| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/00510/и |
| Дугаар | 182/ШШ2016/00729 |
| Огноо | 2016-10-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 182/ШШ2016/00729
| 2016 оны 10 сарын 04 өдөр | Дугаар 182/ШШ2016/00729 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: .............. тоотод оршин суух, Б.Б-гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .................. тоотод оршин суух, Г.Ц,
Хариуцагч: ................ тоотод оршин суух, С.Н нарт холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 550,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Г.Ц, С.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Тухайн үед Г.Ц миний араас гүйгээд мөнгө зээлээч гээд гуйгаад яриад байсан. Мөнгө байхгүй гээд байхад л гуйгаад байсан. Тэгээд манай ээж зах дээр өлгий зардаг гээд нэрийн хуудсаа өгөөд ээж маань батлан даана гэж хэлсэн.
Дараа нь ямар нэгэн асуудал гарахгүй биздээ гэхэд гарахгүй, найдвартай гэж хэлсэн. Ингээд надаас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаатай 2,000,000 төгрөг зээлж авсан. Тэгээд мөнгөө өгөхгүй чирэгдэл их учруулсан.
Анх тохиролцохдоо мөнгөө дансаар өгч байна гэж тохирсон. Ингээд хариуцагч С.Нгаас 2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 100,000 төгрөг, 2016 оны 3 дугаар сарын 30-ны өдөр 60,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 04-ний өдөр 60,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 08-ны өдөр 80,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 22-ны өдөр 80,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 29-ний өдөр 150,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 08-ны өдөр 20,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 12-ны өдөр 70,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 19-ний өдөр 50,000 төгрөг, 2016 оны 6 дугаар сарын 22-ны өдөр 50,000 төгрөг, 2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр дансаар С.Нгаас 100,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 09-ний өдөр дансаар 70,000 төгрөг гээд нийт 850,000 төгрөг өгсөн.
Харин Г.Ц 2015 оны 10 дугаар сарын 17-ны өдөр 800,000 төгрөг өгсөн. Дээр нь 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Г.Цг Алтжин бөмбөгөрийн хүнсний лангуун дээр сууж байгаа гэхээр нь би очиж уулзаад 130,000 төгрөг авсан.
Г.Цгийн өгсөн мөнгөнөөс 2 сарын хүү 360,000 төгрөгөө хасаад үндсэн төлбөр 550,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа. Энэ мөнгөө Наран, Цэндсүрэн нараас гаргуулахаар нэхэмжилж байна гэв.
Хариуцагч С.Н шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Бид хоёр энэ 2,000,000 төгрөгөөс болж зөндөө юм болсон. Танай охиноос чинь мөнгөө авч чадахгүй юм байна гээд гэрт нь хамт очъё гээд байсан.
Би цаг тохироод хүргэнийхээ гэрт хамт очсон. Тухайн үед манай гэрийнхэн бүгд байсан. Би 2,000,000 төгрөг авсан нь үнэн боловч 3 сарын хүүнд 240,000 төгрөг төлсөн. Гэхдээ 2015 оны 7 дугаар сарын 25-ны өдөр 160,000 төгрөг, 2016 оны 8 сард 80,000 төгрөгөөр 2 хувааж төлсөн. Гэхдээ үүнтэй холбоотой баримт байхгүй.
Зах дээр ирээд надаас бэлэн авч байсан юм. Би тухайн үед гэрээгээ нэхэмжлэгчид буцаагаад өгчихсөн байсан. Тэгээд өөрийнх нь баримт дээр гарын үсэг зурж өгч байсан боловч өөрөө баримт үйлдээгүй.
Манай гэрийнхэнтэй уулзахдаа та нараас хүү, алданги авах арга алга гээд үндсэн мөнгөө авъя гэж байсан. Г.Ц охин маань нөхрийн хамт таксинд яваад бага багаар мөнгөө цуглуулаад үлдсэн 850,000 төгрөгөө төлөхөөр хоорондоо амаар тохирсон.
Бид нийт 2,100,000 төгрөг төлсөн учраас зээлсэн 2,000,000 төгрөгийн хүүнд нь 220,000 төгрөгийг аваад энэ асуудлаа дуусгаж болох юм.
Бид энэ хүнээс мөнгө аваад хэрэгтэй үедээ ашиглаж байсан нь үнэн. Гэхдээ асуудал ингэж шүүх дээр ирээд шийдвэрлэгдэж байгаад харамсаж байна. Надад янз бүрийн гачигдал их байсан. Энэ хугацаанд намайг ойлгож 850,000 төгрөгөө цувуулж авсанд нь талархаж байна” гэв.
Хариуцагч Г.Ц шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би гэрээ байгуулж 2,000,000 төгрөг Б.Бгээс зээлж авсан. Тэгэхдээ сарын 8 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд манай ээж миний өмнөөс 1 сарын хүү 160,000 төгрөг гэж тооцоод 3 сарын хүү 460,000 төгрөг өгсөн. Тэгээд сүүлд Алтжин бөмбөгөр дээр лангуун дээр сууж байхдаа би 800,000 төгрөг шилжүүлсэн.
Бас 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 130,000 төгрөг өгөөд дахин мөнгө өгч чадаагүй. Ингээд манай гэрт ирж уулзахдаа хүү, алдангийн хамт 1,700,000 төгрөг нэхсэн. Ээж бид хоёрыг 850.000, 850.000 төгрөгөөр хувааж төл гэсэн. Гэтэл манай нөхөр хүү, алданги төлж чадахгүй, үндсэн 2,000,000 төгрөгийг чинь барагдуулж өгье гэж хэлсэн.
Тухайн үед хүүхэд маань эмнэлэгт хэвтээд нөхөр маань хөлөө хугалаад мөнгөө төлж чадаагүй. Ер нь бол би 2 удаа мөнгө өгсөн. Нэг удаа 800,000 төгрөг дансаар шилжүүлсэн. Нэг удаа 130,000 төгрөг бэлнээр өгсөн. Дээр нь 3 сарын хүүнд 460,000 төгрөг төлсөн учраас нийт зээлсэн 2,000,000 төгрөгөө төлчихсөн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч С.Н, Г.Ц нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 550,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба доорхи үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Г.Цд 2,000,000 төгрөгийг 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 2 сарын хугацаатай, 8 хувийн хүүтэйгээр, хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцохоор зээлийн гэрээг, мөн өдөр хариуцагч С.Нтай баталгааны гэрээг тус тус байгуулсан болох нь талуудын тайлбар, 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн болон баталгааны гэрээ, зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно” гэж тус тус заажээ.
Нэхэмжлэгч Б.Б нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу 2,000,000 төгрөгийг хариуцагч Г.Цд хүлээлгэж өгсөн талаар талууд маргаагүй ба зээлдэгч нь мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх, хариуцагч С.Н нь баталгааны гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, байх тул нэхэмжлэгч нь үүргийн биелэлтийг шаардсан нь үндэслэлтэй юм.
Талууд бичгээр гэрээ хийж хүү тооцохоор тохиролцсон байх тул нэхэмжлэгч нь гэрээний дагуу үндсэн төлбөрөө нэхэмжилж байгааг буруутгах үндэслэлгүй байна.
Хариуцагч Г.Ц нь 2015 оны 10 сарын 17-нд 800,000 төгрөг, 2015 12 дугаар сарын 31-нд 130,000 төгрөг, хариуцагч С.Н нь 2016 оны 3 сарын 21-нд 60,000 төгрөг, 3 сарын 30-нд 60,000 төгрөг, 5 сарын 04-нд 60,000 төгрөг, 5 сарын 08-нд 80,000 төгрөг, 5 сарын 22-нд 80,000 төгрөг, 5 сарын 29-нд 150,000 төгрөг, 6 сарын 08-нд 20,000 төгрөг, 6 сарын 12-нд 70,000 төгрөг, 6 сарын 19-нд 50,000 төгрөг, 6 сарын 22-нд 50,000 төгрөг бэлнээр, 5 дугаар сарын 15-нд 100,000 төгрөг, 9 сарын 08-нд 70,000 төгрөгийг дансаар, нийт 1,780,000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бд өгсөн болох нь Хаан банкны дансны хуулга болон хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч нь хариуцагч нарын төлсөн 1,780,000 төгрөгөөс 2 сарын хүү 360,000 төгрөгийг хасч тооцсон одоо 550,000 төгрөгийн үлдэгдэлтэй байгаа, хариуцагч нарын ар гэрийн байдлыг харгалзан үзээд зээлийн гэрээнд заасны дагуу алданги тооцоогүй гэж тайлбарласан.
Хариуцагч нар нь нэхэмжлэгчийг 2 сарын хүү гэж бэлнээр 360,000 төгрөг авсан. Нэхэмжлэгч талтай хүү төлөхгүйгээр 2,000,000 төгрөгийг буцааж төлөхөөр тохиролцсон. Нийтдээ 2,100,000 төгрөгийг төлсөн учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан боловч хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримт байхгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтаас дүгнэхэд 1,780,000-360,000=1,420,000 төгрөг төлөгдсөн байх ба үндсэн зээлийн 2,000,000 төгрөгөөс хасч тооцоход 580,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.
Нэхэмжлэгч нь Баталгааны гэрээний дагуу С.Нгаас төлбөрөө шаардсан ба Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д “үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно” мөн хуулийн 234.4-т “үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч үүргийн гүйцэтгэлийн баталгаа гаргагчаас үл маргах журмаар шаардана” гэж тус тус заасан.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа үндсэн төлбөр 550,000 төгрөг гэж тодорхойлсон тул нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд үндсэн зээлийн үлдэгдэл 550,000 төгрөгийг хариуцагч нараас /Г.Цгээс 275,000 төгрөг, хариуцагч С.Нгаас 275,000 төгрөгийг/ гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 282 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 234 дүгээр зүйлийн 234.1, 234.2-т зааснаар хариуцагч С.Нгаас 275,000 төгрөг, Г.Цгээс 275,000 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хурамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар хариуцагч С.Нгаас 8,575 төгрөг, Г.Цгээс 8,575 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч Б.Бд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,150 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА