| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэвээнлхазалын Алтангадас |
| Хэргийн индекс | 171/2019/0306/Э |
| Дугаар | 0300 |
| Огноо | 2019-10-14 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | Л.О |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 14 өдөр
Дугаар 0300
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Алтангадас даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г
Улсын яллагч Л.О
Шүүгдэгч П.О нарыг оролцуулан Орхон аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.О-д холбогдох эрүүгийн 1925006110376 дугаартай хэргийг тус шүүхийн танхимд нээлттэй хянан хэлэлцэв.
П.О
Шүүгдэгч П.О нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ш.Б-дын буцаагдаж гарч ирсэн 2 220 000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэм хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.О нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ш.Б-дын буцаагдаж гарч ирсэн 2.220.000 төгрөгийг бусдын өмчлөлд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгч П.О мэдүүлэхдээ “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Тэр өдөр яах гэж АТМ оров доо гэж бодож байна” гэв.
Хохирогч Ш.Б “Шүүх хуралдаанд оролцохгүй нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байна.
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: 1. Хохирогч Ш.Б-дын ...“Би 2019 оны 08 дугаар сарын 23-ны өглөө 08 цаг өнгөрч байхад нөхөр Х.Б-ны Капитрон банкны данснаас бэлэн 1 800 000 төгрөг авсан. Надад өөрт бэлэн 440 000 төгрөг байсан. Тэгээд энэ мөнгөө Хаан банкны 5283075975 тоот дансруу хийх гэж яваад бэлэн мөнгөний машин дээр үйлдпээ дутуу хийсний улмаас намайг гарч явсаны дараа миний хийсэн мөнгө эргэж гарсан байгаа юм, бичлэг нь тодорхой байгаа. О миний хохирлыг барагдуулсан гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6-р хуудас/
2. Гэрч Х.Б-ны ...“Би эхнэрийн хамт Хангайн бүс худалдааны төвд гэр ахуйн барааны лангуу түрээслэн ажиллуулдаг. Мөн өөрөө Хово маркын тээврийн хэрэгслээр ачаа зөөдөг. Энэ хэрэг болох үед би Булган аймгийн Хутаг-Өндөр суманд амралтын газарт засварын ажлын шороо зөөж байсан. Тэнд ажиллаж байгаад 2019 оны 09 сарын 06-ны өдөр гэртээ ирсэн. Эхнэр 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр чиний Капитрон банкны данснаас мөнгө аваад өөрийн орлогоо нэмээд Хаан банкны дансанд хийх гэж байгаад үйлдлээ дутуу хийгээд 2 220 000 төгрөг алдчихлаа гэж ярьсан” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12-р хуудас/
3. Хаан банкны хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 40-р хуудас/ болон ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаа зэргийг шинжлэн судлав.
Шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.
Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч Л.О дүгнэлтдээ “Шүүгдэгч П.О нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ш.Б-ын буцаагдаж гарч ирсэн 2 220 000 төгрөгийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдон. П.О нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргийг хялбаршуулсан журмаар явуулах хүсэлт ирүүлсэн байх тул П.О эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах, П.О бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдоогүйг дурдаж, түүнд авсан хувийн баталгаа гаргах, таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай байна” гэв.
Шүүх хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.Б-дын мэдүүлэг, гэрч Х.Б-ны мэдүүлэг, Хаан банкны хяналтын камерийн бичлэг, үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч П.О нь 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сумын Хүрэнбулаг багийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны бэлэн мөнгөний машинаас иргэн Ш.Б-дын буцаагдаж гарч ирсэн 2 220 000 төгрөгийг авч ашигласан үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч П.О-ны үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Орхон аймгийн Прокурорын газраас шүүгдэгч П.О-ныг яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон, шүүгдэгчийн гэм буруу нотлогдсон байх тул ял шийтгэл оногдуулах үндэстэй байна.
Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг ялыг тодорхой хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч П.Л Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан алдаатай гүйлгээ, андуурагдсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.О 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.О-д оногдуулсан 450 000 төгрөгөөр торгох ялыг 9 сарын хугацаанд сар бүр 50 000 төгрөгөөр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.О-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар ирүүлсэн 1 ширхэг дүрс бичлэгийн хуурцагийг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурьдсугай.
6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдний өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.АЛТАНГАДАС