Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0619

 

 

 

2020 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 221/МА2020/0619

Улаанбаатар хот

 

 

 

                                                “М.У.Э” ХХК-ийн гомдолтой              

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Д.Оюумаа, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д, Б.Д нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 647 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “М.У.Э” ХХК-ийн гомдолтой, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ж.И, Л.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 647 дугаар шийдвэрээр: “Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.11, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан “М.У.Э” ХХК-ийн гаргасан “Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0298651 дүгээр шийтгэлийн хуудас дахь торгууль, алдангийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Гомдол гаргагчийн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “Манай компанийн зүгээс шүүхэд “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ж.И, Л.Х нарын нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан гэх “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 250298651 дугаартай тэмдэглэл”-ийг илт хууль бус болохыг тогтоож, түүнийг үндэслэн гарсан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0298651 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.

Энэхүү нэхэмжлэлийн шаардлагаа дээрх шийтгэлийн хуудсаар ногдуулсан 6,229,134.5 төгрөгийн торгууль, 4,850,520 төгрөгийн алдангийн хэсгийг хүчингүй болгуулахаар өөрчлөн тодорхойлсон.

Татварын маргаан таслах зөвлөлийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолоор Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн улсын байцаагч нарын гаргасан 0298651 тоот шийтгэлийн хуудсанд өөрчлөлт оруулан шийдвэрлэсэн.

Татварын маргаан таслах зөвлөлөөс нэмэгдсэн өртгийн албан татвартай холбогдуулан 16,227,048 төгрөгийн нөхөн татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбогдуулан 4,536,735 төгрөгийг нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн.

Шүүхэд манай компанийн зүгээс Татварын ерөнхий хууль болон Зөрчлийн тухай хуулийг хэрэглэхтэй холбогдуулан болон ногдуулсан торгууль алдангийн хувь хэмжээ нь эргэлзээтэй байх тул хүчингүй болгуулах байр суурьтайгаар тайлбар нэхэмжлэлээ гарган оролцсон.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдөр нэмэлт өөрчлөлт орсон байгааг үндэслэн шийтгэлийн хуудсаар ногдуулсан торгууль алданги нь хууль зөрчөөгүй үндэслэлтэй байна” гэж дүгнэсэн. Үүнээс хойш буюу 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд өөрчлөлт оруулж алдангийн хувь хэмжээг 20 хувиас хэтэрч болохгүй гэж заасан.

Нэгэнт шүүхээс 2008 оны Татварын ерөнхий хуулийг баримтлан шийдвэрлэж байгаа тул шийтгэх хуудсаар ногдуулсан алданги нь анхнаас дээрх хуулийн заалтыг зөрчиж ногдуулсан байх тул хүчингүй болох бүрэн үндэслэлтэй гэж үзэж байна.

Нөгөө талаар торгууль ногдуулж буй хуулийн заалт нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, ногдуулж буй торгууль нь ойлгомжгүй, татвар төлөгчийн зүгээс татварын улсын байцаагчийн хяналт шалгалтыг огт хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар гэх агуулгаар тэмдэглэл үйлдэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байх тул торгууль ногдуулсан хэсэг нь мөн хууль зөрчсөн гэж үзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 647 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, “ Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн улсын байцаагч Ж.И, Л.Х нарын нөхөн татвар, торгууль, алданги ногдуулсан гэх “Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 250298651 дугаартай тэмдэглэл”-ийг үндэслэн гарсан 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0298651 тоот шийтгэлийн хуудсаар ногдуулсан 6229134.5 төгрөгийн торгууль, 4850520 төгрөгийн алдангийн хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, гомдлыг хангахгүй орхилоо. 

Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ж.И, Л.Х нар нь “М.У.Э” ХХК-ийн 2014-2018 оны албан татвар ногдуулалт төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, 250298651 дүгээр шийтгэлийн хуудсаар 557,532,334.0 төгрөгийн зөрчилд 55,753,233.4 төгрөгийн нөхөн татвар, 16,725,970.0 төгрөгийн торгууль, 13,494,651.5 төгрөгийн алданги нийт 85,973,854.9 төгрөгийн төлбөр ногдуулсныг Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 80 дугаар тогтоолоор нийт 54,130,417.0 төгрөгийн төлбөрийг багасгаж, нийт 31,843,437.9 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Татварын ерөнхий хууль /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1-д “Дараах үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна, 74.1.3-д “Нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулах”, 74 дүгээр зүйлийн 74.1-д /2008 оны, 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нэмэлт өөрчлөлт орсон/ “Хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, 74.1.11-д /2008 оны, 2015 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн нэмэлт өөрчлөлт орсон/ “Нэмэгдсэн өртгийн албан татвар төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн буюу борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй” гэж тус тус заасан.

Мөн Зөрчлийн тухай хууль /2017 оны/-ийн 11.19 дүгээр зүйлийн 1-д “Татвар төлөгч хүн, хуулийн этгээд татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор”, 1.1-д “Татвар ногдох орлого, орлогоос бусад татвар ногдох зүйлийг нуун дарагдуулсан, эсхүл бусад хүн, хуулийн этгээдэд үндэслэлгүйгээр шилжүүлсэн, эсхүл нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд тусгахгүй орхигдуулсан”, 1.4-д “Нэмэгдсэн өртгийн албан татвар суутган төлөгчөөр бүртгүүлсэн иргэн, хуулийн этгээд үйлдвэрлэсэн, борлуулсан, бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээндээ нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, эсхүл ногдуулсан татварыг төлөөгүй бол татварыг нөхөн төлүүлж, хүн, хуулийн этгээдийг нөхөн төлүүлэх татварыг 30 хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно”, тайлбар: “Энэ зүйлийн 1, 2, 3, 4 ,5  дахь хэсэгт заасан нөхөн төлүүлэх хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох ба уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй байна” гэж заажээ.

Маргаан таслах зөвлөлийн 80 дугаар тогтоолоор “М.У.Э” ХХК-ийн 2017 онд 162,270,484.0 төгрөгийн борлуулалтын орлогод нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусган татвар ногдуулж, төсөвт төлөөгүй зөрчилд 16,227,048.0 төгрөгийн татвар, 4,868,114.5 төгрөгийн торгууль, 3,943,173.0 төгрөгийн алданги, 2017 онд 45,367,352.0 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусган татвар ногдуулж төсөвт төлөөгүй зөрчилд 4,536,735.0 төгрөгийн татвар, 1,361,020.0 төгрөгийн торгууль, 907,347.0 төгрөгийн алдангийг ногдуулахаар шийдвэрлэсэн.

Гомдол гаргагч нь 0298651 дүгээр шийтгэлийн хуудас дахь 20,763,783.4 төгрөгийн нөхөн татварыг хүлээн зөвшөөрч түүнтэй холбогдуулж маргаагүй, харин уг шийтгэлийн хуудас болон маргаан таслах зөвлөлөөс шийдвэрлэсэн 6,229,134.5 төгрөгийн торгууль, 4,850,520 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулахаар маргаж байгаагаас үзвэл түүний эрх зүйн байдлыг дээрдүүлэх зорилгоор 2017 оны зөрчилд тухайн цаг хугацаанд үйлчилж байсан Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.11, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх заалтыг баримтлан шийтгэл ногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

Иймд “нэгэнт шүүхээс 2008 оны Татварын ерөнхий хуулийг баримтлан шийдвэрлэж байгаа тул шийтгэх хуудсаар ногдуулсан алданги нь анхнаас дээрх хуулийн заалтыг зөрчиж ногдуулсан байх тул хүчингүй болох бүрэн үндэслэлтэй” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн гомдол гаргагч нь 20,763,783.4 төгрөгийн нөхөн татварыг хүлээн зөвшөөрч түүнтэй холбогдуулж маргаагүй атлаа түүнд тооцогдох торгууль, алдангийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь ойлгомжгүй байна.

Маргаан бүхий 0298651 дугаартай шийтгэлийн хуудсаар “М.У.Э” ХХК-ийн 2016 оны 12,415,000.0 төгрөгийн, 2017 оны 162,270,484.0 төгрөгийн, 2017 оны 382,846,850 төгрөгийн зөрчилд тус бүрд нь нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулсан байна.

Хэдийгээр гомдол гаргагчаас гомдлын шаардлагаа “0298651 дүгээр шийтгэлийн хуудас болон маргаан таслах зөвлөлөөс шийдвэрлэсэн нийт 6,229,134.5 төгрөгийн торгууль, 4,850,520 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулах” гэж тодорхойлсон ч анхан шатны шүүх “Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0298651 дүгээр шийтгэлийн хуудас дахь торгууль, алдангийг хүчингүй болгуулах” гэх байдлаар гомдлын шаардлагыг тодорхойлон бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн нь уг шийтгэлийн хуудсаар чухам хэдэн оны, ямар зөрчилд ногдуулсан, хэдэн төгрөгийн татвар, торгууль, алданги болохыг тодорхой заагаагүйгээс шүүхийн шийдвэр ойлгомжтой байх шаардлагыг хангахааргүй байх тул шийдвэрийн Тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зорилт нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны үндэслэл, журмыг тогтоож, зөрчлийг шалгах, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд шийтгэл оногдуулах, энэхүү ажиллагааны явцад хүн, хуулийн этгээдийн хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахад орших бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд “М.У.Э” ХХК нь Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 1.1, 1.4-д тус тус заасныг зөрчсөн нь нотлогдож байх тул хариуцлага гарцаагүй байх зарчмын үүднээс зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

Иймд “торгууль ногдуулж буй хуулийн заалт нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, ногдуулж буй торгууль нь ойлгомжгүй, татвар төлөгчийн зүгээс татварын улсын байцаагчийн хяналт шалгалтыг огт хүлээн зөвшөөрөөгүй байхад хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн гэх агуулгаар тэмдэглэл үйлдэн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж байх тул торгууль ногдуулсан хэсэг нь мөн хууль зөрчсөн” гэх гомдол үндэслэлгүй.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг баримтлан

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 647 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.3, 74.1.11, Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1.1, 1.4 дэх заалтыг тус тус баримтлан “М.У.Э” ХХК-ийн “Сүхбаатар дүүргийн Татварын улсын байцаагч нарын 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0298651 дүгээр шийтгэлийн хуудас болон маргаан таслах зөвлөлөөс шийдвэрлэсэн нийт 6,229,134.5 төгрөгийн торгууль, 4,850,520 төгрөгийн алдангийг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн Тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, гомдол гаргагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар  зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар гомдол гаргагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                ШҮҮГЧ                                                             Д.БАТБААТАР

                ШҮҮГЧ                                                             Д.ОЮУМАА

                ШҮҮГЧ                                                            Н.ДОЛГОРСҮРЭН