| Шүүх | Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хувсааралын Дашдэчмаа |
| Хэргийн индекс | 182/2016/00125/и |
| Дугаар | 182/ШШ2016/00486 |
| Огноо | 2016-08-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 30 өдөр
Дугаар 182/ШШ2016/00486
| 2016 оны 08 сарын 30 өдөр | Дугаар 182/ШШ2016/00486 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Дашдэчмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: ............... байрлах М ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............. тоотод оршин суух, У.С-т холбогдох,
Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,107,965 төгрөг гаргуулах тухай үндсэн, 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдийн “I Phone багцын гэрээ” болон “I Phone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 00000000 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулахыг хүссэн У.Сийн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, хариуцагч У.С, гэрч С.С, Б.Б, Д.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Гэрэлчулуун нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Иргэн У.С нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн ............. дугаар дээр М ХХК-тай “I Phone багцын гэрээ” болон “I Phone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 00000000 дугаартай гэрээг байгуулж, 64 гигабайт багтаамжтай 5S загварын I Phone маркийн гар утсыг худалдаж авсан.
Хариуцагч У.С нь гэрээний үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл гар утасны төлбөрөө төлж барагдуулаагүй учраас гэрээнд заасны дагуу 1,107,965 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна” гэв.
Хариуцагч У.С шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2014 оны 9 дүгээр сард хүүхдийнхээ сургалтын төлбөр төлөх гээд мөнгөний хэрэг болоод багшийн дээдийн автобусны буудал дээр явж байхад барьцаагүй зээл олгоно гэсэн зар байхыг харсан.
Ингээд зарын дагуу утсаар холбоо бариад Викториа центрийн гадаа очиж уулзсан. Уг нь би бас нэг хүнтэй хамт очсон боловч тэр хүний дугаар урьдчилсан төлбөрт дугаар байна гээд зээл өгөх боломжгүй гээд буцаасан.
Тэгээд намайг хүлээж бай, нэг автомашин ирнэ гэсэн. Хэлснээр нь хар өнгийн автомашин ирсэн ба надад сайн тайлбарлалгүй, ороод ир, үүн дээр гарын үсэг зур, та барьцаа 22,000 төгрөг төлөөд илүү мөнгөө 1 жилийн хугацаанд төлөөд дуусчихна гэсэн.
Тэгээд надад гэрээнээс өөр зүйл өгөөгүй. Дээр нь сард төлөх дүн гээд юм бичээгүй байхаар нь би 39,000 гэж бичсэн. Тухайн үед урьдчилгаа төлбөр төлсөн гэж байсан боловч би 500,000 төгрөг зээлэхийн тулд 620,000 төгрөг урьдчилж төлөхгүй нь тодорхой шүү дээ.
Гэхдээ 620,000 төгрөгийн урьдчилгаа өгсөн тухай би 2 дахь шүүх хуралдааны дараа мэдсэн. Тэгээд одоо М ХХК нь надаас үндсэн төлбөр гээд нэхээд байна.
Жилийн хугацаанд би өөрийн ............. дугаараа барьцаалж авсан 500,000 төгрөгөө арай төлж дуусгаагүй, 1 сарын 30,000 гаруй төгрөг дутуу төлсөн. Хэрвээ зээл олгодог байгууллага биш байсан юм бол яагаад намайг дуудаад зээл өгсөн юм бэ.
Би олон зүйл лизингээр худалдаж авч байсан. Тэгэх бүрт аливаа юманд баримт үлддэг шүү дээ. Гэтэл “Мобиком” ХХК-иас урьдчилгаа төлбөр төлсөн гээд миний гарын үсэггүй баримт ирсэн байна. Би нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.
У.С шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие М ХХК-иас гар утас зээлээр худалдаж аваагүй, гэрээнд заасан урьдчилгаа мөнгө болох 620,000 төгрөг, барьцааны 30,000 төгрөгийг төлөөгүй байхад надтай гэрээ байгуулсныг ойлгохгүй байна.
Тухайн үед би 500,000 төгрөгийн зээл авсан бөгөөд үүнийгээ өөрийн утасны төлбөр дээрээ нэмж тушаагаад дуусгаж болно гэж М ХХК-ийн ажилтан нь хэлсэн.
Ийм учраас 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр М ХХК-тай байгуулсан “I Phone багцын гэрээ” болон “I Phone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 00000000 дугаартай гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү” гэв.
М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сөрөг нэхэмжлэл ямар ч хуулийн үндэслэлгүй байна. Манай компани үүрэн телефоны болон гар утас худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Үүнийг хүн бүр мэднэ. Тэрнээс зээлийн үйл ажиллагаа явуулах чиг үүрэгтэй байгууллага биш учраас сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч У.Ст холбогдуулан зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 1,107,965 төгрөг гаргуулах,
хариуцагч У.С нь М ХХК-д холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдийн “I Phone багцын гэрээ” болон “I Phone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 00000000 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Шүүх хуралдаанд талуудын гаргасан тайлбарыг үндэслэн үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч М ХХК нь хариуцагч У.Сээс ............. дугаарын ярианы төлбөр болон зээлээр худалдах-худалдан авах гэрээний дагуу төлөх ёстой үлдэгдэл төлбөр 1,107,965 төгрөгийг нэхэмжилж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч М ХХК болон хариуцагч У.С нарын хооронд 9 дүгээр сарын 09-ний өдөр 00000000 дугаатай, I phone багцын гэрээ, I phone гар утас зээлээр худалдах-худалдан авах нэмэлт гэрээ байгуулагдсан байна. /хх-ийн 5-6, 7 х/
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэрээ байгуулагдсанд тооцно гэжээ.
