| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 101/2016/03897/и |
| Дугаар | 182/ШШ2016/00008 |
| Огноо | 2016-06-07 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 07 өдөр
Дугаар 182/ШШ2016/00008
| 2016 оны 06 сарын 07 өдөр | Дугаар 182/ШШ2016/00008 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ........... тоотод оршин суух, Ц.Т-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоотод оршин суух, Б.Б-д холбогдох
Зээлийн гэрээний үүрэг 30,750,000 төгрөг гаргуулахыг хүссэн үндсэн,
2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахыг хүссэн Б.Бгийн сөрөг нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Н.Цэндсүрэн, хариуцагч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Очирваань, гэрч А.У, Ц.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 5 сарын 21-ний өдөр Б.Б нь 30,000,000 төгрөгийг 30 хоногийн хугацаатай, сарын 2,5 хувийн хүүтэйгээр зээлж, зээлээ 2014 оны 6 сарын 20-ны өдөр төлөхөөр тохиролцож зээлийн гэрээг бичгээр байгуулсан.
Би зээлүүлсэн 30,000,000 төгрөгөө Б.Бгийн 5001041315 дугаарын Хас банкны дансанд шилжүүлсэн. Зээлдэгч Б.Б нь хугацаандаа зээлсэн мөнгийг эргүүлэн төлөх үүрэг хүлээсэн боловч өнөөг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй бөгөөд удаа дараа холбоо барин гэрээний үүргээ биелүүлэхийг шаардсан боловч ямар нэгэн хариу өгөхгүй, удаа дараа шаардуулсаар өнөөдрийг хүрч намайг хохироож байгаад маш гомдолтой байна.
Иймд зээлийн гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээл 30,000,000 төгрөг, зээлийн хүү 750,000 төгрөг, алданги 73,500,000 төгрөг болсон бөгөөд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй тул алданги 15,000,000 төгрөг, нийт 45,750,000 төгрөг болж байгаа бөгөөд хариуцагч нь 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр төлсөн 15,000,000 төгрөгийг хасч тооцоод 30,750,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна...” гэв.
Хариуцагч Б.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би А.Уд зуучилсан гээд 1,500,000,000 төгрөгийн дүнтэй тендерийн ажлын 2 хувийг хүн олж өгсөн урамшуулалд авсан юм. Уг авсан 30,000,000 төгрөгөөс 15,000,000 төгрөгийг нь би төлчихсөн. Үлдэх 15,000,000 төгрөгийг А.Уаар төлүүлэхээр нэхэмжлэгч Ц.Т нь гэрээ хийсэн байдаг. Миний хувьд Ц.Ттэй зээлийн гэрээг мөнгө зээлэх зорилгоор байгуулаагүй, зүгээр мөнгө өгсөн авсан баримт үйлдэх гэж хийсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэв.
Б.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Т болон Б.Б бидний хооронд хийгдсэн “Зээлийн гэрээ” нь тухайн гэрээг байгуулах хүсэл зориг байхгүйгээр өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийгдсэн гэрээ юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч болон түүний нөхөр Ц.Б нь “худалдан авах ажиллагааны газраас барилга нураалтын ажлыг авмаар байна ажил байна уу” гэхээр нь миний бие Ц.Б болон, Ц.Т нарыг Урансайхантай холбож өгсөнөөр 30,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Миний хувьд 30,000,000 төгрөг хүүтэй зээлэх, зээлдүүлэгчийн тухайд мөнгө хүүлэх хүсэл зорилгогүй зөвхөн зуучлалын гэрээг халхавчилахын тулд хийгдсэн хэлцэл болно.
Миний бие нэхэмжлэгчийн “Бат строй” ХХК-д нь барилга нураалтын тендерийн ажил олж өгөхөөр зуучилсан тул зуучлалын хөлсөнд 15,000,000 төгрөгийг зуучлуулагч нараас авсан. Үлдэх хэсгийг А.У нь нэхэмжлэгч болон түүний нөхөр Батмөнх нарт нураалтын ажил олж өгөхөөр авсан төлбөр байдаг.
Үүнийг ч нэхэмжлэгч Б.Туяацэцэг болон түүний нөхөр Батмөнх нар нь тухайн үед ойлгож мэдэж байсан. Анх гэрээ байгуулахаас өмнө нэхэмжлэгч Б.Туяацэцэг түүний нөхөр Батмөнх нар нь А.Утай уулзаж барилгын нураалтын ажил авахаар ярилцаж байсан бөгөөд тус ажлын мөнгийг миний дансаар дамжуулан шилжүүлсэн тул түүнийгээ үйлдлээ баталгаажуулах зорилгоор тус зээлийн гэрээг надтай байгуулсан болно.
