Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 458

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Шүүгдэгч М.О- /шүүгдэгч өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1918006890523 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтэй ирүүлснийг 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.О 1986 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 33 настай, эмэгтэй, дээд боловсролтой, солонгос хэлний багш, гэр бүлийн сэтгэл зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн Нарантолгойн*******од оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэн байдлаар/

 

Шүүгдэгч М.О- нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар сургуулийн урд талын зам дээр******* УНӨ улсын дугаартай тоёота спасио маркын автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг  зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч Х.Г-ийг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун богтос ясны битүү хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

Шүүгдэгч М.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…Анхаарал болгоомжгүй байдлаас уг ослыг гаргасан. Миний тээврийн хэрэгслийн баруун талд хохирогч явж байсан. Миний бие тоормосолж чадалгүй хохирогчийг мөргөсөн. Хохирогчийн биед учирсан гэмтэл миний үйлдлийн улмаас учирсан гэмтэл мөн. Хохирол төлбөрт 259000 төгрөгийг төлсөн.

...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 4/,

-Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 5-6/,

-Насанд хүрээгүй хохирогч Х.Г-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...чигээрээ зам хөндлөн гарч, замын нөгөө талын дэлгүүр орох гээд******* надаас түрүүлээд зам хөндлөн гарсан. Би*******ын араас зам хөндлөн гараад замын гол хэсэгт явж байтал миний зүүн гар талаас машин ирээд миний зүүн хөлний гуя хэсэг рүү мөргөсөн. Би баруун гар тал руугаа зам дээр унасан. Би унахдаа баруун гараараа тулж унасан учраас миний баруун гар хугарсан байх. Тэгээд би зам дээр унасан чинь намайг мөргөсөн машин намайг өнгөрч зогсоод нэг эгч бууж ирээд намайг тэвэрч машиндаа суулгаад эмнэлэг дээр аваачиж үзүүлсэн. Миний араас ээж ирсэн.” гэх мэдүүлэг / хэргийн 9/,

 

-Гэрч Ц.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би айж сандраад такси бариад эмнэлэг рүү очсон. Намайг очиход хүү Х.Г-ийг рентген зурагт харуулах гээд өрөө рүү оруулсан байсан. Рентгенд харуулаад баруун гарын шууны яс нь хугарсан байна гээд гипсдүүлсэн.

...”Баяр” бөөний төв орж ундаа авна гээд ангийнхаа******* гэж хүүхэдтэй явсан. Би зам хөндлөн гарахгүй юм байна гэж бодоод ангийнх нь хүүхэдтэй явуулсан юм. Би өөрөө цүнхийг нь аваад сургуулийнх нь гадаа хүлээж байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,

 

-Гэрч Д.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед ослын газар очин үзлэг хийхэд явган зорчигч Х.Г- нь явган хүний гарц гармаар гараагүй, түүний асран хамгаалагч аав, ээж нь 10 хүртэлх насны хүүхэд буюу бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан нь тогтоогдсон. Тухай осол болсон газраас 43.2 метрийн цаана явган хүний гарц байсан. Харин жолооч М.О-ийн хувьд замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

 

-Зам тээврийн ослын шийдвэрлэлтийн талаарх тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч /хэргийн 13-14/,

 

-Насанд хүрээгүй хохирогч Х.Г-т эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн хуудас /хэргийн 16-17/,

 

-“...Х.Г-ийн биед баруун богтос ясны битүү хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үед хүчтэй цохигдох, мөргөгдөх, унах үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-УУл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 846 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 18-19/,

 

-“...техникийн хувьд бүрэн бүтэн тул осол гарахад нөлөөлсөн зүйлгүй байна.” гэх техникийн шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 23-26/,

 

-“...зам тээврийн ослын үндсэн шалтгаан нь жолооч М.О- нь тээврийн хэрэгслийг зогсоох арга хэмжээг аваагүй болон явган зорчигч Х.Г-ийн хууль ёсны төлөөлөгч, төрсөн эх Ц.Амартүвшин нь 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулсан, мөн явган хүний гарц буюу гармаар зам хөндлөн гараагүйгээс уг зам тээврийн осол гарсан байна.” гэх Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, дэслэгч Д.Жанцанноровын гарсан дүгнэлт /хэргийн 32/

 

-Насанд хүрээгүй хохирогч Х.Г-ийн компьютер томографикийн үзлэгийн тэмдэглэл /хэргийн 36/,

-Амбулаториор эмчлүүлэгчийн картын хуулбар /хэргийн 37/,

-Насанд хүрээгүй хохирогч Х.Г-ийн төрсний гэрчилгээний хуулбар /хэргийн 38/,

-Насанд хүрээгүй хохирогч Х.Г-ийн эмчилгээ хийлгэсэн талаарх нотлох баримтууд /хэргийн 41-43/,

 

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн шүүгдэгч М.О-ийн хүсэлт /хэргийн 89/,

 

-Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг хүссэн насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Амартүвшингийн хүсэлт /хэргийн 90/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.О- нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Дархан сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар сургуулийн урд талын зам дээр******* УНӨ улсын дугаартай тоёота спасио маркын автомашиныг жолоодож, замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12 дугаар бүлгийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж заасныг  зөрчсөний улмаас зам хөндлөн гарч байсан явган зорчигч Х.Г-ийг мөргөж, эрүүл мэндэд нь “баруун богтос ясны битүү хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч нь хэргээ хүлээн мэдүүлж, хэргийн зүйлчлэл, гэм буруугийн талаар маргаагүй байна.

 

Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Г-ийн биед “баруун богтос ясны битүү хугарал” бүхий гэмтэл учирсан бөгөөд энэ нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаанд сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах болох нь Дархан-УУл аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 дугаар сарын 7-ны өдрийн 846 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 18-19/ нотлогдож байгаа бөгөөд шүүгдэгч болон насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нарын гаргасан хүсэлтийн дагуу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.О- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байна.

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шийтгэх тогтоол гарах үед бусдад төлөх төлбөргүй байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, бусдад төлөх төлбөргүй байгаа, 7 сартай жирэмсэн зэрэг хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, мөн нөхцөл байдлуудыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд сард 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.О-д үүрэг болгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5, 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч М.О-г жолооч  хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас насанд хүрээгүй хохирогч Х.Г-ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.О-г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч М.О-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сарын хугацаанд сард 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч М.О-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч М.О-д анхааруулсугай.

 

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Я.ТУУЛ