Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 30 өдөр

Дугаар 182/ШШ2016/00702

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 09 сарын 30 өдөр

      Дугаар 182/ШШ2016/00702

                 Улаанбаатар хот

 

                           

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

           

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: ......... тоотод оршин суух, Л.О-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ............... тоотод оршин суух, Ч.А-д холбогдох,

4,000,000 төгрөг гаргуулахыг хүссэн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдлсэн төлөөлөгч Б.Ө, түүний өмгөөлөгч М.Энхжаргал, гэрч М.Г, Л.Б, Л.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2010 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Ч.А нь миний 81 м.кв талбайтай хувийн сууцыг газрын хамт 20,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохиролцож итгэлцлийн гэрээ хийсэн.

Ч.А нь энэ өдрөө 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч байшингийн гэрчилгээг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан. Тэгээд үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2010 оны 10 дугаар сарын 01-ний дотор өгөхөөр тохиролцсон байсан.

Гэтэл Ч.А нь хугацаандаа үлдэгдэл төлбөрөө өгөхгүй байнга нэхүүлэх болсон. Ингээд 2012 оны 8 дугаар сарын 24-нд 1,500,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 15-нд 300,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 18-нд 200,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 04-нд дансаар 1,000,000 төгрөг, 2012 оны 5 сард 3,000,000 төгрөг, 2013 оны 4 сард 400,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-нд 380,000 төгрөг, нийт 6,780,000 төгрөг авсан.

Өмнө нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа 4,000,000 төгрөгийг гаргуулахаар хандсан. Гэвч тооцоогоо хийж үзэхээр одоо 3,220,000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Иймд Ч.Агаас 3,220,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагч Ч.А шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “...Миний бие Л.Оээс 20,000,000 төгрөгөөр нэхэмжлэлд дурдсан хувийн сууцыг худалдаж авсан нь үнэн бөгөөд төлбөрийг бүрэн төлж барагдуулсан байхад үндэслэл баримтгүйгээр 4,000,000 төгрөг нэмж нэхэмжилж байгааг огт хүлээн зөвшөөрөхгүй.

Миний бие анх тохиролцсон даруйдаа 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч үлдэгдэл 10,000,000 төгрөгийг дараа нь өгөхөөр тохиролцсон. Тэр дагуу 2014 оны 8 дугаар сарыг хүртэл цувуулан дансаар болон бэлнээр хэсэгчлэн төлсөөр дуусгасан...” гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Талуудын хооронд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 740 тоот 81 м.кв талбайтай хувийн байшин, 640 м.кв талбайтай газрын хамт 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, 2010 оны 7 дугаар сарын 15-ны өдөр 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 10,000,000 төгрөг дээр нь хугацаа тохирсон байсан.

Гэтэл 640 м.кв газрыг нөхрийнхөө нэр дээрээс шилжүүлж өгөхгүй байсан учраас төлбөрийн хувьд маргаан гарсан.

Нөгөө талаар хариуцагчийн хүүхэд нь өвчтэй байсан учраас хугацаандаа мөнгийг нь өгч чадаагүйдээ нэхэмжлэгчээс уучлал хүссэнийг намайг дамжуулж хэлээрэй гэсэн.

Хариуцагчийн хувьд 2012 оны 8 дугаар сарын 24-нд 1,500,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 15-нд 300,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 18-нд 200,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-нд 380,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 24-нд 1,000,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 15-нд 900,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сард 400,000 төгрөг, 2012 оны хавар 3,500,000 төгрөг, нийт 9,180,000 төгрөгийг төлсөн баримтаар харахад дутуу юм шиг байгаа боловч Алтантуяагийн нөхөр Болдбаатар нэхэмжлэгчид өгсөн мөнгөө байнга тэмдэглэдэг байсан гэсэн.

Нэхэмжлэгчийн нэхэмжлээд байгаа үлдэгдэл төлбөрийг Алтантуяа бүрэн төлсөн байдаг. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.О нь хариуцагч Ч.Ад холбогдуулан 4,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж 3,220,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна.

 

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.

 

Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.

 

Талуудын хооронд 2010 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Яргайтын 740 тоот 000140390 дугаартай, Ү-220200963 улсын бүртгэлийн дугаартай хувийн байшин, 0002888 дугаартай 400 м.кв газар, 0133963 дугаартай 640 м.кв газрыг нийтэд нь 20,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож, урдчилгаа 10,000,000 төгрөгийг бэлнээр өгч, үлдэгдэл 10,000,000 төгрөгийг 2010 оны 10 дугаар сарын 01-нд өгөхөөр харилцан тохиролцож бичгээр хэлцэл хийж, талууд гарын үсэг зурж баталгаажуулсан байна. /хх-ийн 4 х/

 

Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулагдсанд тооцно гэжээ.

 

Хариуцагч Ч.А нь Л.Оээс 20,000,000 төгрөгөөр нэхэмжлэлд дурдсан хувийн сууц, газрыг худалдаж авсан талаар маргаагүй боловч үнийг бүрэн төлсөн гэж маргаж байна. 

 

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ” гэж заасан.

 

Хариуцагч нь нэхэмжлэгчид 2012 оны 8 дугаар сарын 24-нд 1,500,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 15-нд 300,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 18-нд 200,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-нд 380,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 24-нд 1,000,000 төгрөг, 2013 оны 8 дугаар сарын 29-нд 1,000,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сарын 15-нд 900,000 төгрөг, 2013 оны 9 дүгээр сард 400,000 төгрөг, 2012 оны хавар 3,500,000 төгрөг, нийт 9,180,000 төгрөгийг төлсөн гэж маргаж байгаа боловч төлбөрийг бүрэн төлсөн талаар баримт хэрэгт авагдаагүй байна.

 

            Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээс үзэхэд хариуцагч Ч.А нь нэхэмжлэгч Л.От 2013 оны 4 сард 400,000 төгрөг, 2013 оны 5 дугаар сарын 15-нд 300,000 төгрөг, 2013 оны 7 дугаар сарын 19-нд 200,000 төгрөг, 2012 оны 8 дугаар сарын 24-нд 500,000 төгрөг, 1,000,000 төгрөг, 2014 оны 8 дугаар сарын 04-нд 1,000,000 төгрөг, 2013 оны 10 дугаар сарын 20-нд 380,000 төгрөг, мөн 2012 оны 5 сард 3,500,000 төгрөг, нийт 7,280,000 төгрөгийг өгсөн болох нь гэрч Л.Б, М.Г нарын мэдүүлэг, зохигчийн тайлбараар тус тус нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч нь 2012 оны 5 сард 3,500,000 төгрөг биш 3,000,000 төгрөгийг хариуцагчийн нөхрөөс авсан гэж маргаж байгаа боловч гэрч М.Гийн “...газрыг Болдбаатар 3,500,000 төгрөгөөр зараад мөнгийг нь өгсөн”, гэрч Л.Бын “...нэг залуу газар авна гэхээр нь 3,500,000 төгрөгөөр зараад Отгонцэцэгт тэр мөнгийг өгсөн” гэсэн мэдүүлгүүдээр няцаагдаж байна.

 

Иймд хариуцагч Ч.Агаас 2,720,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

                                                                                              

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ч.Агаас 2,720,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Л.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 500,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 56 дугаар зүйлийн 56.2-т заасны дагуу, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 78,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Ч.Агаас 58,470 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Л.От олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

 

          4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Х.ДАШДЭЧМАА