Хариуцагч У.С нь М ХХК-иас гар утас зээлээр авах санаа зорилго байгаагүй, гар утас хүлээж аваагүй хэмээн маргасан боловч уг гэрээнүүд дээр гарын үсэг зурсан байх тул хуульд заасны дагуу гэрээ байгуулагдсан байна.
Хариуцагч У.С нь дараа төлбөрт Мобикомын дугаар барьцаалж зээл олгоно гэсэн зарын дагуу Викториа центрийн гадаа үл таних эрэгтэй хүнтэй уулзаж 500,000 төгрөг зээлж авсан, уг залуу нь М ХХК-ийн гар утас зээлээр худалдах-худалдан авах гэрээнд гарын үсэг зуруулсан.
М ХХК-ийн ажилтан гар утсыг тэр үл таних залууд хүлээлгэж өгсөн хэмээн тайлбарлах боловч Iphone 5S маркийн 64GB багтаамжтай гар утсыг хариуцагч У.Сийн өмчлөлд шилжүүлж, эд зүйлийг түүнд хүлээлгэн өгсөн болох нь талуудын хооронд байгуулагдсан гэрээ, түүний тэмдэглэл, гэрч Б.Б, Д.Э нарын мэдүүлгээр тус тус тогтоогдлоо.
Хариуцагч У.С нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн М ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 2 жилийн хугацаанд, сар бүр төлөх ёстой төлбөрөө 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс хойш төлөөгүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул нэхэмжлэгч М ХХК нь талуудын хооронд байгуулагдсан гэрээний 3.2-т зааснаар гар утасны үлдэгдэл төлбөрийг үндсэн үнээр нь тооцож нэхэмжлэх эрхтэй байна.
Хариуцагч У.С нь гэрээний дагуу 2015.07.27-нд 62,100 төгрөг, 2014.12.19-нд 59,900, 2015.01.24-нд 60,000, 2015.02.17-нд 61,000, 2015.06.24-нд 122,000, 2015.12.02-нд 188,500, 2015.04.29-нд 121,000, нийт 674,500 төгрөгийг төлбөрт, 30,000 төгрөгийг барьцаанд, 620,000 төгрөгийн урьдчилгааг тус тус М ХХК-д төлжээ.
Нэхэмжлэгч нь үлдэгдэл төлбөр 1,107,965 төгрөг нэхэмжилсэн боловч гэрээний үнийн дүн болох 2,265,000 төгрөгөөс хариуцагчийн нийт төлсөн 1,324,500 төгрөгийг хасч тооцоход үлдэгдэл нь 940,500 төгрөг болж байна.
Иймд нэхэмжлэгч М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас 167,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч У.Сээс 940,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзэв.
Сөрөг нэхэмжлэлийн хувьд: У.С нь М ХХК-д холбогдуулан 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдийн “I Phone багцын гэрээ” болон “I Phone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 00000000 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийг гаргасан.
М ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдийн “I Phone багцын гэрээ” болон “I Phone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 00000000 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай У.Сийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
У.С нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр гар утсыг зээлээр худалдаж аваагүй, урьдчилгаа 620,000 төгрөг, барьцаа 30,000 төгрөгийг тус тус төлөөгүй, зөвхөн 500,000 төгрөг зээлж авсан. М ХХК нь үйл ажиллагааныхаа үндсэн зорилгыг зөрчсөн гэж сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарласан.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 6.5, 25 дугаар зүйлийн 25.2.2, 107 дугаар зүйлийн 107.2, 107.3-т тус тус зааснаар зохигч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруу болон шаардлага ба татгалзлаа нотлох үүрэгтэй болохыг тодорхойлсон байдаг.
У.С нь 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн ............. дугаар дээр М ХХК-тай “I Phone багцын гэрээ” болон “I Phone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 00000000 дугаартай гэрээг байгуулж, 64 гигабайт багтаамжтай 5S загварын I Phone маркийн гар утсыг худалдан авсан болох нь талуудын хооронд байгуулсан гэрээ /хх-ийн 5-6, 7 х/, төлбөр төлсөн баримтууд /хх-ийн 17, 21 х/, М ХХК-ийн 2016.08.29-ний өдрийн 1/5209 тоот албан бичгийн хавсралт зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
М ХХК нь мэдээлэл сүлжээний ашиглалт, үйлчилгээ эрхлэх, жлс хоорондын телефон холбооны үйлчилгээ үзүүлэх үйл ажиллагаа явуулдаг байгуулага болох нь 000000291 дугаартай хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй тогтоогдохгүй байх тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.1.3, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-д зааснаар хариуцагч У.Сээс 940,500 төгрөгийг гаргуулж, М ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 167,465 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.9-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул М ХХК-д холбогдох 2014 оны 9 дүгээр сарын 09-ний өдийн “I Phone багцын гэрээ” болон “I Phone гар утас зээлээр худалдах, худалдан авах нэмэлт гэрээ” болох 00000000 дугаартай гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай У.Сийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 31,141 төгрөг, У.Сийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч У.Сээс 27,122 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч М ХХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй бөгөөд зохигч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гарган аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдаж шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ Х.ДАШДЭЧМАА