| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Батцэрэн |
| Хэргийн индекс | 312/2025/0410/Э |
| Дугаар | ХШТ/2026/79 |
| Огноо | 2026-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 21.12.1., |
| Улсын яллагч | Ц.Сүхбат |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2026 оны 07 сарын 01 өдөр
Дугаар ХШТ/2026/79
Э.Ч-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ц.Оч, Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Ц.Сүхбат, хохирогч Б.М, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр /цахим/, шүүгдэгч Э.Ч, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Р.Цэрэнханд /цахим/, нарийн бичгийн дарга Б.Энхжаргал нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар магадлалтай, Э.Ч-д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан гомдлыг үндэслэн 2026 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1992 оны 11 дүгээр сарын 12-нд Орхон аймгийн Баян-Өндөр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, *** ажилтай, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, *** овогт Э-ы Ч;
Шүүгдэгч Э.Ч нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч-д холбогдох Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож,
шүүгдэгч Э.Ч-д холбогдох Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж, шүүгдэгч Э.Ч-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
шүүгдэгч Э.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1,300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.300.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Э.Ч-ээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 4,950,000 төгрөг, эм худалдан авсан зардал 45,500 төгрөг, нийт 4,995,500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-т олгуулах, хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалин 900,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтын “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 4,950,000 төгрөг...” гэснийг “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 3,300,000 төгрөг...” гэж, “...нийт 4,995,500 төгрөг...” гэснийг “... нийт 3,345,500 төгрөг...” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж,
хохирогч Б.М, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдол болон прокурорын бичсэн эсэргүүцлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын шатны шүүхэд Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргал бичсэн эсэргүүцэлдээ “…Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар магадлалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна.
Анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тодорхойлох хэсгийн гэм буруугийн талаарх дүгнэлт хэсэгт “...Прокурор 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 312 дугаартай яллах дүгнэлтэд Э.Ч-ийг эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн, үргэлжилсэн үйлдлээр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн нь зүйлчлэлийн хувьд зөв боловч үргэлжилсэн үйлдлээр гэх шинж нь буруу болохыг дурдах нь зүйтэй”, мөн хэсэгт “...Эрүү шүүлт нь зөвхөн бие махбодийг өвтгөхөөр хязгаарлагдахгүй бөгөөд өвтгөх, зовоох үйл ажиллагаа нь нэг удаа бус олон давтагдсан, тарчлаах шинжтэй байхыг ойлгодог. Нэг удаа тарчлаан зовоосон тохиолдлыг эрүү шүүлт гэж ойлгохгүй бөгөөд харин энэ нь зүй бус хэрцгий, хүнлэг бус харьцаа юм” гэж өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй дүгнэлтийг хийж шүүгдэгчид холбогдох зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна.
Тодруулбал, шүүгдэгч Э.Ч-ийн эрүү шүүлт тулгах явцдаа хохирогчийн биед халдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон атлаа хохирогч Б.М-ыг зөрчлийн хэрэг бүртгэлтийн хэрэгт мэдүүлэг авах үедээ хэрэг хүлээлгэх зорилготойгоор биед нь халдаж зодсон гэх хохирогчийн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг заагаагүйн дээр төрийн албан хаагч өөрийн албаны өрөөнд бусдыг эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулан зодож “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэнийг гэмт хэргийн шинжгүй гэж дүгнэсэн нь Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаас нь зөрүүтэй буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлд хамаарна.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн зүйлийн 1.10-д заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчил юм.
1.Шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтыг зөрчсөн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад заасан “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ийг шийтгэх тогтоолд тодорхой тусгагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт”-ийг хийгээгүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан “шүүгдэгчийг яллаж байгаа зарим хэргийг хэрэгсэхгүй болгосон бол яллах нотлох баримтыг үгүйсгэсэн үндэслэл, тэдгээрийг нотлох баримын агуулга”-г шийтгэх тогтоолд тодорхой тусгаж чадаагүй байна.
Өөрөөр хэлбэл, шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт хэрэгт авагдсан улсын яллагчаас яллах талын нотлох баримт болон шинжлэн судалсан нотлох баримтуудыг дурдаад шүүгдэгч Э.Ч, хохирогч Б.М нарын хооронд хувийн таарамжгүй харьцаа үүсээгүй, мэдүүлэг авахаар дуудсан гэх хохирогчийн өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримт байхгүй байхад үндэслэлгүй дүгнэлт хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчим алдагдахад хүрсэн байна.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.10 заалтыг зөрчсөн талаар:
Орхон аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ улсын яллагчийн “*** овогт Э-ы Ч (РД:***) нь *** ажиллаж байхдаа *** дугаартай гомдлыг 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр удирдлагын цохолтоор хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үедээ 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.М-ыг *** тоот албан өрөөндөө дуудаж, *** нутаг дэвсгэр *** зочид буудалд 2024 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө иргэн Д.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хүлээлгэх зорилгоор “...чамайг л зодсон гээд байгаа юм даа, чи тэгээд зодоогүй гээд байх юм, ... чи зодсон бол зодсон гэдгээ хэл пизда минь, чамайг яасан ч яадаг юм гөлөг минь...” гэж төрийн албан хаагч, цагдаагийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчиж бусдад хэрцгий хандаж, зүүн гараараа М.М-ын энгэрээс заамдаж хоолойг нь боож, толгойн ар дагз хэсгээр хана мөргүүлэн баруун гараараа нүүр, уруул тус газар нь нэг удаа цохиж бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоосон” гэх үйлдлийг нотолж мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн хохирогч Б.М-ын “...2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Э.Ч нь *** дугаарын утаснаас 14 цаг 57 минутад миний *** дугаар луу залгаж гэрчийн мэдүүлэг авах шаардлагатай байна, *** газрын хойд талын байрны 3 дугаар давхарт ирж уулзаарай гэж хэлсний дагуу 15-16 цагийн орчимд очсон. *** газрын хойд талын буюу хоёрдугаар байрны 3 дугаар давхарт гараад Э.Ч-тэй уулзах гээд очиход н.Т гэх албан тушаалтны өрөөнд Э.Ч нь н.Т-тэй хоёулаа зогсож байсан. Тэгээд намайг сууж бай гээд н.Т-ийн өрөөнд суулгаад үлдээсэн, өөрөө болохоор *** орчоод ирье гэж хэлээд гараад явсан. Ойролцоогоор 1 цаг орчмын дараагаар Э.