Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2019/ШЦТ/389

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,

Улсын яллагч Ц.Мөнхжаргал,

Шүүгдэгч Ш.П нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш.Пхолбогдох эрүүгийн 1938007660469  дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.П нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сумын чиглэлд хугацаа нь дууссан гарал үүслийн бичгээр 3.9 метр.куб мод тээвэрлэж, ойн санд 234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Ш.П нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сумын чиглэлд хугацаа нь дууссан гарал үүслийн бичгээр 3.9 метр.куб мод тээвэрлэж, ойн санд 234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007660469  дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ш.Пийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг Ганц мод гэх газраас мод бэлтгэсэн. Мөрөн сум руу орж ирж явахад машины кроп эвдрээд 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр машинаа янзлаад 10 дугаар сарын 30-ны өдөр машинаараа бэлтгэсэн модоо зарах гэж түлээний зах руу явж байгаад цагдаад журамлагдсан...Би зөвшөөрөлд заасан 4 м.куб мод бэлтгэсэн...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/,

      Хохирогч Ч.Омөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Надад энэ хэргийн талаар мэдэх зүйл байхгүй байна. Би энэ хэргийн талаар улсын байцаагч Батжаргалаас сонсож мэдсэн. Ш.П нь шинжээчийн дүгнэлтэнд заасан хохирлыг орон нутгийн төсөвт төлж барагдуулсан байсан...Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч О.С-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын байгаль хамгаалагч Батжаргал гэдэг хүнээс 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр би өөрийнхөө нэрээр авсан ба мод ачих машины дугаарыг нь Ш.Пийн 65-26 ХӨА машины дугаар дээр авсан...Ш.П надаар зөвшөөрлийн бичиг авахуулаад өөрөө мод бэлтгэж тээвэрлэсэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

Гэрч Л.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...2019 оны 10 дугаар сарын 10-ны өдөр миний хүргэн хүү Ш.П нь Тосонцэнгэл сумын Байгаль орчны байцаагчаас гоожин аваад тухайн өдрөө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1 дүгээр баг Ганц мод гэх газраас модоо бэлтгээд Хөвсгөл аймгийн Мөрөн сум руу орж явахад ... улсын дугаартай Портер маркийн автомашины кроп эвдрээд айлын хашаанд чирч оруулж ирж орхиод 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр машинаа янзлаад 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр машинаараа бэлтгэсэн модоо зарах гэж түлээний зах руу явж байгаад Мөрөн сумын 13 дугаар багт цагдаад баригдаж журамлуулсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/12 дугаартай дүгнэлтэд: “...Ш.Пийн бэлтгэсэн модыг хэмжихэд 3.9 м.куб хэмжээтэй түлшний зориулалтаар тайрч бэлтгэсэн Шинэс мод болох нь тогтоогдов…Экологи-эдийн засгийн үнэлгээ 234.000 төгрөг ” гэх дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,

  •  

    Төрийн сангийн 100171100988 дугаарын дансанд 234.000, 468.000 төгрөгийг Ш.Поос шилжүүлсэн Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 10, 12 дугаар сарын 19-ний өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт,

     Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, мал тооллогын тодорхойлолт, гэрлэлт бүртгэлийн лавлагаа,  жолоочийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32, 37-40-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938007660469 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ш.П нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумаас Мөрөн сумын чиглэлд хугацаа нь дууссан гарал үүслийн бичгээр 3.9 метр.куб мод тээвэрлэж, ойн санд 234.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ш.Пийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Ч.О/хх-ийн 11-12-р хуудас/, гэрч О.Сүрэнхорлоогийн /хх-ийн 14-р хуудас/, гэрч Л.Ганхуягийн /хх-ийн 16-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

      Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 3-5-р хуудас/,

      Эд хөрөнгө битүүмжилсэн тухай прокурорын тогтоол, тэмдэглэл /хх-ийн 6-7-р хуудас/,

Хөвсгөл аймгийн Дэлгэрмөрөн сум дундын ойн ангийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 2019/12 дугаартай дүгнэлт /хх-ийн 18-19-р хуудас/,

 Байгал орчны Улсын байцаагчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 38-р хуудас/,

     Хөрөнгө үнэлгээний тайлан /хх-ийн 24-26-р хуудас/,

     Төрийн сангийн 100171100988 дугаарын дансанд 234.000, 468.000 төгрөгийг Ш.Поос шилжүүлсэн Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 10, 12 дугаар сарын 19-ний өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ш.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүй, ёс зүйн ухамсар дутмаг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг шүүгдэгч Ш.П нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ш.П нь экологи эдийн засагт 234.000 төгрөгний хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.1-т “ойн санд учирсан хохирлыг ойн экологи–эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр” тогтооно гэж заасан байх тул шүүгдэгч Ш.Пийн экологи эдийн засагт учруулсан хохирлыг гурав дахин нэмэгдүүлж 702.000 төгрөгний хохирол учруулсан байна. Шүүгдэгч Ш.П нь уг хохирлоо нөхөн төлсөн болох нь Төрийн сангийн 100171100988 дугаарын дансанд 234.000, 468.000 төгрөгийг Ш.Поос шилжүүлсэн Төрийн банкны 2019 оны 12 дугаар сарын 10, 12 дугаар сарын 19-ний өдрийн банк хоорондын шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ш.Пийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Ш.П нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 32-р хуудас/-аар тогтоогдож байна.

 Шүүгдэгч Ш.П нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Шүүгдэгч Ш.П нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн 1938007660469 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн 3.2 м.куб хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

      1. Шүүгдэгч Ш.П-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль бусаар мод бэлтгэх гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

      2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Пийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

      3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.П нь торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг дурдсугай.

      4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн 3.9 м.куб хуурай шинэс модыг хурааж улсын орлогод оруулахыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, ... улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 47 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

      5. Эрүүгийн 1938007660469 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

     7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Пид урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Т.ХҮРЭЛБААТАР