Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 23 өдөр

Дугаар 182/ШШ2016/00621

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 23 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00621

               Улаанбаатар хот

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: ................ байранд байрлах, Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: .......... байранд байрлах, МБинд холбогдох,

Хэлцэл хүчин төгөлдөр бусд тооцуулж, 403,300,072 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                         

                                                                        ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал П.Зориг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани 2003-2004 онуудад Казакстан улсаас нефтийн бүтээгдэхүүн, Швед улсаас уул уурхайн тоног төхөөрөмж импортлох 17.9 сая ам.долларын төслийн ажлыг Бүгд найрамдах Солонгос улсын Самсунг корпорацийн санхүүжилтээр хэрэгжүүлж уг төслийн мөнгөний эргэлтийг зөвхөн Анод банкаар дамжуулан гүйцэтгэж байсан.

Тухайн үед Анод банкны зүгээс төслийн хянагч, зохицуулагч буюу төлөөлөгчөөр Э.Цэрэндашийг оролцуулах шаардлага тавьж “Хамтран ажиллах гэрээ”-нд тусгаж, энэ хяналтыг хэрэгжүүлэхийн тулд Т ХХК-ийн Худалдаа эрхэлсэн захирал, Анод банкнаар дамжуулан хийгдэх бүхий л гүйлгээнд 2-р гарын үсэг зурах эрх бүхий этгээдээр түүнийг томилон ажиллуулсан.

Гэтэл энэ хугацаанд Анод банк банкны үйл ажиллагаа нь харилцагчдын итгэл дээр тулгуурлаж байдгийг ашиглан 2003-2005 онд буюу төсөл хэрэгжиж байх үед манай компанийн итгэлийг ашиглан ямар ч зөвшөөрөлгүй, шаардлагагүй 5,4 тэрбум төгрөг ба /5.575.000 ам.доллар/ “хийсвэр” зээлийг манай харилцахаар дамжуулан бэлнээр гарган авсныхаа хойно гэрээ хэлцэл, бичиг баримтыг нь хийдэг байсан, хуурамчаар гаргасан зээл болон зээлийн хүүний төлбөрт гэх мөнгийг мөн ямар ч зөвшөөрөлгүйгээр харилцах данснаас татаад авдаг байсан нь банк манайх хоёрын дунд үүссэн маргааныг эхлүүлсэн.

Манай нэрээр гаргасан шаардлагагүй зээлүүдийг “Аккредитивийн эргэн төлөлтийн эх үүсвэрийг хадгаламж хэлбэрээр урьдчилан байршуулж байна” гэх нэрийдлээр дамжуулан “Гүн төгөл” ХХК-д байршуулж уг мөнгөөр банк өөрсдийн хүссэн гүйлгээгээ хийж зарцуулж байсан, өөрөөр хэлбэл “Анод” банкны активыг өсгөх үйлдэл хийн 1 мөнгийг 3 хэлбэрээр цаасан дээр тусган хуурамч гүйлгээ хийж байсан нь эдийн засагч нарын шижилгээ, судалгаа болон манай компанийн хүсэлтээр МБнаас Анод банкинд хийгдсэн шалгалтаар тогтоогдсон билээ.

2003-2004 оны хооронд Анод банк нийт 15 зээлийн гэрээг манай байгууллагын нэр дээр хийж үүнд хүү төлүүлсэн. Эдгээр шаардлагагүй зээл гаргаад буцаад хүү, үндсэн төлбөрийг суутгаж авч байсанаас үүдэлтэй бидэнд 1 тэрбум гаруй төгрөгийн үргүй зардал гарч их хэмжээний хохирол амссан.

Аккредитивийг төлөх эх үүсвэрийг урьдчилан хадгаламжинд байршуулж байгаа нэрээр гаргасан эдгээр шаардлагагүй зээлүүдийг богино хугацаанд эргүүлж хаах зорилгоор импортлосон нефтийн бүтээгдэхүүнийг зах зээлийн үнээс хэт доогуур үнээр худалдаж Тас петролеум ХХК-ийн бензин, түлшний борлуулалтын асуудлыг Анод банкны төлөөлөгч, худалдаа эрхэлсэн захирал Э.Цэрэндаш бүрэн хариуцаж байсан.