Тус А.Уы олж өгөх нураалтын ажил бүтээгүй тул эдгээр хүмүүс нь тус хэлцэл байгуулах болсон шалгаан нөхцөлийг нууж намайг мөнгө зээлэх гэсэн хүсэл зорилготой байсан мэтээр тайлбарлаж буй нь үндэслэлгүй байна. Иймд 2014 оны 05 сарын 21-ний өдрийн Ц.Т болон Б.Б бид нарын хооронд хийгдсэн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож өгнө үү...” гэв.
Ц.Т шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2014 оны 5 сарын 21-ний өдөр Б.Бтай байгуулсан зээлийн гэрээ нь ямар нэгэн хэлцэл, гэрээг халхавчлах зорилгоор хийгдээгүй, сайн дурын үндсэн дээр хийгдсэн хүчин төгөлдөр зээлийн гэрээ юмаа.
Бид зээлийн гэрээ байгуулсан учраас 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр Б.Бгийн Хас банкин дахь 5001041315 дугаартай дансанд нь бэлнээр 30,000,000 төгрөгийг гэрээний дагуу шилжүүлсэн.
Сөрөг нэхэмжпэлд дурьдсан А.У гэгч эмэгтэйд мөнгө зээлүүлээгүй, А.У гэх эмэгтэй надад төлөх төлбөргүй. Харин Б.Б нь зээлсэн мөнгөө өгч чадахгүй болохоороо манай төрсөн эгч, эсвэл манай ээжийн дүү худалдан авах ажиллагааны газар ажилладаг Сайханаа гэдэг эгч бий, би танд барилга нураалтын ажил олж өгч чадна гэж гуйж, мөн санал тавьж байсан боловч би зөвшөөрөөгүй.
Учир нь манайх нураалын ажил хийдэг компани биш, тэгээд ч би ямар нэгэн компанийн эзэн захирал биш учраас зөвшөөрөөгүй. Ингээд Б.Бгаас амралтын өдрүүдэд мөнгөө нэхэж байнга гэрт нь очиж, маш их зардал гаргасан, сүүлдээ зээлсэн мөнгөө өгөхгүй, гэрт нь очихоор хаалгаа тайлахгүй, утсаа авахгүй зугтаагаад байдаг байсан.
Мөнгө нэхээд өгөхгүй болохоор нь шүүхэд хандана, цагдаагийн байгууллагад гомдол гаргана гэсэн чинь нэхүүлж нэхүүлж 2015 оны 1 сарын 21-ний өдөр 15,000,000 төгрөгийн Б.Б өгөхөөр болсон.
Тухайн өдөр би өвчтэй байсан учраас нөхөр Батмөнхийг явуулахад 2 цаг гаруй унжиж “гэрээний ар талд манай эгч Б.Урансайхан нь үлдэгдэл төлбөрийг төлнө, Б.Б надтай тооцоогүй" гэж заавал бич, бичихгүй бол 15,000,000 төгрөгөө өгөхгүй гээд байхаар нь манай нөхөр бичиж өгсөн гэсэн.
Би Б.Бтай зээлийн гэрээ байгуулж 30,000,000 төгрөгөө зээлүүлсэн, харин Б.Б өөрийн эгч А.Утайгаа тооцоогоо хийх, хийхгүй нь надад хамаагүй, би Б.Бд мөнгө зээлсэн учраас Б.Бгаас мөнгөө гаргуулна.
Б.Б нь мөнгө зээлж авахдаа их сайхан ааштай, боловсон харьцаатай байсан ба мөнгө авсаны дараа догшин ширүүн, их омогтой, дээрэлхүү шинжтэй болсон. Хэрэгтэй үедээ авч хэрэглэчихээд өгөх болохоороо ийм муухай ааш авир гаргаж байгаа нь энэ хүнийг ямар хүн бэ гэдгийг харуулж байна. Иймд Б.Бгийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Т нь хариуцагч Б.Бд холбогдуулан зээлийн гэрээний үүрэг 30,750,000 төгрөг гаргуулах,
хариуцагч Б.Б нь Ц.Тт холбогдуулан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Хариуцагч Б.Б нь зээлийн гэрээний үүрэг 30,750,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.
Ц.Т нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч Ц.Т нь 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр хариуцагч Б.Бтай зээлийн гэрээг бичгээр байгуулж, хариуцагчийн Хас банкны 5001041315 тоот дансанд 30,000,000 төгрөгийг 2014 оны 5 дугаар сарын 22-ны өдөр шилжүүлсэн байна.
