Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 462

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Батсүх,

Хохирогч Б.Э-н,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,

Шүүгдэгч М.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б-д холбогдох эрүүгийн 1918006470464 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, М.Б-д 1976 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй,*******ийн Дархан-Уул аймаг дахь салбарт сантехникч ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын *******,*******од оршин суух хаягтай, урьд:

-1996 оны 01 сарын 05-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131-р зүйлийн 2-т зааснаар 6 сарын хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнссэн,

-Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн******* шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 4 дүгээр хэсэг,*******од Б.Э-нгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь тархи доргилт, дагзны хуйхны булчин, дух, доод эрүү, зүүн шуу, баруун даланд цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч М.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “…*******гийн нөхөр******* дуудахаар нь би очсон. Тэгээд нөхөртэй нь хамт архи уусан. Нөхөр нь зодоод байхаар нь би салгасан. Би нойлын өрөөнд байхад хохирогч гар гэсэн шаардлага тавьсан. Тухайн үед болсон үйл явдлыг сайн санахгүй орж гараад байгаа.

... Тухайн өдөр хохирогчтой зууралдсанаас биш цохисон асуудал байхгүй.” гэх мэдүүлэг,

 

- Хохирогч Б.Э-нгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “…Тухайн өдөр цайны цагаар гэртээ ирсэн. Манай нөхөр болон шүүгдэгч уусан байсан. Шүүгдэгчийг 00-ийн өрөөнд орсон байна. Хажуу талын хүн 00 орох шаардлагатай байна гэдгийг хэлсэн. Шүүгдэгч 00-ийн өрөөнд согтуу унтаж байсан. Хүн бие засах гээд байна гэхэд шүүгдэгч “пизда чинь хүн унтаж байхад унтуулахгүй гээд намайг улайм цайм чирээд гар хүрсэн”. Шүүгдэгч ширээн дээр байсан хутгийг авахыг завдаж, над руу аяга авч шидээд миний тархийг хагалсан.

... Миний хувьд гомдолтой байна. толгой өвдөх зэрэг шинж тэмдэг, мартаж санах явдлууд гарч байгаа. 200.000 төгрөг нэхэмжилнэ.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

 

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Б.Э-нгаас гаргасан өргөдөл /хэргийн 3/,

 

-Хэрэг учрал болсон гэх Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 4 дүгээр хэсэг,*******од үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4-6/,

 

-Гэрч Б.О-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 12 цаг 40 минутын орчим би ажлынхаа гадаа*******ын хамт зогсож байхад******* эгч орилох шиг болохоор нь******* бид хоёр******* эгчийн гэрт ороход************** эгчийг баруун гараараа заамдаад бариад авсан байдалтай,******* эгчийн охинйг******* зүүн гараараа үстээд доош нь дарцан зогсож байсан. Тэгэхээр нь******* бид хоёр салгасан.******* эгч “сая та нарыг орж ирэхээс өмнө энэ******* намайг зөндөө зодсон” гэж хэлж байсан. Тэгээд******* цагдаа дуудах гээд гарсны дараа************** эгч рүү хоёр аяга аваад шидсэн эхнийх нь******* эгчийг оноогүй дараагийн аяга нь******* эгчийн толгойг оноод хагалсан. Тэгээд удаагүй цагдаа ирээд*******ыг аваад явсан юм..” гэх мэдүүлэг /хэргийн 11/,

 

-Гэрч У.Б-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 09 сарын 11-ний өдөр 12 цаг 40 минутын орчим би ажлынхаа гадаа зогсож байхад******* эгч орилох шиг болохоор нь бид хоёр******* эгчийн гэрт яваад ороход************** эгчийг баруун гараараа заамдаад,******* эгчийн охинйг зүүн гараараа үстээд доош нь дараад зогсож байсан. Тэгэхээр нь бид хоёр салгасан чинь******* эгч “та нарыг орж ирэхээс өмнө******* намайг зодсон” гэж хэлсэн. Тэгээд би цагдаа дуудах гэж гараад буцаад******* эгчийн гэрт ороход******* эгч “******* надруу сая аяга шидээд миний толгойг хагалчихлаа” гээд толгойнх нь ар хэсгээс цус гараад зогсож байсан бөгөөд*******ыг цагдаа иртэл гаргахгүй байж байгаад цагдаад өгөөд явуулсан.******* цагдаа ирэхээс өмнө аяганы хагархайнд гараа зүссэн байсан.******* эгчийн дух, эрүү зүүн гарын шуу нь хөхөрч хавдсан байсан.” гэх мэдүүлэг /хэрийн 12/,

 

-Гэрч Э.-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Ээж гэртээ орилох шиг болохоор нь би ээжийн гэрт орсон чинь ээжийг******* цамцнаас нь заамдаад барьсан байсан бөгөөд ээжийн үс нь арзайсан хувцас нь шороо болсон байсан. Тэгэхээр нь би*******д хандаж “та яаж байнаа, эмэгтэй хүнийг яагаад зодож байгаа юм бэ?” гэж хэлээд үүдний сандал руу түлхээд суулгасан чинь******* миний үснээс зулгаагаад авсан. Яг тэр үед манай ажлын,******* хоёр гаднаас орж ирж салгаад******* гараад цагдаад дуудлага өгсөн.*******ыг гараад явсны дараа******* ээж рүү хоёр аяга авч шидсэн. Сүүлийн аяга нь ээжийн толгойг оноод толгойноос нь цус гарсан юм.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,

 

-“…Б.Э-нгийн биед тархи доргилт, дагзны хуйхны булчин, доод эрүү, зүүн шуу, баруун даланд цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр буюу нэг бус удаагийн хүчтэй цохигдох, унах үед тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 19-20/,

 

-Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн Б.Э-нд яаралтай тусламж үзүүлсэн хуудас /хэргийн 18-19/,

 

-“Саран-Элит” эмнэлгийн дүрс оношлогооны тасгийн компьютер оношлогооны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 23-25/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч М.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг, Мангиртын 4 дүгээр хэсэг,*******од Б.Э-нгийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйхны булчин, дух, доод эрүү, зүүн шуу, баруун даланд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 19-20/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч М.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Э-нгийн эрүүл мэндэд “тархи доргилт, дагзны хуйхны булчин, дух, доод эрүү, зүүн шуу, баруун даланд цус хуралт, зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Б.Э-н нь шүүхийн хэлэлцүүлэгт “...Миний хувьд гомдолтой байна. Толгой өвдөх зэрэг шинж тэмдэг, мартаж санах явдлууд гарч байгаа. 200.000 төгрөг нэхэмжилнэ.” гэж мэдүүлж байх боловч хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй байна.

 

Иймд хохирогч нь холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч М.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч М.Б- нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж байсан /хэргийн 46-48/ бөгөөд энэ нь эрх зүйн хувьд ямар нэгэн үр дагавар үүсгэхгүй боловч түүний хувийн байдлыг илэрхийлэх нотлох баримт юм.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 259 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 600000 төгрөгийн торгох ялаас эдлээгүй үлдсэн торгох ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хагархай шаазан аягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэснийг тус тус дурдаад

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч М.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч М.Б-г Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч М.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б-д анхааруулсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч М.Б-д 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн******* шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 600000 төгрөгөөр торгох ялаас эдлээгүй үлдсэн торгох ялыг тусад нь эдлүүлсүгэй.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3, 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг хагархай шаазан аягийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлсний эцэст иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй бөгөөд энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