгдэхүйц гэмтэл ажиглагдаагүй.” гэх мэдүүлэг /хэрийн 17/,

 

-Гэрч Д.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 29-ний орой гэрийнхээ том өрөөнд унтаж байсан чинь 19 цаг өнгөрч байхад манай 9 сартай ач Дөлгөөн уйлаад байхаар нь гайхаад жижиг өрөө рүү орсон чинь манай бэр Д.Энхмандал байхгүй байсан. Тэгэхээр нь би 5 настай ач Энэрэлээс “ээж нь хаачсан бэ?” гэхэд “манай ээж найзтайгаа уулзана гээд гараад явчихсан шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд би ач Дөлгөөнийг саатуулсан боловч огт уйлахаа болихгүй байхаар нь бэрийнхээ утсыг мэдэхгүй учир хүү М.Б- руу утасдаад “миний хүү Д.Энхмандалыг дуудчихаач, хүүхэд чинь уйлаад байна.” гэж хэлсэн. Тэгсэн манай хүү М.Б- 00 цагийн үед ажлаасаа шууд гэртээ хүрээд ирсэн. Тэгээд хүүхдээ саатуулж байхад нь манай бэр Д.Энхмандал 01 цагийн үед гэртээ согтуу ирэхэд нь манай хүү М.Б- уурлаад “чи хүүхдээ харахгүй хаагуур архи дарс уугаад яваад байгаа юм бэ?” гэхэд “хуц, чи янхантаж явдаг биз дээ, чамайг дуурайж байна.” гээд хоорондоо хэрэлдээд эхэлсэн. Тэр хоёр хоорондоо хэрэлдэж маргалдаад хоорондоо нэг нэгнийгээ заамдаад авсан. Тэгсэн М.Б- эхнэрийгээ алгадаад авсан чинь Т.Э- зөрүүлээд М.Б-ыг алгадсан. Тэр хоёр хоорондоо зууралдаж түлхэлцээд Т.Э- миний хүүгийн үснээс нь зулгаахад нь гарнаас нь татаж тавиулаад жижиг өрөөний орон дээр хоорондоо зууралдаж ноцолдоод газар унасан. Тэгээд орон дээр М.Б- хүүхдээ тэвэрсэн чигтээ эхнэртэйгээ ноцолдоод байхаар нь би хүүхдийг нь авсан. Тэгсэн тэр хоёр босоод бас л нэг нэгнийхээ захнаас заамдалцаад цээж, нүүр рүү түлхэлцэж байхад Т.Э- газар унасан бөгөөд унахдаа жижиг өрөөнд байдаг модон ширээний өнцөг мөргөчихсөн. Тэгсэн чинь Т.Э-ын зүүн талын хөмсөгний дээр нь зурагдаж цус гарсан. Тэгэхээр нь би бага ачаа тэвэрсэн байсан болохоор том өрөө рүү орсон. Удаагүй манай хүү хэрэлдэж маргалдаж байгаад ажилтай байсан учир ажилдаа явлаа гээд гэрээсээ гараад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 18-19/,

 

-“…Т.Э-ын биед дух, зүүн нүдний зовхи, доод уруул, зүүн хацар, доод эрүү, хүзүү, зүүн дал, 2 далны хооронд хэсэг, баруун, зүүн бугалга, бүсэлхий, баруун, зүүн гуянд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 839 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 23-24/,

 

-Хохирогч Т.Э-д эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 25-26/,

 

-Шүүгдэгч М.Б-ын хувийн байдлыг талаарх баримтууд /хэргийн 47-55/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 09 дүгээр сарын 29-ний орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 4 дүгээр багийн 22 дугаар хорооллын 13 дугаар байрны 01 тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Т.Э-ын эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “дух, зүүн нүдний зовхи, доод уруул, зүүн хацар, доод эрүү, хүзүү, зүүн дал, 2 далны хооронд хэсэг, баруун, зүүн бугалга, бүсэлхий, баруун, зүүн гуянд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх ба шүүгдэгч М.Б-, хохирогч Т.Э- нар нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байх тул шүүгдэгч М.Б-ын үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч М.Б-ыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Э-ын эрүүл мэндэд “дух, зүүн нүдний зовхи, доод уруул, зүүн хацар, доод эрүү, хүзүү, зүүн дал, 2 далны хооронд, баруун, зүүн бугалга, бүсэлхий, баруун, зүүн гуянд цус хуралт, зулгаралт” бүхий гэмтэл учирсан /хэргийн 23-24/ бөгөөд хохирогч Т.Э- нь мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 13-14/ өгсөн байх тул  шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Б- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын хугацаанд сард 100000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Б-од үүрэг болгож шийдвэрлэлээ.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Б-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Б-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгох ялын 500000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 100000 төгрөгөөр тооцож, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.Б-од үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М.Б-од анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Я.ТУУЛ