Ч нь эргэж ирээд намайг ороод ир гэж хэлэн өөрийнхөө өрөөнд оруулсан. Надтай уулзаад 2024 оны 09 дүгээр сарын 07-ноос 08-нд шилжих шөнө *** зочид буудалд болсон асуудлын талаар яриарай гээд миний ярьсныг компьютерт бичиж эхэлсэн. Надад тайлбар, мэдүүлэг авч байна гэж урьдчилж хэлээгүй, ямар нэгэн байдлаар эрх, үүрэг танилцуулаагүй. Би болсон явдлын талаар нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй ярьж эхэлсэн, намайг ярьж байхад миний хэлсэн зүйлийг компьютерт шивж байсан, тэгснээ зогсоод чамайг л зодсон гээд байгаа юм даа, чи тэгээд зодоогүй гээд байх юм гэж хэлэхээр нь зодсон зүйл байхгүй, яг л болсон процесс нь энэ байгаа юм гэхэд, за яах вэ ярь ярь гэж хэлээд миний хэлснийг үргэлжлүүлэн бичиж байснаа дахин бичихээ больж, чи зодсон бол зодсон гэдгээ хэл л дээ пиздаа минь гэж над руу хандаж дуугаа өндөрсгөөд хэлсэн. Тэгэхээр нь би миний зүгээс зодсон юм байхгүй ээ, би болсон асуудлыг байгаагаар нь хэлж байна, та яагаад намайг хараагаад байгаа юм бэ гэхэд чамайг яасан ч яадаг юм гөлөг минь гэж хэлээд ширээнийхээ араас босож ирээд ширээнийхээ цаанаас баруун гараараа миний хоолойг багалзуурдаж эрүүг дээш нь өргөсөн, тэгэхэд би яагаад байгаа юм бэ гээд хойшоо болсон, тэр үед би гар утсаа гаргаж ирээд бичлэг хийх гэхэд миний гар утсыг аваад газар шидсэн, тэгээд ширээгээ тойрч ирээд зүүн гараараа миний энгэрээс заамдаж аваад боож толгойн ар хэсгээр хана мөргүүлсэн, тэгээд баруун гараараа нүүрний уруул хэсэг рүү нэг удаа цохисон, тэгэхээр нь би чи яаж байна аа, болиоч ээ гээд гарыг нь тавиулах оролдлого хийхэд намайг хойд талын хана руу толгойн арын хэсгээр 2-3 удаа мөргүүлсэн, тухайн үед өрөөнд Э.Ч *** бид хоёр л байсан, өрөөний хаалга хаалттай байсан. Тэгээд би хүн байна уу, авраарай гэж хэлээд орилсон, тэгэхэд цаад өрөөнөөс н.Т гээд ахлах мөрдөгч нь гүйж орж ирээд Э.Ч намайг хананд багалзуурдаад шахсан байдалтай байхад н.Т нь боль чи боль гэж Э.Ч-ийг загнаад бид хоёрыг салгасан…” гэх мэдүүлгийг, гэрч Г.Т-ийн “...Э.Ч нь тухайн өдрийн өглөө эрт ажил дээрээ ирээд Б.М-т холбогдох гомдолд гэмтлийн зэрэг тогтоогдсон байна, Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлнэ гэж танилцуулж байсан. Тэгэхээр мэдүүлэг аваагүй гэж бодож байна, харин шинжээчийн дүгнэлт танилцуулахаар дуудсан байх. Тухайн цаг хугацаанд буюу 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр миний өрөөний хаалга нээлттэй намайг ганцаараа өрөөндөө сууж байх үед Б.М коридороор явж харагдсан. Тэгээд би түүнтэй мэнд усаа мэдэлцээд болсон асуудлын талаар ярилцаад сууж байтал Э.Ч нь гаднаас манай өрөөнд орж ирээд Б.М-ыг хараад манай өрөө рүү ороод ирээрэй гэж хэлээд өөрийнхөө өрөөнд орсон. Тухайн үед Б.М нь хэсэг хугацаанд надтай юм яриад сууж байгаад гарч Э.Ч-ийн өрөө рүү орсон. Э.Ч нь шүүх шинжилгээний байгууллага руу яваад ирье гэж хэлснийг би санахгүй байна, ямар ч байсан Э.Ч бид хоёрыг уулзаад сууж байхад гаднаас орж ирсэн. Тэгээд Б.М-ыг Э.Ч-ийн өрөө рүү орсны дараа би гарч *** газрын нэгдүгээр байранд ирж албан бичиг явуулаад 10 орчим минутын дараа эргээд ирэхэд Э.Ч-ийн өрөөнд хүмүүс хэрэлдэж байгаа чимээ гарч байсан. Тэгэхээр нь би Э.Ч-ийн өрөө рүү яваад ортол Б.М, Э.Ч нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт, хувцасны шкафын хажууд юм булаацалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж та хоёр боль, юу болоод байгаа юм гэж хэлэн салгаад Б.М-ыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан...” гэх мэдүүлгийг няцаан үгүйсгэсэн нотлох баримтын талаар дүгнэлт хийж чадаагүй илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.
Дээрх зөрчлүүд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан “шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй, мөн зүйлийн 1.10-д заасан “илт үндэслэлгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгосон” гэсэн үндэслэлүүдэд бүрэн хамаарч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж дүгнэхээр байна.
Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2024/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ДШМ/25 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасан “хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн” үндэслэлээр прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор Ц.Сүхбат хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Э.Ч-д холбогдох хэргийг прокуророос хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийг хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр, мөн эрүү шүүлт тулгах гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр зүйлчилсэн. Анхан шатны шүүх эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн зүйлчлэлийг өөрчилж ердийн бүрэлдэхүүнээр шийдвэрлэсэн. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэхдээ сэтгэцэд учирсан хор уршгийн хэмжээнд өөрчлөлт оруулж, бусад хэсгийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, зүйлчлэл, сэргээн дүрсэлсэн үйл баримтын тухайд өөр хоорондоо зөрүүгүй дүгнэлт хийсэн байна. Харин хэргийн үйл баримтыг хоёр шатны шүүх буруу сэргээн дүрсэлсэн, Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэргийг шийдвэрлэсэн гэж прокурорын хувьд дүгнэж байна. Мөн прокурорын гаргасан эсэргүүцлийг дэмжин оролцож байна.
Улсын дээд шүүхийн 2020 оны 142 дугаар тогтоолоор эрүү шүүлт тулгах гэмт хэргийг шийдвэрлэхдээ “хохирогчийг өрөөндөө дуудан тайлбар авч, бороохойгоор цохисон үйлдэл нь 2000 онд нэгдэн орсон Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар хүний нэр төрийг доромжлон харьцаж, шийтгэхийн эсрэг конвенцын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан тодорхойлолтод хамаарна” гэсэн агуулгаар дүгнэсэн байна. Хэрэгт маргахгүй хэд хэдэн үйл баримт байдаг бөгөөд Э.Ч нь зөрчлийн хэрэг бүртгэлтийн үйл ажиллагаа явуулж байсан эрх бүхий албан тушаалтан бөгөөд эрх үүргийнхээ хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хохирогч Б.М-ыг дуудаж өрөөндөө уулзаж, улмаар тухайн шалган шийдвэрлэх ажиллагаатай холбоотой өөр хоорондоо маргаж биед нь халдаж гэмтэл учруулсан ерөнхий үйл баримт нотлогдсон. Өрөөнд болсон үйл баримтын талаар шүүгдэгчийн хувьд “би хохирогчийн биед халдаагүй” гэдэг, хохирогчийн хувьд “намайг хана мөргүүлсэн, нүүр лүү цохисон, биед нь халдсан” гэж харилцан зөрүүтэй мэдүүлэг өгсөн. Хэргийн үйл баримтыг нарийвчлан тогтоох шаардлага энэ хэргийг шийдвэрлэхэд зайлшгүй үүсэж байна. Мэдүүлгийн эх сурвалжийг магадлан шалгаж, нотлох баримтыг шалгаж үнэлэх замаар дээрх зөрүүтэй мэдүүлгүүдийг шалгахад хохирогчийн мэдүүлэг бусад гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, бусад баримтуудаар нотлогддог.
Анхан шатны шүүх хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэсэн үндэслэлээр хэргийг шийдвэрлэсэн боловч тухайн үеийн харилцааны асуудал болон бусад зүйлээс болж эрүү шүүлт тулгах асуудлыг хамааралгүй мэт дүгнэсэн нь үндэслэлгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд эрх бүхий албан тушаалтан хэрэгт холбогдон сэрдэгдэж байсан этгээдийн хооронд тухайн хэрэг маргааны хянан шийдвэрлэх ажиллагаатай дуудаж танилцуулагдсан асуудлаас үүссэн маргааныг тухайн үеийн харилцааны асуудлаас үүдэлтэй гэж дүгнэн, хоёр зүйлчлэлийн нэгийг нь гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр, нөгөөг нь гэмт хэргийн шинжтэй гэж шийдвэрлэсэн нь хэргийн үйл баримтыг буруу сэргээн дүрсэлсэн. Эрүүдэн шүүх гэмт хэрэг нь нэг удаагийн үйлдлээр үйлдэгдэхгүй, тодорхой давтамжтай байна гэсэн хуульд байхгүй шаардлага, нөхцөлүүдийг хэргийн нөхцөл байдалтай нь харьцуулсан үндэслэлгүй дүгнэлтүүд байдаг. Тийм учраас хохирогчийн мэдүүлэг бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, өөрөөс нь тодорхой асуудлуудыг тодруулаад “чи энэ хэргийг хийсэн биз дээ” гэдэг тогтвортой мэдүүлэг өгсөн болохыг няцаасан хууль зүйн дүгнэлт, баримт байхгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож өгнө үү” гэв.
