Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 477

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, Г.Уянга,

Хохирогч Х.Б-,

Шүүгдэгч Б.Ч- /шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн 1918000000551 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Б.Ч 1997 оны 05 дугаар сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Санхүү, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,  ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Дархан-Уул аймаг, Дархан сум, 16 дугаар баг, 1 дүгээр хороолол,*******од оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Б.Ч- нь иргэн Х.Б-ын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд гээсэн түрийвчтэй бичиг баримт, “Хаан банк”-ны виза карт зэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд олж улмаар тус түрийвчинд байсан иргэн Х.Б-ын иргэний үнэмлэх дээр бичигдсэн төрсөн сар, өдөр болох 07-28 гэх нууц үгийг ашиглаж “Хаан банк” дахь Х.Б-ын эзэмшлийн******* дугаартай харилцах дансанд нэвтрэн 800000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

 

-Шүүгдэгч Б.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 19-ний 10 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар багт байрлах******* байрны зам дагуу алхаж явтал машины ил зогсоол дээр бор өнгийн арьсан урт түрүүвч газар унасан байдалтай ойр хавьд нь хүн байхгүй байсан. Тэгээд би тухайн бор өнгийн арьсан түрүүвчийг шууд аваад хармаандаа хийгээд Олон Улсын худалдааны төвлүү явсан. Тэнд очоод иргэний үнэмлэхээрээ 50.000 төгрөг зээлж авдаг зээлийн машиныг сонирхоод очтол зөндөө хүнтэй байхаар нь тухайн олсон түрүүвчинд байсан хаан банкны ногоон өнгийн картанд мөнгө байж магадгүй, нууц үгийг нь төрсөн он сар өдөр нь байж магадгүй гэж бодоод иргэний үнэмлэхээс нь төрсөн он сар өдрийг нь харж байгаад Олон Улсын худалдааны төвийн нэг давхарт байрлах хаан банкны АТМ дээр очоод олсон түрүүвчинд байсан ногоон өнгийн дээрээ Батбаяр гэсэн нэртэй виза картыг атмруу хийгээд төрсөн он сар өдийг нь хийтэл зөв байж таараад тэгээд дансны үлдэгдэлийг үзтэл 2.000.000 төгрөг байсан. Тэгээд миний ар талд зөндөө хүмүүс оочирлоод байхаар нь сандарсандаа 800000 төгрөг аваад гарсан.

...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний буруу. 10 гаруй хоногийн өмнө хохирогчид 800,000 төгрөг төлсөн.” гэх мэдүүлэг,

 

-Хохирогч Х.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 18-ны 22:00 цагийн орчим эмийн сангийн хажуунаас таксинд суусан. Тухайн үед түрийвчээ алдсан хэмээн бодож байсан ба маргааш өдрийн 13:00 цагийн үед миний картнаас зарлага гарсан тухай мессеж миний гар утсанд ирсэн. Миний бие шууд “ХААН” банкинд очиж дансаа хаалгаад цагдаагийн байгууллагад хандсан.

...Шүүгдэгч нь хохирол төлбөрөөс 800,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдэгдэл 153,000 төгрөгийг энэ сардаа төлж барагдууна гэснийг нь харгалзан үзэж хөнгөн ял оногдуулж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 2/,

-Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт Х.Б-аас гаргасан өргөдөл /хэргийн 3/,

- Х.Б-ын эзэмшлийн Хаан банкны******* дугаарын дансны дэлгэрэнгүй хуулга /хэргийн 4/,

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Олон улсын худалдааны төвд байхлах Хаан банкны АТМ-ны камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 6-7/,

-Б.Ч-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хэргийн 9-10/,

-Дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 11/,

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 12 дугаар багийн Олон улсын худалдааны төвд байхлах Хаан банкны АТМ-454 дугаартай хяналтын камерийн бичлэг болох 1 ширхэг CD-г эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хэргийн 13/,

 

-“Үнэлгээнд хамрагдсан дээрхи эд зүйлийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнэ нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний байдлаар 29000 төгрөг байна.” гэх алдагдсан түрийвч, виза карт зэргийг үнэлсэн “Капитал зууч” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн хөрөнгийн үнэлгээ хийсэн дүгнэлт, эд хөрөнгийн үнэлгээний жагсаалт /хэргийн 23-24/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Б.Ч- нь иргэн Х.Б-ын 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 22 цагийн орчимд гээсэн түрийвчтэй бичиг баримт, “Хаан банк”-ны виза карт зэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 10 цагийн орчимд олж улмаар тус түрийвчинд байсан иргэн Х.Б-ын иргэний үнэмлэх дээр бичигдсэн төрсөн сар, өдөр болох 07-28 гэх нууц үгийг ашиглаж “Хаан банк” дахь Х.Б-ын эзэмшлийн******* дугаартай харилцах дансанд нэвтрэн 800000 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Б.Ч-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Хохирогч Х.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлын үлдэгдэл 153000 төгрөг нэхэмжилж байх бөгөөд шүүгдэгч Б.Ч- нь хохирол төлбөр төлөхтэй холбоотой завсарлага авсан боловч завсарлага авсан хугацаанд хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй тул шүүгдэгч Б.Ч-аас 153000 төгрөг гаргуулж, хохирогч Х.Б-т олгох нь зүйтэй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Б.Ч- нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Б.Ч- нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох үндэслэлтэй байх ба эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр төлж үлдэгдэл төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болон түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулах үүрэг хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын 1 ширхэг бичлэгтэй CD-г  уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээхээр шийдвэрлэснийг дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б.Ч-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Хан Б.Ч-г 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр биелүүлэх газарт үүрэг болгосугай.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-д гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулахыг үүрэг болгосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд шүүхээс тогтоосон үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгч Б.Ч-д анхааруулсугай.

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Б.Ч-аас 153000 /нэг зуун тавин гурван мянга/ төгрөг гаргуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр багийн 4 дүгээр хороолол*******од оршин суух Х.Б-д, утас:******* /-т олгосугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч Б.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын 1 ширхэг бичлэгтэй сидиг уг хэргийг хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хэвээр үлдээсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                   Я.ТУУЛ