Нэхэмжлэгч нь зээлийн гэрээ хүчин төгөлдөр бөгөөд тухайн үед талууд хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулж, хариуцагчийн Хас банкны дансанд 30,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж тайлбарласан.
Хариуцагч нь 30,000,000 төгрөг бол 1,500,000,000 төгрөгийн тендерийн ажлын 2 хувийн урьдчилгаа мөнгө бөгөөд тухайн үед 15,000,000 төгрөгийг би зуучилсаны хөлс болгон аваад үлдэгдэл 15,000,000 төгрөгийг Урансайханд өгсөн. Энэ зээлийн гэрээ бол зөвхөн мөнгө өгсөн, авсан гэдгийг л нотлох зорилгоор байгуулагдсан. Тэрнээс мөнгө зээлэх хүсэл, зорилго байгаагүй гэж маргасан.
Энэхүү зээлийн гэрээ нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т заасан “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” болох нь хэргийн 44 дүгээр хуудсанд авагдсан баримт буюу Ц.Бийн 2015 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр бичсэн “Ц.Б би Буяндэлгэрийн Баясгалангаас 15,000,000 төгрөгийг дансаар хүлээн авсан. Иймд Б.Бтай тооцоогүй болно. Хүүгийн тооцоог эгч нь болох Урансайхантай тооцох болно” гэсэн баримт /хх-ийн 44 х/, түүний гэрчээр өгсөн “энэ мөнгө бол манай гэр бүлийн мөнгө, эхнэр ханиад хүрчихсэн байсан учраас би очиж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 83 х/, гэрч А.Уы “тендерийн ажил олоод өгөөч гэсэн, “Бат строй” ХХК нь тендерт оролцож байсан. “Бат строй” ХХК-ийн тендерийн ажлын урьдчилгаа мөнгө гэсэн захирал нь Ц.Т байсан. 15,000,000 төгрөгийг би төлөхөөр бид тохиролцоод гэрээ байгуулсан” гэх мэдүүлэг /хх-ийн 85 х/, А.Уаас Ц.Т 800,000 төгрөгийг ХААН банкны 5753236499 тоот дансанд 2015 оны 3 дугаар сарын 03-ны өдөр шилжүүлсэн /хх-ийн 100 х/, “Бат строй” ХХК нь 2014 оны 5 дугаар сард тендерт оролцож байсан болох нь Нийслэлийн худалдан авах ажиллагааны газрын 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдрийн 731 тоот албан бичиг /хх-ийн 175 х/, хариуцагчийн “нэхэмжлэгч болон түүний нөхөр Ц.Б нь “худалдан авах ажиллагааны газраас барилга нураалтын ажлыг авмаар байна ажил байна уу” гэхээр нь миний бие Ц.Б болон, Ц.Т нарыг Урансайхантай холбож өгсөнөөр 30,000,000 төгрөгийг миний дансанд шилжүүлсэн. Миний хувьд 30,000,000 төгрөг хүүтэй зээлэх, зээлдүүлэгчийн тухайд мөнгө хүүлэх хүсэл зорилгогүй зөвхөн зуучлалын гэрээг халхавчилахын тулд хийгдсэн хэлцэл болно” гэсэн тайлбар, мөн 15,000,000 төгрөгийг хариуцагч Б.Б нь нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбараар, гэрч А.Уы Ц.Т нь тендер аваад өг гэж баримтуудаа надад өгч байсан гэсэн мэдүүлэг нь хариуцагчийн гаргаж өгсөн “Бат строй” ХХК-ийн тусгай зөвшөөрөл болон бусад баримтуудаар тус тус тогтоогдлоо.
Иргэний хуулийн 56.1.3-д “өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл” хүчин төгөлдөр бус байх хэлцэл болох бөгөөд Ц.Т нь Б.Бтай 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 30,000,000 төгрөгийн зээлийн гэрээ байгуулсан нь хүчин төгөлдөр бус байх хэлцэл байна.
Иймд өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хуулиар тогтоосон шаардлагыг зөрчиж хийсэн хэлцэл байх тул нэхэмжлэгч Ц.Т хариуцагч Б.Б нарын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин нэхэмжлэгч Ц.Т нь 15,000,000 төгрөгөө А.Уаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3-т зааснаар нэхэмжлэгч Ц.Тийн зээлийн гэрээний үүрэгт 30,750,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Б.Бд холбогдох үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Б.Бгийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, талуудын хооронд байгуулагдсан 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцсугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Ц.Тээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 314,700 төгрөгийг, хариуцагч Б.Бгийн сөрөг нэхэмжлэлд төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Тээс 70,200 төгрөгийг гаргуулж хариуцагч Б.Бд олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА