Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 463

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чинбаатар,  

Шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт *******д холбогдох эрүүгийн 1918008090555 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Д.Б 1994 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, “Од” кабелийн телевизэд засварчин ажилтай, ам бүл 4, эхнэр, 2  хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Санжинт багийн*******од оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” бааранд иргэн Э.Л-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч Д.Б-ын мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой 21 цагийн үед найзууд маань найзуудын баяр тэмдэглэе караокед байна гэж дуудахаар нь очсон. Гэтэл хоцроод ирсэн торгууль гээд архиар шахсан. Бид караокед дуулж байгаад хаахаар нь бааранд орсон. Тэгээд  тамхилчихаад орж ирэхэд үүдэнд нилээд хэдэн залуу бөөгнөрөөд нэг нь манай найзтай гар барилцахаар нь найзыг маань дээрэлхэж байгаа юм байна гэж ойлгоод*******г цохисон. Ийм хэрэг үйлдсэндээ харамсаж байна.

...Гэм буруугийн тал дээр маргах зүйлгүй. Аав маань нас бараад хохирол төлж чадаагүй, ямар ч байсан хохирлыг төлж барагдуулна. Хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 5/,

 

-Хохирогч Э.Л-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 сарын 11-ний орой 21 цаг өнгөрч байхад би ажлынхаа*******,*******,*******,*******, нарын хамт “Оргил” баарны караокед дуулах гэж орсон. Тухайн өдөр миний төрсөн өдөр байсан бөгөөд 2 цаг авч ширээндээ 0.75 граммын нэг шил архи, ус ундаа авч ажлынхантайгаа хамт суусан. Ингээд 23 цаг өнгөрч байхад караокены цаг дуусч бид нар гарах болсон. Энэ үед баарны бүжгийн талбай дээгүүр явсан бөгөөд******* ах нэг хүнтэй уулзаад зогссон. Гэтэл цаанаас******* гэх залуу “та нар яагаад байгаа юм бэ?” гээд нилээд согтуу байдалтай шууд над руу ирэхээр нь би юу ч болоогүй талаараа хэлж ойлгуулаад******* ахыг явъя гэж хэлээд хамт баарнаас гарах үед******* гэнэт хажуунаас гарч ирээд миний шүд рүү нэг удаа гараараа цохиж миний шүдийг хугалсан.

...Би гомдолтой байна. Эмчилгээнийхээ мөнгийг гаргуулж авмаар байна.”  гэх мэдүүлэг /хэргийн 7-8/,

 

-Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 сарын 11-ний өдөр ажлынхаа газрын*******,*******,*******,*******,******* нарын хамт зургуулаа “Оргил” нэртэй бааранд 21 цаг 30 минутын орчимд орсон юм. Манай ажлын дүү*******гийн төрсөн өдөр нь болж байгаа гээд тэмдэглэх санаатай орсон. Бааранд ороод нэг шил 0.75 литрийн “Экс” нэртэй архи, мөн шилтэй 0.5 литрийн пиво З шил, ундаа, ус зэргийг авсан. Бүгдээрээ хувааж ууцгаасан. Би бол архи, пивоноос огт уугаагүй. Караокед бид нар 2 цаг дуулаад 23 цаг 30 минутад баарнаас гарах болсон юм. Тэгээд би зааланд зогсож байтал******* заалны үүдэнд ногоон хөх хувцастай залуутай маргаж байгаа бололтой чанга чанга яриад байсан. Энэ үед цаанаас нь найз нь болох******* гэх өндөр залуу хүрч ирээд агсараад ирсэн. Гэтэл манай ажлын дүү******* “ах аа, бид нар юу ч болоогүй ээ, одоо явах гэж байна.” гэж хэлэхэд******* гэх залуу шууд ам руу нь цохичихсон юм. Би цохиулж байхыг нь харсан.******* тэр залууд цохиулаад доош тонгойсон. Амнаас нь цус гарсан байдалтай байсан.