Бидний шатахууны худалдаан дахь бензин, дизель түлшний зохистой харьцаа 1:4 байхаар анх тохиролцсон боловч Анод банк мөнгө чөлөөлөх зорилгоор уг тохиролцоог зөрчин, харьцаа алдагдаж өндөр үнэтэй бензинийг алдагдалтай худалдсан мөн улирлын чанараас хамаарч үнэ өсөх үед худалдах ёстой байсан шатахууныг хугацаанаас нь өмнө зарж борлуулсанаас нийт 1.828.455,96 ам.доллар алдагдал хүлээсэн бөгөөд Анод банкны хариуцах алдагдлын хэмжээ 1.462.764,77 ам.доллар буюу 2.919.473.693,85 /хоёр тэрбум есөн зуун арван есөн сая дөрвөн зуун далан гурван мянга зургаан зуун ерин гурван / төгрөг болно.

Төсөл хэрэгжиж байх явцад Анод банкин дахь манай харилцах дансанд хангалттай хэмжээний мөнгөний үлдэгдэл тогтмол байдаг байсан учир бидэнд зээл авах ямар ч шаардлага байгаагүй. Жишээ нь:2003 оны 08-р сарын 26-ны өдөр Анод банк Тас петролеум ХХК-ийн нэр дээр 500 сая төгрөгийн зээл гаргаад бэлэн авангуутаа, 1 өдрийн дараа буюу 8-р сарын 27-ны өдөр уг зээлийн төлбөрийг данснаас суутгаад төлж байгаа байдлаар хаасан байдаг.

Энэ мэтчилэн эдгээр 500 саяаас 1,5 сая доллар хүртэлх өндөр дүн бүхий нийт 15 зээлийг 1-30 хоногийн дотор эргүүлэн данснаас татаж авч байсан нь манай байгууллага төлбөрийн өндөр чадвартай байсныг харуулах буюу аккредитивийг эргүүлэн төлөх эх үүсвэрийг зээлгүйгээр хадгаламжинд байршуулах боломж нь байсны нэг нотолгоо болох юм.

Иймд 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №00030212 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн КЛ/00030324 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №00030304 тоот зээлийн гэрээ, 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №0004047 тоот зээлийн гэрээ, 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №06040028 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004  оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №06040073 тоот зээлийн гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №06040091 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №06040094 тоот зээлийн, болон барьцааны гэрээнүүдийг Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1, 58.3.2-т зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож, Анод банкны Тас петролеум ХХК-ийн нэр дээр гаргасан зээлийн хүүнд суутган авсан 403,300,072 төгрөгийг МБаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч МБны Ерөнхийлөгч Н.Баяртсайхан шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлд дурдсан зээлийн гэрээнүүд 2003-2004 онд Анод банк ХХК болон Тас петролиум ХХК-ийн хооронд хийгджээ. Эдгээр гэрээнд МБ оролцоогүй, Банкны тухай хуулийн 5.1-д зааснаар банкны дотоод хэрэгт МБ оролцдоггүй, гэрээний тал биш байх тул гэрээний үүргийг хариуцахгүй.

2.Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2 дахь хэсэгт “Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй” гэж заасан тул МБ Анод банкны өмнөөс үүрэг хүлээхгүй.

МБнаас Анод банк ХК-д Төв банк /МБ/-ны тухай хуулийн 5.4, 19.13, 19.24, 1996 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Банкны тухай хуулийн 31, 33-36, 37, 38, 381 дугаар зүйлд заасны дагуу 2008 оны 12 дугаар сарын 10-нд албадлагын арга хэмжээ авч, энэ албадлагын арга хэмжээг 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр доорх хуулийн үндэслэлийн дагуу дуусгавар болгосон.

Банкны тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 болон 66.2 дахь хэсэгт заасны дагуу МБ банкны эрх хүлээн авагчийн нийт актив хөрөнгийг худалдан борлуулж дууссан тухай тайланг баталж, нийтэд мэдэгдсэнээр банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгох үүрэгтэй.

Үүний дагуу МБ 2015 оны 4 дүгээр сарын 06-ны А-66 дугаар тушаалаар банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болсонд тооцож, энэ тухай “Өнөөдөр” сонины 2015 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн №083 (5477) дугаарт нийтэлсэн. Ингэснээр МБны хуулиар хүлээсэн үүрэг оролцоо дээрх ажиллагааг хийснээр дуусгавар болсон.

Төв банк /Монголбанк/-ны болон Банкны тухай хуулиар МБны хүлээсэн үүрэг, оролцоо бол харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах, банкны тогтолцооны найдвартай байдлыг хангах хүрээнд өмнө дурдсан, хуульд заасан ажиллагааг явуулсан. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлсэн тул Анод банк ХК-ийн хүлээх үүргийг хүлээх, эрх залгамжлах хууль зүйн үндэслэлгүй болно.

