| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ягнайжавын Туул |
| Хэргийн индекс | 166/2019/0440/Э |
| Дугаар | 450 |
| Огноо | 2019-12-09 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Г.Яндаг |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 450
Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ганхуяг,
Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Яндаг,
Шүүгдэгч Д.Н- /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Дашдондогийн Наранцэцэгт холбогдох эрүүгийн 1918007570532 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Д.Н 1983 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Борнуур суманд төрсөн, эмэгтэй, 36 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч, нарийн боовчин мэргэжилтэй, “Мөнхийн Үүр” ХХК-нд тогооч ажилтай, ам бүл 7, эх, 4 хүүхэд, дүүгийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 6 дугаар гудамжны 2а тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Шүүгдэгч Д.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 6 дугаар гудамжны 2а тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Д.М эрх чөлөөнд халдаж, хохирогч Д.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Гэм буруугийн талаар:
Шүүх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт:
-Шүүгдэгч Д.Н-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…2019 оны 10 дугаар сарын 29-ний өглөө гэртээ байж байхад гаднаас дүү Д.Мөнх-Отгон орж ирээд хоол халааж идэж байсан. Би дүүдээ 100000 төгрөгийн өртэй байсан бөгөөд надаас тэр мөнгөө нэхээд байхаар нь “мөнгө байхгүй байна аа, ажилдаа явахаар өгье, тэгээд чи мөнгө өгөхөөр архи уучихдаг биз дээ, хоол хүнсний юм аваарай гэсэн мөнгөөр архи уучихсан байсан шүү дээ.” гэж хэлсэн. Д.Мөнх-Отгон нь тухайн үед найзындаа архи ууж байгаад хоноод ирсэн гээд нэлээн халамцуу байсан тул бид 2 мөнгөнөөс болоод маргалдаж эхэлсэн. Маргалдаж байх явцад над руу уурлаад үснээс зулгаагаад нүүр хэсэг рүү цохиод байхаар нь миний уур хүрээд ширээн дээр байсан сэрээг аваад нуруу, бас гар руу нь хатгачихсан юм. Тэгээд гарнаас нь цус гараад эхэлсэн. Тэгсэн гаднаас эгч Содномханд орж ирсэн.
...Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй. Ар гэрийн амьдралын нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял оногдуулж өгнө үү. ” гэх мэдүүлэг,
-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 3/,
-Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 6 дугаар гудамжны 2а тоотод үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 4-8/,
-“...согтуурал шалгах драгер багажаар иргэн Д.М г шалгаж үзэхэд 2.98 хувтай гарсан.” гэх мөрдөгчийн тэмдэглэл /хэргийн 9/,
-Хохирогч Д.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…би өөрийн ээж Г.Эрдэнэчимэг, төрсөн эгч Д.Н-, түүний дөрвөн хүүхдийн хамтаар долуулаа амьдардаг юм. Ингээд би гадуур архи ууж яваад 2019 оны 10 сарын 26-ны өглөө гэртээ нэлээн өндөр согтолттой орж ирэхэд төрсөн эгч Д.Н- гэртээ бага зэрэг архи уучихсан хэвтэж байсан. Тэгээд намайг ороход манай эгч сэрчихээд надаас “мөнгө төгрөгөө яачихдаг юм бэ?” гээд хэрүүл хийгээд байхаар нь би “надаас хэдэн төгрөг авах гээд байгаа юм бэ?” гээд эгч бид хоёр хоорондоо жаахан маргалдсан. Тэгэхэд манай эгч Д.Н- уурлаад босож ирээд ширээн дээр байсан хоол иддэг төмөр сэрээг аваад миний ар нуруу руу хатгахаар нь сэрээ барьсан гарыг нь бариад авах гэтэл миний баруун гарын шуу руу хатгаад зүсчихсэн.
...одоо миний байдал хэвийн сайн байгаа. Зүсэгдэж, хатгагдсан шарх маань эдгэрсэн.