...Би тухайн үед эрүүл байсан, бүхнийг мэдэж байна.” гэх мэдүүлэг /хэргийн 10/,

 

-Гэрч Ч.С-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 сарын 11-ний орой 21 цагийн үед бид нар найзуудаараа*******гийн төрсөн өдрийг тэмдэглэх гээд “Оргил” баарны караокед орж суусан. Энэ үед**************,*******,, манай эхнэр******* бид нар байсан. Тэгээд караокед 2 цаг авч суусан ба нэг шил 0.75 граммын архи, ус ундаа, пиво авч ууж суусан. Тэгээд 23 цаг өнгөрч байхад караокены цаг дуусч бид нар бөөнөөрөө караокенаас гарч баарны бүжгийн талбай дээгүүр явж байхдаа би ажлын газрынхаа найзтай таарч баарны зааланд юм яриад зогсож байтал******* намайг хүнтэй маргаж байна гэж буруугаар ойлгоод над дээр ирээд намайг явъя гээд хамт гарах гэж байтал хажуугаас нь өөрийгөө******* гэх залуу орж ирээд*******гийн ам хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон. Энэ үед бид нар*******г баарнаас авч гараад амыг нь нээж шүдийг нь харахад үүдэн 2 шүд нь хугарсан байсан. Энэ үед цагдаа нар ирж таараад*******ыг аваад цагдаагийн хэлтэс рүү явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 11/,

 

-Гэрч Б.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 сарын 11-ний орой 21 цагийн үед санагдаж байна, манай ажлын*******гийн төрсөн өдөр болж манай ажлын*******,*******,*******,,******* нарын хамт “Оргил” нэртэй баарны караокед орж 2 цаг авч суусан. Ингэж суухдаа нэг шил 0.75 граммын архи, ус ундаа, пиво авч суусан. Ингээд 2 цаг суусны дараа караокены цаг дуусч манайхан караокенаас гарсан ба би араас нь куртикээ өмсөөд гарахад баарны нарийн коридор дотор******* хүнд цохиулчихлаа гээд зогсож байсан. Яг цохиж байгааг нь би хараагүй.” гэх мэдүүлэг /хэргийн 12/,

 

-Гэрч Б.Ж-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: 2019 оны 11 сарын 11-ний орой 20 цаг өнгөрч байх үед хамт ажилладаг*******,*******,*******,*******, нарын хамт Хайрхан багийн төвд үйл  ажиллагаа явуулдаг “Оргил” гэх баарны караокед суусан. Ингэж суухдаа нэг шил 0.75 граммын архи, ундаа, ус авч идэж уугаад орой 23 цаг өнгөрөөд цаг нь дуусч бөөнөөрөө караокенаас гарсан. Гарахдаа баарны бүжгийн талбай дээгүүр гарахад тэнд байсан нэг танихгүй залуу манай ажлын******* гэх хүнийг барьж аваад зуураад байсан. Энэ үед******* “та нар боль” гэж хэлээд дундуур нь орж*******г авсан чинь цаанаас******* гэх залуу нилээд согтуу байдалтай ирээд*******гийн нүүрэн тус газарт гараараа шууд нэг удаа цохисон. Энэ үед бид нар тэр хоёрыг салгаад*******г баарнаас аваад гарахад “ах аа, миний шүд эвгүй болчихлоо” гэхээр нь амыг нь ангайлгаад харахад үүдэн 2 шүд нь хугарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 13/,

 

