Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 480

 

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Нандинцэцэг,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэен-Ойдов,

Шүүгдэгч Ж.Т /өөрөө өөрийгөө өмгөөлөх хүсэлт гаргасан тул өмгөөлөгч оролцоогүй/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж.Т холбогдох эрүүгийн 1918000440520 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, Ж.Т 1993 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр Дархан-Уул аймгийн Хонгор суманд төрсөн, эрэгтэй, 26 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 3 дугаар баг, *******од оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд:

-Дархан Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн******* дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-т зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж байсан.

 

Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20-7 дугаар байрны гадна иргэн А.О-н самсунг А6 маркийн гар утсаа гээгдүүлснийг завшиж 560000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт:

-Шүүгдэгч Ж.Тийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...тэр утсыг ягааны булангаас олоод ээж гэдэг хүн залгахаар нь “би энэ утсыг олсон 150,000 төгрөг өгөөд аваарай” гэж хэлсэн. Миний гаргасан үйлдэл нь 560,000 төгрөгийн үнэтэй утсыг 50,000 төгрөгийн шагнал аваад буцааж өгөх байсан. Гэтэл би их мөнгө нэхсэн. Мөн түүнийгээ ломбардсан. Буруугаа хүлээн зөвшөөрч байгаа.

..Гэм буруугийн тал дээр маргаан байхгүй, Миний буруу.” гэх мэдүүлэг,

 

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хэргийн 12/,

- Дархан-Уул аймаг дахь Цагдаагийн газарт А.О-нгээс гаргасан өргөдөл /хэргийн 13/,

 

-Хохирогч А.О-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2019 оны 01 дүгээр сарын 09-ний орой 20 цаг өнгөрч байх үед Дархан сумын 6 дугаар баг******* хадам аав*******ын гэрээс нөхөр, хүүхдийнхээ хамт гарч хадам ааваараа машинаар нь гэртээ хүргүүлсэн. Би нөхөр хүүхэдтэйгээ 20-7 дугаар байранд байр түрээслэн амьдарч байгаа юм. Тэгээд гэртээ ороод гар утсаа үзсэн чинь алга болчихсон байсан. Тэр дор нь миний нөхөр гэрээс гараад машинаас буусан газраа үзсэн чинь олдоогүй. Миний нөхөр миний******* дугаарлуу залгахад эрэгтэй хүн авсан гэсэн. Тэгэхээр нь миний нөхөр “гар утсаа шагналыг нь өгөөд авъя” гэж хэлсэн чинь нөгөө хүн нь “Очир төв дээр ирээд ав” гэж ярьсан гэсэн. Миний нөхөр Очир төв дээр шууд яваад очсон чинь миний гар утас холбогдохгүй байсан гэсэн.

...Би гар утсаа буцаан авсан болохоор гомдол, саналгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-18/,

 

-Иргэний нэхэмжлэгч Э.А-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Дархан-Уул аймгийн ломбарднаас 350000 төгрөгөөр Самсунг А6 маркийн гар утас худалдан авсан. Энэ хэргийн улмаас Дархан-Уул аймагруу 2 удаа явсан. Утасны мөнгө болон унааны зардлаа гаргуулж авмаар байна.” гэх мэдүүлэг /хэргийн 20/,

 

-Гэрч Г.Ч-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...******* надад энэ оны 04 сарын эхээр Самсунг А6 загварын гар утас худалдаж авах гэсэн юм мэдэж байгаарай гэсэн. 2019 оны 05 сарын эхээр би хуучин Дарханд Ачит нэртэй ломбарданд ажилладаг танил******* гэдэг хүнд гар утас авах талаар хэлсэн байсан чинь Самсунг А6 гарчлаа авахуу гэхээр нь би 300000 төгрөгөөр худалдаж авахаар болоод 200000 төгрөг эхлээд*******д өгсөн.******* дараа нь үлдэгдэл 100000 төгрөгөө хуучин Дарханд байдаг Ачит ломбарданд сууж байгаа залууд өгөөд утсаа аваарай гэхээр нь тэнд очоод Самсунг А6 аваад Э.А-д  өгсөн.” гэх мэдүүлэг /хэргийн 23/,

 

-Гэрч Х.Х-ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ломбарданд Самсунг А6 загварын гар утас 04 сарын эхээр тавигдсан байж байгаад 04 сарын сүүлээр зарагдахаар гарсан юм байна лээ.******* тэр утсыг анх ломбарданд хүлээж авсан. Тэгээд******* надад 04 сарын сүүлээр нэг хүн ирж энэ Самсунг А6 загварын гар утсыг үлдэгдэл мөнгөө өгөөд авна гэсэн. Тэгсэн чинь нэг залуу ирээд*******гийн үлдээсэн гар утсыг авах гэсэн юм гэхээр нь би*******гийн захиж үлдээсэн Самсунг А6 гар утсыг өгөөд явуулсан. Тэр залуу үйлчилгээний төв дээр ломбард ажиллуулдаг Чинзориг гэдэг залуу байсан.” гэх мэдүүлэг /хэргийн 24/,

 

-Э.А-аас Самсунг А6 маркийн гар утсыг хураан авсан тэмдэглэл /хэргийн 30/,

 -“Тайлангаар үнэлэгдэж буй хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 2019 оны 01 дүгээр сарын байдлаар 560000 /таван зуун жар/ төгрөгөөр тогтоов.” гэх Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хэргийн 33-35/,

 

-Самсунг А6 маркийн гар утсыг барьцаалсан Ж.Т болон Ачит 2 ломбардын хооронд байгуулсан зээлийн гэрээний хавсралт /хэргийн 47/,

-А.О-т алдагдсан гэх Самсунг А6 маркийн гар утсыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 49/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Ж.Т нь 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 5 дугаар баг 20-7 дугаар байрны гадна иргэн А.О-н самсунг А6 маркийн гар утсаа гээгдүүлснийг завшиж 560000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг зөв байх тул шүүгдэгч Ж.Тийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч А.О-нд 560000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний дүгнэлтээр /хэргийн 33-35/ нотлогдож байх бөгөөд хохирогч А.О-н нь мөрдөн байцаалтын шатанд “...Би гар утсаа буцаан авсан болохоор гомдол, саналгүй.” гэх мэдүүлэг /хэргийн 15-18/ өгсөн байх тул шүүгдэгч Ж.Тээс хохирогч А.О-нд гаргуулах төлбөргүй байна.

 

Харин иргэний нэхэмжлэгч Э.А-д  300000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэж мэдэгдсэн /хэргийн 100/ байх тул шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Ж.Тээс гаргуулах төлбөргүй байна.

 

2. Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч Ж.Т нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай этгээд байх бөгөөд түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан бодит хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан байгааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгч Ж.Тийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаад

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ж.Т гээгдэл эд хөрөнгө гэдгийг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш буюу 560000 /таван зуун жаран мянга/ төгрөгийн хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ж.Т 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6-д зааснаар торгох ялын 450000 төгрөгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 150000 төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч Ж.Тт үүрэг болгож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг шүүгдэгч Ж.Тт анхааруулсугай.

4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.4, 1.7, 1.8, 1.9-т зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.Тт хувийн баталгаа гаргахаар авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч,  өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Я.ТУУЛ