Түүнчлэн, МБ нь Анод банк ХК дахь иргэд, хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, харилцах дансны үлдэгдлийг тавьж олгоход зориулан Засгийн газартай “Санамж бичиг” байгуулан Анод банк ХК-д их хэмжээний зээл олгосон ба энэ өрийг одоог хүртэл аваагүй байна. МБинд Анод банк ХК-ийн бусдад өгөх өглөгийн үүрэг байхгүй болно.

Иймд дээр дурдсанчлан Тас Петролеум ХХК болон Анод банкны хооронд 2003- 2004 онд байгуулагдсан гэрээнд МБ оролцоогүй, үүрэг хүлээгээгүй, банкны хүлээх үүргийг хуулиар МБ хүлээхгүй, МБнаас харилцагч, хадгаламж эзэмшигчийн эрх ашгийг хамгаалах хуульд заасан үүргээ биелүүлж албадлагын арга хэмжээ авсан, дуусгавар болгосон, МБнаас томилсон эрх хүлээн авагч хуульд заасан дарааллын дагуу төлбөр барагдуулж, Анод банк ХК-ийн актив хөрөнгө дууссан тул эрх хүлээн авах ажиллагаа дуусгавар болсон зэрэг үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

            Нэхэмжлэгч Т ХХК нь МБинд холбогдуулан 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №00030212 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн КЛ/00030324 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №00030304 тоот зээлийн гэрээ, 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №0004047 тоот зээлийн гэрээ, 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №06040028 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004  оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №06040073 тоот зээлийн гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №06040091 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №06040094 тоот зээлийн, болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Анод банк ХК-ийн Т ХХК-ийн нэр дээр гаргасан зээлийн хүүнд суутган авсан 403,300,072 төгрөгийг гаргуулах шаардлагыг гаргажээ.

 

            Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-д нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм бурууг нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

            Нэг: Т ХХК-ийн Анод банк ХК-тай байгуулсан 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №00030212 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн КЛ/00030324 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №00030304 тоот зээлийн гэрээ, 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №0004047 тоот зээлийн гэрээ, 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №06040028 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004  оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №06040073 тоот зээлийн гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №06040091 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №06040094 тоот зээлийн, болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах шаардлагын тухайд:

           

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид “зээлдүүлэгч” гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 452.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол зээлийн гэрээг бичгээр хийнэ” гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Т ХХК нь Анод банк ХК-тай 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдөр №00030212 тоот зээлийн гэрээ байгуулж 800,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 1 сарын хугацаатай, 1,8 хувийн хүүтэйгээр, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдөр КЛ/00030324 тоот зээлийн гэрээ байгуулж 200,000,000 төгрөгийг түр санхүүжилтийн зориулалтаар 1 сарын хугацаатай, 2,5 хувийн хүүтэйгээр, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдөр №00030304 тоот зээлийн гэрээ байгуулж 800,000,000 төгрөгийг 3 сарын хугацаатай сарын 1,8 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №0004047 тоот зээлийн гэрээ байгуулж 1,000,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №06040028 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, малтмал ашиглах лиценз барьцаалж 1,550,000 ам.долларыг 2 сарын хугацаатай, сарын 1,5 хувийн хүүтэй эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2004  оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №06040073 тоот зээлийн гэрээ байгуулж, 520,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 1,8 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдөр №06040091 тоот зээлийн, 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдөр №06040091 тоот барьцааны гэрээг байгуулж, ашигт малтмал ашиглах лиценз барьцаалж 400,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №06040094 тоот зээлийн, болон барьцааны гэрээ байгуулж, ашигт малтмал ашиглах лиценз барьцаалж 330,000 ам.долларыг 3 сарын хугацаатай, сарын 1,6 хувийн хүүтэйгээр эргэлтийн хөрөнгийн зориулалтаар тус тус зээлж авч байсан байна.

 

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, мөн хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1-д “хэлцэл хийгч нөгөө тал болох этгээд, түүний хувийн шинж байдал нь хэлцэл хийх үндэслэл болсон бөгөөд энэ талаар төөрөлдсөн”, 58.3.2-т “хэлцлийн зүйлийн үнийг тодорхойлоход ач холбогдол бүхий эд зүйлийн шинжийн талаар төөрөгдсөн” бол ноцтой төөрөгдлийн улмаас хийсэн хэлцэл гэж үзэхээр хуульчилсан.