Хяналтын шатны шүүхэд хохирогч Б.М, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нар хамтран гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “…Давж заалдах шатны шүүхийн магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 1.4-д тус тус заасан үндэслэлээр эс зөвшөөрч, хяналтын журмаар гомдол гаргаж байна.
Нэг.Хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн талаар:
1.1.Магадлалын тодорхойлох хэсэгт тусгасан гэрч Г.Т, Г.Ж нарын мэдүүлэг нь гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байсан гэрчийн мэдүүлэг биш бөгөөд тэд *** Э.Ч-тэй хамт ажилладаг албан хаагч нар буюу Г.Т нь Э.Ч-ийн дээд шатны албан тушаалтан юм.
Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаартай тогтоолын 1.10-д “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй гэрчийн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй тул гэмт хэрэг үйлдэгдэх үед хэргийн газарт байснаас бусад гэрчээс мэдүүлэг авахдаа эх сурвалжийг заавал тодруулна”, 1.11-д “Гэрчийн мэдүүлгийн үнэн зөвийг үнэлэхдээ тэрээр хэргийн бусад оролцогчтой садан төрөл, найз нөхдийн гэх мэтээр хэрэгт хувийн сонирхолтой байж болох нөхцөл байдлыг сайтар нягталбал зохино. Түүнчлэн …хэрэг гарах үед байсан эсэхийг шалган үзнэ” гэж тус тус заасан.
Хэрэгт Г.Т-ийн “…М-ыг Ч-ийн өрөө рүү орсны дараа би гарч *** дүгээр байранд ирж албан бичиг явуулаад 10 орчим минутын дараа эргэж ирэхэд Э.Ч-ийн өрөөнд хүмүүс хэрэлдэж байсан. Би Э.Ч-ийн өрөө рүү орсон...” гэх, Г.Ж-ын “...Э.Ч-тэй ярихад Б.М гэх хүнтэй ... гэмтлийн зэргийн дүгнэлтийг танилцуулах явцад маргасан асуудал болсон гэж хэлсэн...” гэх мэдүүлгүүдийг шалгасан талаарх ямар ч нотлох баримт авагдаагүй байна.
Хэрэгт хувийн сонирхолтой байж болох шүүгдэгч Э.Ч-тэй хамт ажилладаг, хэргийн газарт байгаагүй гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхдээ тэдний мэдүүлгийг бусад нотлох баримтаар шалган тогтоогоогүй байдалд давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийлгүй орхигдуулсан байна.
Гэрч Г.Т-ийн “...Дараа нь би Б.М-ыг өрөөндөө оруулж суулгаад юунаас болж маргалдаад байгаа юм, яагаад байгаа юм гэж асуухад энэ муу бацаан намайг дээрэлхэж, загнаж байна, би энэнд гомдол гаргана гэхлээр нь яах гээд байгаа юм бэ, хоёрын хооронд эр хүмүүс байж гомдол гаргаад хэрэггүй гэхэд би гомдол гаргана гэж хэлээд гарах үедээ Э.Ч намайг зодсон, чи харсан биз дээ гэхээр нь би түүнд хандаж Э.Ч чамайг цохиж зодсоныг би хараагүй...” гэх мэдүүлэгт Г.Т нь Б.М-ыг тухайн хэрэгт гомдол гаргуулах сонирхолгүй буюу гомдол гаргуулахгүй байх, Э.Ч-ийн үйлдлийг шалгуулахгүй байх албаны болон хувийн сонирхолтой байсныг тодорхой нотолж байна. Харин гэрч Г.Ж-ын “...Би Э.Ч-ээс уг хүнийг цохиж зодсон уу гэхэд үгүй ээ зүгээр л маргалдсан гэж хэлсэн. Тэгээд би Э.Ч-д хандаж тэртээ тэргүй хөнгөн зэргийн гэмтэл гарчихсан юм бол материалаа шууд шилжүүлнэ биз, юунд нь тэр хүнтэй маргадаг юм гэж хэлж байсан” гэх мэдүүлгээр Э.Ч нь Г.Ж-т “...цохиж зодоогүй, маргалдсан...” гэж өөрийгөө өмөөрч хамгаалан худал мэдээлэл өгсөн болох нь нотлогдож байна. Тэгэхээр Г.Ж-ын мэдүүлгийн эх сурвалж болж буй Э.Ч-ээс Г.Ж-т өгсөн мэдээлэл нь худал байхад Г.Ж-ын мэдүүлгийг үнэн зөвд тооцож давж заалдах шатны шүүх магадлал гаргах үндэслэлээ болгосон нь үндэслэлгүй шийдвэр гаргах шалтгаан болсон.
Ийнхүү дээрх байдлаар хэргийн газарт байгаагүй, хэрэгт хувийн сонирхолтой гэрчүүдийн мэдүүлгийг үнэлэхдээ тэдний мэдүүлгийн эх сурвалжийг шалгасан эсэх талаарх нотлох баримт байгаа эсэхийг анхаараагүй, мэдүүлгийн эх сурвалж нь шүүгдэгчийн өөрийгөө өмөөрч худал мэдээлэл өгсөн нөхцөл байдлыг орхигдуулсанд гомдолтой байна.
1.2.Прокуророос хэргийг шүүхэд шилжүүлэхдээ хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг “2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Б.М-ыг *** аймгийн *** тоот өрөөнд…” гэж тодорхойлсон. Хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг тогтоох асуудал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг гарсан байдалд хамаарах ойлголт бөгөөд хэрэг гарсан байдлын буюу хэрэг үйлдэгдсэн 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн талаарх ямар нэгэн маргаан мэтгэлцээн анхан шатны шүүхээр хэрэг хэлэлцэх үед үүсээгүй.
Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолын 1.2-д “...гэм буруутай эсэхэд...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамруулж үзнэ. Харин шүүгдэгчийн гэм буруутайг тогтоохоос бусад нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг шалгах, үнэлэхэд үүссэн эргэлзээ нь уг ойлголтод хамаарахгүй” гэж заасан. Гэтэл хохирогчийн хэрэг үргэлжилсэн хугацааны талаар өөрийн баримжаагаар мэдүүлсэн мэдүүлгийг үнэлэх эсэх асуудалтай холбоотой нөхцөл байдлыг Эрүүгийн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэм буруутай эсэхэд...” гэдэг ойлголтод хамааруулан цагаатгаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн тогтоолыг давж заалдах шатны шүүх дэмжиж магадлал гаргасан нь Улсын дээд шүүхийн тогтоолд үл нийцэж байна.
Ийнхүү давж заалдах шатны шүүхээс хэргийг хянахдаа Монгол Улсын дээд шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 24 дугаартай тогтоолын 1.2-д “...гэм буруутай эсэхэд ...” гэдэгт гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход үүссэн үндэслэл бүхий эргэлзээг хамруулж үзнэ. Харин шүүгдэгчийн гэм буруутайг тогтоохоос бусад нөхцөл байдлыг тодруулах, нотлох баримтыг шалгах, үнэлэхэд үүссэн эргэлзээ нь уг ойлголтод хамаарахгүй” гэж тайлбарласантай нийцэхгүй байдлаар магадлал гаргасан.
1.3.Давж заалдах шатны шүүхээс “***ажиллаж байсан Э.Ч нь *** дугаартай гомдол шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтийг танилцуулах зорилгоор иргэн Б.М-ыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр дуудсан болох нь…” гэж хэргийн үйл баримтыг буруу дүгнэсэн. Тодруулбал хохирогчийн удаа дараагийн мэдүүлэгт “...Би болсон явдлын талаар нэгд нэгэнгүй, дэлгэрэнгүй ярьж эхэлсэн, намайг ярьж байхад миний хэлсэн зүйлийг компьютерт шивж байсан, тэгснээ зогсоод чамайг л зодсон гээд байгаа юм даа, чи тэгээд зодоогүй гээд байх юм гэж хэлэхээр нь зодсон зүйл байхгүй, яг л болсон процесс нь энэ байгаа юм гэхэд, за яахав ярь ярь гэж хэлээд миний хэлснийг үргэлжүүлэн бичиж байснаа дахин бичихээ больж чи зодсон бол зодсон гэдгээ хэл л дээ пиздаа минь гэж над руу хандаж дуугаа өндөрсгөөд эхэлсэн…” гэж мэдүүлсэн байна.
Хохирогч нь 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *** дугаартай хэрэгт Д.А-аас шүүгдэгч Э.Ч мэдүүлэг авсныг, Д.А мэдүүлэгтээ Б.М-т зодуулсан тухай мэдүүлснийг урьдчилан тааж мэдэх боломжгүй юм. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт явуулах байгууллага, албан тушаалтан хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэж заасан бөгөөд Д.А-аас мэдүүлэг авсан эсэх, түүнээс мэдүүлэг авсан ажиллагааны үр дүн зэрэг нь хуулиар Э.Ч-ийн бусдад задруулж болохгүй тухай нууцлалтай асуудлыг Б.М урьдчилан мэдэж улмаар хохирогчоор мэдүүлэг өгөхдөө дээрх байдлаар зодсон гээд байгаа юм даа гэдэг үгийг зохиож мэдүүлэх боломжгүй байна. Энэхүү хохирогчийн мэдүүлэгт агуулагдаж буй Д.А зодсон л гээд байгаа юм даа гэж Э.Ч хэлсэн гэх агуулга бүхий мэдүүлэг нь үнэн зөв болох нь тогтоогдож байна.
Нөгөө талаас Э.Ч нь Б.М-ыг *** газарт ирсний дараа шинжээчийн дүгнэлтийг Шүүх шинжилгээний байгууллагаас очиж авсан гэх бөгөөд шинжээчийн дүгнэлтийг Э.Ч аваагүй байхдаа буюу өглөө нь гэрч Г.Т-д хэргийг хөнгөн гэмтэл гарсан гээд шилжүүлэх гэж байгаа тухайгаа хэлсэн гэдэг нь мөн эргэлзээтэй байна. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1-д “Шинжилгээний байгууллага, шинжээч, мэргэжилтэн, мэргэжлийн байгууллага шинжилгээний явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллана” гэж заасан бөгөөд Э.Ч нь шинжээчийн дүгнэлтийн үр дүнгийн талаар хэрхэн, хэзээ яаж мэдсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Ийнхүү хохирогчийн мэдүүлэгт дурдсан үйл баримтын эх сурвалж нь эргэлзээгүй тогтоогдсон байхад энэхүү нөхцөл байдалд дүгнэлт хийлгүй орхигдуулж хэргийг илт үндэслэлгүйгээр цагаатгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
1.4.Шүүгдэгчийн мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлгээр үгүйсгэгдэж байна. Тодруулбал гэрч Г.Т-ийн “...би Э.Ч-ийн өрөө рүү яваад ортол Б.М, Э.Ч нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт, хувцасны шкафын хажууд юм булаацалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж та хоёр боль, юу болоод байгаа юм гэж хэлэн салгаад Б.М-ыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан. Дараа нь би Б.М-ыг өрөөндөө оруулж суулгаад юунаас болж маргалдаад байгаа юм, яагаад байгаа юм гэж асуухад энэ муу бацаан намайг дээрэлхэж, загнаж байна, би энэнд гомдол гаргана гэхээр нь яах гээд байгаа юм бэ, хоёрын хооронд эр хүмүүс байж гомдол гаргаад хэрэггүй гэхэд би гомдол гаргана гэж хэлээд гарсан... эрүү хэсэг нь улайчихсан байсан, гэхдээ шалбарч цус гарсан зүйл байгаагүй, надад эрүүгээ үзүүлээд байсан. Намайг харахад эрүү нь улайчихсан байсан... Анх Б.М-ыг манай өрөөнд орж ирээд надтай уулзах үед түүний биед ил харагдах гэмтэл, шарх байсан эсэхийг би анзаарч хараагүй, ямар нэгэн шарх, улайлт үүссэн байсан бол би анзаарч харах байсан. Тэгэхээр ямар нэгэн шарх, улайлт үүссэн шинж тэмдэг байгаагүй...” гэх мэдүүлэг, шинжээч Э.Батбаярын “...2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн эмчийн үзлэгийн хуудсанд хацар хүзүү орчим хавдар, өнгөц зулгаралтууд үүссэн, хүзүүний хөдөлгөөн хязгаарлагдсан мэдрэлийн үзлэгт хүүхэн хараа гэрлийн урвалд сул нистагм эерэг /нүдний алимны чичирхийлэлт/ үүссэн байсан ... гэж тэмдэглэсэн байсан ...” гэх мэдүүлэг болон эмнэлгийн баримт бичгүүд, гэрэл зураг зэрэг баримтууд нь шүүгдэгчийн яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр “…Б.М-ыг цохиж зодоогүй…” гэх мэдүүлгийг няцаан үгүйсгэж байна.
Нэгэнт хэрэгт яллагдагч, шүүгдэгчээр оролцож буй этгээдийн мэдүүлэг нь бусад нотлох баримтаар үгүйсгэгдэж байхад түүний мэдүүлгийг хэргийг хэрэгсэхгүй болгох нотлох баримт болгон үнэлсэн нь үндэслэл муутай байна. Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч нь хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэг хүлээдэггүй бөгөөд дээрх байдлаар хэрэгт авагдсан баримттай зөрүүтэй мэдүүлэг өгч байгаа шүүгдэгчийн мэдүүлгийг түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нотлох баримтаа болгон шийдвэр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсгүүдэд “хэрэгт авагдсан нотлох баримтыг харьцуулан шинжлэн судлах, бусад нотлох баримттай харьцуулах, шинэ нотлох баримтыг цуглуулах, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар нотлох баримтыг шалгана, шүүх... хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгож нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэт, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ” гэж заасанд нийцэхгүй байна.
Хоёр.Хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой талаар:
Шүүгдэгч Э.Ч нь *** ажиллаж байхдаа удирдлагын цохолтоор хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг өөрөө хариуцан явуулж байсан бүртгэлийн *** дугаартай гомдлыг шалгах ажиллагаанд Б.М-ыг өөрийн ажил дээр буюу *** тоот албан өрөөндөө ...чамайг л зодсон гээд байгаа юм аа, чи тэгээд зодоогүй гээд байх юм... чи зодсон бол зодсон гэдгээ хэл пизда минь чамайг яасан ч яадаг юм, гөлөг минь...” гэж хэрцгий харьцаж, хохирогчийн хоолойг боож, толгойн ар дагз хэсгээр нь хана мөргүүлж, баруун гараараа нүүр, уруул хэсэгт нь цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх тухайн үйл баримт, нөхцөл байдалд огт дүгнэлт хийгээгүй атлаа “тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор бусдын бие махбод, сэтгэл санааг шаналган зовоосон байх гэсэн үндсэн гол нөхцөл болох үйл баримтыг эргэлзээтэй гэж дүгнэсэн нь хэт нэг талыг буюу яллагдагчид ашигтай байдлыг баримталж тогтоогдсон үйл баримтад бодитой үнэлэлт өгч хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийгээгүй гэж үзэхээр байна.
Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлд заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн диспозиц шинжийг “Төрийн албан хаагч тайлбар, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах, ялгаварлах зорилгоор өөрөө, эсхүл бусад этгээдийг хатгаж, зөвшөөрөл олгож, эсхүл бусад байдлаар тухайн үйлдлийг хийхийг зөвшөөрч байгаагаа илэрхийлж бусдын бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоосон гэж хуульчилснаас гадна Монгол улсын нэгдэн орсон “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенц”-д “Эрүүдэн шүүх гэж хэн нэгэн хүн буюу гуравдахь этгээдээс мэдээ сэлт, мэдүүлэг авах, тухайн хүн буюу гурав дахь этгээдийн үйлдсэн буюу сэрдэгдсэн хэрэгт шийтгэх, айлган сүрдүүлэх, шахалт үзүүлэх, аливаа байдлаар алагчлах зорилгоор төрийн албан тушаалтан, албан үүрэг гүйцэтгэж буй бусад хүний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр тухайн хүн буюу гурав дахь этгээдийн бие махбод, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоох аливаа санаатай үйлдлийг хэлнэ гэж тус тус тодорхойлсон бөгөөд шүүгдэгч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаанд хууль бус аргаар дэмжлэг үзүүлж, мэдүүлэг авах, хэрэг хүлээлгэх зорилгоор хохирогчийг зодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүхээс “...Э.Ч нь хэргийн талаар тайлбар, мэдүүлэг авах зорилгоор Б.М-ын бие махбодь, сэтгэл санааг хүчтэй шаналган зовоосон талаар огт мэдүүлээгүй. Түүнчлэн Э.Ч нь зөрчлийн хэрэг бүртгэх тасгийн байцаагчийн албан үүрэг гүйцэтгэж байхдаа хэн нэгний өдөөн хатгалт, ил, далд зөвшөөрлөөр хохирогчийн бие махбодь, сэтгэл санааг шаналган зовоосон гэх нөхцөл байдал хэргийн үйл баримтаар нотлогдон тогтоогдохгүй байна…” гэж Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
Цаашид эрүүдэн шүүх гэмт хэргийн субъектүүд нь бусад этгээдийн өдөөн хатгалтаар бус өөрөө ажлаа хөнгөвчлөх зорилгоор хүний бие махбодь, сэтгэл санааг хүчтэй бус бага хэмжээгээр шаналган зовоож хэрэг хүлээлгэх үйлдэл хийж болох мэт ойлголтыг дээрх дүгнэлт нь нийгэмд бий болгохоор байна.
Ийнхүү дээрх үндэслэлээр Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/22 дугаартай шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2026/ДШМ/25 дугаартай магадлалыг хүчингүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргасан” гэв.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “
Нэг. Холбогдсон хэргийн болон эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн байдлын товч:
Миний үйлчлүүлэгч Э.Ч нь *** ажиллаж байхдаа *** дугаартай гомдлыг 2024 оны 09 сарын 09-ний өдөр удирдлагын цохолтоор хүлээн авч зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж байх үедээ буюу 2024 оны 09 сарын 13-ны өдөр Б.М-ыг *** тоот албан өрөөндөө дуудаж, *** аймгийн *** сум *** баг *** зочид буудалд 2024 оны 09 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө иргэн Д.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх хэргийг хүлээлгэх зорилгоор бусдад хэрцгий хандаж Б.М-ын энгэрээс заамдан хоолойг нь боож, толгойн ар дагз хэсгээр нь хана мөргүүлж, баруун гараараа нүүр, уруул хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Тус хэргийг Орхон аймаг аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 сарын 07-ны өдрийн 2026/ШЦТ/22 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1300 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,300,000 төгрөгөөр торгох ял оногдуулан шийдвэрлэсэн болно. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус заасныг үндэслэн Э.Ч-ээс хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 4,950,000 төгрөг, эм авсан зардалд 45,500, нийт 4,995,500 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-т олгохоор шийдвэрлэсэн болно.
Дээрх хэргийг Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд шийтгэх тогтоолын 7 дахь заалтын хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 4,950,000 төгрөг... гэснийг 3,300,000 төгрөг гэж” өөрчлөн шийдвэрлэсэн.
Хоёр. Эрүүгийн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн хэрэглээний үндэслэл:
Хууль тогтоогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан бол” гэж хуульчлан тодорхойлсон, хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, гэмт хэрэгт тооцон нийгэмд аюултай гэмт хэрэг үйлдсэн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлага, эрүүгийн ялын төрөл хэмжээг хуульчлан заажээ.
Энэ гэмт хэргийн объектив талын үндсэн шинж нь хүний эрүүл мэндэд хохирол учруулсан идэвхтэй үйлдэл бөгөөд энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх, хүний эрүүл мэндэд хохирол учруулсан гэмт үйлдэл, хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоо байх ёстой. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг байна. Энэ гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж нь гэм буруугийн санаатай хэлбэрээр буюу гэмт хэрэг үйлдсэн хүн өөрийн үйлдлийн нийгэмд аюултай шинж чанарыг ухамсарлаж, түүнийг хүсэж, хөнгөн хохиролд зориуд хүргэсэн байхыг шаарддаг.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь .... гэм буруугүй хүнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлд “Шүүх, прокурор, мөрдөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийг чанд сахина”, мөн хуулийн 1.7-д “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй”, “хэргийн бодит байдлыг нотлохын тул мөрдөгч прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно”, мөн хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хэрэгт хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж тус тус хуульчилсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийг тайлбарласан Монгол Улсын дээд шүүхийн 24 дүгээр тогтоолын 5.2-т “Шүүгдэгчийн гэм буруутай, эсхүл гэм буруугүйг тогтоож байгаа шүүхийн шийдвэрт тавигдах шаардлага бол үндэслэл болсон нотлох баримт нь шүүгдэгчийн гэм бурууг бүрэн дүүрэн нотолж, хэргийн үйл баримтыг үнэн зөвөөр тогтоох явдал юм. Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гарах аливаа шийдвэрт тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой бөгөөд нотолгооны хувьд үүссэн бүх зөрүүг арилгахгүйгээр эрүүгийн хэргийг эцэслэн шийдвэрлэх бодит боломжгүй” болохыг тайлбарласнаас үзэхэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд нь “зөрүүгүй байх” шаардлага буюу нотолгооны стандарт тогтоон тайлбарласан байна.
Дээрх тайлбарт заасан “ашигтайгаар шийдвэрлэх” зарчим нь “гэм буруугүйд тооцох” зарчимтай зэрэгцэн үйлчлэх ба хууль болон тайлбарт заасан энэхүү зарчмын үндэслэл болж буй “үндэслэл бүхий эргэлзээ” гэдэгт “Эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягг нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсан байхыг ойлгоно” гэж тус тус энэхүү хэм хэмжээ, зарчмыг нэг мөр ойлгож, зөв хэрэглэх талаар тайлбарлан тогтоожээ.
Цагдаагийн албаны тухай хуулийн дөрөвдүгээр бүлэг “Цагдаагийн байгууллага, албан хаагчийн тодорхой ажиллагаа явуулах журам”-ыг хуульчлан тодорхойлсон. Тус бүлгийн 23 дугаар зүйлийн (Шаардлага тавих) 23.1-д “Цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, зөрчлийг арилгуулах, учирч болох хор хохирлыг гаргуулахгүй, нэмэгдүүлэхгүй байх зорилгоор хүн, хуулийн этгээдэд тодорхой үйлдлээс татгалзах, эсхүл үйлдэл хийх шаардлага тавьж болно.’’, 23.6-д “Цагдаагийн апба хаагчийн шаардлагыг тухайн хүн, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй” гэж цагдаагийн албан хаагч хууль ёсны шаардлага тавих зохицуулалтыг тусгасан. Тус хуулийн 49 дүгээр зүйлийн (Биеийн хүч хэрэглэх) 49.1-д “Цагдаагийн алба хаагч биеийн хүчийг дараахь тохиолдолд хэрэглэнэ:”, 49.1.1. “цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн;” бол биеийн хүч хэрэглэхийг хуульчлан зохицуулжээ.
Гурав. Өмгөөлөгчийн дүгнэлт:
Хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгчийн үйлдэл нь хохирогчид шууд санаатайгаар хөнгөн хохирол учруулах хүсэл зориг агуулаагүй, бодит нөхцөлд үүссэн, агшины шинжтэй, хамгийн ихдээ болгоомжгүй үйлдлийн шинжтэй байж болохоос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй. Мөн Монгол Улс нэгдэн орсон “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт”, “Эрүүдэн шүүхийн эсрэг Конвенц”-д хууль сахиулагчийн биеийн хүч хэрэглэхийг бүрэн хориглоогүй, харин зайлшгүй, хуульд нийцсэн, нөхцөл байдалд дүйцсэн байх шалгуур тавьдаг. Иймд уг үйлдэл нь нийгмийн хор аюулын хэмжээнд хүрэхгүй, эрүүгийн гэмт хэргийн шинжийг хангахгүй гэж дүгнэх үндэслэлтэй.
Хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэмт хэргийн хүсэл зоригийн шинж болон гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулахгүй, болгоомжгүй буюу захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй. Нийгмийн хор аюул гэсэн үгүйсгэгдэх хэмжээ болон захиргааны актаар хүлээсэн үүргийнхээ олгогдсон эрхийнхээ хэмжээнд хэрэгжүүлсэн үйлдэл. Нийгмийн хор аюул үгүйсгэгдэж байгаа, энэ гэмт хэргийн субъектив талын үндсэн шинж болох санаатайгаар үйлдсэн нь үгүйсгэгдэж байгаа тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаагүй үндэслэлээр цагаатгах байр суурьтай байна.
Дөрөв. Хуулийн хэрэглээний үндэслэлийг нотлож байгаа нотлох баримтууд:
Дээрх үндэслэлүүд болон дүгнэлт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгч хохирогч Б.М-ын өгсөн “...Тэгээд Э.Ч ирээд өрөөндөө оруулаад мэдүүлгээ аваад шууд шивээд эхэлсэн. Надад ерөөсөө шинжээчийн дүгнэлт танилцуулъя гэсэн зүйл яриагүй. *** буудалд юу болсон талаар яриад өгөөч гээд шивж эхэлсэн. Би тухайн болсон зүйлийг нэг бүрчлэн илүү дутуу үлдээхгүйгээр бүх зүйлийг болсноор нь ярьсан... А гэдэг хүнийг зодсон уу, зодоогүй юу гэж асуухад би зодоогүй гэж хэлсэн. Тэгээд компьютер дээрээ шивж байгаад зодсон л гээд байгаа юм даа, зодоогүй юу гээд шивээд сууж байсан. Тэгээд зодоогүй гэж хэлэхэд муухай харчихаад үргэлжлүүлээд надаас хэн зодсон бэ гэж асуусан, тэгэхээр нь би зодоогүй гэхэд битгий худлаа шаагаад байгаарай, зодсон бол зодсоноо хэл гэсэн. Тэгэхээр нь би та одоо юу яриад байгаа юм бэ, би зодсон зүйл байхгүй, болсон зүйлийг болсноор нь хэлж байна гэж хэлсэн. Э.Ч-ийн өрөөнд хамгийн багадаа 1 цаг болсон, өрөөнөөс нь хурдан гарсан зүйл байхгүй. Би зодоогүй гэхэд Э.Ч босож ирээд гөлөг минь чи үнэнээ хэлээд салбал сал, чамайг зодсон гээд байна гэж хэлээд миний нүүрийг мангасдсан. Тэгэхээр нь урдаас нь босоод яаж байгаа юм бэ гэхэд намайг заамдаж аваад ширээнийхээ араас гарч ирэхэд нь би утсаа гаргаж ирээд ингэж хүн зоддог юм уу бичлэг хийнэ гэхэд тойрч ирээд миний утсыг газар цохиж унагаагаад заамдсан. Тухайн үед би замын цагдаатай маргалдсан, хэрэлдсэн, зодолдсон гээд шалгагдаж байсан. Надад гэмтэл гарсан би өөрөө хохирогч, замын цагдаа дээр мөн гэмтэл гаргасан байсан. Тухайн үед би машин барьж яваагүй зорчиж явсан, тэгээд намайг эхлээд цохьсон, энэ нь камерын бичлэгээр нотлогддог. Тэгээд би зодуулсан зодсон гээд шалгагдаж байсан учраас цагдаагийн байгууллагын алба хаагчтай яаж харьцах, ингэж харьцаж болохгүй гэдгээ сайн мэддэг хүн. Тэгээд намайг заамдаж аваад баруун гараараа миний уруул хэсэг рүү цохиж язралт үүсгэж цус гаргаад хойш нь үүднийхээ хана руу чирч аваачаад миний толгойг хана руу хэд хэдэн удаа мөргүүлсэн. Би эхний мөргөлтөн дээрээс хүн байна уу авраарай гэж хашгирсан, тэгээд хүн орж ирэх хүртэл удаа дараа мөргүүлсэн. Тэгээд хөлийн чимээ дуугартал Т орж ирээд Э.Ч-ийг загнаад боль, юу болж байгаа юм бэ гээд намайг салгаад аваад гарсан. Тэгэхэд би унагаасан утсаа авья гэж хэлсэн…” гэх мэдүүлэг,
хохирогч Б.М-оос *** аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор, Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албаны тусгай субъектийн үйлдсэн гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэс, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн үндэсний комисст тус тус гаргасан гомдол, хавсралт зургууд (1 дүгээр хавтаст хэргийн 7-27 дахь тал), хохирогч Б.М-ын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 47-50 дахь тал), хохирогч Б.М-ын 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хохирогчоор өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 208-212 дахь тал), гэрч С.П-ын 2024 оны 10 дугаар сарын 22-ны өдөр гэрчээр өгсөн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 69-71 дэх тал), Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн *** дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 37-41 дэх тал),
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ч-ийн өгсөн “...миний өрөө Т-ийн өрөөний цаана байдаг болохоор Б.М ирснийг хараад миний өрөөнд ороод ирээрэй гэхэд араас орж ирээд миний өөдөөс хараад сандал дээр суусан. Суухдаа халааснаасаа гар утсаа гаргаж ирээд компьютерийн хажууд тавьсан. Тэгээд энэ хүнийг бичлэг хийж байж магадгүй юм байна гэж үзсэн. Яагаад гэхээр энэ хүн цагдаагийн алба хаагч нартай хэрүүл маргаан их хийдэг, байнга л явж байдаг. Тийм учраас би энэ хүнтэй маш эвтэйхэн харьцсан. Би өөрт нь мэдүүлэг авахгүй гэх тайлбарласан, хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон учраас шинжээчийн дүгнэлт танилцуулах гэж дуудсан гэдгийг хэлсэн. Шинжээчийн дүгнэлтийг танилцуулсны дараа би хэрэг бүртгэлтийн хэрэг нээгээд шилжүүлэх саналтай өгнө, тухайн үед мөрдөн байцаах тасаг харьяаллын дагуу авах байх гэж тайлбарлаж хэлээд компьютер дээрээсээ шинжээчийн дүгнэлтийн дугаарыг нь бичээд шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл хэвлэх хоорондоо дүгнэлтийг Б.М-т өгсөн. Гэтэл энэ хүн яахаараа хөнгөн гэмтэл гардаг юм, чи анхнаасаа энэ хүний гомдол ирсэн байхад надад танилцуулаагүй байж шууд шинжээчийн дүгнэлт танилцууллаа гэсэн зүйлийг ярьсан. Тэгэхээр нь би хөнгөн зэрэг гээд дүгнэлт нь гарсан байна, би үүн дээр одоо ажиллагаа хийх эрх байхгүй гэдгийг тайлбарлаж хэлсэн. Гэтэл энэ хүн ширээний араас босож ирээд намайг заамдаад авсан. Чи муу бацаан ингэх болоогүй шүү, эсвэл өмнөх зүйл дээр чи өс санаад байна уу гэсэн утгатай зүйл ярьсан. Заамдаад авахаар нь би хоёр гарыг нь бариад тавь хөөё гэхэд тавихгүй байхаар нь ширээгээ тойроод заамдсан гарыг нь барьсан чигээрээ тавиулах гэж, нэлээн хэд нударсан боловч тавихгүй байсан. Тэгээд маргалдаж явсаар байгаад хаалганы хажууд ирэхэд гаднаас Т орж ирсэн, тэр хооронд Б.М амь авраарай гээд орилж дайраад байсан. Тэгээд Т орж ирээд салгаад аваад гарсан. Гарахдаа энэ хүн ширээн дээр байсан гар утсаа аваад гарсан. Би энэ хүнийг ширээн дээр гар утсаа тавихдаа бичлэг хийсэн гэж үзэж байна. Үнэхээр өөрт нь бичлэг байгаа бол гаргаж өгмөөр байна. Өрөөнөөс гарахдаа чам дээр гомдол гаргана, чамайг ажилгүй болгоно, намайг хараарай гэж хэлээд гараад явсан” гэх мэдүүлэг,