-Гэрч Я.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 сарын 11-ний орой би ажлаасаа 20 цаг өнгөрч байхад буусан бөгөөд хамт ажилладаг******* “төрсөн өдөр болж байна, “Оргил” баарны караоке орж жаахан дуулъя” гэхээр нь би зөвшөөрч ажлынхаа,*******,*******,*******,******* нарын хамт 21 цагийн үед “Оргил” гэх баарны караокед 2 цаг авч суусан ба нэг шил 075 граммын архи, ус ундаа, пиво авч ууж сууцгаасан. Тэгээд орой 23 цаг өнгөрч байхад цаг дуусч караокенаас гарч баарны заалаар алхаж явахад миний гарнаас*******гийн найз гэж залуу татсан. Энэ үед******* түүнийг яасан хөгшөөн гээд юм яриад зогссон. Энэ үед цаанаас******* гэх залуу согтуу ирээд “юу болоод байгаа юм яагаад байгаа юм бэ” гэхэд******* “юу ч болоогүй ээ бид нар одоо ингээд гарах гэж байна” гэж хэлтэл өөрийгөө******* гэх залуу*******гийн нүүрний орчимд гараараа нэг удаа цохисон. Тэр үед бид нар*******г аваад шууд баарнаас гарсан ба амыг нь ангайлгаж байгаад шүдийг нь харсан чинь үүдэн шүд нь хугарсан байдалтай байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 14/,

 

-Гэрч Э.Т-ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны 11 сарын 11-ний өдөр найзуудын баяр тэмдэглэх санаатай,*******, нарын хамт “Оргил” нэртэй бааранд 20 цагийн үед орсон. Ороод караокед сууж 0.75 граммын 2 шил архи захиалж бүгдээрээ ууж суусан ба цаг нь дуусч баарны бүжгийн талбай дээр гарч ирээд дахин нэг шил 0.75 граммын архи авч уусан. Энэ үед би архиндаа нэлээд согтож нэг мэдсэн чинь нэг танихгүй залуу надад танай найз чинь үүдэнд зодолдоод байна гэхээр нь би юу болоод байгаа юм бол гэж бодоод очиход******* гэх хүний амнаас нь цус гарчихсан байдалтай хамт яваа хүмүүс нь цаашаа татаад авчихсан харин манай найз*******ыг, нар бариад авчихсан зогсож байсан. Тэгээд тэд нарыг болиулж наашаа ширээн дээр суулгаад байж байтал цагдаа нар орж ирээд*******ыг аваад явсан.” гэх мэдүүлэг /хэргийн 17/,

 

-“Э.Л-гийн биед тархи доргилт, дээд үүдэн 11, 12 дугаар шүдний цөгцний 3/2-ийн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал  гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн хүчин үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид 2 шүдний хугарал нь эрүүл мэнд, ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад 10% нөлөөлнө.” гэх Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 971 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 20-21/,

 

“Үүдэн шүдний хугарал, хацрын зөөлөн эдийн цохигдсон гэмтэлтэй” гэх эмчийн үзлэгийн тодорхойлолт, эмчилгээ хийлгэхтэй холбоотой баримт /хэргийн 22-24/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Д.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний орой 23 цагийн орчим Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийн төвд үйл ажиллагаа явуулдаг “Оргил” бааранд иргэн Э.Л-гийн эрх чөлөөнд халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирол нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл болох нь Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 971 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хэргийн 20-21/ нотлогдож байх тул шүүгдэгчийн үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байна.

 

Иймд шүүгдэгч Д.Б-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Л-гийн эрүүл мэндэд “тархи доргилт, дээд үүдэн 11, 12 дугаар шүдний цөгцний 3/2-ийн хугарал, баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан бөгөөд хохирогч Э.Л- нь мөрдөн байцаалтын шатанд “...би гомдолтой байна. Эмчилгээнийхээ мөнгийг гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 7-8/ өгсөн бөгөөд “Харзтай” эмнэлэг түүний эмчилгээний зардал 575000 төгрөг болохыг тодорхойлсон байх тул /23-24/ шүүгдэгч Д.Б-аас 575000 төгрөг гаргуулж, хохирогч Э.Л-д олгохоор шийдвэрлэв.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Д.Б- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Д.Б- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгаа байдлыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сард 75000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Б-д үүрэг болгож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-т зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 сарын хугацаанд сард 75000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Д.Б-д үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Д.Б-д анхааруулсугай.

 

4.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Б-аас 575000 /таван зуун далан таван мянга/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хайрхан багийнод оршин суух Г.Л-д/ олгосугай.

 

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурсугай.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Я.ТУУЛ