...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/,
-Гэрч О.Б-ий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 10 сарын 26-ны өдөр цагдаагийн дэд ахлагч Б.Эрдэнбаярын хамт Дархан сумын нутаг дэвсгэрт өдрийн хөдөлгөөнт эргүүлийн үүргийг гүйцэтгэн ажиллаж байх хугацаанд Цагдаагийн газрын ерөнхий жижүүрээс 11 цагийн орчимд “Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 6-2а тоотод согтуу хүмүүс хоорондоо маргалдаад байна.” гэсэн дуудлага мэдээлэл өгсний дагуу уг хаяг дээр очиход хашаанд 2 монгол гэр байсан ба баруун талын гэрт ороход 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүмүүс байсан. Тэгээд болсон зүйлийн талаар тодруулж асуухад Д.Н-, Д.Мөнх-Отгон гэж өөрсдийгөө хэлэх эрэгтэй, эмэгтэй хоёр хүн мөнгөн дээрээс болоод хоорондоо маргалдахад Д.Н- гэх эмэгтэй нь Д.Мөнх-Отгон гэх эрэгтэйн баруун гар болон ар нуруунд төмөр сэрээгээр хатгаж гэмтээсэн, цус гарсан байдалтай байсныг тухайн өдрийн жижүүрийн бүрэлдэхүүнд танилцуулан хүлээлгэн өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,
-Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн Дархан сумын 02 дугаар багийн Октябрийн 6-2а тоотод нөхрийнхөө хамтаар амьдардаг. Манай хашаанд манай ээж Г.Эрдэнэчимэг, дүү Д.Н-, Д.Мөнх-Отгон, Д.Н-ийн дөрвөн хүүхдийн хамтаар амьдардаг юм. Ингээд 2019 оны 10 сарын 26-ны өглөө 09 цагийн орчимд өөрийнхөө гэрт ээжийнхээ хамтаар хоол хийх санаатай галаа түлээд байж байтал ээжийн гэрт хэрүүл маргаан болоод орилж чарлаад байхаар нь би яваад ороход манай дүү Д.Н-, Д.Мөнх-Отгон хоёр мөнгөнөөс болоод хоорондоо маргалдаж байгаад Д.Н- нь төмөр сэрээгээр Д.М баруун гарын шуу болон ар нуруу хэсэг рүү нь хатгаад гэмтээчихсэн, цус гарч байхаар нь би Мөнх-Отгоны гарыг даавуугаар боож цусыг нь тогтоож өгсөн. Тэгээд удалгүй цагдаа, эмнэлэг ирээд Д.Н-, Д.Мөнх-Отгон нарыг аваад явсан. Тухайн үед Д.Мөнх-Отгон, Д.Н- нар хоёулаа согтуу байсан.” гэх мэдүүлэг /хэрийн 14/,
-Хохирогч Д.М-д эмнэлгийн тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 18-19/,
-“…Д.М биед баруун шуу, баруун далны хажуу хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн 2 удаагийн хүчин үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 911 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 21-22/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.
Шүүхээс шүүгдэгчийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-т заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтад хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Н- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 2 дугаар багийн Октябрийн 6 дугаар гудамжны 2а тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий этгээд болох төрсөн дүү Д.М эрх чөлөөнд халдаж, хохирогч Д.М эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн хүчирхийлэл гэж гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн үйлчлэлд хамаарч буй этгээдийн сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодид халдсан үйлдэл, эс үйлдэхүйг хэлэх ба шүүгдэгч Д.Н-, хохирогч Д.Мөнх-Отгон нар нь төрсөн эгч дүүс бөгөөд Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-т зааснаар гэр бүлийн хамаарал бүхий этгээд мөн байх тул шүүгдэгч Д.Н-ийн үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв байна.
Иймд шүүгдэгч Д.Н-ийг гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогч Д.М эрүүл мэндэд “баруун шуу, баруун далны хажуу хэсэгт шарх” бүхий гэмтэл учирсан /хэргийн 21-22/ бөгөөд хохирогч Д.Мөнх-Отгон нь мөрдөн байцаалтын шатанд “...надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 11-12/ өгсөн байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.
2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Н- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Н- нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд гэр бүлд нь шүүгдэгчээс өөр хөдөлмөр эрхлэх чадвартай хүн байхгүй, ажил хөдөлмөр эрхэлж 4 хүүхдээ тэжээн тэтгэдэг зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 12 сарын хугацаанд сард 37500 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Н-т үүрэг болгож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Д.Н-г гэр бүлийн хамаарал бүхий этгээдийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч Д.Н-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар торгуулийн ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш сард 37500 төгрөгөөр тооцож, 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Н-т үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Н-т анхааруулсугай.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Я.ТУУЛ