гэрч Г.Т-ийн 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдөр гэрчээр өгсөн “...Байцаагч Э.Ч нь тухайн өдрийн өглөө эрт ажил дээрээ ирээд Б.М-т холбогдох гомдолд гэмтлийн зэрэг тогтоогдсон байна, Мөрдөн байцаах тасаг руу шилжүүлнэ гэж танилцуулж байсан. Тэгэхээр мэдүүлэг аваагүй гэж бодож байна... Б.М Э.Ч-ийн өрөө рүү орсны дараа би гарч *** газрын 1 дүгээр байранд ирж албан бичиг явуулаад 10 орчим минутын дараа эргээд ирэхэд Э.Ч-ийн өрөөнд хүмүүс хэрэлдэж байгаа чимээ гарч байсан. Тэгэхээр нь би Э.Ч-ийн өрөө рүү яваад ортол Б.М, Э.Ч нар өрөөний хаалганы зүүн гар талд, баруун урд хэсэгт хувцасны шкафын хажууд юм булаацалдаж байгаа бололтой хоорондоо зууралдсан байдалтай зогсож байсан. Би тэр хоёрт хандаж та хоёр боль, юу болоод байгаа юм гэж хэлэн салгаад Б.М-ыг өрөөнөөс дагуулж гарах үед тэр хоёр хоорондоо хэрэлдэж л байсан. Дараа нь би Б.М-ыг өрөөндөө оруулж суулгаад юунаас болж маргалдаад байгаа юм гэж асуухад энэ муу бацаан намайг дээрэлхэж, загнаж байна, би энэнд гомдол гаргана гэж хэлээд гарах үедээ Э.Ч намайг зодсон, чи харсан биздээ гэхээр нь би түүнд хандаж, Э.Ч чамайг цохиж, зодсоныг би хараагүй, та хоёр зүгээр л зууралдаад л байж байсан гэж хэлтэл за Т чи ингэхгүй шүү, би бүх газарт гомдол гаргана аа, наад бацааныг чинь юу ч үгүй болгоно гээд хэлэхээр нь яах юм бэ хөгшөөн хоёрын хооронд юм хэрэггүй ш дээ гэж хэлтэл Б.М нь би танай ёс журамд чинь мэдэгдэнэ, хэлэх газарт нь хэлнэ гэхээр нь за за өөрөө мэд гэж хэлээд явуулсан. Тэрнээс хойш би түүнтэй уулзалдаагүй ...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-62 дахь тал),
яллагдагч Э.Ч-ээс 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр дахин мэдүүлэг авсан тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 84-87 дахь тал),
Мобиком корпораци ХХК-ийн Б.М-ын *** гэрээний дугаартай, *** утасны дугаартай хэрэглэгчийн 2024 оны 09 дүгээр сарын хэрэглээний дэлгэрэнгүйг харуулсан баримт (1 дүгээр хавтаст хэргийн 199-201 дэх тал)
Тав. Нотлох баримт хэрэглээний үндэслэлийг харьцуулан шалгасан байдал:
5.1.Улсын дээд шүүхийн 2023 оны 24 дүгээр тогтоолд үндэслэл бүхий эргэлзээг тайлбарласан байна. Тус тогтоолын 5 дугаар зүйлд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд гаргах аливаа шийдвэр, тавигдах шаардлага нь нотлогдсон үйл баримтад тулгуурлах ёстой, нотлогдоогүй үйл баримтад үүссэн бүх зөрүүг арилгалгүйгээр эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх бодит боломж байхгүй” гэсэн тайлбарыг үндэслэл болгож байна. Хохирогч болон шүүгдэгч нарын мэдүүлэг харилцан зөрүүтэй бөгөөд хохирогчийн мэдүүлснээр шүүгдэгч нь заамдан авч, цохиж, хана мөргүүлсэн үү, шүүгдэгчийн мэдүүлснээр хохирогч нь цагдаагийн албан хаагчид халдан заамдаж улмаар хууль ёсны шаардлагын дагуу биеийн хүч хэрэглэх явцдаа ноцолдсоны улмаас хохирол учирсан эсэхийг тодорхой тогтоогоогүй байна.
5.2.Анхан шатны шүүхийн шийдвэрт “Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Э.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,...” тогтоожээ. Энэ нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалсан болохыг тогтоосон ч Цагдаагийн албан хаагч нь Цагдаагийн албаны тухай хуульд заасан хууль бус үйлдлээ зогсоохыг шаардах, биеийн хүч хэрэглэх зайлшгүй шаардлага үүссэний улмаас хохирол учирсан эсэхийг харгалзан үзээгүй.
Зургаа. Санал:
Шүүгдэгч Э.Ч хохирогчийн зүй бус үйлдлийн улмаас хууль ёсны шаардлага тавьж, зайлшгүй нөхцөл байдалд хуульд заагдсан биеийн хүч хэрэглэх явцад харилцан эсэргүүцэж, заамдалцсан хохирогчид гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангахгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд хэлсэн тайлбартаа “Б.Бат-Ерөөлт өмгөөлөгчийн гаргасан гомдлыг бүрэн дэмжиж оролцож байна. Анхан шатны шүүх эрүүдэн шүүх гэмт хэргийн шинжгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлтэй. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, гэм буруутайд тооцсон нь эргэлзээтэй, нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдохгүй байна. Цагдаагийн албан хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн гэсэн нөхцөл байдал нь шүүгдэгчид хэрэглэгдэх боломжтой нөхцөл байдал гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна. Иймд Э.Ч-ийн үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэв.
Тус шүүх хуралдаанд шүүгдэгч Э.Ч хэлсэн тайлбартаа “Өмгөөлөгч нарын гаргасан гомдлыг дэмжиж байна. Миний хувьд тухайн этгээдийг хана руу ар дагзаар нь савж, цохиж зодсон үйлдэл байхгүй. Намайг заамдаад авахад нь хоёр гарыг нь бариад заамдах үйлдлийг нь болиулах гэж 2-3 удаа сэгсэрч угзарсан үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх талаар Орхон аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Дүүрэнжаргалын бичсэн эсэргүүцэл болон хохирогч Б.М, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын хамтран гаргасан гомдол, мөн шүүгдэгч Э.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах талаар шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдлыг тус тус үндэслэн шүүгдэгч Э.Ч-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэв.
2.Прокуророос шүүгдэгч Э.Ч-ийг *** ажиллаж байхдаа хохирогч Б.М-ыг 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *** албан өрөөндөө дуудаж, түүний холбогдсон “иргэн Д.А-ыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан” гэх хэргийг хүлээлгэх зорилгоор “...чамайг л зодсон гээд байгаа юм даа, чи тэгээд зодоогүй гээд байх юм, ... чи зодсон бол зодсон гэдгээ хэл п… минь, чамайг яасан ч яадаг юм, гөлөг минь” гэж хэлэн хэрцгий хандаж, улмаар Б.М-ын энгэрээс заамдан хоолойг нь боож, толгойн ар дагз хэсгээр нь хана мөргүүлж, баруун гараараа нүүр, уруул хэсэгт нь цохиж бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан,
мөн дээрх гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч М.М-ын эрүүл мэндэд тархи доргилт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргүүдэд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт (Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн) тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
3.Шүүх аливаа эрүүгийн хэргийг прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдалд нийцсэн эсэхийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд шинжлэн судалж, эх сурвалжийг магадлах аргаар өөрийн дотоод итгэлд тулгуурлан бие даан үнэлж, хэргийн үйл баримтыг бодит байдлаар сэргээн тогтоох үүрэгтэй.