 

“Анод банк” ХК болон Т ХХК-иудын хооронд байгуулагдсан дээрх гэрээнүүдээр талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх үйл баримт тогтоогдож байх тул нэхэмжлэгч талыг ноцтой төөрөгдлийн улмаас хэлцэл хийсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Хоёр: Анод банк ХК-иас Т ХХК-ийн нэр дээр гаргасан нийт 8 зээлийн хүүнд суутган авсан 14,082,077 төгрөг, 193,121 ам.доллар буюу 389,217,994 төгрөг, нийт 403,300,072 төгрөгийг гаргуулах шаардлагын тухайд,

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д “Бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрх хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй”, 492.1.1-д “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон” тус тус заажээ.

 

МБны Ерөнхийлөгчийн 2008 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 523 тоот тушаалаар “Анод банк” ХК-д  онцгой дэглэм тогтоож, 2009 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 668 тоот тушаалаар Банкны эрх хүлээн авагч томилж, 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн А-66 тоот тушаалаар татан буугдсан Анод банк ХК дахь банкны эрх хүлээн авах ажиллагааг дуусгавар болгожээ.

 

Хэрэгт авагдсан баритуудаас дүгнэхэд 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №00030212 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн КЛ/00030324 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №00030304 тоот зээлийн гэрээ, 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №0004047 тоот зээлийн гэрээ, 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №06040028 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004  оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №06040073 тоот зээлийн гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №06040091 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №06040094 тоот зээлийн, болон барьцааны гэрээнүүдийн зээлдүүлэгч тал нь МБ биш болох нь тогтоогдож байна.

 

Иймд нэхэмжлэгч Т ХХК болон хариуцагч МБ хоёрын хооронд байгуулагдсан ямар нэгэн гэрээ, хэлцэл байхгүй тул талуудын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн гэж үзэх хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.

 

Мөн Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол МБ, төрийн бусад байгууллага банкны үйл ажиллагаанд оролцохгүй бөгөөд удирдлага, шийдвэрт нь хууль бусаар нөлөөлж болохгүй”, 5.2-т “Банк төрийн хүлээх үүргийг хариуцахгүй, өөртөө тухайлан хүлээгээгүйгээс бусад тохиолдолд банкны хүлээх үүргийг төр хариуцахгүй” гэж заасан.

 

Иймд МБ нь Анод банк ХК-ийн өмнөөс үүрэг хүлээх боломжгүй юм.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэгч нь хариуцагчаа сонгох эрхтэй боловч хариуцагчаар МБыг татсан нь үндэслэлгүй байх тул Т ХХК-ийн 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №00030212 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн КЛ/00030324 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №00030304 тоот зээлийн гэрээ, 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №0004047 тоот зээлийн гэрээ, 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №06040028 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004  оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №06040073 тоот зээлийн гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №06040091 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №06040094 тоот зээлийн, болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Анод банк ХК-ийн Т ХХК-ийн нэр дээр гаргасан зээлийн хүүнд суутган авсан 403,300,072 төгрөгийг МБнаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай шүүгчийн захирамж 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр гарч шүүх хуралдааныг 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад хийхээр товлосон.

 

2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 76 дугаар зүйлийн 76.1.2-т зааснаар шүүх хуралдааны товыг нэхэмжлэгч талд мэдэгдэх хуудсаар мэдэгдэж гарын үсэг зуруулжээ.

 

2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн 15 цаг 30 минутад товлогдсон шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т ХХК-ийн захирал П.Зориг нь шүүх хуралдааны товыг мэдсэн боловч, ямар нэгэн хүсэлт гаргаагүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.2-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.

 

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1.Иргэний хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.1,  58.3.2, 492 дугаар зүйлийн 492.1, Банкны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 5.2-т тус тус зааснаар Т ХХК-ийн нэхэмжлэлтэй, МБинд холбогдох 2003 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн №00030212 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн КЛ/00030324 тоот зээлийн гэрээ, 2003 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн №00030304 тоот зээлийн гэрээ, 2004 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн №0004047 тоот зээлийн гэрээ, 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн №06040028 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004  оны 7 дугаар сарын 02-ны өдрийн №06040073 тоот зээлийн гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн №06040091 тоот зээлийн болон барьцааны гэрээ, 2004 оны 7 дугаар сарын 19-ний өдөр №06040094 тоот зээлийн, болон барьцааны гэрээнүүдийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, Анод банк ХК-ийн Т ХХК-ийн нэр дээр гаргасан зээлийн хүүнд суутган авсан 403,300,072 төгрөгийг гаргуулах шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдварлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгч Т ХХК нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс 2016 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 101/ШЗ2016/21347 дугаартай шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                           Х.ДАШДЭЧМАА