Шүүгдэгч Э.Ч-д холбогдох хэргийн хувьд анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруугийн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Э.Ч, хохирогч Б.М нарын харилцан зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг үнэлэхдээ тэдгээрийн хэн алины мэдүүлгээс зарим хэсгийг үнэн зөв гэж дүгнэн шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, бусад хэсгийг хэргийн бодит байдалд нийцээгүй буюу хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн гэж дүгнэсэн нь эргэлзээтэй болжээ.
Тодруулбал, анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ч-д холбогдох хохирогч Б.М-ыг хэрэг хүлээлгэх зорилгоор бие махбод, сэтгэл санааг нь шаналган зовоож эрүү шүүлт тулгасан гэх хэргийг хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдоогүй гэсэн дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн атлаа шүүгдэгч Э.Ч-ийг хохирогч Б.М-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тухай эсрэг дүгнэлт хийж, прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэсэн нь агуулгын хувьд харилцан зөрчилтэй шийдвэр болсон байна.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтын хүрээнд хийгдэх шүүхийн үйл ажиллагаа нь хэрэгт цугларсан нотлох баримтуудын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг харьцуулан шинжлэн судалж, үнэлэх замаар гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг хянан хэлэлцэж, гэм буруутай нь тогтоогдсон хүнд шударга ёсны зарчимд нийцсэн эрүүгийн хариуцлага хүлээлгэхээс гадна гэм буруутай болох нь нотлогдоогүй, гэм буруутай эсэхэд үндэслэл бүхий эргэлзээ үүсвэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байхад мөн адил чиглэнэ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Э.Ч-ийг “Эрүү шүүлт тулгах” гэмт хэрэг үйлдсэн гэх хангалттай нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл тухайн гэмт хэргийн талаар шүүгдэгч Э.Ч-ийн өгсөн мэдүүлгийг няцаан үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй буюу түүний өгсөн мэдүүлгийг үнэн зөв, хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар давхар нотлогдсон, харин хохирогч Б.М-ын өгсөн мэдүүлэг нь бусад нотлох баримтуудаар үгүйсгэгдсэн тухай дүгнэлт хийж, прокуророос шүүгдэгч Э.Ч-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “Гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн хувьд хохирогч Б.М-ын өгсөн мэдүүлэг, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүд болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудад тулгуурлан шүүгдэгч Э.Ч-ийг “хохирогч Б.М-ыг уурлан бухимдаж, хэрүүл маргаан үүсгэж, гар утсаар бичлэг хийх үйлдлийг таслан зогсоох үйлдэл хийхдээ Б.М-ын эрүүл мэндэд халдаж тархи доргилт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай” гэж дүгнэхдээ дээрх үйл баримтын талаар шүүгдэгч Э.Ч-ийн мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэх, эсхүл хэргийн бодит байдалд нийцсэн эсэхэд үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүйгээс гадна шүүгдэгч Э.Ч-ийн хохирогч Б.М-ын эсрэг биеийн хүч хэрэглэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Б.М-ын зүгээс хийгдсэн хууль бус, тулгарсан довтолгооныг таслан зогсоох зайлшгүй шаардлага үүссэний улмаас Цагдаагийн албаны тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1.1-д “Цагдаагийн алба хаагч нь хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй, эсэргүүцсэн тохиолдолд биеийн хүч хэрэглэнэ” гэж заасны дагуу биеийн хүч хэрэглэсэн эсэхэд хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна.
Түүнчлэн шүүгдэгч Э.Ч-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүү шүүлт тулгах” гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хохирогч Б.М-ын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн тогтвортой мэдүүлгийг үндэслэлтэйгээр няцаан үгүйсгэсэн, эсхүл хохирогч Б.М нь гэмт хэрэг, зөрчилд холбогдогчийн хувьд мөрдөгч Э.Ч-ийг хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа эрхлэн явуулж буйтай нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, улмаар өөрт нь эрүү шүүлт тулгасан гэж гүтгэсэн эсэх талаар үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийгээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй байна гэж үзлээ.
Хэргийн үйл баримтаас үзэхэд 2024 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр *** тоот албан өрөөнд хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Э.Ч, хохирогч Б.М нараас өөр хүн байгаагүй, энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн хүмүүс нь үйл явдал болж өнгөрсний дараах үйл баримтыг гэрчлэн мэдүүлсэн байхад давж заалдах шатны шүүхээс “шүүгдэгч Э.Ч-ийн өгсөн мэдүүлэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдоогүй бөгөөд тэрээр хуульд заасан биеийн хүч хэрэглэх шаардлага үүсээгүй байхад хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” хэмээн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийжээ.
Шүүх хуралдаанаар тухайн хэрэгт хамааралтай нотлох баримт бүрийн эх сурвалжийг магадлан шалгаж, тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судалж, харьцуулан үнэлэх замаар гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийг яллах, эсхүл цагаатгах үндэслэл, хэргийн зүйлчлэл болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хөдөлбөргүй тогтоосноор шүүхээс хэргийн бодит байдалд нийцсэн шийдвэр гаргах нөхцөл бүрдэнэ.
Харин гэмт хэрэгт холбогдсон хүний гэм буруутай эсэхийг тогтоохын тулд хуульд заасан арга, хэрэгслээр шаардлагатай бүхий л ажиллагааг хийсний эцэст шүүхийн шийдвэрт нөлөөлж болох тодорхой эргэлзээ үүсээгүй, эсхүл уг үүссэн эргэлзээтэй гэх асуудлыг шүүх заавал няцаан үгүйсгэсэн байх ёстой бөгөөд няцаан үгүйсгэгдэхгүй бол тэрхүү эргэлзээг тухайн хүнд ашигтайгаар шийдвэрлэх буюу “In dubio pro reo” гэсэн эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн зарчим нь үндэслэлгүйгээр яллах ба шийтгэх явдлыг гаргуулахгүй байх, хүний эрхийг хамгаалах агуулгыг илэрхийлдэг бөгөөд энэхүү зарчим нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тусгагдсан болно.
5.Хяналтын журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох, анхан шатны болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтыг хэрэглэх, ямар ял оногдуулах тухай асуудлыг урьдчилан шийдвэрлэх эрхгүй болохыг дурдах нь зүйтэй.
Анхан болон давж заалдах шатны шүүхээс шүүгдэгчийн гэм буруугийн талаар хийсэн дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан шаардлагыг хангаагүй явдал нь мөн хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д зааснаар ноцтой зөрчилд хамаарах бөгөөд 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэх үндэслэлд хамаарна.
Иймд энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцэл болон хохирогч, түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын гаргасан гомдлыг хангаж, шүүгдэгч Э.Ч-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж эхлэх хүртэл шүүгдэгч Э.Ч-д урьд авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Шүүхээс хэргийн үйл баримтын талаар шүүгдэгч Э.Ч, хохирогч Б.М нарын харилцан зөрүүтэй өгсөн мэдүүлгүүдийг үнэлж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтоохдоо хэрэгт цугларсан бусад нэр бүхий гэрчийн мэдүүлгүүдээс гадна шүүгдэгч, хохирогч нарын хувийн байдал, хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөл, түүний дотор хохирогч Б.М-ын холбогдсон бусад зөрчлийн хэрэгт тогтоогдсон нөхцөл байдлыг харгалзан үзэх нь зүйтэй.
Хяналтын шатны шүүхээс шүүгдэгч Э.Ч-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Э.Ч-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах талаар өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн гаргасан гомдолд хууль дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 25 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгосугай.
2.Шүүгдэгч Э.Ч-д холбогдох *** дугаартай эрүүгийн хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж эхлэх хүртэл шүүгдэгч Э.Ч-д авсан хувийн баталгаа гаргах болон Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан хязгаарлалт тогтоосон таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Б.БАТЦЭРЭН
Ц.ОЧ
Т.ӨСӨХБАЯР